Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 41

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 06 сарын 10 өдөр                Дугаар 41                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Сугар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Ц.Роза

Шинжээч С.Эрдэнэцэцэг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Б.Саранцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Цэдэндамба, Б.Батцэнгэл

Шүүгдэгч Ч.Отгонжаргал, С.Анхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Халх овгийн Сүхбаатарын Анхтуяа, Шарнууд овгийн Чулуунбаатарын Отгонжаргал нарт холбогдох 201617000023 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1.Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 21-ний өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, яс үндэс халх, ам бүл 5, нөхөр 3 хүүхдийн хамт, дээд боловсролтой, цэцэрлэгийн багш мэргэжилтэй, Баруун-Урт сумын 2 дугаар цэцэрлэгт багш ажилтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар баг Боловсрол хороолол 12-6 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЮ72062161, Халх овгийн Сүхбаатарын Анхтуяа 

 

2. Монгол Улсын иргэн, 1972 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, 44 настай, эмэгтэй, ам бүл 6, нөхөр хүүхдүүдийн  хамт, яс үндэс Дарьганга, бүрэн дунд боловсролтой, цэцэрлэгийн туслах багш мэргэжилтэй, Баруун-Урт сумын 2 дугаар цэцэрлэгт туслах багш ажилтай, Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг Амгалангийн 16-1 тоотод оршин суух хаягтай, ухаан мэдрэл бүрэн, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЛЮ72051302, Шарнууд овгийн Чулуунбаатарын Отгонжаргал 

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үедээ сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандаж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, 12.8.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус цэцэрлэгийн 5 настай О.Тэмүүн нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шатнаас унаж, түүний бие махбодид дээд эрүүнд баруун 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүдний уналт бүхий хүндэвтэр, баруун чамархай, зулайн ясыг хамарсан цууралт тархины хаван, тархи няцрал, дарагдал, баруун чамархайд хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгч С.Анхтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  2015 оны 10 сарын 02-ны  өдөр зугаалгын цагаар хүүхдүүдээ гаргах гээд хувцаслаж байтал  хэдэн хүүхэд багшаасаа түрүүлээд гарсан байсан. Манай анги 34 хүүхэдтэй хувцас солих өрөө жижиг учир зарим нь гараад явсан байсан гэтэл манай ангийн нэг хүүхэд багшаа Тэмүүн шатнаас уначихлаа гэж хэлэхээр нь гүйгээд гартал унасан байсан. Би хүүхдээ өргөж оруулаад Аавыг нь дуудаж  шатнаас унасан тухай хэлээд эмнэлэгт үзүүл гээд явуулсан. Нэг хүүхэд түлхсэн гэж хүүхдүүд хэлдэг гэтэл тэр хүүхэд болохоор би түлхээгүй өөрөө унасан гэж хэлдэг. Тухайн үед ажлын байрандаа байсан хаяад явсан асуудал байхгүй. Би хүүхдийнхээ биеийг байнга асууж  эмчилгээний зардлыг тухай бүр нь төлж байсан. Өөрийн хариуцлага алдсанаа хүлээн зөвшөөрч байна.Миний алдаанаас болж ийм зүйл болсон хийсэн хэрэгтээ гэмшиж байна хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэх,

 

2. Шүүгдэгч Ч.Отгонжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Тэр өдөр 10 цаг өнгөрөөгөөд зугаалгын цаг болоод  бид хүүхдүүдээ хувцаслаад  гарч байсан. Түрүүлээд 5 хүүхэд гүйгээд гарсан. Гэтэл Тэмүүнээ уначихлаа гээд  хүүхэд гүйж ирсэн. Тухайн үед нь аавд нь хэлсэн. Эмчилгээний зардалд 150.000 төгрөг төлсөн. Хариуцлагагүй алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтээ  үнэхээр их гэмшиж харамсаж байна гэх мэдүүлэг, 

 

3.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранцэцэгийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Тэр үед нь би байгаагүй хотод байсан. Манай нөхөр 10 цагийн үед хүү шатнаас уначихлаа  гэж ярьсан. Аав нь эмнэлэгт үзүүлсэн гайгүй байна гэхээр нь  анзаараагүй нэг хэсэг цэцэрлэгтээ явж байсан. 10 гаруй хоногийн дараа  хүү маань толгой өвдлөө гээд толгой  нь хавдаад  эхэлсэн. Ингээд аймагт үзүүлэхэд хот явах шаардлагатай гээд  хот явж хагалгаанд орсон. Эмчилгээний зардал 9 сая гаруй төгрөг гарсан. 2 багшийн өгсөн мөнгийг хасаад 6.500.000 төгрөгийг хэн буруутай хүнээс нэхэмжилж байна. Хоёр багшид гомдолгүй. С.Анхтуяа багш бидний араас хотод байхад хонины махтай эргэж байсан байнга асууж эмчилгээний мөнгө өгч байсан гэх ,        

4. Гэрч Б.Отгонбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....Манай хүү Баруун-Урт сумын 2 дугаар цэцэрлэгт явдаг бөгөөд түүний багш нар нь С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нар байгаа юм. 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр 10 цагийн үед Ч.Анхтуяа багш надруу утсаар залгаад цэцэрлэг дээр хүрээд ир гэхлээр нь 12 цагийн үед очсон чинь танай хүү О.Тэмүүн шатны уруу унасан гэхлээр нь би аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч Бямбаа эмчид үзүүлсэн чинь ил мэдэгдэх юмгүй байна, янз бүрийн зүйл ажиглагдвал эргэж үзүүлээрэй гэхлээр нь гайгүй юм байх гэж бодоод явсан, тэгээд хэд хоногтоо ямар нэгэн зүйл мэдэгдэхгүй байж байгаад 2016 оны 10 дугаар сарын 12-ны үед гэнэт толгойн баруун хэсэгт нь хавдаад эхэлсэн. Тэгээд үзүүлсэн чинь цус хуралттай байна гэсэн дүгнэлт гарч эмчилгээ хийж эхэлсэн, сар бүр Улаанбаатар хотруу явж эмчлүүлж байгаа бөгөөд зардал мөнгө их орж байгаа, багш нар нь тодорхой хэмжээний дэмжлэг туслалцаа үзүүлж байвал хэрэгтэй байна гэх мэдүүлэг /хх-17х/

5. Гэрч Г.Цэцэгтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Анхтуяа багштай 2000 оноос 2009 он хүртэл, дараа нь 2014 оноос үргэлжлүүлэн хамт ажиллаж байна.С.Анхтуяа багш бол төлөв даруу зантай үүрэгт ажилдаа сайн, манай тэргүүний багш нарын нэг бөгөөд хүүхэд эцэг эхчүүдтэй их ойр дотно ажилладаг, тэдний талархлыг хүлээдэг цагийн хуваарь өдрийн дэглэмийг баримталж ажилладаг, зан харьцаа ёс зүй сайтай багш байгаа юм. С.Анхтуяа багшийн ангийн эцэг эхчүүдийн нэгдсэн фэйсбүүк группэд С.Анхтуяа багш манай ангийн хүүхэд шатнаас унасан гэсэн утгатай зүйл бичсэн байсныг олж уншаад мэдсэн, надад хэлээгүй учир нь О.Тэмүүнээ бие нь гайгүй цэцэрлэгтээ яваад байсан учир хэлээгүй гэж тайлбарласан. Тэгээд би 2 багшдаа тухайн хүүхдийн биеийн байдлыг асууж тусалж дэмжлэг үзүүлэх талаар арга хэмжээ авч багш ажилчдаасаа мөнгө нийлүүлээд 260,000 төгрөг, 2 удаа замын зардал гаргаж өгсөн....” гэх мэдүүлэг /хх-19х/

 6. Гэрч У.Бямбаагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хэдэн цагт байсан эсэхийг мэдэхгүй. Отгонбаатар нь Тэмүүн гэх хүүхдээ өргөөд шатнаас унасан гэсээр үзүүлнэ гэж орж ирсэн.Тэд ямар ч бичиг баримтгүй, цахим бүртгэлд бүртгүүлээгүй, карт эрүүл мэндийн дэвтэргүй орж ирсэн. Тухайн хүүхдийг үзэхэд ерөнхийдөө гайгүй, мэдэгдэх зүйлгүй болохоор нь ажиглаж бай, толгой нь өвдөх бөөлжих, уйлагнах гэх мэтийн шинж тэмдгүүдийг илэрвэл эргэж яаралтай үзүүлээрэй гэж хэлсэн. Тухайн үед тэд картгүй явж байсан болохоор ямар нэгэн тэмдэглэгээ хийж чадаагүй юм. Эргэж тухайн хүүхдийг үзээгүй, тэрээр надад эргэж үзүүлээгүй” гэх мэдүүлэг, 

 

 7.Шинжээч Ц.Цэрэннамжилын 2016 оны 04 сарын 20-ны өдрийн дүгнэлтэнд

“Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар цэцэрлэгийн багш С.Анхтуяа, туслах багш Ч.Отгонжаргал нар нь хүүхдийг аялал зугаалгаар ангиас гарах үед нь анхаарал дутуу тавьж, хараа хяналтандаа байлгаж чадаагүйн улмаас тухайн хүүхэд эрсдэлд өртсөн нь багш болон туслах багш нар өөрсдийн хуулиар хүлээсэн эрхээ бүрэн гүйцэд хэрэгжүүлээгүй буюу Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7,12.8.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөн байна” гэх, 

 

8.Хэргийн газрын үзлэг хийсэн фото зургийн үзүүлэлт /хх-11-12х/

 

9.Шүүх эмнэлгийн шинжээч эмчийн дүгнэлт /хх-43-44х/

1. О.Тэмүүний биед баруун чамархай, зулайн ясыг хамарсан цууралт, тархины хаван, тархи няцрал, дарагдал, баруун чамархайд хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйхан доорхицус хуралт, дээд эрүүнд баруун, 2-р шүд, зүүн 1-р шүдний уналт гэмтэл тогтоогджээ. 

2. Уг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр унах, цохигдох үед үүсгэгдэх боломжтой.

3. Баруун чамархай, зулайн ясыг хамарсан цууралт тархины хаван, тархи няцрал, дарагдал, баруун чамархайд хатуу хальсан дээрхи цусан хураа, баруун чамархайн хуйхан доорхи цус хуралт гэмтлүүд нь ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул хүнд зэрэгт, дээд эрүүнд баруун, 2-дугаар шүд, зүүн 1-р шүдний уналт гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт

 10. Хүүхдийн цэцэрлэгийн  багшийн ажлын  байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Цэцэрлэгийн туслах багшийн ажлын  байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Хүүхдийн цэцэрлэгийн  аюулгүй байдлын дүрэм, шүүгдэгч нарын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар ажил байдлын тодорхойлолт, байгууллагын дотоод журам зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

 

Шүүгдэгч С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 2 дугаар цэцэрлэгийн багшаар ажиллаж байх үедээ сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандаж, Сургуулийн өмнөх боловсролын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.7, 12.8.6 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас тус цэцэрлэгийн 5 настай О.Тэмүүн нь 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр шатнаас унаж, түүний бие махбодид дээд эрүүнд баруун 2 дугаар шүд, зүүн 1 дүгээр шүдний уналт бүхий хүндэвтэр, баруун чамархай, зулайн ясыг хамарсан цууралт тархины хаван, тархи няцрал, дарагдал, баруун чамархайд хатуу хальсан дээрх цусан хураа, баруун чамархайн хуйхан доорх цус хуралт бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

             

Аймгийн прокурорын газраас Баруун-Урт сумын төвд үйл ажиллагаа явуулдаг 2-р цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн ангийн  хүмүүжигч 5 настай  О.Тэмүүний биед хүнд гэмтэл учирсан нь бүлгийн багшаар ажиллаж байсан С.Анхтуяа, туслах багшаар ажиллаж байсан Ч.Отгонжаргал нарыг сургуулийн өмнөх  насны хүүхдийг  халамжлах  албан үүрэг бүхий этгээд  уг үүрэгт  ажилдаа хайнга  хандсан  гэж эрүүгийн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1 дэх хэсэгт зааснаар  яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй байна гэж дүгнэв. 

 

             Шүүх шинжлэн судалсан  хавтаст хэрэгт байгаа  Хүүхдийн цэцэрлэгийн  багшийн ажлын  байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Цэцэрлэгийн туслах багшийн ажлын  байрны тодорхойлолт, аюулгүй ажиллагааны зааварчилгаа, Хүүхдийн цэцэрлэгийн  аюулгүй байдлын дүрэм, шүүгдэгч нарын хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар ажил байдлын тодорхойлолт зэрэг  баримтуудаар  шүүгдэгч  С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нар нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 2-р цэцэрлэгт цэцэрлэгийн багш болон туслах багшийн үүрэгт ажлыг хөдөлмөрийн гэрээний дагуу гүйцэтгэж байсан, ажлын  байрны тодорхойлолтонд зааснаар  бүлгийн хүүхдийн  амь нас, эрүүл мэндийг  хариуцаж тэднийг  ахуйн осол гэмтлээс хамгаалж ажиллах,  цэцэрлэгийн хүүхдийн аюулгүй байдлын дүрмээр  хүүхдийг хараа хяналтгүй  орхихгүй байх нөхцөлийг бүрэн бүрдүүлж  ажиллах үүрэг хүлээсэн , хүүхдийг эзэнгүй орхихгүй байх аюулгүй ажиллагааны  зааварчилгааг авсан байсан байдал бүрэн нотлогдсон байна. Шүүгдэгч нарын мэдүүлгээр тухайн үед бүлгийн багш С.Анхтуяа  хувцасаа солих, туслах багш Ч.Отгонжаргал хүүхдийн хувцсыг өмсгөж байсан ба  хэсэг хүүхдүүдийг  эзэнгүй хараа хяналтгүй   гаргаснаас  хохирогч 5 настай О.Тэмүүн шатнаас унаж хүнд гэмтэл  авсан нь тогтоогдлоо.  

      

Иймд шүүх шүүгдэгч Ч.Отгонжаргал, С.Анхтуяа нарыг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжлах үүрэгт ажилдаа хайнга хандсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.Отгонжаргалын өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан саналдаа:  Хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа  явуулах үедээ  процессийн зөрчил гаргасан. Эрүүгийн хэрэг үүсгээгүй байхдаа хохирогчоор Б.Саранцэцэгийг тогтоож байцаалт авсан, хохирогч шатнаас  унаж гэмтэл  авсанд туслах багш ямар үүрэг  гүйцэтгэх ёстой, үүргээ яаж зөрчсөн гэдгийг  тогтоогоогүй, О.Тэмүүнийг түлхсэн гэх хүүхдийн буруутай  үйл ажиллагаа харагдаж байна үүнийг тодруулах шаардлагатай. Насанд хүрээгүй Мэргэн, Ананд, нарыг асуухдаа сурган хүмүүжүүлэгч Г.Цэцэгтуяаг оролцуулсан нь буруу. Г.Цэцэгтуяа тухайн цэцэрлэгийн эрхлэгч байсан. Мөн хэргийн газрын үзлэгт хөндлөнгийн  гэрчээр Г.Цэцэгтуяаг оролцуулсан буруу. Хохирогчийн гаргаж өгсөн хохирлын жагсаалтанд мөрдөн байцаагч гарын үсэг зурснаас харахад хэтэрхий нэг талыг барьж шалгасан гэж үзэж байна иймд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж  өгнө үү гэсэн саналыг хүлээн авах үндэслэлгүй  байна.

 

Шүүгдэгч нар тухайн үед өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу  хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр  2-р цэцэрлэгт хүүхэд халамжлах албан үүргээ гүйцэтгэж байсан. Хүүхдүүдийг эзэнгүй гаргасан үед  хохирогч гэмтсэн байдал тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл  багш болон туслах багшийн албан үүрэгт ажлаа зөв  зохион байгуулаагүй, хайнга  хандсан эс үйлдэл, бодит байдал тогтоогдсон тул  шүүгдэгч нарыг  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх  шүүгдэгч Ч.Отгонжаргал, С.Анхтуяа  нарт ял шийтгэл оногдуулахад  тэдний  анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй, хохирогчийн эмчилгээний зардлыг сайн дураараа  нөхөн төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1,55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй болно. 

Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан тэдэнд албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүй хуульд заасан хөнгөн ялыг оногдуулахаар шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нар  нь  сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

 

             Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранцэцэгийн  эмчилгээний зардалд 9.275.600 төгрөг гарсан үүнээс багш, ажилчдын  өгсөн 2.695.000 төгрөгийг хасаад үлдэх 6.580.600 төгрөгийг хэн буруутай хүнээс гаргуулж өгнө үү гэсэн  нэхэмжлэлийн шаардлагыг энэ тогтоолоор шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд эмчилгээний зардалд нотлох баримтаар 498.259 төгрөг зарцуулсан байх бөгөөд уг мөнгийг төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна. Тухайлбал: О.Тэмүүний эмчилгээ, унааны  зардалд багш С.Анхтуяа 2.263.000 төгрөг, туслах багш С.Отгонжаргал 150.000 төгрөг, цэцэрлэгийн багш, ажилчид, эцэг эхийн зөвлөлөөс 482.000 төгрөгийг тус тус төлсөн нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранцэцэгийн тайлбар, шүүгдэгч нарын мэдүүлэг болон мөнгө шилжүүлсэн баримтаар нотлогдож байна. Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранцэцэг нь нотлох баримтаа бүрдүүлсний эцэст эмчилгээний зардлаа иргэний журмаар жиш нэхэмжлэх эрхтэй болно. 

             

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Халх овгийн Сүхбаатарын Анхтуяа, Шарнууд овгийн Чулуунбаатарын Отгонжаргал нарыг сургуулийн өмнөх насны хүүхдийг халамжпах үүрэгт ажилдаа хайнга хандсаны улмаас 5 настай хохирогч О.Тэмүүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

            2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 119 дүгээр зүйлийн 119.1-д зааснаар шүүгдэгч С.Анхтуяаг  албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч  Ч.Отгонжаргалыг албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 51 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 9.792.000  төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3-т зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл торгох ялыг 3 жил хүртэл хугацаагаар хорих ялаар сольж болохыг шүүгдэгч С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нарт мэдэгдсүгэй.  

 

4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранцэцэг нь эмчилгээний зардлаа материалаа бүрдүүлсний эцэст иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч С.Анхтуяа хохирогчийн эмчилгээний зардалд 2.263.000 төгрөг, шүүгдэгч Ч.Отгонжаргал 150.000 төгрөг  төлснийг дурдсугай.

 

6. Шүүгдэгч С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нар цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Саранцэцэг гомдол, саналгүй гэснийг тус тус дурдсугай.

 

           7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Анхтуяа, Ч.Отгонжаргал нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

          8.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                 Д.СУГАР