Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 35

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар

Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2030002830017 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян суманд төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын ..... дугаар баг “...............” гэх газар оршин суух, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2009 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, Сүхбаатар аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 89 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, Б.Б /............../

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг "ЗН” гэх газраас 3 адуу хулгайлж 1,875,000 /нэг сая найман зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Иргэний нэхэмжлэгчид 1,880,000 төгрөг өгсөн гэв.

 

Эрүүгийн 2030002830017 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр адууны эрэлд явж байгаад Уулбаян сумын 1 дүгээр баг “ЗН” гэх газарт 3 адуутай таарсан. Би тухайн үед хүмүүст мөнгөний өртэй байсан учраас адуунуудыг өөрийнхөө хаваржаанд хашсан. Гэртээ очиж хазаар бугуйл авч ирээд боож унагаж махалсан. Маргааш өглөө нь Б-г гуйж аймгийн төв рүү адууны махаа ачуулсан. “Б” гэх бойнд нийт 1,600,000 төгрөгөөр өгсөн.’’ гэх /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

Иргэний нэхэмжлэгч Г.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “...  2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн А/145 дугаартай захирамжаар Уулбаян сумын 1 дүгээр баг "ЗН” гэх газраас 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3 адуу хулгайд алдагдсан гэх хэрэгт иргэний нэхэмжлэгчээр томилогдсон. “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 20/03/360 дугаар үнэлгээгээр гаргасан 1,875,000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэх /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч А.Б мөрдөн байцаалт мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сард Б ах өглөө манай руу ирээд ах нь аймаг орж мах борлуулж банкны зээл төлөх гэсэн юм гээд миний .......... улсын дугаартай “Nissan” маркийн машинтай бид хамт явахаар болсон. Адууны махаа Б ахын эзэнгүй хаваржаан дээр очиж ачсан. Бага насны гэмээр 3 адууны мах байсан. Адууны арьсыг нь эвхээд тавьсан байсан учир им тамгыг нь харж чадаагүй. Хоёр адууны арьс нь хонгор, хүрэн зүстэй байсан. Бид хоёр аймгийн төвд ирээд  “Б” цехэд  зарсан. Надад бензиний мөнгө гэж 60,000 төгрөг өгсөн. Бид хоёр махаа өгчихөөд шууд хөдөө гэр лүүгээ буцсан. Тухайн адуунууд хэний адуу гэдгийг мэдэхгүй.” гэх /хх-ийн 13 дугаар хуудас/

 

Гэрч Б.З мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2019 оны 10 дугаар сард Б ах өөрийнхөө мотоциклтой хонгор зүстэй хоёр адуу, нэг хүрэн адууг хаваржааныхаа хашаанд хашиж байсан. Маргааш нь тэр хавиар адуу хайж яваад хашаагаар нь ороход хашаа нь малын цус болсон, мөн адууны хавирга харагдаж байсан. Тэгээд би Б ахыг хашаандаа адуу махалсан байна гэж бодсон” гэх /хх-ийн 15 дугаар хуудас/ мэдүүлгүүд

 

Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр  сарын 10-ны өдрийн А/20/01/05 дугаар дүгнэлт /хх-ийн 17-26 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 61 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Б-н прокурорын газарт гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 85 дугаар хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 20 дугаар прокурорын тогтоол, санал /хх-ийн 87-90 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохиролд 1,880,000 төгрөгийг хүлээн авсан нотлох баримт авагдсан зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг "ЗН” гэх газраас 3 адуу хулгайлж 1,875,000 /нэг сая найман зуун далан таван мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, гэрч А.Б, Б.З нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

“Мал хулгайлах” гэмт хэрэг нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрх халдашгүй дархан байх хүний баталгаатай эдлэх эрх, эрх чөлөөг зөрчсөн, шууд санаатай, шунахай зорилгоор, хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар өөрийн эзэмшил ашиглалтад эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдлээр үйлдэгддэг бөгөөд Б.Б-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөнд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Б-н эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Б.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын Тамгын газарт 1,880,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Б-с гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын Тамгын газар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Б-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Б-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохиролд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Засаг даргын Тамгын газарт 1,880,000 төгрөг төлсөн, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА