Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгч Э.Л нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Э.Л-д холбогдох 2130000000033 дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ...-ний өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэрийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 3 дугаар баг “Д” гэх газар оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Э.Л /...................../

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Э.Л нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг арван жилийн орон сууцны гадна зогсоолоос хохирогч Т.М-н эзэмшлийн “Samsung А-51” маркийн гар утсыг олж завшин 932,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Л шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж хэлэх зүйлгүй гэв.

 

Эрүүгийн 2130000000033 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Э.Л мөрдөн байцаалтад өгсөн: “... Би 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас Баруун-Урт сумын 1 дүгээр 10 жилийн урд талын орон сууцны байранд хадам өвөөгийндөө ирсэн. Тэгээд уг байрны машины зогсоол дээр цэнхэр гадаргуутай, хар өнгийн “Samsung А-51” маркийн гар утас байхаар нь авсан. Тухайн үед гар утас руу “Эмээ” гэж хадгалагдсан дугаар залгасан. Гэтэл авахын амжилгүй цэнэг нь дуусаад унтарсан. Манай эхнэр уг утсыг хэрэглэх гэсэн боловч мобикомоос өөр оператор хэрэглэж болохгүй болохоор нь утас засвар дээр очиж программ уншуулж юнителийн симтэй болгож янзлуулаад хэрэглэж байсан. Би утсыг буцааж өгч хохирлыг нь бүрэн барагдуулж, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн.” гэх /хх-ийн 36 дугаар хуудас/

 

Хохирогч Т.М мөрдөн байцаалтад өгсөн:  “... 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай эхнэр Наран-Ундрах нь миний эзэмшлийн “Samsung А-51” маркийн гар утсыг авч яваад Сүхбаатар аймгийн Нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт хүүхдээ жинлүүлээд гарах үедээ гээгдүүлсэн гэж цагдаагийн газарт гомдол гаргасан. Гэтэл Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг 10-н жилийн орон сууцны авто зогсоолд гээгдүүлснийг Л гэх хүн олоод эхнэртээ ашиглуулж байсныг цагдаагийн байгууллага тогтоосон. Энэ утсыг 2020 оны 09 дүгээр сард Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын “Мобиком”-ын салбараас 949,000 төгрөгөөр худалдаж авсан.  Л гэх хүнээс 2021 оны 01 дүгээр сарын 18-ны гар утсаа бүрэн бүтэн хүлээн авсан одоо гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх /хх-ийн 7 дугаар хуудас/

 

Гэрч Б.МЭ-н мөрдөн байцаалтад өгсөн:  “... Би өөрийн барьж байгаа гар утсаа нөхөр Э.Л-с авсан. Манай нөхөр энэ утсыг 2020 оны шинэ жилийн өмнө хөдөө гэрээсээ аймаг орчихоод ирэхдээ олсон гээд авч ирсэн. Тэгтэл цагдаагийн байгууллагаас намайг дуудаж мэдүүлэг авч байна. Арван жилийн байрны ойр орчмоос олсон гэж надад хэлсэн юм. Цагдаагийн байгууллагад мэдэгдэж бүртгүүлэх талаар би санаагүй. Манай нөхрийн надад өгсөн “Samsung А-51” маркийн гар утас нь хар өнгийн ар хэсэгтээ үзүүлэлтийнхээ бичигтэй утас байсан. Энэ утас дэлгэцэн дээ ямар нэгэн кодгүй нээгдэж байсан бөгөөд гар утас засварын газраар янзлуулж “Мобиком”-ын сүлжээ болон бусад үүрэн сүлжээний сим карт уншдаг болгуулсан. Буцааж өгөх талаар ямар нэгэн үйлдэл хийгээгүй нь миний буруу." гэх мэдүүлгүүд /хх-ийн 12-13 дугаар хуудас/ 

 

Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮС-21/013 дугаартай дүгнэлт /хх-ийн 20-22 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Л-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Э.Л-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 49 дугаар хуудас/

 

Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 11 дугаартай тогтоол /хх-ийн 50 дугаар хуудас/

 

Прокурорын 11 дугаартай эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх санал /хх-ийн 52 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Т.М нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Л-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.Л нь 2020 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг арван жилийн орон сууцны гадна зогсоолоос хохирогч Т.М-н эзэмшлийн “Samsung А-51” маркийн гар утсыг олж завшин 932,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Л-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Т.М, гэрч Б.МЭ нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн ТХҮС-21/013 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Л-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Э.Л-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Э.Л-н бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Э.Л нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Т.М нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Э.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Э.Л-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч Э.Л нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Л нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Э.Л-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Э.Л-д оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Л нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Э.Л нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Т.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА