Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 40

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Хүдэр

Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт холбогдох 2030003220005 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “ДХГ” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Ч /............../

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын .....-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “ДХГ” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Б /...................../

 

Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дүгээр баг “ДХГ” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, С.А /........................./

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ТС” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны орчимд хохирогч Б.Э-н хадлангаас 121 ширхэг өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Ч шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Шүүгдэгч С.А шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй гэв.

 

Эрүүгийн 2030003220005 дугаартай хэргээс:

 

            Шүүгдэгч Б.Ч мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2020 оны 11 дүгээр сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “ДХГ” гэх газар гэртээ байхад манай төрсөн дүү Б.Б, С.А нар ирээд “ТС” гэх газар хаягдал өвс байна цуг очиж өвс авах уу гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд С.А, Б.Б нар түрүүлээд машинтайгаа явсан. Би малчин У.Э-г хонио хариулаад ирэхээр нь хоёулаа ойрхон юманд яваад ирье гэж хэлээд өвс байгаа газар луу явсан. Гэрт ирээд У.Э өвсийг буулгаад 48 ширхэг байна гэсэн. Б.Э-н хадлангаас авсан 48 боодол өвсний мөнгийг бүрэн төлж хохиролгүй болгож өгсөн” гэх /хх-ийн 96-100 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2020 оны 11 дүгээр сарын 25-ны орчимд Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр баг “ДХГ” гэх газар гэртээ байхад манай ээжийн дүүгийн хүүхэд С.А ирээд “ТС” гэх газар луу өвсөнд явчихаад ирье, манай гэрийн урдуур жижиг ачааны машин өвс ачаад явсан гэхээр нь тэгье гэсэн. Тэгээд Б.Ч ахынд очиж бид хоёр өвсөнд явж байна та цуг явах уу гэхэд зөвшөөрсөн. С.А бид хоёр түрүүлээд явсан.  Б.Ч ах малчин У.Э-г дагуулаад бид дөрөв хоёр машинтай явсан. Хадлангийн газарт очоод нуруулдаж хураасан өвснөөс ачсан. Өвснүүд нь шар өнгийн өвс байсан. С.А бид хоёр 73 ширхэг өвс ачсан. Б.Ч ах 48 боодол өвс ачсан. Би 35 боодол өвс авч үлдэгдэл 38 боодол өвсийг С.А авсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.Э-н хадлангаас авсан 73 боодол өвсний мөнгийг С.А бид хоёр бүрэн төлж барагдуулсан” гэх /хх-ийн 118-122 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч С.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчимд адуунд явж байгаад “ТС” гэх газарт өвс хураалттай байхыг харсан. 11 дүгээр сарын 25-ны орчимд манайхтай ойрхон нутагладаг Б.Ч-нд очоод “ТС”-д өвс байна очиж авъя гээд 2 машинтай дөрвүүлээ явж 73 боодол өвс ачсан. Ч 48 боодол өвс ачсан. Би Э-н хадлан гэдгийг мэдэж байсан. Өвс авах талаараа Э-с зөвшөөрөл аваагүй. Өөр хүмүүс тэндээс өвс аваад байна гэхээр нь өвс хэрэг болж магадгүй гэж бодож авсан. Гэхдээ эзэнд нь хэлэлгүй хулгайлж авсан нь миний буруу. Бид нар 2 хэсэг газар нуруулдаж хураасан өвснөөс авсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Б.Э-н хадлангаас авсан 73 боодол өвсний мөнгийг бүрэн төлж барагдуулж хохиролгүй болгосон.”  гэх  /хх-ийн 107-111 дүгээр тал/

 

Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-13 дугаар хуудас, 

 

Сүхбаатар аймгийн хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-44 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Ч-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн хх-ийн 23 дугаар хуудас/

 

Шүүгдэгч С.А-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 137 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Б-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146 дугаар хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай Прокурорын 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 17, 17А, 17Б дугаар тогтоолууд, саналууд /хх-ийн 181-189 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хохирогч Б.Э нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэдгээ илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нар нь бүлэглэн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ТС” гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 25-ны орчимд хохирогч Б.Э-н хадлангаас 121 боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлан авч 1,050,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Б.Э-н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарын эд хөрөнгө эзэмших, өмчлөх эрхэд хохирол учруулсан үйлдэл нь  Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 1,050,000 төгрөг төлсөн, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдав.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 3 /гурван/ сарын хугацаагаар тэнсэж, уг хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт хорих ял оногдуулахгүйгээр тус бүр 1 /нэг/ жил 3/ гурван/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт тэнссэн хугацаанд зан үйлээ засах сургалтад хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Ч, Б.Б, С.А нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч Б.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА