Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 1391

 

“Кредит Монгол ББСБ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

           

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч У.Эрдэнэзулд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 2 542 437 404 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

           

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Даваатулга,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч "Кредит Монгол ББСБ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болон итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Чинзоригийн тайлбарт: Зээлдэгч У.Эрдэнэзул нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 000 төгрөгийг, мөн өдөр ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээ байгуулж 983 000 000 төгрөгийг тус тус бизнесийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 30 хоногт 1.7 хувийн хүүтэйгээр  зээлж, зээлийн үүргийг хангуулах зорилгоор 2011 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн БГ1111/14/04/04, БГ1111/14/04/05 тоот зээлийн барьцааны гэрээнүүдийг байгуулж, "Монголын Санхүү Хөгжлийн Корпораци" ББСБ-ын зээлийн багц, "Монголын Санхүү хөгжлийн корпораци" ББСБ-ын 600 ширхэг энгийн хувьцаа, Баянзүрх дүүрэг 20 дугаар хороо, Хар усан тохойд байрлах 374.9 м.кв талбайтай, /13130/ 133-3 тоот амралт сувилалын зориулалтай хувийн сууц зэрэг хөрөнгийг барьцаалахаар тохиролцож гэрээ байгуулсан. "Кредит Монгол ББСБ" ХХК-ийн зүгээс зээлдэгч У.Эрдэнэзулаас зээлийн хуваарийн дагуу зээлээ төлөхийг удаа дараа шаардаж байсан боловч зээлээ төлөх, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх тал дээр ямар нэг арга хэмжээ авахгүй байсаар өнөөдрийг хүрсэн. Хариуцагч У.Эрдэнэзул үндсэн зээлээс 84 222 489 төгрөг, зээлийн хүүд 75 844 108 төгрөг төлж, 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс зээлийг төлөх үүргээ зөрчсөн. Иймд хариуцагч У.Эрдэнэзулаас үндсэн зээлд 1 898 777 510 төгрөг, үндсэн зээлийн хүүд 536 528 611 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 107 114 482 төгрөг, бүгд 2 542 420 604 төгрөгийг нотариатын зардал болох 16 800 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Далайжаргал, Б.Баднайсүрэн нарын тайлбарт: Зээлийн тооцоог 2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар гаргасан. ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 41 780 600 төгрөг, үндсэн зээлийн хүүд 38 264 654 төгрөг, ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээний үүрэгт 42 441 889 төгрөг, үндсэн зээлийн хүүд 37 579 453 төгрөг төлсөн байгаа. ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд төлөгдөөгүй 958 219 400 төгрөг, үндсэн зээлийн хүүд 270 741 892 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 54 054 115 төгрөг, бүгд 1 283 015 408 төгрөг, ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээний үндсэн зээлд төлөгдөөгүй 940 558 110 төгрөг, үндсэн зээлийн хүүд 265 786 718 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 53 060 367 төгрөг, бүгд 1 259 405 196 төгрөг болон нотариатын зардал 16 800 төгрөгийн хамт нэхэмжилсэн. Одоо нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага гаргасан сүүлчийн өдөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдрөөр тасалбар болгон бодсон байгаа. Манайх шүүхэд нэхэмжлэлийн шаардлагаа 4 удаа нэмэгдүүлж улсын тэмдэгтийн хураамжид 2015 оны 03 дугаар сарын 10-ны өдөр 11 334 003 төгрөг, 2015 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 525 933 төгрөг, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 474 286 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 1 074 700 төгрөг, бүгд 13 408 922 төгрөг төлснийг гаргуулах хүсэлтэй байна гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэлийн шаардлагын заримыг эс зөвшөөрч, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү тооцсоныг зөвшөөрөхгүй гэж маргаж байна. У.Эрдэнэзул нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 111/14/04/04 дугаартай гэрээ байгуулан 1 000 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 111/14/04/05 дугаартай гэрээ байгуулан 983 000 000 төгрөгийг сарын 1.7 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар тус тус зээлсэн бөгөөд тухайн нэхэмжлэлд дурдсанаар зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотой нэмэгдүүлсэн хүү 78 278 380 төгрөг болон 107 114 482 төгрөгийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

            Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 453.2 дах хэсэгт зааснаар У.Эрдэнэзулаас 2 542 437 404 төгрөгийг гаргуулж "Кредит монгол ББСБ" ХХК-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч "Кредит Монгол ББСБ" ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 408 922 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Эрдэнэзулаас 13 408 922 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "Кредит Монгол ББСБ" ХХК-д олгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 122 дугаар зүйлийн 122.2-т зааснаар давж заалдах болон хяналтын журмаар гомдол гаргасан бол хэрэг хянан шийдвэрлэх хүртэл хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 9519 дугаар захирамж хүчинтэй хэвээр байхыг дурдаж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргалын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Анхан шатны шүүх шийдвэрээ гаргахдаа хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн тухайд: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "Кредит Монгол ББСБ” ХХК нь У.Эрдэнэзулын зээл төлөх хуваарийн дагуу төлөх зээлийн төлбөрийг төлөөгүй гэж нэмэгдүүлсэн хүү тооцсоныг буруу гэж үзэж байна. Энэхүү маргаан нь 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1111/14/04/04 дугаартай зээлийн гэрээ, 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 1111/14/04/05 дугаартай гэрээний үүргийн биелэлттэй холбоотой асуудал байдаг бөгөөд шүүх нэмэгдүүлсэн хүүг тооцоолохдоо хуульд нийцүүлэлгүй шийдвэрлэж байгаа нь Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан хуулийн зохицуулалтад нийцэхгүй байхаас гадна Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 3-т заасантай нийцэхгүй байна.

Мөн дээрх хуулийн зохицуулалтыг Иргэний хуулийн 44, 45, 46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тогтоолын 2.2-т тайлбарласан байгааг харахад хууль өөрөө зээлийи гэрээний үндсэн хугацаа дууссан байхыг шаардсан байхад шүүх нэмэгдүүлсэн хүүтэй холбоотой шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй.

Шүүх шийдвэрийг гаргахдаа хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж хэргийн оролцогчийн эрх зүйн байдлыг дордуулсан тул хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй. Шүүхээс хариуцагчийн мэтгэлцэх эрхийг ноцтой зөрчин, илтэд нэг талд үйлчилж хэргийг шийдвэрлэсэн. Хариуцагч талаас гаргаж буй хэрэг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай хүсэлтийг удаа дараа хэрэгсэхгүй болгодог бөгөөд үүнтэй нь холбогдуулан шүүгчээс татгалзах хүсэлтийг хариуцагчийн өмгөөлөгч Ө.Уянга, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал нар тус тус гаргаж байсан. Дээрх байдлаас харахад шүүгч нь тус хэрэг маргаанд хувийн сонирхолтой хандаж байсан гэж үзэж байгаа бөгөөд энэ нь хариуцагчийн төлөөлөгч Б.Батжаргал Улсын дээд шүүхэд хурал давхацсан талаарх баримт болон хүсэлтийг хүргүүлсэн байхад хэргийн оролцогчийн мэтгэлцэх боломжоор хангалгүйгээр хэргийг шийдвэрлэснээс харагдаж байна. Мөн ИХШХШТухай хуулийн 77.1-д заасан хуулиар тогтоосон үүргээ мөн биелүүлээгүй хариуцагчийн төлөөлөгч, түүний өмгөөлөгчид албан ёсоор хурлын зар мэдэгдээгүй бөгөөд шүүгчийн туслах руу утсаар ярьж мэдсэн бөгөөд хугацаа нь тулсан байсан тул Улсын дээд шүүхэд зарлагдсан хуралд оролцохоор төлөвлөж хурал хойшлуулах хүсэлтээ товын хамт албан ёсоор хүргүүлсэн. Хэрэв хэргийн оролцогч миний хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчилгүй, хэргийг шийдвэрлэхдээ хуульд заасан журмын дагуу явуулсан бол миний хувьд мэтгэлцэх боломж олдон эрхээ хамгаалж шүүхийн шийдвэр үүнээс өөрөөр гарах бололцоотой байсан. Иймээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчиж анхан шатын шүүх шийдвэр гаргасан тул хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаартай шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

 

Нэхэмжлэгч “Кредит Монгол ББСБ” ХХК нь хариуцагч У.Эрдэнэзулд холбогдуулан зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, зээлийн гэрээний үүрэгт 2 542 437 404 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, гэрээний хугацаа дуусаагүй байхад нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэж маргажээ.

 

  Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагч У.Эрдэнэзул нь гэрээгээр хүлээсэн үүргээ хууль болон гэрээнд заасны дагуу биелүүлээгүй зөрчсөн гэж тайлбарлажээ.

 

У.Эрдэнэзул нь  "Кредит монгол ББСБ" ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээ байгуулж, 1 000 000 000  төгрөгийг, бизнесийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 30 хоногт 1.7 хувийн хүүтэйгээр, мөн өдөр ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээ байгуулж 983 000 000 төгрөгийг бизнесийн зориулалтаар, 24 сарын хугацаатай, 30 хоногт 1.7 хувийн хүүтэйгээр зээлэхээр, зээлийн гэрээг бичгээр байгуулсан, нэхэмжлэгч гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 1 983 000 000 төгрөгийг шилжүүлсэн болон хариуцагч зээлийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүй үйл баримт тогтоогджээ.

 

Талууд энэ талаар болон ЗГ1111/14/04/04 тоот зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлд 41 780 600 төгрөг, үндсэн зээлийн хүүд 38 264 654 төгрөг, ЗГ1111/14/04/05 тоот зээлийн гэрээний үүрэгт 42 441 889 төгрөг, үндсэн зээлийн хүүд 37 579 453 төгрөг төлсөн талаар маргаагүй. Харин нэмэгдүүлсэн хүүг зөв тооцсон эсэх болон төлөх эсэхэд маргасан.

 

Зохигчдын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр болох талаар тус тус дүгнэсэн шүүхийн дүгнэлт  хууль зүйн үндэслэлтэй, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 дах хэсэгт заасантай нийцэж байна.

 

Зээлдэгч 2014 оны 08 дугаар сарын 02-ны өдрөөс зээл, түүний хүүг төлөөгүй, гэрээний үүргээ биелүүлээгүй тул банк өөрийн санаачилгаар тухайн гэрээг хугацаанаас өмнө цуцлах, зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй гэж үзсэн нь зээлийн гэрээний 4.1, 4.2.2 дах хэсэг, Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй болно.

 

            Зээлийн гэрээний хугацаа 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр дуусахаар байгаа хэдий ч зээлийн гэрээний салшгүй хэсэг болох хуваарийн дагуу зээл болон хүүгийн төлбөрийг тогтмол хугацаанд төлөөгүйгээс хугацаанаас өмнө гэрээг цуцалсан, энэ нь нэмэгдүүлсэн хүү төлөх үүргээс зээлдэгчийг чөлөөлөх үндэслэл болохгүй ба гэрээний 3.1.4-т эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү тооцохоор талууд тохиролцсон нь зээлийн гэрээний тохиролцоо, Иргэний хуулийн 452.2 дах хэсэгт заасан зохицуулалтад нийцжээ.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэгчийн шаардаж буй үндсэн хүүгийн хэмжээнд маргаагүй ба нэмэгдүүлсэн хүүг буруу тооцоолсон гэх боловч гэрээний дагуу бодогдсон үндсэн хүү болох 536 528 611 төгрөгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг тооцвол 107 114 482 төгрөг болж байх тул түүний энэ талаар бичсэн гомдол үндэслэлгүй.

 

Анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр зээлийн гэрээг цуцалж шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн 2015 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тооцсон тооцооллыг үндэслэн хариуцагчийн төлөх үүргийг тодорхойлсныг буруутгах үндэслэлгүй, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх заалтыг зөрчөөгүй гэж үзнэ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэмэгдүүлсэн хүүгийн тооцоололд шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх эрх хэмжээний хүрээнд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсэгт зааснаар шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй./хх.1 хав 229-230 /

 

Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгджээ./хх-239/ Тэрээр 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр анхан шатны шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг Улсын дээд шүүхийн хуралдааны зарыг хавсарган С.Дуламсүрэнгийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн болон Баянзүрх дүүргийн Засаг дарга, тус дүүргийн өмч газрын харилцааны албанд холбогдох захиргааны хэрэгт гуравдагч этгээд н.Цэнд-Аюушийн өмгөөлөгчөөр оролцох тухай, хуралдаан давхацсан шалтгаан зааж ирүүлснийг шүүх энэ байдал нь нотлогдоогүй үндэслэлээр хүсэлтийг хэрэгсэхгүй болгож, түүний эзгүйд хэргийг хэлэлцэж шийдвэрлэснийг буруутгах боломжгүй байна. Иймээс хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй болно. /хх.1 хав 240-243, 2 хав 1-2/

 

Дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 101/ШШ2016/01693 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 563 660 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

   

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.ИЧИНХОРЛОО 

                         

                                          ШҮҮГЧИД                                       Д.ЦОГТСАЙХАН                                                                                                  

                                                                                                  Б.НАРМАНДАХ