Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1533

 

 

  

 

 

 

 

  

 

2017 оны 05 сарын 29 өдөр          Дугаар 181/ШШ2017/01533            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 24 байр, 113 тоотод оршин суух, Бэсүд овогт Бат-Эрдэнийн Батдорж /РД:ХБ71052477/-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч: Сүхбаатар дүүрэг, 8 дугаар хороо, бага тойруу 46 байр, 4 тоотод байрлах, “Кредит Монгол ББСБ” ХХК-д холбогдох,  

 

Хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох, эзэмшилд хууль бусаар халдсаны төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Батдорж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрдэнэбаяр, хариуцагчийн өмгөөлөгч Д.Нарангоо, гэрч О.Самаранзаа, Б.Мягмарсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Номин-Эрдэнэ нар оролцов.      

   

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

Б.Батдорж миний бие “Кредит Монгол ББСБ” ХХК-д 2003 оны 12 дугаар сараас эхлэн хуульчаар ажиллаж байгаад 2006 оноос Тамгын газрын захирлын албан тушаалд томилогдон ажиллаж байсан юм. 2005 оны 5 дугаар сараас миний бие Мобиком корпорацийн 99116055 дугаарыг эзэмшиж эхэлсэн. Тухайн үед “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн журмын дагуу өөрийн эзэмшиж байсан 99116055 дугаарыг компанийн нэр дээр бүртгүүлж, компаниас ярианы төлбөрийг нь төлдөг байсан.

2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Барсболд нь 15/65 дугаартай тушаал гаргаж намайг ажлаас халсан. Ажлаас халагдсан гэх шалтгаанаар “Мобиком корпораци” ХХК-д 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр албан бичиг хүргүүлж, миний эзэмшиж байгаа 99116055 дугаарыг минь хаалгуулсан. Хууль ёсны дагуу өөрийн эзэмшдэг дугаарыг минь шилжүүлж өгөхийг хүсэхэд энэ бол манай компанийн өмч, өгөхгүй гэж хэлсэн.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 102/ШШ2016/04294 тоот шийдвэрээр “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигчээр Б.Батдорж намайг болохыг тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсны дагуу 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр дугаараа нээлгэсэн.

Иймд “Кредит Монгол ББСБ” ХХК нь миний эзэмшдэг “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг санаатайгаар булаан авах зорилгоор 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, ярианы эрхийг 2016 оны 8 дугаар сарын 30-ныг хүртэл хаалгуулан Б.Батдорж миний Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрхийг хясан боогдуулж, эд хөрөнгөө чөлөөтэй эзэмшиж, ашиглах, захиран зарцуулах эрхийг хязгаарлаж, миний хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоож, Иргэний хуулийн 492.1, 495.1 дэх заалтыг үндэслэн миний хууль ёсны эзэмшилд халдсаны нөхөн төлбөрт 20,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

      Нэхэмжлэгчийг 99116055 тоот дугаарын эзэмшигчээр тогтоосон 2016 оны 6 дугаар сарын 9-ний өдрийн 4294 тоот шүүхийн шийдвэртэй маргаагүй. Гэтэл нэхэмжлэгч нь нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин тогтоох мэтээр нэхэмжлэл гаргасан хууль бус болжээ. Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан.

      Нэхэмжлэгч Б.Батдорж нь 2015 онд манай компаниас халагдсан. Тухайн үед “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаар нь манай компанийн нэр дээр байсан бөгөөд түүний утасны төлбөр манай компани дээр гараад байсан тул “Мобиком корпораци” ХХК-д албан бичиг хүргүүлж, үйлчилгээг хаалгасан нь үнэн.  

      Гэтэл нэхэмжлэгч “Эзэмших, ашиглах эрхийг хязгаарласан гэдэг” нь хариуцагчийн ажилтан биш мөртлөө ярианы эрхийг нь хаалгахгүй, төлбөрийг нь хариуцагч төлөөд яваад байх ёстой байсан мэтээр тайлбарлаж байгаа нь харин Үндсэн хуульд заасан эрх тэгш, шударга ёсны зарчим алдагдаж байна. Ажлаас халагдсан ажилтны хэрэглэсэн үйлчилгээний төлбөрийг ажил олгогч үргэлжлүүлэн төлөхгүй үүднээсээ түр хаалгасан явдалд хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Түүнчлэн зах зээл дээр 9911-тэй дугаар 20,000,000 төгрөгөөр зарагдаж байгаа нь эзэмшилд халдсаны хохирлын хэмжээг тогтоох үндэслэл болохгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн шаардаж буй шаардлагуудын хууль зүйн үндэслэл тодорхойгүйгээс шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлд заасан хамгаалалтын аль аргаар хамгаалах нь ойлгомжгүй, нэхэмжлэгчийн эрхийг хамгаалах арга байхгүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдахгүй, үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч “Кредит Монгол ББСБ” ХХК-ийн ахлах нягтлан бодогч ажилтай, Жамбраа овогт Ойдовын Самааранзаа /РД:ПИ80122015/ өгсөн мэдүүлэгтээ:

Би 2015 оны 9 дүгээр сарын 08-ны өдрөөс “Кредит Монгол ББСБ” ХХК-д ажиллаж байна. 2015 оны 9 дүгээр сараас 2016 он гартал Б.Батдоржтой цуг ажилласан. “Кредит Монгол ББСБ” ХХК болон “Мобиком корпораци” ХХК-ийн хооронд утасны дугаар эзэмшүүлэх талаах хэдэн онд, ямар гэрээ хийгдсэнийг санахгүй байна. Манай байгууллага нийт 10 гаран ажилчдын ярианы төлбөрийг “Мобиком корпораци” ХХК-д төлж байсан, үүний дотор 99116055 дугаарыг хэрэглэдэг Б.Батдорж багтдаг байсныг мэдэж байна.

2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Мобиком корпорци” ХХК-д явуулсан дугаар хадгалах агуулгатай албан бичгийг би бичиж явуулсан. Ажлаас гарсан хүний барьж байсан албаны дугаарыг хадгалуулъя гэж бодоод л албан бичиг явуулж байсан. Төлбөр тооцоо нь байгууллага дээр гарч байсан учир би албан бичиг үйлдсэн. Энэ үед Б.Батдоржийн ажлаас үндэслэлгүй халагдсан талаарх хөдөлмөрийн маргаан шүүхэд хянагдаж байгааг сонссон байсан. Албан бичиг хийх үед захирал У.Барсболд Монголд байгаагүй боловч би ажлаас гарсан хүний барьж байсан дугаар дээр төлбөр нь гараад байна яах вэ гэж түүнээс асуусан, гэтэл хуулийн дагуу арга хэмжээ ав л гэсэн. Тухайн үед “Мобиком корпораци” ХХК-аас нэхэмжлэхүүд ирсэн байсан. Компанийн дүрэмд зааснаар би компанийн албан бичигт гарын үсэг зурах эрхтэй бөгөөд тухайн үед 99116055 дугаарыг эзэмших гэрээ нь манай компанийн нэр дээр байгуулагдсан байсан тул би Б.Батдоржоос зөвшөөрөл авах шаардлагагүй гэж үзсэн гэв.

 

Шүүх хуралдаанд оролцсон гэрч “Мөнх-Оргил Трейд” ХХК-ийн үнэлгээчин, Боржигон овогт Батбаярын Мягмарсүрэн /РД:РЙ73112735/ өгсөн мэдүүлэгтээ:

Б.Батдоржийн хүсэлтээр 99116055 дугаарын зах зээлийн үнэ цэнийг орлогын, зардлын, зах зээлийн гэх аргуудаас зах зээлийн аргыг сонгож 20,000,000 төгрөгөөр худалдан авах үнийг тогтоосон. Энэ тухай тайланд тодорхой байгаа гэв.

 

      Шүүх зохигчдоос шаардлага болон татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан, шүүхийн журмаар бүрдүүлүүлсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Батдорж нь хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК-д холбогдуулан хууль ёсны эзэмшилд халдсан болохыг тогтоолгох, хууль ёсны эзэмшилд халдсаны төлбөрт 20,000,000 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

Нэхэмжлэгчийн гаргасан “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг хууль ёсоор эзэмших эрхэд халдсан болохыг тогтоолгох шаардлага нь нэхэмжлэлийн шаардлага бус харин нэхэмжлэгчийн эрх, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хариуцагч ямар байдлаар зөрчсөн гэж үзэж байгаа талаарх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тул шүүх энэ үндэслэлээр хариуцагчаас 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

“Кредит Монгол ББСБ” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Мобиком корпораци” ХХК-д тус компанийн нэр дээр байгаа 99116055 дугаарыг хааж, 3 сарын хугацаанд хадгалж өгөхийг хүссэн хүсэлтийг гаргасны улмаас Б.Батдоржийн шударгаар эзэмшиж байсан 99116055 дугаарын үйлчилгээ мөн өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хязгаарлагдсан болох нь талуудын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон.

 

Б.Батдоржийн хувьд 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг шударгаар эзэмшиж байсан нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2016/04294 дугаарын шийдвэрээр нотлогдсон байна.

 

Тэрээр эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд “Кредит Монгол ББСБ” ХХК дээрх байдлаар саад болсон үндэслэлээр саадыг арилгуулахаар Иргэний хуулийн 92 дугаар зүйлийн 92.1-д “Шударга эзэмшигчийн эд хөрөнгө түүний эзэмшилд нь байгаа боловч эзэмших, ашиглах эрхээ хэрэгжүүлэхэд хэн нэгэн этгээд саад болж байвал уг саадыг арилгуулахаар өмчлөгчийн нэгэн адил шаардах эрхтэй.” гэж заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргасныг шүүх дээрх шийдвэрээр хангаж, түүнийг  “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарын хууль ёсны эзэмшигч болохыг тогтоосноор Б.Батдоржийн 99116055 дугаарыг эзэмших, ашиглах эрх нь сэргээгджээ.

 

“Кредит Монгол ББСБ” ХХК ийнхүү Б.Батдоржийн 99116055 дугаар эзэмших эрхэд саад учруулсан нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон тул шүүх энэ үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй.” гэж заасны дагуу дахин нотлохгүй.

 

Харин энэ үйлдлийн улмаас хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК нь 20,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн эсэх, эсхүл Иргэний хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д заасны дагуу 20,000,000 төгрөгийн хохирлыг нэхэмжлэгч Б.Батдоржид нөхөн төлөх үндэслэлтэй эсэхэд шүүх дүгнэлт хийх шаардлагатай гэж үзнэ.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол дээрх хөрөнгөө буцаан шаардах эрхтэй”, мөн хуулийн 495 дугаар зүйлийн 495.1-д “Хууль ёсны өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр эд хөрөнгийг ашиглах, өөр зүйлтэй холих, нийлүүлэх, нэгтгэх, дахин боловсруулах зэргээр захиран зарцуулж бусдын эрхийг зөрчсөн этгээд үүнээс учирсан хохирлыг эрх бүхий этгээдэд нөхөн төлөх үүрэгтэй.” гэж тус тус заасан байдаг.

 

Хэргийн баримтаар хариуцагч “Кредит Монгол ББСБ” ХХК нь 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр өөрийн эзэмшилд байгаа гэж үзсэн шударга эзэмшигч нэхэмжлэгч Б.Батдоржийн 99116055 дугаарын хэрэглээг хүсэлт гаргаж хаалгасны улмаас Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д заасан хөрөнгө олж авсан гэж үзэх үйл баримт тогтоогдсонгүй.

 

Үүний зэрэгцээ 99116055 дугаарын хэрэглээ хязгаарлагдсанаар нэхэмжлэгч Б.Батдоржид 20,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэл мөн тогтоогдохгүй байна.

 

Шүүх “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарын зах зээл дээр худалдаалагдаж байгаа үнэ болох 20,000,000 төгрөг /”Мөнх Оргил Трейд” ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 66 тоот үнэлгээгээр тогтоогдсон/-ийг 2016 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд Б.Батдорж дугаараа эзэмшиж, ашиглаж /хэрэглэж/ чадаагүйн хохиролд шууд тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүх “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаар эзэмших эрхэд хууль бусаар халдсаны төлбөрт “Кредит Монгол ББСБ” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1, 495 дугаар зүйлийн 495.1-д заасныг баримтлан “Мобиком корпораци” ХХК-ийн 99116055 дугаарыг эзэмших эрхэд нь хууль бусаар халдсаны төлбөрт “Кредит Монгол ББСБ” ХХК-аас 20,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн Б.Батдоржийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 328,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг 7 хоногийн дараа гарснаас хойш 14 хоногийн дотор гардаж авах үүрэгтэй бөгөөд хэрэв эс зөвшөөрвөл заасан хугацаанд гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА