| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2015/08503/и |
| Дугаар | 572 |
| Огноо | 2017-03-16 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 572
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг 7 дугаар хороо 3 дугаар хороолол 25-45 тоотод оршин суух, Боржигон овогт Загдсүрэнгийн Энхтайваны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 10 дугаар хороо Морингийн 14 дүгээр гудамж 614 тоотод оршин суух, Бэсүд од овогт Бавуубазарын Өлзийбаярт холбогдох
Автомашин худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ганчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч З.Энхтайван шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ганчулуун шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн З.Энхтайван нь иргэн Б.Өлзийбаяртай 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр Авто машин худалдах, худалдан авах гэрээ хийж Япон улсад үйлдвэрлэсэн 93-40 УНЧ улсын дугаартай, цагаан өнгийн тоёото ланд крузер 80 маркийн авто машиныг урьдчилгаа төлбөргүй зээлээр худалдсан. Автомашины худалдах үнийг 11 000 000 төгрөгөөр харилцан тохиролцсон бөгөөд төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр төлж дуусгана. Гэрээний үүргийн дагуу иргэн Б.Өлзийбаяр 1 000 000 төгрөг төлсөн бөгөөд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй болно. Гэрээнд хүү, алданги тохиролцоогүй. Иймд Б.Өлзийбаяраас машины үлдэгдэл төлбөр болох 10 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундрахтамир шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Өлзийбаяр нь Х.Тулгаагаар дамжуулан 2014 оны 5 дугаар сарын 13-ны өдөр иргэн Загдсүрэн овогтой Энхтайвантай тоёота ланд 80 маркийн авто машиныг худалдах худалдан авах гэрээ байгуулсан. Анх авахад Энхтайван мэдүүлэхдээ мотор нь задаргаагүй маш найдвартай гэж мэдэгдсэн. Гэрээ байгуулсаны дараа Б.Өлзийбаярын ах Б.Батбаяр Тулгаагийн хамт унаж Таван толгой руу явсан. Улаанбаатар хотоос урагш 40 км орчим яваад уг машин нь эвдэрсэн бөгөөд энэ тухай Энхтайванд мэдэгдэж худалдан авалтаа буцаахаар болсон. Тавантолгой дээр очоод миний ах Б.Батбаяр нь уг машинд бүх төрлийн засвар моторын тос сольсон, кропны тос сольсон, явах ангийн тос сольсон, бүх төрлийн шүүрнүүдийг сольсон аппаратур янзалсан, паар плүнжир сольсон зэрэг үйлчилгээг Тулгаагийн хамт хийсэн. Гэвч уг машин 7 хоног болоод явахааргүй болсон бөгөөд эвдэрлийг бид тодорхойлж чадахгүй байсан. Ийм учраас машиныг ачиж Улаанбаатар хот руу авч ирж засварчинд үзүүлтэл мотор нь өмнө нь эвдэрч задаргаа орсон байсан бөгөөд Энхтайван анх зарахдаа худал хэлсэн нь мэдэгдсэн. 2014 оны 9 дүгээр сард Энхтайван манай ажил дээр ирж уулзсан бөгөөд бид худал хэлж муу машин өгсөн зэргийг хэлж маргалдан, хийгдсэн засварын сэлбэг үйлчилгээний хөлсийг авахгүй дээр нь 1 сая төгрөг өгөхөөр болсон ба үүний дагуу сая төгрөгөө дансруу нь шилжүүлэн хийсэн. 2014 оны 11 дүгээр сард Энхтайван нь өөрийн найз анх зуучлаж өгсөн Тулгааг явуулан автомашин байсан засварын газарт нь уг машиныг янзлуулсан., Тулгаатай холбоо барьж Энхтайван гурвуулаа уулзан 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор Энхтайваны данс руу Тулгаа 10 000 000 төгрөгийг хийхээр Энхтайван Тулгаа хоёр тохиролцсон болно.Дараа нь Тулгаа нь уг машиныг Г.Гантулга гэх хүнд ажлын хөлсөнд өгсөн байсан. Худалдан авалт хийгдээгүй болохоор Энхтайван өөрөө машиныг анх авчирсан засварын газарт нь ирж үзээд цааш өөрийн найз Тулгаадаа өгсөн, Тулгаа нь Гантулгад өгсөн, гэрээний дагуу машиныг акт хүлээлгэн өгнө гэсэн атлаа өгөөгүй, гэрчилгээг миний нэр дээр шилжүүлээгүй, машиныг нь буцаан өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч З.Энхтайван нь хариуцагч Б.Өлзийбаярт холбогдуулан Автомашин худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч нь автомашин худалдах-худалдан авах гэрээг худалдан авагч буюу Б.Өлзийбаяртай байгуулсан, гэрээний зүйл “Ланд крузер 80” маркийн автомашиныг худалдан авагчид шилжүүлсэн, худалдан авагчаас гэрээний зүйлийг буцаан аваагүй тул худалдах-худалдан авах гэрээний дагуу үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлаж байна.
Хариуцагч нь задаргаа орсон мотортой, доголдолтой эд хөрөнгө гэдгийг мэдэгдээгүй, автомашинд доголдол илэрч засвар авах боломжгүй байсан тул худалдан авагч худалдах-худалдан авах гэрээг цуцалж, автомашиныг худалдагч буюу З.Энхтайванд буцаан өгсөн учраас гэрээний дагуу төлбөр төлөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Н.Энхтайван нь хариуцагчид 2014 оны 05 дүгээр сарын 13-ны өдрийн хэлцлээр “Ланд крузер 80” маркийн автомашиныг бодитоор шилжүүлж, хариуцагч Б.Өлзийбаяраас 1 000 000 төгрөгийн урьдчилгаа төлбөрийг авсан үйл баримт хүсэл зоригийн илэрхийллийг дүгнэхэд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах-худалдах авах гэрээний харилцаа үүссэн байна./хх-ийн 3/
Хариуцагч Б.Өлзийбаяр худалдах-худалдан авах гэрээний зүйлийг шилжүүлэн авч байх үед мэдэгдэх боломжгүй байсан доголдол уг эд хөрөнгөд илэрсэн тул тэрээр Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1 -д зааснаар гэрээг цуцлах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл гэрээний зүйл “Ланд крузер 80” маркийн автомашины чанарын талаар талууд 2014 оны 05 дүгээр сарын 13-ны өдрийн худалдах-худалдан авах гэрээндээ тусгаагүй боловч уг эд хөрөнгийг зориулалтын дагуу ашиглах боломжгүйгээс Улаанбаатар хотод ачуулж ирсэн, доголдлыг арилгахаар засварт өгсөн боловч засвар аваагүй талаарх хариуцагчийн тайлбар, гэрч Г.Отгонбаатарын мэдүүлгийг нэхэмжлэгч баримтаар үгүйсгэж нотлоогүй байх тул худалдагч доголдолтой эд хөрөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн123/
Эд хөрөнгийн бодит доголдлыг мэдсэнээс хойш хариуцагч автомашиныг нэхэмжлэгчид буцаан өгсөн гэх хариуцагчийн тайлбар Д.Тулгаагийн тодорхойлолт, гэрч Д.Гантулгын мэдүүлгээр тогтоогдож байна./хх-ийн17, 131/
Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т зааснаар Д.Тулгаагийн 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн тодорхойлолтыг эхээр нь, гарын үсгийн үнэн зөвийг нотариатчаар гэрчлүүлэн шүүхэд ирүүлсэн мөн Д.Тулгаагийн тодорхойлолт гэрч Д.Гантулгын мэдүүлгээр давхар тогтоогдож байх ба Д.Тулгаагийн уг тодорхойлолт, зурсан гарын үсэгт нэхэмжлэгч маргаагүй, үгүйсгэж, няцаагаагүй тул шүүх тодорхойлолтыг бичгийн нотлох баримтын хувьд үнэлсэн болно.
Нэхэмжлэгч гэрээний зүйл болох “Ланд крузер 80” маркийн автомашиныг хариуцагч Б.Өлзийбаяраас хүлээн авсан тодорхой үйлдэл хийсэн нь Д.Тулгаагийн тодорхойлолт, гэрч Д.Гантулгын мэдүүлгээр нотлогдож байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т зааснаар худалдах-худалдан авах гэрээ цуцлах саналыг бодит үйлдлээрээ хүлээн авсан гэж үзэх үндэслэлтэй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116,118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.3, 256 дугаар зүйлийн 256.1-д тус тус заасныг баримтлан Б.Өлзийбаярт холбогдох худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулах З.Энхтайваны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны 10 дугаар шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ