Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
Хэргийн индекс | 183/2017/00001/и |
Дугаар | 671 |
Огноо | 2017-03-24 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 671
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг 5 дугаар хороо Ж.Самбуугийн гудамж “Аж богд трейд” ХХК /УБД: 9011067128, РД:2062674/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Махатма Гандигийн гудамж 39 Корпорейт хотел энд Кновешн центр 6 давхарт байрлах, “Бумбат” ХХК /УБД:9019022110, РД:2075652/-д холбогдох
Өр төлбөр барагдуулах гэрээний үүргийн гүйцэтгэлд 382 790 202 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүлэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч “Бумбат ХХК нь нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК-тай 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Өр төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулан 382 790 202 төгрөгийг 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд төлж барагдуулахаар харилцан тохиролцсон байдаг. Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу “Бумбат” ХХК нь дараах байдлаар төлбөрийг төлж барагдуулах үүргийг хүлээсэн байдаг. Үүнд:
2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 100 000 000 төгрөгийг, 2016 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 төгрөгийг, 2016 оны 8 дугаар сарын 31-ний өдөр 100 000 000 төгрөгийг, 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр 82 790 202 төгрөгийг тус тус төлж барагдуулах ёстой байсан. Гэтэл “Бумбат” ХХК нь энэхүү гэрээний дагуу манай компанид төлөх өр төлбөрөөс нэг ч төгрөг төлж барагдуулалгүй өнөөдрийг хүрсэн. Талуудын хооронд байгуулсан Өр төлбөр барагдуулах гэрээний дагуу “Бумбат” ХХК нь гэрээнд заасан үүргээ зохих ёсоор буюу хэсэгчлэн гүйцэтгээгүй тохиолдолд өөрийн эзэмшлийн тусгай зөвшөөрлийн талбайд хууль журмын дагуу ашигт малтмалын олборлолт, ашиглалтын үйл ажиллагаа явуулж үр ашгаар нь өр төлбөрөө олж авах боломжийг олгосон хэдий ч энэхүү заалтыг хэрэгжүүлэхэд ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгө шаардагдаж байгаа учраас эдийн засаг санхүүгийн хувьд хүндрэлд орж “Бумбат” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн талбайд үйл ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсч улмаар өр төлбөрөө авч чадахгүйд хүрээд байна. Иймд “Аж богд трейд” ХХК нь “Бумбат” ХХК-иас 10/16 дугаартай өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 382 790 202 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд “Бумбат” ХХК-иас 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 10/16 дугаартай “Өр төлбөр барагдуулах” гэрээний дагуу 382 790 202 төгрөг гаргуулж “Аж богд трейд” ХХК-д олгуулж, 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан 10/16 дугаартай “Өр төлбөр барагдуулах” гэрээний үүргийг “Бумбат” ХХК-ийн эд хөрөнгөөс хангуулах эрхтэй болохыг шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэв.
Хариуцагч “Бумбат” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Дарханбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Бумбат” ХХК нь 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдөр “Аж богд трейд” ХХК-тай “Өр төлбөр барагдуулах гэрээ”-г байгуулсан байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжилсэн өр төлбөрийг бизнесийн үйл ажиллагааны гадаад хүчин зүйлийн нөлөөлөл, тухайн салбарын үйл ажиллагааны онцлог зэргээс шалтгаалан цаг хугацаанд нь төлж барагдуулж чадахгүй байгаа. Мөн манай компани одоогийн байдлаар ямар ч үйл ажиллагаа явуулаагүй байгаа учраас орлогогүй хүнд нөхцөлд ороод үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. Компанийн зүгээс “Аж богд трейд” ХХК-тай байгуулсан “Өр төлбөр барагдуулах гэрээ”-ний дагуу төлбөрөө барагдуулж чадаагүй байгаа. “Аж богд трейд” ХХК руу төлбөрийн нөхцөл уян хатан хандаж өгөхийг хичээнгүйлэн хүсч 2017 оны үйл ажиллагаа эхэлсэн даруйд төлбөрийг төлөх талаарх албан хүсэлт хүргүүлж байсан боловч уг компани нь татгалзсан хариу ирүүлж төлбөрөө төлж барагдуулахыг удаа дараа шаардсаар байна. “Аж богд трейд” ХХК нь манай компанийн нөхцөл байдал хүсэлтийг хүлээж авахгүйгээр шүүхийн байгууллагад хандсаныг буруутгахгүй. Иймд бид гэрээний дагуу үүссэн өр төлбөрийг нэгэнт төлж барагдуулах нь цаг хугацааны асуудал учраас нэхэмжлэгчтэй эвлэрэн нэхэмжлэлийн үнийн дүнг 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн график гарган төлөх хүсэлтэй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК нь хариуцагч “Бумбат” ХХК-д холбогдуулан “Өр төлбөр барагдуулах” гэрээний үүргийн гүйцэтгэлд 382 790 202 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч “Бумбат” ХХК нь “Өр төлбөр барагдуулах” гэрээний үүргийн гүйцэтгэлд 382 790 202 төгрөгийг нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК-нд төлөх нь үнэн маргахгүй, төлбөрийг төлөхөд хугацаа хэрэгтэй тул тодорхой хугацаа өгнө үү гэж тайлбарлаж байна.
Нэхэмжлэгч “Аж богд трейд” ХХК нь төлбөрийг төлөх хугацаа олгох боломжгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхгүй гэж маргаж байна.
Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д “Гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй”, мөн хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д “Энэ хуулиар зохицуулаагүй, шууд нэрлэгдээгүй боловч гэрээний үндсэн шинж, хэлбэрийг илэрхийлсэн өвөрмөц агуулга бүхий гэрээг нэрлэгдээгүй гэрээ гэнэ” гэж заасан байх тул маргааны эрх зүйн баримт болох 2016 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн 10/16 дугаартай байгуулсан “Өр төлбөр барагдуулах гэрээ”-г нэрлэгдээгүй гэрээ гэж шүүх үзлээ.
Иргэний хуулийн 187 дугаар зүйлийн 187.1, 8 дугаар зүйлийн 8.1.1, 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар талуудын хооронд байгуулагдсан өр төлбөр барагдуулах гэрээ нь гэрээний үүрэг мөн тул нэрлэгдээгүй гэрээнд Иргэний хуулийн үүргийн тухай нийтлэг үндэслэл хамаарна.
/хх-ийн 7/ Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өр төлбөр барагдуулах гэрээний дагуу хариуцагч нь мөнгөн төлбөр төлөх үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээний үүрэг зөрчигдсөн байх тул Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар өр төлбөр барагдуулах гэрээний үүрэгт 382 790 202 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 072 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 2 072 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ