Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2022/0718/З |
Дугаар | 221/МА2023/0331 |
Огноо | 2023-05-18 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2023 оны 05 сарын 18 өдөр
Дугаар 221/МА2023/0331
Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Мөнхтулга
Илтгэсэн шүүгч Г.Билгүүн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Нэхэмжлэлийн шаардлага: нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирол нэхэмжлэгч тус бүрт 12 120 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулж олгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Д
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 128/2022/0718/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М нараас “нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох, захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирол нэхэмжлэгч тус бүрт 12 120 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулж олгуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаар шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4, 56 дугаар зүйлийн 56.5, 57 дугаар зүйлийн 57.4-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шийдвэрийн 6 дугаар талын 6 дахь хэсэгт “... газрын төлбөр төлснөөр, граж худалдан авснаар түүний газар доорх газрын эзэмших, өмчлөх эрх үүсэхгүй юм” гэж огт үндэслэлгүй дүгнэсэн. Түүнчлэн Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх заалт, 27 дугаар зүйлийн 27.1, 27.3, 27.4 дэх заалтуудыг тус тус дурдаж нэхэмжлэгч нарт газар эзэмших, өмчлөх эрх байхгүй гэж дүгнэсэн ба газар ашиглах эрх нь 2001 онд дуусгавар болсон гэж тайлбарласан.
Гэтэл Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д “Газар эзэмшиж, ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу газрын төлбөр төлнө”, 23 дугаар зүйлд Дүүргийн газрын албаны эрх хэмжээ гэсэн хэсгийн 23.4.5-д “газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу тодорхойлж ногдуулах” гэж тус тус заасан.
Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд “Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, ... газрын төлбөр төлөгч байна”, 4 дүгээр зүйлд “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна” гэж тус тус заасан.
Дээрх хуулийн заалтуудаас дүгнэж үзвэл төрийн эрх бүхий байгууллага нь газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсэн шийдвэрийн үндсэн дээр газрын төлбөрийг иргэн, хуулийн этгээдэд ногдуулах ёстой бөгөөд Газрын асуудал эрхэлсэн төрийн байгууллага, албан тушаалтнаас газрын төлбөрийг актаар тогтоож, ногдуулж байсан нь нэхэмжлэгчдэд хууль ёсоор газрыг эзэмшүүлж, ашиглуулж байгааг хүлээн зөвшөөрсөн үйлдэл буюу шийдвэр, үйл ажиллагаа юм.
Хэрвээ шүүхийн дүгнэснээр газрын төлбөр төлснөөр газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгаа гэсэн ойлголт биш гэж үзвэл Сүхбаатар дүүргийн газрын алба нь 2001 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс хойш Сүхбаатар дүүргийн 1а байрны граж эзэмшигч, өмчлөгч иргэн, хуулийн этгээдээс хууль бусаар газрын төлбөр хурааж авч байсан гэсэн дүгнэлтэд хүрэхээр байна.
Мөн нэхэмжлэгчид нь анхнаасаа гражийн доорх газрын өмчлөгч, газар ашиглах, эзэмших эрхийг цуцалсан гэж маргадаггүй бөгөөд нэхэмжлэгч нарын үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар нураасан, түүнтэй холбоотой хохирлыг гаргуулахыг шаардаж маргадаг. Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3-д “Газар түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасан. Мөн 90.1-д “Хөрөнгийг хууль ёсоор эзэмшиж байгаа буюу түүнийг эзэмших эрхтэй болох нь тодорхой байгаа этгээдийг шударга эзэмшигч гэнэ” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий байршил дахь тоосгон гражуудыг худалдан авсан шударга эзэмшигч, өмчлөгчид юм.
Учир нь тус гражууд буюу хөрөнгийн анхны үүсэл нь хууль ёсных бөгөөд төрийн эрх бүхий байгууллагын шийдвэр, үйл ажиллагааны үр дүнд бий болж иргэдэд дамжиж ирсэн.
Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө” гэж заасан.
Мөн Сүхбаатар дүүргийн газрын алба, эрх бүхий албан тушаалтнаас гражийн газрын кадастрыг баталгаажуулж, нэгж талбарын дугаар олгосон, газрын төлбөр тогтоосон акт баталж, түүний дагуу төлбөр төлүүлсэн, гражийг хууль ёсоор эзэмшиж байгаа талаарх тодорхойлолт гаргаж өгсөн зэрэг үйлдэл нь граж болон түүний доорх газрыг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж байгааг хүлээн зөвшөөрсөн үйлдэл юм.
Нөгөөтээгүүр газар эзэмших, ашиглах гэрчилгээ олгох, гэрээний дагуу эзэмшүүлэх зэрэг нь төрийн эрх бүхий байгууллагын хуулиар хүлээсэн үүрэг бөгөөд төрийн эрх бүхий байгууллага нь газрын харилцаанд газрын эзэмшүүлэх, ашиглуулах талаарх шийдвэр гаргах, нэгж талбар олгож бүртгэх, гэрчилгээ олгох, гэрээ байгуулах зэрэг газрын хувийн хэргийг бүрдүүлж хөтлөхөд иргэн, хуулийн этгээдээс илүү их үүрэг хүлээнэ. Иймд төрийн эрх бүхий байгууллага үүргээ биелүүлж, газрын хувийн хэрэг үүсгээгүй, бүртгэлээ хөтлөөгүйн төлөө иргэн, хуулийн этгээдийг хууль бусаар газар эзэмшиж, ашигласан гэж буруутгах үндэслэл болохгүй юм.
3.2. Маргаан үүссэнээс хойш нэхэмжлэгчид нь маргаан бүхий газрыг хууль бусаар нийслэлийн Засаг даргын 2014 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн А/663 дугаартай захирамжаар маргаан бүхий байршилд граж бүхий ногоон байгууламжийн зориулалтаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын тамгын газарт 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн ба 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр А/952 дугаартай захирамжаар 15 жилээр сунгасан байсныг олж мэдсэн.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” заасан бөгөөд маргаан бүхий байршилд 30 гаруй иргэд хууль ёсоор граш эзэмшиж, ашиглаж байсан. Гэтэл тэдгээр граж эзэмшигчдэд тухайн газрыг Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн талаар огт мэдэгдээгүй, гражтай холбоотой үл хөдлөх эд хөрөнгөөр бүртгүүлэх газар эзэмших гэрчилгээ авахаар хандах үед уг байршилд гэрчилгээ олгохгүй байгаа гэж иргэдийг төөрөгдүүлж, хууль бус эзэмшлээ нуун дарагдуулж байсан.
Шүүхээс шийдвэрийн 7 дахь талд “... нэхэмжлэгч нарыг газар эзэмшихээр хүсэлт гаргасныг хүлээн аваагүй зэрэг нөхцөл байдлаас төрийн байр суурь тодорхой харагдана” гэж мөн огт утгагүй дүгнэлт гаргасан.
Хэрэв Төрийн байгууллага, албан тушаалтан уг тоосгон гражуудыг иргэн хуулийн этгээдэд 1999 оноос хойш 2 жилээс дээш хугацаагаар ашиглуулахгүй, газрыг эзэмшүүлэхгүй гэсэн байр суурьтай байсан бол чухам яагаад өдийг хүртэл газрын төлбөр тогтоож, төлүүлэн, гражийн эзэмшигч солигдох бүрт кадастрыг шинэчилж баталгаажуулж байсан гэдгийг шүүх дүгнэж, граж эзэмшигч, өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой байсан.
Мөн Захиргааны ерөнхий хуульд заасан “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим газар эзэмших эрх нь хууль ёсны дагуу үүссэн иргэдэд хамааралтай гэж үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.8-д “хууль ёсны итгэлийг хамгаалах” зарчим гэсэн хэсэгт хууль тогтоогчоос дараах байдлаар тайлбар хийсэн.
Хууль ёсны итгэлийг хамгаалах зарчим гэж нийтийн эрх зүйн аливаа харилцаанд захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдэд эдийн буюу мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүссэн тохиолдлыг ойлгоно. Харин энэ хуулийн 48.2-т заасан тохиолдол үүсвэл захиргааны үйл ажиллагаанд оролцогч иргэн, хуулийн этгээдийн итгэл хамгаалагдахгүй. Иргэн, хуулийн этгээдэд эерэг үр дагавар үүсэхээр байсан ч уг харилцаа дууссан бол итгэл хамгаалах зарчим хэрэглэгдэхгүй. Дээрхээс дүгнэвэл нийтийн эрх зүйн харилцаа буюу газар чөлөөлөх, хувийн өмч хөрөнгийг нураах тухай шийдвэр нь мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх эрх зүйн үр дагавар үүсгэж байгаа тул уг зарчим мөн адил хэрэглэгдэх юм.
Нөгөөтээгүүр нэхэмжлэгчид нь газрын өмчлөгч, эзэмшигч гэх агуулгаар маргадаггүй бөгөөд төрийн байгууллагаас газрыг хууль ёсоор эзэмшүүлж, ашиглуулж байгаа гэсэн итгэлийг иргэдэд төрүүлж газрын төлбөр авч байсан зэргээс үзвэл хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн нэгэн адил эрх эдлэх, Үндсэн хуулиар тодорхойлон заасан өмчлөгчийн эрхийг хамгаалах, түүний нөхөн төлбөрийг шаардах үр дагаврыг шаардаж байгаа болно.
3.3. Шүүхээс хариуцагчийг сонсох ажиллагаа хийсэн буюу 2022 оны 02 дугаар сарын 10-ны өдөр албан ёсоор газрыг 14 хоногийн дотор чөлөөлөхийг шаардсан, түүнээс хойш 5 сарын дараа захирамж гаргасан гэж тайлбарладаг.
Угтаа газар чөлөөлөх тухай захирамж нь 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гарсан бөгөөд сонсох ажиллагаа буюу оролцогчийг сонсох гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно”, 26.2-д “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ” гэж тус тус заасан ба граж эзэмшигч, ашиглагч иргэдэд уг захирамж гаргах гэж байгаа талаар болон эрхээ хамгаалах боломжоор огт хангаагүй. Иргэдээс нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж, түүний дээд шатны албан тушаалтан Ерөнхий сайдад гомдол гаргаж хариу гараагүй байх үед гражуудыг хүч түрэн нураасан.
Шүүхээс шийдвэрийн үндэслэх хэсгийг 6 дугаар талд нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар дурдсан хуулиуд, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 02/09 дүгээр тогтоолоор батлагдсан 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэлийн 9 дүгээр зүйлийн 9.4.2 дахь заалт, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2021 оны 11/33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Нийслэлийн оршин суугч иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны 1а байрны зүүн талд байрлах гражууд хамаарч байна гэсэн бөгөөд нийтийн эрх ашгийг урдаа халхавчлан олон жилийн турш илээр, шударгаар гражуудыг эзэмшиж, ашиглаж байсан хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн Үндсэн хуульд заагдсан эрхийг шууд зөрчиж болохгүй.
Энэ талаар Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй”, 101.2-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна” гэж тус тус заасан.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.
2.1. Нэхэмжлэгч Ч.О, Д.Ө, Ж.Х, Н.М нараас нийслэлийн Засаг даргад холбогдуулан “нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсэг хууль бус захиргааны акт байсан болохыг тогтоолгох, захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирол нэхэмжлэгч тус бүрт 12 120 000 төгрөгийг нийслэлийн Засаг даргаас гаргуулж олгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
2.2. Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар “...нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хэрэгцээ, хангамжийг нэмэгдүүлэх авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилга, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, хавсралтын 78-д “М ш” ХХК-ийн баруун талд байрлах 33 гараашийг буулгаж, газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.
2.3. Нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий гараашнуудыг худалдах, худалдан авах гэрээний дагуу шилжүүлэн авсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн газрын албатай “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”-ыг бичгээр байгуулж, төлбөрийг төлж байсан болох нь тогтоогдож байх боловч газар эзэмших, ашиглах эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, эрх бүхий этгээдийн шийдвэр гараагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, эрхийн гэрчилгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд анхан шатны шүүхээс “газрын төлбөр төлснөөр, граж худалдсан авснаар түүний газар доорх газрын эзэмших, ашиглах, өмчлөх эрх үүсэхгүй” гэх дүгнэлтийг хийж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэл бүхий болжээ.
2.4. Учир нь Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.”, 6 дугаар зүйлийн 6.1-д “Газрыг Монгол Улсын 18 насанд хүрсэн иргэн аж ахуйн нэгж, байгууллага энэ хуульд заасны дагуу эзэмшиж ашиглана” гэж, мөн хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-д “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21 дүгээр зүйлийн 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”, 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-т “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж тус тус хуульчилсан байна.
2.5. Нэгэнт нэхэмжлэгч нар нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй буюу эрх бүхий этгээдээс газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар аливаа байдлаар шийдвэр гаргаагүй, гэрээ байгуулж, гэрчилгээ олгоогүй байгаа энэ тохиолдолд маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь хууль ёсны эрх хуулиар хамгаалагдах учиртай.
2.6. Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэж заасан бөгөөд маргаан бүхий акт хууль зөрчсөн болох нь тогтоогдоогүй энэ тохиолдолд учруулсан гэх хохиролд тус бүр 12 120 000 төгрөгийг гаргуулах боломжгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 277 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 280800 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН