| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0079/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2021-04-05 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 05 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Г-т холбогдох 2130000330056 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ам бүл ..., Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ... дугаар багт оршин суух хаягтай, ял шийтгэлгүй регистрийн дугаар ..............., А.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч А.Г нь Сүхбаатар аймгийн Наран сумын .. дугаар багийн ЦЭ гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчимд иргэн Г.А-ы 1 үхрийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч А.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед гутал зарна гэхээр нь хүүхдийн мөнгөн дээрээс хувааж өгч болох уу гэхэд болно гэсэн боловч хэд хоногийн дараа гутлынхаа мөнгийг авъя гэж хэлсэн. Ж гэх хүнд үнээ өгөх ёстой чи гутлынхаа мөнгөний оронд үнээ өгчих юм уу гэж хэлж байсан. “Б” гэх газарт манай үхэрт нэг тугалтай үнээ, халзан гунж байсан. Халзан гунжийг үхэртэйгээ нийлүүлж хөөгөөд, Ж гэх хүнд тамгын газрын гадаа махалж өгсөн гэв.
Хохирогч Г.А-ы “... Манайх Наран сумын .. дугаар багийн нутаг ЦЭ гэх газар нутагладаг, 2020 оны 11 дүгээр сарын сүүлээр үхрээ Б уулын хойноос хураахад хэдэн үхэр дутуу байсан. Тэгээд хэд хоногийн дараа дутуу үхрээ олж авахад баруун чих дундаасаа цуулбар имтэй улаан халзан зүсмийн гунжин үнээ дутуу байсан би 800 000 төгрөгөөр үнэлж байна. А.Г хохирлоо нөхөн төлсөн гомдол санал байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,
Гэрч О.Д-н “...2020 оны 11 дүгээр сарын эхээр Ж ах мал хийгээд өг гэхээр нь П гэх айлд очиж 2 хоног 10 гаран тооны үхэр махалсан, тэр үед Г үдийн үед 1 тооны улаан халзан гунж морьтой хөөж ирсэн. Ж ах энэ улаан гунжийг хийчих гэхээр нь би бугуйлдаж бариад хийсэн. Нүүр нь өргөн цагаан халзан улаан гунж байсан. Им тамгыг нь хараагүй их догшин үхэр байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12/ ,
Гэрч М.Н-н “...2020 оны 11 дүгээр сард хөдөөнөөс ирэхдээ хавар намар өмсөх хар өнгийн түрийтэй гутал О-н эхнэр зарна гэхээр нь авсан гээд авчирч өгсөн. Хэдэн төгрөгөөр авсан гэдгээ хэлээгүй манайд зарах үхэр мал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14/ ,
Ашид билгүүн ХХК-ны “тумбай гунж 1 ширхэг 800 000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 20-22/
Ашид билгүүн ХХК-ны “хязаалан гүү 1 ширхэг 500 000 төгрөг” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 28-30/
Шүүгдэгч А.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас/хх-ийн 47 х/
Шүүгдэгч А.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 48 х/
Хохирогч Г.А-ы гомдол саналгүй гэх хүсэлт /хх-ийн 52 х/
Шүүгдэгч А.Г-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 58 х /
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 44 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 61 х /
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 44 дугаартай санал /хх-ийн 59-60/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А.Г нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн ЦЭ гэх газраас 2020 оны 11 дүгээр сарын 10-ны орчимд иргэн Г.А-ы 1 үхрийг хулгайлж 800 000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Г.А, гэрч О.Д, М.Н нарын мэдүүлэг, Ашид билгүүн ХХК-ны үнэлгээний дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч А.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч А.Г-н гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч А.Г-н хохирогч Г.А-ы улаан халзан тумбай үхрийг бэлчээр дээрээс нь хулгайлж бусдад худалдаж 800 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Улсын яллагчаас А.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч А.Г-г мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
А.Г-н үйлдлийн улмаас хохирогч Г.А-д 800 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Г.А нь “А.Г-с 800 000 төгрөгөө бүгдийг нь авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.
Иймд шүүгдэгч А.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч А.Г-т ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч А.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Г.А-тай эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч А.Г-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүгдэгч А.Г-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.
Шүүгдэгч А.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.
Шүүгдэгч А.Г-т шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Г-г мал хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-г хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч А.Г-т зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Г-т мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч А.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч А.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Г.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР