Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 14

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Т.Ц нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.М нарт холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/71 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Анх Ховд аймгийн Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш гээд нэр бүхий 5 хүн нэхэмжлэл гаргасан. Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдсэн 4 нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байгаа юм.

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын менежер А.Ц, аудитор Д.М нарын 2019 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 1/71 дүгээр “Төлбөр барагдуулах тухай” актаар сахилгын арга хэмжээтэй алба хаагчдад 1639217 төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалтуудыг зөрчсөн байх тул үр  дүнгийн нэмэгдэл олгосон гэх нэр бүхий 4 багшаас зохих суутгалыг хийж, Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын шийдвэр гүйцэтгэлийн дансанд 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн дотор төвлөрүүлэх, төлбөрийг барагдуулах арга хэмжээ авахыг сургуулийн нягтлан бодогч, захирал нарт даалгасан боловч актыг нягтлан бодогч, захирал нар нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зураагүй байдаг.

Сахилгын арга хэмжээтэй ажилчдад үр дүнгийн урамшуулал олгосон нь Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4.1, 16 дугаар зүйлийн 16.5.3, 41 дүгээр зүйлийн 41.2.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4 дэх заалтуудыг зөрчсөн гэж байгаа боловч эдгээр хуулийн заалтууд дээр сахилгын арга хэмжээтэй ажилтанд үр дүнгийн мөнгөн урамшуулал олгохыг хориглосон зохицуулалт байхгүй. Харин Засгийн гарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолоор батлагдсан Сургалтын байгууллагын багш ажилчдад улирлын мөнгөн урамшуулал олгох журамд сахилгын арга хэмжээтэй ажилтанд мөнгөн урамшуулал олгохыг хориглосон зохицуулалт байдаг. Гэтэл маргаан бүхий акт дээр уг журмын зохицуулалтыг баримтлаагүй.

Ховд аймгийн Цэцэг сумын захирал Д.М нь 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн А/16 дугаар тушаалаар 1 сарын хугацаатай хариуцлага тооцох тухай гэж тушаал гаргасан байдаг. Уг тушаалын үндэслэл нь сурагч нь олимпиадад амжилт үзүүлээгүй гэх үндэслэлээр гаргасан байдаг. Гэтэл уг үндэслэлээр багшид хариуцлага тооцох нь зөв эсэх нь эргэлзээтэй байна. Нэр бүхий багш нар тухайн үед захиралтайгаа уулзаж, хуульд заагаагүй үндэслэлээр арга хэмжээ авч болохгүй, ийм хуулийн зохицуулалт байхгүй гэж хэлсэн бөгөөд захирал нь өөрийн гаргасан тушаалаа хүчингүй болгоё гэж хэлсэн байдаг. Ингээд Цэцэг сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь дээрх багш нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалыг 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр тушаал гарган хүчингүй болгосон байдаг. Нэгэнт сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон тул сахилгын шийтгэлтэй ажилтанд үр дүнгийн урамшуулал олгохгүй байх хуулийн зохицуулалтад хамаарахгүй юм.

Өөрөөр хэлбэл эрх бүхий этгээд ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрээ хүчингүй болгосон байхад нэхэмжлэгч нарт холбогдуулж, хуулийн дагуу мөнгөн урамшууллыг буцааж төлүүлэхээр акт тогтоосон нь нэхэмжлэгч нарын эрхийг зөрчиж байгаа юм. Иймд захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.М шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.4-д сахилгын арга хэмжээ авагдсанаас хойш 1 жилийн дараа сахилгын арга хэмжээгүйд тооцно гэж заасан. Засгийн гарын 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 346 дугаар тогтоолын хавсралтын 2.1-д улирлын мөнгөн урамшууллыг сургалтын байгууллагын дотоод журам, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасны дагуу ажил үүргээ гүйцэтгэсэн байгууллагын орчин, ажлын байранд хөдөлмөрийн сахилга хариуцлага, ёс зүйн зөрчил гаргаагүй багш, албан хаагчдад олгохоор заасан. Уг журмыг үндэслэж, тухайн үед акт тавьсан.

Нэхэмжлэгч нарын сахилгын арга хэмжээтэй хугацаа нь дуусаагүй байсан ба аудитын газраас шаардлагатай баримтыг 2018 оны 11 дүгээр сард тухайн сургуульд шаардсан захидлыг хүргүүлсэн. Тухайн байгууллага нь нэр бүхий багш нарт сахилгын шийтгэл оногдуулсан тушаалаа манай газарт авч ирэх боломжтой байсан боловч ирүүлээгүй.

2018 оны 4 сард  нэр бүхий багш нарт Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д зааснаар нэхэмжлэгч нарт 1 сарын хугацаатай цалин бууруулах сахилгын шийтгэл оногдуулсан бөгөөд багш нарын 2018 оны 4 дүгээр сарын цалингаас сахилгын шийтгэл оногдуулах тухай тушаалын дагуу цалингийн хувиар хасалт хийгдсэн байсан. Дээрх сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон тушаалын хувьд би тухайн үед сургуулийн захирал, нягтлан бодогч нартай утсаар ярьж, төлбөрийн акт тавигдаж байгаа талаар хэлж, та бүхэнд нэмж гаргаж өгөх баримт байна уу гэж асуухад ямар ч баримт байхгүй гэж хэлсэн учраас акт тогтоосон. Бид акт тогтоох журмын дагуу актыг хяналтын хуудастай үйлддэг бөгөөд хяналтын хуудастай нь сургуулийн захирал руу гарын үсэг зуруулахаар явуулсан боловч актыг хүлээн зөвшөөрөөгүй учир гарын үсэг зурагдаж ирээгүй.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

   Нэхэмжлэгч Д.М,Т.Ц, Ц.С, А.Г, Б.О нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц, аудитор Д.М нарын  2019 оны 03 сарын 18-ны өдрийн 1/71 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.М нь нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах хүсэлт гаргасныг шүүгчийн 2019 оны 06 сарын 14-ний өдрийн 124 дүгээр захирамжаар нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-аас нэхэмжлэлийн шаардлагаа “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 1/71 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын Т.Ц, Ц.С, А.Г, Б.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах“ гэж тодруулсан.

Хариуцагч Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц шүүх хуралдаан оролцох боломжгүй талаар бичгээр хүсэлт гаргаж, хариуцагч ахлах аудитор Д.М шүүх хуралдаанд биечлэн оролцсон ба нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй болно.   

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогч, төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэв.

Маргааны үйл баримт, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын газрын даргын 2019 оны 01 сарын  03-ны өдөр баталсан "Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийх санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөөний[1] дагуу  аудитыг 2019 оны 03 сарын 16-наас 19-ний өдрүүдэд аудит хийж гүйцэтгэжээ.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-д зааснаар Ховд аймаг дахь Төрийн аудитын газар нь Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн санхүүгийн тайланд аудит хийх эрхтэй байна.

Мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-д зааснаас үзвэл санхүүгийн тайлангийн аудит нь аудит тухайн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулах зорилготой байх ба Цэцэг сумын сургуульд хийх санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөөнд тодорхойлсон аудитын зорилт, аудитын хамрах хүрээ нь энэ хуульд нийцсэн байна.

Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд хийсэн санхүүгийн аудитын тайланд[2] аудитын явцад илрүүлсэн зөрчил, алдааг залруулсан талаар болон залруулах боломжгүй зөрчлийн хувьд хоёр зөвлөмж, гурван албан шаардлага өгч, нэг төлбөрийн акт тогтоосон талаар дурджээ.

Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 1/71 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын үндэслэх хэсэгт “... сахилгын арга хэмжээтэй албан хаагчдад 163127 /нэг сая зургаан зуун гучин нэгэн мянга нэг зуун хорин долоон/ төгрөгийн үр дүнгийн урамшуулал олгосон нь Төсвийн тухай хуулийн 6.4.1.төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах зарчим, мөн хуулийн  16.5.3.батлагдсан цалингийн сан, орон тооны хязгаарт багтаан төсвийн байгууллагын орон тоо, ажиллагчдын цалин хөлсийг тогтоох төсвийн менежерийн бүрэн эрх, 41.2.2.батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах төсвийн менежерийн үүрэг, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 6.1.Албан тушаалтан нь хууль дээдлэх зарчимд захирагдан, албан үүргээ иргэдийн итгэл хүлээхүйц, тэгш, шударга, хариуцлагатайгаар гүйцэтгэж, албаны ёс зүйг сахих зарчим, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дугээр зүйлийн 131.1.4-д “Сахилгын шийтгэл ногдуулснаас хойш нэг жил өнгөрвөл сахилгын шийтгэлгүйд тооцно.” гэсэн заалттай нийцэхгүй байна гэжээ.  

Актад дурдсан зөрчил буюу маргаан бүхий үйл баримт болох Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 04 сарын 18-ны өдрийн А/16 дугаар “Хариуцлага тооцох тухай” тушаалаар[3] Бага дунд боловсролын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1, 20.2.7 дахь заалт, Байгууллагын дотоод журмын 22.7 дахь заалтыг тус тус үндэслэн аймгийн нэгдсэн мэргэжлийн олимпиадад өөрөө болон бэлтгэн оруулсан сурагч нь амжилтгүй оролцсон А.Г, Ц.С,  Т.Ц, Б.О нарын багшийн цалинг 15 хувиар хасах хариуцлага тооцож, 2018 оны 12 сарын 18-ны өдрийн А/34 дүгээр тушаалаар уг тушаалаа хүчингүй болгожээ. 

Нэхэмжлэгч талаас хариуцлага тооцсон тушаал нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд тушаалыг хүчингүй болгосон байхад акт тогтоосонд гомдолтой гэж маргаж, хариуцагчаас нэхэмжлэгч нарт хариуцлага тооцсон тушаал нь сахилгын шийтгэлтэйд тооцох үндэслэлтэй, аудит хийх үед хариуцлага тооцсон тушаалыг хүчингүй болгосон тушаалыг аудит хийлгэсэн байгууллагаас гаргаж өгөөгүй учраас мэдээгүй гэж тайлбарлаж маргана.     

Цэцэг сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 04 сарын 18-ны өдрийн А/16 дугаар “Хариуцлага тооцох тухай” тушаалд дурдсан Бага дунд боловсролын тухай хуулийн холбогдох заалт нь захирлын шийдвэр гаргах, багш, ажилтны хөдөлмөрийн үр дүнг үнэлэх, урамшуулах, дэмжих, хариуцлага тооцохтой холбоотой бол байгууллагын дотоод журмын заалт[4] нь цалин хөлс, шагнал урамшуулал олгохтой холбоотой хэсэгт хамаарах улсын олимпиад, уралдаанд тэмцээнд амжилт гаргасан багшид урамшуулал олгох, болон амжилтгүй оролцсон бол хариуцлага тооцохоор заажээ.

Сургуулийн багш нь Төрийн албаны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2-д зааснаар төрийн үйлчилгээний албан тушаалд хамаарах тул мөн хуулийн 4 дүгээр зүйлийн  4.3-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно.” гэж зааснаар Хөдөлмөрийн тухай хуулиар хөдөлмөрийн сахилгын шийтгэлийг ногдуулах үндэслэл тодорхойлогдох учиртай.

Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Ажил олгогч нь хууль тогтоомжид нийцүүлэн хөдөлмөрийн дотоод журам баталж мөрдүүлэх, ажилтнаас хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, энэ хуульд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй.” гэж, мөн хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1-д Ажил олгогч, эрх бүхий албан тушаалтан нь хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журмыг зөрчсөн ажилтанд сахилгын шийтгэлийг шийдвэр гаргаж ногдуулахаар зааж, сахилгын шийтгэлийн хэлбэрийг хуульчилжээ.

Эндээс үзвэл хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг төрийн албан хаагчийн хувьд хөдөлмөрийн сахилгын шийтгэл оногдуулах үндэслэл, хэлбэр нь Хөдөлмөрийн  тухай хуульд нийцсэн байхыг шаардах ба байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн хариуцлага тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Хөдөлмөрийн  тухай хуульд нийцээгүй буюу уг хуулийг үндэслээгүй өөрөөр хэлбэл Хөдөлмөрийн тухай хуулиар сахилгын шийтгэл ногдуулаагүй байхад тус хуульд заасан сахилгын шийтгэлгүйд тооцох зохицуулалтыг хэрэглэж акт тогтоосон нь буруу болжээ.

Энэ нь Төрийн аудит нь хууль дээдлэх, шударга ёсыг хангах, ил тод, бодитой байх зарчимд нийцэхгүй байна гэж үзлээ.

Хариуцагчаас аудит хийх явцад сургуулиас нэхэмжлэгч нарт хариуцлага тооцсон тушаалыг хүчингүй болгосон тушаалыг гаргаж өгөөгүй талаар тайлбарласан ба талууд энэ талаар маргаагүй бөгөөд тушаалыг хүчингүй болгосон тушаал нь акт тогтоосны дараа гарсан байх тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Актын тогтоох хэсгийн хууль зүйн үндэслэлийн тухайд Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12 дахь заалт нь Үндэсний аудитын газрын эдлэх эрхэд хамаарч байх тул хуулиар олгогдоогүй бүрэн эрхийг хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй, мөн Төрийн албан хаагчид олгох шагнал урамшуулал олгох журмыг баталсан шийдвэрийн огноо, дугааргүй заалтын агуулга тодорхойгүй байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3-д “Захиргааны актын хууль зүйн үндэслэлд захиргааны байгууллага захиргааны акт гаргах эрх олгогдсон хуулийн зүйл, заалтыг тодорхой заана.” гэсэн шаардлагыг хангаагүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

Иймд “Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын аудитын менежер А.Ц аудитор Д.М нарын  2019 оны 03 сарын 18-ны өдрийн 1/71 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын улмаас нэхэмжлэгч нарын Үндсэн хууль болон бусад холбогдох тогтоомжид заасан хөдөлмөрлөх  цалин хөлс авах эрх зөрчигдсөн гэж дүгнэж, актын холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэв.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.1, 131.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймаг дахь Төрийн аудитын 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 1/71 дугаартай “Төлбөр барагдуулах тухай” актын А.Г, Ц.С, Т.Ц, Б.О нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймаг дахь Төрийн аудитын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 


[1] хх-ийн 94-95 дахь хуудас

[2] хх-ийн 102 дахь хуудас

[3] хх-ийн 66 дахь хуудас

[4] хх-ийн 50-51 дэх хуудас