Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 15

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунгэрэл даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Б” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М д холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 21-07/050-138 дугаартай дүгнэлтийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 21-07/050-209 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний 21-07/050-138 дугаартай дүгнэлт, 2018 оны 12 сарын 18-ны 21-07/050-209 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг “Б ” ХХК-ийн захирал Д.С т өнөөдрийг хүртэл эх хувийг нь гардуулж өгөөгүй, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  миний бие нь зөрчлийн материалтай танилцаж байхдаа дээрх албан шаардлага болон дүгнэлт гаргасныг мэдсэн бөгөөд канондаж хувилж авсан.

2019 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагааны журмаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Э д гомдол гаргасны дагуу Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар 2019 оны 03 сарын 27-ны өдөр урьдчилан шийдвэрлэх ажиллагааны гомдлын хариу өгсөн.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 20-ний 21-07/050-138 дугаартай дүгнэлт, 2018 оны 12 сарын 18-ны 21-07/050-209 дугаартай улсын байцаагчийн албан шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь “Б " ХХК нь Эрчим хүчний тусгай зөвшөөрлийг дулаан үйлдвэрлэх, дамжуулах, түгээх, хангах үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2013 оны 08 сарын 02-наас 10 жилийн хугацаатайгаар 2023 оны 08 сарын 02-ны өдөр хүртэл Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2013 оны 07 дугаар сарын 20-ны 02 дугаартай тогтоолыг үндэслэн сунгасан. Дулаан үйлдвэрлэх, түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны 08 сар хүртэл сунгасан байхад дахин 2018 он сунгуулах шаардлагагүй гэж үзэж байна.

            2018 онд “Б” ХХК нь гидравлик тооцоо хуулийн дагуу хийгдсэн бөгөөд улсын байцаагч нь “Б” ХХК-аас гидравлик тооцоог гаргаж өгөх боломжтой байхад энэ талаар тайлбар аваагүй, асууж тодруулаагүй, нотлох баримтуудыг авалгүй дутуу шалгасан байдаг.

             “Б” ХХК нь 2018 оны 09 сарын 30-ны өдрийн “Бадамлах дөл” ХХК-ны 3-р зуух болон шугам сүлжээнд нягтын усан шахалт хийсэн акт, 2018 оны 09 сарын 30-ны өдрийн “Б” ХХК-ны 1-р зуух болон шугам сүлжээнд нягтын усан шахалт хийсэн акт, 2018 оны 10 сарын 01-ны Ховд аймгийн “Б” ХХК-ны дулааны станцын 2018 оноос 2019 оны халаалтын улиралд байнгын ажиллагаанд ажиллуулж эхэлсэн актууд гаргасан.  “Б” ХХК-ны дотоод шугам сүлжээ, дамжуулах, түгээх, хангах, шугам сүлжээнд нягтын усан шахалт хийж төв болон салаа шугамуудыг 10 ата даралттай зөөлрүүлсэн усаар шахаж нягтын усыг шалгасан. 2018 оны 09 сарын 28-ны өдөр хүртэл засаж шугам сүлжээнд ямар нэгэн гэмтэлгүй болон байнгын тасралтгүй ажиллах нөхцөлд тэнцсэн.

2019 оны төлөвлөгөө гарган ажиллах, мэргэжилтэй боловсон хүчнээр хангаж ажиллах зэрэг нь дүгнэлтэд тусгагдах асуудлууд биш бөгөөд зөвлөмж гэж ойлгож байна. Бодит байдалд “Б” ХХК-д мэргэжлийн ерөнхий инженер Ш.М, шугам сүлжээний инженер Б.Б, ээлжийн ахлах машинист Г.А нар ажиллаж байгаа бөгөөд дээрхи ажилтнууд нь олон жил ажилласан туршлагатай мэргэжлийн мэргэшсэн хүмүүс юм. Мөн дээрхи хүмүүсийг ажилтан мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон гэж тогтоогдсон тухайн байгууллагын мэргэжил ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс тогтоогоогүй байдаг.

            2018 оны 12 дугаар сарын 20-ны 21-07/050-138 дугаартай улсын байцаагчийн дүгнэлт нь бүхэлдээ Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д заасан улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцах, мөн хуулийн 10.9.10-д заасан улсын байцаагч нь хууль тогтоомжийг чанд сахих, хөндлөнгийн нөлөөнд үл автах, албан үүргээ үнэнчээр гүйцэтгэх, төр байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтны хууль ёсны ашиг сонирхол, нэр төрийг хүндэтгэх, хяналт шалгалтыг бүрэн гүйцэд хийх үүргээ биелүүлсэнгүйд гомдолтой байна.

Улсын байцаагчийн албан шаардлагыг биелүүлэх боломжтой байх ёстой байхад биелэгдэх боломжгүй албан шаардлага гаргасан гэж үзэж байна. Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.5-д төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтын удирдамжийг батлуулахаар заасан байх бөгөөд уг хуулийн дагуу хариуцагч нь ажилласан бол холбогдох нотлох баримтуудаа бид гаргаж өгч, тайлбар гаргах байсан. Гэтэл Төрийн хяналт шалгалтын тухай хуулийг бүхэлд нь зөрчиж, хянаж шалгах ажиллагааг явуулаагүй, нотлох баримт шаардаагүй, тайлбар аваагүй байх тул уг албан шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Монгол улсын Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.11-д улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг хариуцна гэж заасан. Энд хяналт шалгалтыг бүрэн дүүрэн хийх үүргээ биелүүлээгүй, хяналт шалгалт хийх удирдамжийг батлуулаагүй, “Б” ХХК-нд батлуулсан удирдамжаа танилцуулах үүргээ биелүүлээгүй, хуульд заасан ажиллагааг хийгээгүй байж албан шаардлага гаргасан учир шүүхэд хандаж, хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаснаа дэмжиж байна игэв.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М шүүхэд гаргасан тайлбартаа:

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М би 2018 оны 11 сарын 12-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Б ХХК-нд холбогдуулж зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

 “Б” ХХК нь дулаан үйлдвэрлэх үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн газраас халаалт, дулаанаар хангагддаг аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдан айл өрх, иргэд ая тухтай амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай гомдол мэдээлэл ирсэн. Үүний дагуу “Б” ХХК-д Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дүгээр зүйл, 3.1 дүгээр зүйлийг зааснаар тус компанийн ерөнхий захирал Д.С-д 2018 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн торгууль тавьсан болно.

Учир нь Б ХХК нь дулаан үйлдвэрлэх түгээх, эрчим хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацаа нь 2018 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дууссан нь “Эрчим хүчний тухай” хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 дугаар зүйлийг зөрчсөн байсан.

Б ХХК-ний дулаан үйлдвэрлэх, түгээх, эрчим, хүчээр зохицуулалттай хангах үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 2023 оны 08 дугаар сар хүртэл сунгасан гэх бичиг баримт нь хуурамч, Ховд аймгийн эрчим хүчний зохицуулах зөвлөлийн хурлын протоколд 2023 он хүртэл сунгасан зүйл байдаггүй.

Хэргийг материалд тухайн компанийн дутагдалтай, дулаан үйлдвэрлэх үндсэн үүргээ биелүүлээгүйн улмаас тухайн газраас халаалт, дулаанаар хангагддаг аж ахуйн нэгж, байгууллагуудын хэвийн үйл ажиллагаа алдагдан айл өрх, иргэд ая тухтай амьдрах эрх зөрчигдөж байгаа тухай өргөдөл гомдлыг бүрэн эхээр нь хавтас хэргийн 27-127 дугаар хуудсанд тодорхой бичигдэн хавсаргасан байгаа болно.

Зөрчлийн хэрэгт аж ахуйн нэгж, байгууллага, айл өрх, иргэдээс гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, хохирогчдоос авсан мэдүүлэг, хохирол үзүүлсэн байдал мэдүүлэг авах зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан. Албан шаардлага дүгнэлт гаргаж, нэмэлт ажиллагаа явуулахад Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дүгээр зүйлийн 3.1 дүгээр зүйлийг үндэслэн тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүргээ биелүүлээгүй нь нотлох баримтаар нотлогдож байгааг үндэслэн торгуулийн арга хэмжээ авагдсан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

   Нэхэмжлэгч “Б” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эаас Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн  2018 оны 12 сарын 18-ны өдрийн 21-07/050-209 дугаартай “Инженерийн шугам сүлжээний зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлага, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 21-07/050-2138 дугаартай “Зөрчлийг арилгуулах тухай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаан оролцох боломжгүй,түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар бичгээр хүсэлт гаргасан, нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс шүүх хуралдааны ирцийн талаар тусгайлан санал гаргаагүй тул хариуцагчийг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг хийж хэргийг хянан шийдвэрлэсэн болно.  

 Хариуцагчаас 2019 оны 06 сарын 27-ны өдөр улсыг байцаагчийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 21-07/050-2138 дугаартай “Зөрчлийг арилгуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно. гэж заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, нэхэмжлэгчийн төлөөлөгч, хариуцагчийн тайлбар, шүүх хуралдаанд хэргийн оролцогчийн төлөөлөгчөөс гаргасан нэмэлт тайлбар зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэв.

Маргааны үйл баримт, маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн талаар:

1. Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М нь аймгийн Засаг даргын орлогч Т.Жаас 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 1/2388 дугаартай албан бичгээр[1] “Б” ХХК-нийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Цагдаагийн газарт гаргасныг харъяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ирүүлснээр 2018 оны 10 сарын 31-ний өдрийн 07-050/76 дугаартай тогтоолоор[2] зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулжээ.

Хариуцагчийн тайлбартаа[3] зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 21-07/050-209 дугаартай “Инженерийн шугам сүлжээний зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлага, 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 21-07/050-2138 дугаартай “Зөрчлийг арилгуулах тухай” дүгнэлтийг тус тус гаргасан талаар тайлбарласан ба 1836000416 дугаартай зөрчлийн хэргийн материалын 124-өөс 125 дугаар хуудсанд улсын байцаагчийн албан шаардлага, 126-аас 127 дугаар хуудсанд[4] улсын байцаагчийн дүгнэлт авагдсан нь шүүхийн үзлэгээр тогтоогдсон.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилах ба мөн хуулийн 52 дугаар зүйлийн 1-д “..... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, 5.2-д Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийхээр заажээ.

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М нь “Бадамлах дөл” ХХК-нийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн талаар тайлбарлаагүй энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхээс Мэргэжлийн хяналтын газраас нотлох баримт гаргуулахаар удаа дараа шаардсан ч ирүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй.” 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж тус тус заасан тул хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, нотлох баримтаар гаргаж өгсөн 1836000416 дугаартай зөрчлийн хэргийн материал, гэрч Д.Т, Ш.Мг нарын мэдүүлэгт үндэслэн хариуцагч Б” ХХК-нийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийгээгүй болох нь нотлогдож байна гэж үзлээ.

2018 оны 12 сарын 18-ны өдрийн 21-07/050-209 дугаартай “Инженерийн шугам сүлжээний зөрчлийг арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагын тодорхойлох хэсэгт аймгийн Засаг даргын орлогч Т.Жаас гаргасан гомдлын дагуу 2018 оны 11 сарын 07-ны өдрөөс эхлэн хяналт шалгалт хийсэн гэж дурдсан атлаа зөрчлийн хэргийн материалд албан шаардлагад дурдсан үндэслэлийг шалгаж тогтоосон талаар баримт буюу хяналт шалгалт хийсэн тухай тэмдэглэл, шаардлагатай мэдээлэл, судалгаа, холбогдох албан тушаалтнаас авсан тайлбар зэрэг нотлох баримт  байхгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.9.8-д “улсын байцаагч нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлыг таслан зогсоох, түүний шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулах эрхтэй”, 10.9.11-д “улсын байцаагч хийсэн хяналт шалгалт, гаргасан дүгнэлт, бичсэн танилцуулга, албан шаардлага, тоо, баримтын үндэслэл, нотолгооны үнэн зөвийг бүрэн хариуцна.” гэжээ.

Гэтэл улсын байцаагч Ш.М нь “Б” ХХК-д холбогдуулан гаргасан гомдлын дагуу хяналт шалгалт хийхгүйгээр тодруулбал, бодит нөхцөл байдлыг шалган тогтоохгүйгээр улсын байцаагчийн албан шаардлага гаргасан нь хуульд заасан хяналт шалгалт хийх үндэслэл, журмыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

2. Улсын байцаагчийн албан шаардлага нь  Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.5-д зааснаар нэхэмжлэгч “Б” ХХК-д зарим үйл ажиллагааг хэрэгжүүлэхийг шаардсан, үүрэг болгосон шинжтэй буюу хуульд заасан эрх,ашиг сонирхлыг хөндсөн сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт байх тул  хариуцагч нь  Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.” гэж зааснаар хариуцагч нь захиргааны акт гаргахаас өмнө сонсох ажиллагааг явуулах буюу “Б” ХХК-д тайлбар гаргах боломж олгох ёстой байжээ.

Иймд хариуцагч нь албан шаардлагыг гаргахаас өмнө нэхэмжлэгчийн тайлбар, нотлох баримт гаргах эрхийг хангахгүй нь тогтоогдож байх тул албан шаардлагын агуулга буюу үндэслэлд дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгчээс улсын байцаагчийн албан шаардлагыг гардаж аваагүй, мэдэгдээгүй талаар маргаж байх ба Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-д ”Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ.”,43.2-д “Захиргааны байгууллага захиргааны актыг хуульд өөрөөр заасан тохиолдолд өөрт нь гардуулах, шаардлагатай тохиолдолд утас, факс, шуудан, цахим болон бусад хэлбэрээр мэдэгдэж болох бөгөөд ийнхүү мэдэгдсэнээ баримтжуулна.”, 43.8-д “Захиргааны актыг мэдэгдсэн эсэх талаар маргаан гарсан тохиолдолд захиргааны актыг гаргасан байгууллага захиргааны актыг мэдэгдсэн хугацааг нотлох үүрэгтэй. гэж заасан ба хариуцагчаас маргаан бүхий актыг нэхэмжлэгчид гардуулсан талаар баримтыг ирүүлээгүй тул  энэ үүргээ биелүүлсэн болох нь тогтоогдохгүй байна.

3. Улсын байцаагчийн албан шаардлагын агуулга, хэлбэрийн хувьд тавигдах шаардлагын тухайд: Албан шаардлагыг эрх бүхий этгээд нь хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил дутагдлын шалтгаан нөхцөлийг арилгах талаар холбогдох байгууллага, аж ахуйн нэгж, иргэн, албан тушаалтанд шаардлага тавьж, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг хангуулахаар гаргадаг ба 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 21-07/050-209 дугаартай “Инженерийн шугам сүлжээний зөрчлийг арилгуулах тухай” улсын байцаагчийн албан шаардлагын хувьд үндэслэх хэсэгт 10 зөрчлийг дурдсан атлаа шаардах хэсэгт зөрчил тус бүрийн арилгуулах арга хэмжээ, хугацаа тодорхойгүй, дүгнэлт, зөвлөмжийн шинжтэй  байгааг дурдах нь зүйтэй байна.

 Дүгнэвэл, хариуцагч нь Төрийн хяналт шалгалтын тухай хуульд заасан хяналт шалгалт хийх үндэслэл, журмыг зөрчиж захиргааны акт гаргасан нь Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.2-д заасан  хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах ,үйл ажиллагаа нээлттэй, ил тод байх зарчим, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх зарчим, 4.2.6-д заасан бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчимтай нийцээгүй, захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул улсын байцаагчийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 21-07/050-209 дугаартай “Инженерийн шугам сүлжээний зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгож шийдвэрлэв.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.5, 4.2.6 дахь хэсэг, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2, 10 дугаар зүйлийн 10.9.8 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эын  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М-ийн 2018 оны 12 сарын 18-ны өдрийн 21-07/050-209 дугаартай “Инженерийн шугам сүлжээний зөрчлийг арилгуулах тухай” албан шаардлагыг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 сарын 20-ны өдрийн 21-07/050-2138 дугаартай “Зөрчлийг арилгуулах тухай” дүгнэлтийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрснийг баталж, холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          С.ОЮУНГЭРЭЛ

 


[1] хх-ийн 117 дахь талд

[2] хх-ийн 121 дэх талд

[3] хх-ийн 28-29 дэх талд

[4] хх-ийн 116 дахь талд