| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2021/0005/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2021-02-08 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 08 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,
Шүүгдэгч Ш.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ш.Б-д холбогдох 2130000000040 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн. 19.. оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ........ тоотод оршин суух, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1991 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.1 дэх хэсэг зааснаар 2 жилийн хорих ялаар, Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239 дүгээр зүйлийн 239.2 дахь хэсэг зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ш.Б /.................../
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б”‘ дэлгүүрийн үүднээс хохирогч Д.Б-н эзэмшлийн “Realm c-11” маркийн гар утсыг олж завшин 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ш.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 11 цагийн үед “Б” нэртэй хүнсний дэлгүүрээс гарч явж байгаад гар утас олсон. Утас руу 4-5 удаа дуудлага ирсэн. Би дуудлагыг аваагүй. Тэгээд гэрийнхээ гадаа ирээд утсыг унтраасан. Тэр утас энд тэндээ наалттай байсан учраас хүүхдийн утас байна эргүүл өгье гэж бодсон. Намайг дэлгүүрийн үүдэнд байж байхад цагдаа ирээд та утас олсон уу гэж асуухад нь олсон гэж хэлсэн. Утсыг олсноос хойш 2 цагийн дараа утсыг эзэнд нь өгсөн гэв.
Эрүүгийн 2130000000040 дугаартай хэргээс:
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтад өгсөн: “... 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өглөө 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулах “Б” хүнсний дэлгүүрээс орж тамхи худалдан аваад дэлгүүрийн гадаа өөрийн эзэмшлийн “Realm c-11” маркийн гар утсаа гээгдүүлсэн. Тэгээд ажлынхаа гадаа очоод утсаа үзтэл миний утас байхгүй байсан. Тиймээс буцаад “Б” дэлгүүр рүү очиход миний утас байгаагүй. Дэлгүүрийн гадаа унагаасан байж магадгүй гэж бодоод утас руугаа олон удаа залгахад авахгүй байхаар нь мессеж бичээд үлдээсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа залгахад холбогдох боломжгүй, унтраасан байсан. Би өглөө ажилдаа явахаасаа өмнө нь цэнэгийг дүүртэл цэнэглэсэн. Тиймээс цагдаагийн байгууллагад гомдол гаргаж өгсөн. Хэсэг хугацааны дараа миний гээгдүүлсэн утсыг олсон талаар цагдаагийн байгууллагаас мэдэгдэж би утсаа авсан. 2020 оны 12 дугаар сард Сүхбаатар аймгийн төвд үйл ажиллагаа явуулах “Оргинал” утасны дэлгүүрээс 449,000 төгрөгөөр худалдан авсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Би шүүх хуралд оролцохгүй.” гэх мэдүүлгүүд /хх 8 дугаар хуудас/
Хөрөнгө, даатгалын хохирлын үнэлгээний “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮС-21/016 дугаартай дүгнэлт /хх-ийн 26-28 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/
Сүхбаатар аймаг дахь сум дундын шүүхийн 1995 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 62 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх 49-52 дугаар хуудас/
Шүүгдэгч Ш.Б-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 59 дугаар хуудас/
Прокурорын хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 10 дугаар тогтоол, санал /хх-ийн 60-61, 62 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Д.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багийн нутагт дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Б”‘ дэлгүүрийн үүднээс хохирогч Д.Б-н эзэмшлийн “Realm c-11” маркийн гар утсыг олж завшин 400,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, “Ашид билгүүн” ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ТХҮС-21/016 дугаартай хохирлын үнэлгээний дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ш.Б-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ш.Б-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, өмчлөх эрхийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эд хөрөнгө эзэмших өмчлөх эрхэд хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ш.Б-н бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ш.Б нь гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдэж бусдын өмчлөх эрхэд хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Д.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ш.Б-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ш.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтын шатанд илэрхийлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ш.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэснийг тус тус дурдав.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Б-г гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-г 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Б-д оногдуулсан торгох ялыг 7 /долоон/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Ш.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Д.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА