Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 19 өдөр

Дугаар 33

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор Д.Хорлоо,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр

Хохирогч П.Б

Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ж.Н-д холбогдох 21300000000028 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, ам бүл ...., эхнэр, хүүхдийн хамт Улаанбаатар хотын Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо Сонгинын 191 тоотод оршин суух, Хан-Уул дүүргийн шүүхийн 2008 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 184 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэг, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 207 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар тус тус ял шийтгэгдэж байсан, хэрэг хариуцах чадвартай, Ж.Н /..................../

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ж.Н нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын ..... тоотод хохирогч П.Б-н нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дотор булан, хацар зулгаралт, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар тал, зүүн шуунд түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

Шүүгдэгч Ж.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ: “... Б бид хоёр 2020 оны 02 дугаар сараас эхлэн хамтран амьдарч байгаа. 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 17 цагийн орчимд П.Б нь пиво ууя гэхээр нь би өөрийнхөө виза картыг өгч дэлгүүр явуулсан. Дэлгүүрээс 1 ширхэг 2.5 литрийн савтай “Нийслэл” нэртэй пиво болон ундаа чихэр зэрэг нийт 35,000 төгрөгийн идэж уух юм авч ирсэн байсан. Тэгээд П.Б бид хоёр пивоо хувааж ууж дуусгачхаад байж байтал П.Б-н утсанд эгч З гэх хүнээс “Н манайд 1 эмэгтэй, хэдэн найзуудтайгаа ирж хөзөр тоглосон” гэж мессеж ирсэн. Тэгтэл над руу гэнэт П.Б нь уурлаж дайраад миний гар, нүүрийг маажиж, баруун талын гарыг хазаж, завжны хэсэгт маажиж урсан. Өмнө нь ч гэсэн хардалтын улмаас намайг маажиж байсан. Би гэрээс гарах гэсэн чинь миний куртикийг булааж аваад гэрт байсан шар иштэй хутгаар сийчиж урсан. Миний тайлаад тавьсан байсан ногоон өнгийн цамцыг галд хийж шатаасан. Бас өмдөө өмсөх гэсэн чинь миний өмдийг аваад хутгаар ураад галд хийх гэхээр нь ээжийн өгсөн тэлээг галд хийж болохгүй гээд галаас тэлээгээ аваад нүүрэн тус газар нь баруун гараараа алгадсан. Тэгээд би гарнаас нь барьж байсан хутгыг нь аваад гаргаж шидсэн. Тухайн үед би З гэх найзыгаа дуудаад өмсөж байсан хувцастайгаа гараад ах Д-нд очсон. Д-н очоод байж байтал цагдаа нар ирээд түр саатуулж эрүүлжүүлэгдсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45 дугаар хуудас/,

 

Хохирогч П.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн үед Н-г хоёулаа пиво ууя гэсэн. Тэгээд би дэлгүүр лүү яваад “Сэнгүр” нэртэй пиво авчирч ууж дууссаны дараа Н дахиад пиво уумаар байна зарах таньдаг хүн байна уу гэхээр нь “надад байхгүй, танай найз чинь зарж байгаа байлгүй дээ” гэж хэлээд сууж байхад З гэх нэртэй Facebook хаягаас над руу “Н манайд ирэхдээ нэг хүүхний хамт ирсэн. Дараа нь дахиж нэг хүүхэн дуудаж авчирсан” гэсэн мессеж ирэхээр нь “чи сар гаруй алга болчхоод яаж ингэж чадаж байна” гээд Н рүү утсаа шидсэн. Тэгээд бид хоёр нэлээн маргалдаад байж байхад Н гэнэт явлаа гээд гарах гэхээр нь цамцыг нь шатаасан. Мөн куртикнээс нь татахад урагдсан. Харин өмдийг нь хутгаар сийчсэн. Н машинд суугаад явахаар нь цагдаа дуудлаа шүү гэж хэлэхэд Н дууд, дууд гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн гэв.

 

Шүүх шинжилгээний албаны 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “... 1. П.Б-н биед баруун нүдний дотор булан, хацар зулгаралт, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар тал, зүүн шуунд түлэгдсэн шарх гэмтэл тогтоогджээ. 2. Түлэгдсэн шарх гэмтэл нь өндөр хэмийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй” гэх /хх-ийн 12-13 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Ж.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 50 дугаар хуудас/

 

Хохирогч П.Б-н гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 25 дугаар прокурорын тогтоол, санал /хх-ийн 63-64 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч П.Б нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Н-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ж.Н нь согтуугаар 2021 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 16 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Мандахын 309 тоотод хохирогч П.Б-н нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь баруун нүдний дотор булан, хацар зулгаралт, хамрын муруйлт, зөөлөн эдийн няцрал, зүүн гарын сарвууны ар тал, зүүн шуунд түлэгдсэн шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Н-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч П.Б-н мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 61 дүгээр дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ж.Н-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Ж.Н-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Н-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч П.Б нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Ж.Н-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ж.Н-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-т заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүгдэгч Ж.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-г 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н-д оногдуулсан торгох ялыг 3 /гурван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч П.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА