Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 645

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

Д.Б-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Э.Ундраххэрэлэн,

шүүгдэгч Д.Б-, 

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 721 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Б-ад холбогдох 1806024710436 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Д.Б, 19хх оны хх дугаар сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, сийлбэрчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хххх тоотод оршин суух,

1. Дорнод аймгийн Хэрлэн сумын шүүхийн 2003 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 1/42 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

2. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 311 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

3. Сүхбаатар дүүргийн шүүхийн 2011 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 87 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

4. Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 629 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

5. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 154 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн,

 

Д.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хх тоотод оршин суух иргэн Ц.Б-гийн өвлийн орон сууцны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж их гарын шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг, 5 ширхэг мөнгө аяга, хазаар, 24 ширхэг эмэгтэй хүний алт, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, шар хуйтай хутга, компьютерийн хард, рам, бэлэн 30,000 төгрөг зэрэг нийт 38 төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч хохирогч Ц.Б-д 7,207,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Б-ад холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Б-ыг хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Д.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Б-ын цагдан хоригдсон 56 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Б-аас 3,748,200 төгрөгийг гаргуулж хохирогч Ц.Б-д олгож, энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Д.Б-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Д.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өмнө нь 5 удаа ял шийтгүүлж байсан боловч 2015 оны Эрүүгийн хуулиар анх удаа гэмт хэрэг үйлдсэнд тооцогдох ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй хэмээн дүгнэжээ. Өөрийн гэм буруутай үйлдлийг зөвтгөөгүй. Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд хүндрүүлэх нөхцөлийг заасан. Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэргээ үнэн зөвөөр хүлээн мэдүүлсэн, хохирлын тодорхой хэсгийг буцаан өгсөн, үлдэх хохирол бага байгаа зэргийг харгалзан хүнд ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байна. Энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө 2015 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт хулгайн гэмт хэрэг үйлдсэн байсан. Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэс дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тус дүүргийн прокурорын газарт энэ хэрэгтэй холбоотой материалыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хүргүүлэх хүсэлт гаргасан байгаа тул хэргүүдийг нэгтгэн нэг шийтгэх тогтоолоор эцэслэн шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалт болон анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч Д.Б- өмнө нь хийсэн гэмт хэрэг байхгүй, ганцхан энэ гэмт хэргийг үйлдсэн гэж хэлж байсан. Нэмж нэгтгэн, нэг шийтгэх тогтоолоор ял оногдуулах нь зүйтэй...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Д.Б-ад холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Д.Б- нь 2018 оны 3 дугаар сарын 19-ний өдөр хх тоотод оршин суух иргэн Ц.Б-гийн өвлийн орон сууцны вакум цонхыг түлхэн, хууль бусаар нэвтрэн орж их гарын шүрэн толгойтой хаш цагаан хөөрөг, 5 ширхэг мөнгө аяга, хазаар, 24 ширхэг эмэгтэй хүний алт, мөнгөн, монетон ээмэг, бөгж, гинж, шар хуйтай хутга, компьютерийн хард, рам, бэлэн 30,000 төгрөг зэрэг нийт 38 төрлийн эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч хохирогч Ц.Б-д 7,207,500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 хохирогч Ц.Б- /хх-ийн 33-34 тал/, гэрч Л.У /хх-ийн 37 тал/, гэрч Ц.Г /хх-ийн 38 тал/, шүүгдэгч Д.Б- /хх-ийн 18 тал/ нарын мэдүүлэг,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 02/142 дугаар “...6 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN00521000757 бүртгэлийн дугаартай Д.Б-н зүүн гарын дунд хурууны дардастай, 7 гэж дугаарласан гарын мөр нь нэгдсэн санд хадгалагдаж байгаа MN00521000757 бүртгэлийн дугаартай Даалхай овогт Будын зүүн гарын ядам хурууны дардастай тус тус тохирч байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-53 тал/,

хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-10 тал/,

нэгжлэг хийсэн тэмдэглэл, нөхөн нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 17-25 тал/,

хохирогч Ц.Б-д эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 27 тал/,

мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-ийн 29-31 тал/,

хулгайлагдсан эд зүйлийг 7,207,000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Дамно” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн БЗЗ-18-156 дугаар шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-47 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч Д.Б-ын бусдын орон байранд нууцаар нэвтрэн орж, бусдын 7,207,500 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэргийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “...хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч...” гэсэн шинжийг хангаж байх ба Д.Б-ыг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв болжээ.

 

Гэхдээ давж заалдах шатны шүүх  “...Нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна...” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчим, Д.Б-ын үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдлыг тус тус харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээг хөнгөрүүлэхээр шийдвэрлэв.

 

Хохирлын талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэж, зөв хянан шийдвэрлэжээ.

Д.Б-ын үйлдсэн өөр гэмт хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар нотлох баримт хэрэгт байхгүй байх тул шүүгдэгч Д.Б-ын давж заалдах гомдлын “...Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж байгаа үйлдэлтэй энэ шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн үйлдлийг нэгтгүүлж шалгуулах...” гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэж, давж заалдах гомдлыг нь хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 721 дүгээр шийтгэх тогтоолын:

 

            тогтоох хэсгийн 2 дахь заалтын “...шүүгдэгч Д.Б-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 4 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар Д.Б-ыг 2 жил 6 сар /хоёр жил зургаан сар/-ын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй...” гэж,

            тогтоох хэсгийн 3 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ад оногдуулсан 4 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Б-ад оногдуулсан 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй...” гэж тус тус өөрчилж,

 

            тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

            2. Шүүгдэгч Д.Б-ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ