Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 00119

 

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн шүүгч Г.Дэлгэрсайхан даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: 0000 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, бүрэн дунд боловсролтой, Автогрийдерчин мэргэжилтэй, “Цемент шохой”ХК-ны Чулуунцарын үйлдвэрт дамжлагын операторчин ажилтай, ам бүл 2, хүүхдийн хамт, Сэлэнгэ аймгийн Сайхан сум, 2 дугаар баг,  21 дүгээр байрны 22 тоотод оршин суух хаягтай, Жонгоор овгийн ******* РД/ТГ-/-ны хүсэлттэй хамтын амьдралтай байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч *******, гэрч Д.Гансүх, Б.Алтангадас, Б.Үүрцайх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нарантуяа нар оролцов.                                            

                                                     ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Бид хоёр 2009 онд танилцаад 2010 онд охинтой болсон. Бид хоёр 2010 оноос хойш Улаанбаатар хотод 1 жил хамт амьдарч байгаад Хөтөлд аав, ээж дээрээ ирж хамт амьдарсан. Бид хоёр Хөтөлд ирээд би Хөтөлийн “Цемент шохой”ХК-д, манай эхнэр “Төмөр бетон дэрний” үйлдвэрт ажилд орсон. Манай хүн ажлаасаа гараад 2014 оноос  Сэлэнгэ аймгийн Сайхан сум, Номгон 3 дугаар багийн Эрүүл мэндийн төвийн их эмчээр ажиллаж байгаад  2017 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад ажил дээрээ  нас барсан гэв.

...Би Нийгмийн даатгалаас охиндоо тэжээгчээ алдсаны халамж авах гээд бичиг баримтыг нь бүрдүүлэхэд  гэрлэлтийн баталгаагаа  авчир гэж хэлсэн. Бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй амьдарч байсан. Нийгмийн даатгалын газраас бид хоёрыг гэрлэлтээ батлуулаагүй байна. Хамтын амьдралтай байснаа тогтоолгож ир гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд хүсэлт гаргасан. Бид хоёрыг хамтын амьдралтай байсныг тогтоож өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна гэв. ...Миний охины нэрийг нь Номин гэдэг. Охин минь 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн гэв.

Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд: Хүсэлт гаргагч *******ы шүүхэд гаргасан хүсэлт, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талийгаач Б.Мөнхдэлгэрийн нас барсны гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 790 тоот тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 914 тоот тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар зэрэг нотлох баримтыг уншин сонсгож шинжлэн судлав.                                                  

                                               ҮНДЭСЛЭХ  нь:

Хүсэлт гаргагч ******* нь охин *******д тэжээгчээ алдсаны тэтгэмж авах зорилгоор талийгаач Б.Мөнхдэлгэртэй хамтын амьдралтай байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан байна.

Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч ******* нь талийгаач Б.Мөнхдэлгэртэй 2009 онд танилцаж, 2010 оноос 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хамтран амьдрах хугацаанд  2010 оны 10 дугаар сарын 13-ны өдөр охин ******* төрсөн байна.

Хүсэлт гаргагч *******, талийгаач Б.Мөнхдэлгэр нар нь гэрлэлтээ батлуулаалгүй байсан ба Б.Мөнхдэлгэр нь 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан болох нь хүсэлт гаргагчийн тайлбар, талийгаач Б.Мөнхдэлгэрийн нас барсны гэрчилгээгээр нотлогдоно.

Хүсэлт гаргагч ******* талийгаач Б.Мөнхдэлгэр нар нь 2010 оноос 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдөр хүртэлх хугацаанд хамтын амьдарлтай байсан болох нь  хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, талийгаач Б.Мөнхдэлгэрийн нас барсны гэрчилгээний хуулбар, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын Гавшгай 2 дугаар багийн Засаг даргын 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаар 790 тоот тодорхойлолт, 2017 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн дугаар 914 тоот тодорхойлолт, хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтэрийн хуулбар болон

гэрч Д.Гансүхийн… Би *******ы аав нь байна. Энэ хоёр хүний  өөрсдийнх нь хүсэлтийн дагуу гэрлэлтийг хийсэн. Гэрлэлт хийхдээ албан ёсны бус гэрлэлт хийсэн. Энэ хоёр суусныхаа дараа нэг хүүхэдтэй болсон. Энэ хоёрт тусад нь 21 дүгээр байранд байр авч өгсөн …гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Алтангадасын … Миний мэдэхээр энэ хоёр хүн Хөтөлд ирээд хамт амьдарч байсан. Энэ хоёр хотод амьдарч байгаад Хөтөлд шилжиж ирсэн. Би оныг нь сайн санахгүй байна. Энэ хоёр Хөтөлд ирээд хамт амьдраад  эхнэр нь Номгонд ажиллаж байсан. Бид хоёр Шандад Чулуунцар дээр 1 жил хамт ажиллаж байсан. Бид хоёр ирж очин байдаг байсан …гэсэн мэдүүлэг,

гэрч Б.Үүрцайхын… Би хэдэн оноос хамт амьдарч байсныг нь мэдэхгүй байна. Энэ хоёр хамт амьдардаг байсан. Би гэрээр нь орж, гардаг байсан. Ер нь хамт амьдардаг байсан …гэсэн мэдүүлэг, хүсэлт гаргагч *******ы тайлбар зэргээр тус тус тогтоогдож байна.

Иймд хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж, *******ыг талийгаач Б.Мөнхдэлгэртэй 2010 оноос 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоож шийдвэрлэлээ.

Хүсэлт гаргагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй.

            Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

            1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Жонгоор овгийн *******ыг талийгаач Боржигон овгийн *******тэй 2010 оноос 2017 оны 04 дүгээр сарын 24-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч *******ы улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчин төгөлдөр болохыг дурьдсугай.

            4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-т зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.

            5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Г.ДЭЛГЭРСАЙХАН