Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 40

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 06 сарын 09 өдөр                Дугаар   40                                        Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Д.Энх-Амар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Д.Батмөнх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Доржсүрэнгийн Батмөнхөд холбогдох 201617000085 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

1. Шүүгдэгч Монгол Улсын иргэн, 1984 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, аав, ах нарын хамт Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар багт амьдрах, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавъяа, шагнал үгүй, ял шийтгэгдэж байгаагүй, регистрийн дугаар  ЛН84030710, Боржигон овгийн Доржсүрэнгийн Батмөнх

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Д.Батмөнх нь Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд  2016 оны 04 сарын 4-5-нд шилжих шөнө иргэн Л.Цэвээндоржийн хашаанд байсан амбаарын хаалгыг эвдэж, нэвтрэн орж 313.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Д.Батмөнхийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Би 2016 оны 4-р сарын 4-ний шөнө Амарсанааг хоёулаа хүнтэй уулзаад ирье гээд авч гараад хойд талын хашаа руу хүнтэй уулзчихаад ирье гээд орсон. Ингээд Цэвээндорж гуайн амбаарын хаалгыг хөшиж  ороод  үүдэнд нь байсан ууттай зүйлийг авсан.Тэгээд  гэр рүүгээ  авч яваад өглөө хүнд өгсөн. Авсан эд зүйлийг буцааж эзэнд нь өгсөн. Мөн Цэвээндорж амбаарын хаалгыг 500.000 төгрөгөөр төл тэгвэл энэ тэр хэл ам хийхгүй гэхээр нь мөнгийг нь төлсөн. Хийсэн хэрэгтээ  үнэхээр их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг, 

 

           2. Хохирогч Л.Цэвээндоржийн мөрдөн байцаалтанд өгсөн: Манайх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 2 дугаар баг, Дэнжийн 1-1 тоотод байдаг. 2016 оны 04 сарын 05-ны өглөө амбаарын хажууд хүрзний иш харагдахаар нь очоод амбаарынхаа хаалгыг үзтэл доод талаараа завсар гарсан байсан. Тэгээд би амбаарынхаа хаалгыг нээгээд үзтэл нууц цоож нь гацаад арай гэж нээгдсэн. Манай хүүгийн төсөл бичиж аваад байсан шуудайтай шинэ тоног төхөөрөмжүүд байхгүй болсон байсан. Ингээд би цагдаад хандсан.  Манай амбаараас модны зүсэгч 1 ширхэг, гагнуурын аппарат 1 ширхэг, дриль 1 ширхэг, призерийн ком 1 ширхэг, санди 1 ширхэг, таваг 180 маркийнх 1 ширхэг, таваг 125 маркийнх 1 ширхэг, модны ир 225 маркийнх 1 ширхэг, зүсэгч ир 125 маркийнх 5 ширхэг, зүлгүүр 20 ширхэг, эд зүйлүүд алдагдсан. Миний алдсан эд зүйлийг түргэн шуурхай олж өгсөнд иргэн  хүнийхээ хувьд туйлын  их баяртай байна. Миний гомдлыг  бүрэн барагдуулсан учир  гомдол, санал байхгүй, нэхэмжлэх зүйл үгүй гэх мэдүүлэг, /хх-15-17,70 х/

 

3. Гэрч Б.Батдоржийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 04 сарын 05-ны өглөө 10 цагийн үед Батмөнх ажил дээр ирээд тасдагч 1, том зүлгүүр 18, жижиг зүлгүүр 17 ширхэг, зүсэгч ир 5 ширхэг, кенди ир 1 ширхэг, 125 мм-н таваг 1 ширхэг зэргийг 40.000 төгрөгөөр авах уу гэж асууж ирсэн.  Би үзээд хэлсэн үнээр нь авсан. Харин мөнгийг нь хэд хоногоос өгөхөөр тохиролцсон юм гэх мэдүүлэг / хх-н 18 х /

 

        4. Гэрч Ш.Шинэтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 04 сарын 05-ны 06 цагийн үед Батмөнх гэр рүү орж ирээд Дриль зарах гэсэн юм гэхээр нь наадах чинь хулгайн юм биш биз гэж асуухад минийх гэхээр нь 12.000 төгрөгөөр худалдаж авсан гэх мэдүүлэг / хх-н 19 х /

 

         5. Гэрч С.Түмэнболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2016 оны 04 сарын 05-ны 11 цагийн үед Батмөнх ажил дээр ирээд 100.000 төгрөгөөр гагнуурын аппарат зарах гэсэн юм гэхэд наадах чинь хэнийх юм бэ гэхэд манай хуурай дүү хотоос явуулсан юм гэхээр нь би хүнээс 40.000 төгрөг зээлж өгөөд үлдсэн 60.000 төгрөгийг нь маргааш өгөхөөр болоод авсан гэх мэдүүлэг / хх-н 20 х /

 

         6. Гэрч Н.Нандинцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Д.Батмөнх ах 2016 оны 04 сарын 03-нд Н.Амарсанаа ахын арзагар ултай хагас түрийтэй  гутлыг надаас ах нь хөдөө авах гэсэн юм гуталгүй байна өмсчихөөд буцаагаад өгчихье гэхээр нь би ахын гутлыг Д.Батмөнхөд өгсөн юм. Тэгсэн намайг 2016 оны 04 сарын 05-ны өглөө гэртээ байж байхад Д.Батмөнх ах гутлаа авчирч өгөхөөр нь би гутлыг баруун орон доогуур шидээд орхисон. Тэгсэн манай сумын хэсгийн төлөөлөгч болон аймгаас ирсэн цагдаа нар  2016 оны 04 сарын 05-ны өдөр 13 цагийн  үед Амарсанаагийн өмсдөг арзгар гутал хаана  байна гэж асуухаар нь би баруун орон дороос гутлыг нь авч өгсөн гэх мэдүүлэг / хх-н 21 х/

 

         7. Н.Амарсанаагийн сэжигтнээр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2016 оны 04 сарын 04-ний орой найз нартайгаа 3 ширхэг 0.75 граммын архи уугаад согтоод Ш.Ариунзаяагийн гэрт унтсан. Шөнө 01 цагийн үед байх Батмөнх намайг сэрээгээд айл руу хамт явъя гэхээр нь Батмөнхтэй хамт гэрээс зүүн тийш явж байгаад Цэвээндорж гуайн урд ирээд Батмөнх намайг эндээ байж бай гээд хашаа руу нь орсон. Би хашааны урд бөөлжөөд байж байхад Батмөнх гарч ирээд явъя гэхээр нь би араас нь явсан. Тэр үед харанхуй байсан тул Батмөнхийг гартаа юу бариад явж байгааг хараагүй. Харин миний арзгар ултай, хагас түрийтэй гутлыг манай дүүгээс 2016 оны 04 сарын 02-ны өдөр аваад явсан байсан. Миний хувьд Д.Батмөнхтэй хулгай хийгээгүй гэх мэдүүлэг /хх-н 44-45 х / зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

Шүүгдэгч Д.Батмөнх нь  Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын төвд  2016 оны 04 сарын 4-5-нд шилжих шөнө иргэн Л.Цэвээндоржийн хашаанд байсан амбаарын хаалгыг эвдэж, нэвтрэн орж 313.000 төгрөгийн эд зүйлийг хулгайлан бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Д.Батмөнхийг орон байранд нэвтэрч хулгайн гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 313.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Д.Батмөнхөд ял шийтгэл оногдуулахад түүний үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

 

           Шүүгдэгч Д.Батмөнхийн эд хөрөнгийн байдлыг харгалзан нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр хуульд заасан хорих ял оногдуулах,  түүний  эзэмшлийн 4  ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлөхөөр шийдвэрлэв.

Шүүгдэгч Д.Батмөнх нь  сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагас түрийтэй арзагар ултай хөр өнгийн үдээстэй 1 хос гутал 1 ширхэгийг иргэн Н.Амарсанаад буцаан олгох, иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, тэрээр энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Цэвээндорж нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдав.

Харин шүүгдэгч Д.Батмөнхийн урьд ямар нэг ял шийтгэл эдэлж байгаагүй, хувийн байдал бусдад учруулсан хохирлын хэмжээ, учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэрэг нөхцөлийг байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж хянан харгалзахаар шийдвэрлэлээ.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Боржигон овгийн Доржсүрэнгийн Батмөнхийг орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар шүүгдэгч Д.Батмөнхөд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-т заасныг журамлан Д.Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-т заасныг журамлан Д.Батмөнхөд оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсугай.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4-т зааснаар тэнсэгдсэн ялтан Д.Батмөнхөд хяналт тавихыг Сүхбаатар аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар Н.Амарсанаагаас хураагдаж ирсэн хагас түрийтэй арзагар ултай хөр өнгийн үдээстэй 1 хос гутал 1 ширхэгийг иргэн Н.Амарсанаад буцаан олгосугай.

 

7. Энэ хэрэгт иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй,  бусдад төлөх төлбөргүй, хохирогч Л.Цэвээндорж нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

 

           8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар Д.Батмөнхийн эзэмшлийн  4  ханатай монгол гэрийг битүүмжилсэн 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг  тогтоол хүчин төгөлдөр болмогц битүүмжлэлээс чөлөөлсүгэй.

 

           9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батмөнхөд урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

           10.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.СУГАР