Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 73

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч Г.Лхагвасүрэн /онлайн/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг /онлайн/

Шүүгдэгч Н.М нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.М-д холбогдох 2130000530071 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин  ам бүл .., эхнэр, хүүхдүүдийн хамт  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  .. дүгээр баг Овоотын задгай тоотод  оршин суух хаягтай, урьд Сүхбаатар аймгийн шүүхийн 1987 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 06 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 64б дүгээр зүйлд зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж байсан регистрийн дугаар ..................., Н.М.

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр ӨГын эх гэх газраас буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойгоос мод бэлтгэж Маяти маркийн ......... ачааны машинаар тээвэрлэсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Н.М-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Н.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өнгөрсөн өвөл хоёр машин хөрзөн авсан. Нүүрс шуудайгаар аваад дууссан учраас тухай модноос авсан. Миний буруу гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.Ө-н: ...“Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр ажил дээрээ байж байтал манай байгаль хамгаалагч С.У над руу утсаар хэлэхдээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын ... дүгээр багийн иргэн М гэх хүн “Маяти” маркийн машинд бургас ачсан орж ирж байна гэж хэлсэн. Түүний дагуу би Дарьганга сумын ... дүгээр баг, Овоотын задгай тоотод гэрт нь очиход М нь машинаасаа буулгаад хураагаад тавьчихсан байсан. М-с хаанаас авсан талаар асуухад тус сумын “ӨГ” гэх нэртэй голын бургаснаас ачиж авч ирсэн гэсэн. Мөн “ӨГ”-ын ойр орчмоор манай У, Д нар явж байгаад анх М-г “Маяти” маркийн машин дээр бэлтгэж ачиж байхыг харсан гэсэн. 2005 онд манай байгууллага анх байгуулагдахад тус “ӨГ” гэх газар нь байгалийн тусгай хамгаалалтын газрын ангилалд багтсан байдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт мод бэлтгэх зөвшөөрөл олгогддоггүй. Уг ӨГ-н бут сөөг, ургамал нь ойн ангилалд багтдаг юм. Урьд өмнө нь 2013, 2014 онд мод бэлтгэсэн хэрэг гарч тухайн үед тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэж байсан. Би гомдолтой байна. Тус зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн хүмүүст хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна”. гэх мэдүүлэг /хх-ийн 20-21 х /

 

            Гэрч С.С-н: ...“2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр намайг ажил дээрээ байж байтал манай байгаль хамгаалагч Э.Ө ирж Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн М хууль бусаар тусгай хамгаалалттай газраас мод зөвшөөрөлгүй бэлтгэсэн байна гэж надад хэлсэн. М-г хаанаас ачсан талаар асуухад тус сумын 4 дүгээр багийн нутаг “ӨГ” гэх нэртэй газраас голын бургас бэлтгэж ачсан гэсэн. Ойролцоогоор 2 куб.м мод бэлтгэсэн байна гэж ярьсан. ӨГ гэх газар байгалийн тусгай хамгаалалтын газрын ангилалд багтдаг. Тусгай хамгаалалттай газар нутагт мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй. “ӨГ”-ын бут сөөг нь ойн ангилалд багтдаг улсын тусгай хамгаалалттай газар юм”. гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 х /

 

            Гэрч С.У-н: ...“Би Сүхбаатар аймгийн Дарьганга сумын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагч ажлыг 2016 оноос хойш эрхэлж байна. Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төвөөс зүүн урагшаа 5 км-т “ӨГ”-ын эхээр хяналт шалгалт хийж байх үед тус газарт “Маяти” маркийн ачааны машинд М гэх хүн ойр орчмын бургас, хайлаас зэрэг моднуудыг тасдаж хугалж бэлтгээд машинд ачиж байсан. Тэр үед би тус газар очоод тусгай хамгаалалттай газар нутагт мод бэлтгэж болохгүй гэж хэлсэн чинь М нь би түлээ түлшгүй болчхоод мод бэлтгэсэн гэсэн. Тэгээд сумын төвд ирээд байгалийн байцаагч Э.Ө-т мэдэгдсэн. “Маяти” маркийн ачааны машины ачаа дүүрсэн байсан. Дунджаар 2 метр куб байсан байх. Тус Дарьганга сумын 4 дүгээр баг “ӨГ” гэх газар нь улсын тусгай хамгаалалттай газар нутагт хамаарагддаг тул ямар нэгэн зөвшөөрөл олгогддоггүй. Уг ӨГын бут сөөг, хайлаас бургас нь ойн ангилалд багтдаг”. гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 х /

 

            Гэрч Б.С-н: ...“Миний бие 2020 оны 07 дугаар сараас эхлэн Дарьганга сумын цагдаагийн хэсгийн олон нийтийн цагдаагаар ажиллаж байна. 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дарьганга сумын төвд хэсгийн цагдаа Г-н хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад Дарьганга сумын байгалийн цогцолборт газрын хамгаалалт захиргаанаас утсаар холбоо барьж улсын тусгай хамгаалалттай гараас мод бэлтгэж ачаад сумын төв рүү орж ирж  байна гэсэн мэдээлэл өгсөн. Түүний дагуу тус сумын 4 дүгээр багийн иргэн Н.М-н хашаанд очиход “Маяти” маркийн ........ ачааны машины дэвшин дээр мод ачиж авч ирж буулгаад хашааныхаа зүүн урд хурааж байсан. Дарьганга сумын төвөөс зүүн урагш 5 орчим км-т хайлс, бут, сөөг бүхий ой сав газар байдаг. Ойролцоогоор бэлтгэсэн мод нь 2м/куб байсан байх”. гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 х /

 

Яллагдагч Н.М-н “...Би 2021 оны 02 дугаар сарын 22-ны өдөр А гэх манай дүүгийн Маяти маркийн ......... улсын дугаартай автомашинаа үлдээчихсэн байсан юм. Маргааш нь манай дүү хөдөө явсан ба тэр үед нь би машиныг нь бариад түлээнд явчхаад ирье гэж бодоод 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын .... дүгээр багийн нутаг, сумын төвөөс зүүн урагш 4-5 км-т байх ӨГ гэх газраас мод бэлтгэж Маяти маркийн машинд ачиж гэрийнхээ хашаанд авч ирж буулган түлээндээ хэрэглэсэн. Ойролцоогоор машины тэвшнээс буулгахад урт нь 2 метр, Ө нь 1 метр хавьцаа хэмжээтэй байсан байх. Би мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, Би урьд өмнө нь уг газраас мод бэлтгэж авч байгаагүй. Би урьд нь уг газрыг тусгай хамгаалалттай газар гэдгийг сонсож байсан. Надад Ө гэх байгалийн байцаагч битгий мод бэлтгэж бай гэж хэлж байсан. Гэхдээ би унаад удчихсан моддоос түүж бэлтгэсэн юмаа. Тус маяти маркийн ......... улсын дугаартай автомашин манай хүү А-н автомашин байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-51 тал),

 

Сүхбаатар аймгийн “Сүхбаатар-Ойжуулалт” сум дундын ойн ангийн мэргэжилтэн, Байгаль орчин хяналт үнэлгээчин Б.Н-н 2021 оны 03 сарын 09-ны өдрийн 01 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн мод нь “НХ” нэртэй мод байна. Модны чийгийг Температур чийгшил хэмжих боломжгүй байна. Уг моддыг үйлдвэрлэлийн зориулалтаар огтлоогүй байх ба уг модыг бэлтгэхдээ дахин ургах боломжийг бага болгож сүйтгэсэн байна. Сүхбаатар аймгийн 2011 оны ойн сангийн тооллогоор Монгол Улсын их сургуулийн экологийн хүрээлэн, ойн судалгаа хөгжлийн төв хамтран ойгоор бүрхэгдсэн талбай, ойгоор бүрхэгдээгүй талбай судалгаа гаргасан байх ба тус аймгийн газар нутагт 15664 га /маш бага/ ой мод эзэлдэг учир мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй. Мод бэлтгэсэн гэх Дарьганга сумын 4 дүгээр баг, “ӨГ-н эх” гэх газар нь тусгай хамгаалалттай газар нутагт багтсан учир 1 дүгээр мужлалд багтана. Экологи-Эдийн засгийн үнэлгээ тооцоход 2м*168655/1.0=337.310 төгрөг байх ба Байгаль орчин хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт заасны дагуу Байгаль орчны Улсын байцаагч экологи эдийн засгийн үнэлгээг 3 дахин өсгөж нөхөн төлбөр оногдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 36 х /

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 4-5/

 

Ашид билгүүн ХХК-ны “Hyundai mighty” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэ 15 000 000 төгрөг болно” гэх үнэлгээний дүгнэлт /хх-ийн 09-14/

 

Шүүгдэгч Н.М-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 53/

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн Засаг даргын Н.М-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 55/

 

 Шүүгдэгч Н.М-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 56 х/

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  2 дугаар багийн нутаг Ө хэмээх газар нь /координат Е112”54”1,7 N45”16”55,5/ улсын тусгай хамгаалалттай газрын хилийн цэсэд багтдаг тухай Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/19 дугаартай албан тоот /хх-ийн 59 х/

 

Сүхбаатар аймгийн Дарьганга сумын  ... дугаар багийн нутаг Ө хэмээх газарт үйл ажиллагааны зөвшөөрөл олгогдоогүй тухай Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/17 дугаартай албан тоот, газрын зураг /хх-ийн 60 х/

 

Шүүгдэгч Н.М, түүний өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 67 х /

 

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар  сарын 31-ний өдрийн 53 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 68-69 х /

 

“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 53 дугаартай санал /хх-ийн 70 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Н.М нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр “Ө” гэх газраас буюу улсын тусгай хамгаалалттай газар нутгийн ойд зохих зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэж Маяти маркийн ......... ачааны машинаар тээвэрлэсэн болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох иргэний нэхэмжлэгч Э.Ө, гэрч С.С, С.У, Б.С нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн “Сүхбаатар-Ойжуулалт” сум дундын ойн ангийн мэргэжилтэн, Байгаль орчин хяналт үнэлгээчин Б.Н-н 2021 оны 03 сарын 09-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт,  Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/19 дугаартай албан бичигт Ө гэх газар нь тусгай хамгаалалттай газарт багтдаг талаарх тодорхойлолт, мөн уг газарт зөвшөөрөл олгогдоогүй тухай Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны даргын 2021 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 01/17 дугаартай албан бичиг газрын зураг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Н.М нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Хэргийн үйл баримтаас үзэхэд Г.М нь зохих зөвшөөрөлгүйгээр 2м3 “НХ-т” модыг бэлтгэсэн, уг зөвшөөрөлгүй бэлтгэсэн модоо бусдын эзэмшлийн тээврийн хэрэгслээр  тээвэрлэсэн болох нь тогтоогдох бөгөөд Ойн тухай хуулийн 34.1 дэх хэсэгт “Энэ хуулийн 32.2-т заасны дагуу аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон хэмжээнд багтаан ойн анги /байхгүй бол сум, дүүргийн эрх бүхий албан тушаалтан/ иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагад мод бэлтгэх эрхийн бичиг, гарал үүслийн гэрчилгээ олгоно” гэж, 35.4.2 дахь заалтад “зохих гэрээ, зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн” бол хууль бусаар мод бэлтгэсэн гэж үзнэ гэж тус тус заасан байх бөгөөд яллагдагч Н.М-н өгсөн “...галын түлээтэй  болох зорилгоор  модыг бусдын эзэмшлийн  тээврийн хэрэгсэл  ашиглан  зөөж авчирсан...гэх мэдүүлгээс үзэхэд Н.М-г зөвшөөрөлгүйгээр мод бэлтгэсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.М нь улсын тусгай хамгаалалтай газрын ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Аймгийн прокурорын газраас  Н.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т  зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Н.М-г улсын тусгай хамгаалалтай газар нутгийн ойд хууль бусаар  мод бэлтгэх  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд экологи эдийн засгийн үнэлгээгээр 337310 төгрөгийн хохирол учирсан болохыг Сүхбаатар аймгийн “Сүхбаатар-Ойжуулалт” сум дундын ойн ангийн мэргэжилтэн, Байгаль орчин хяналт үнэлгээчин Б.Н-н 2021 оны 03 сарын 09-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байна. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул хэргийн улмаас учирсан хохирол 337 310 төгрөгийг 3 дахин нэмэгдүүлж 1 011 930 төгрөг гэж тогтоосон ба шүүгдэгч нь хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн байна.

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан  арилгах  үүрэгтэй”  гэж,  510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг Мр нөхөн төлнө.” гэж хуульчилсныг үндэслэн 1 011 930 төгрөгийг шүүгдэгч Г.М-с гаргуулж Сүхбаатар аймгийн Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд  олгохоор тогтов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник хэрэгсэл, гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлийг хураан авахаар заасан ба шүүгдэгч Н.М нь  гэмт хэрэг үйлдэхдээ бусдын эзэмшлийн 15 000 000 төгрөгийн үнэлгээ бүхий Hyundai mighty маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашигласан болох нь хэрэгт авагдсан  шүүгдэгчийн  “...2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төвөөс зүүн урагш 4-5 км-т байх ӨГ гэх газраас мод бэлтгэж Маяти маркийн машинд ачиж гэрийнхээ хашаанд авч ирж буулган түлээндээ хэрэглэсэн...” гэх,  гэрч С.У-н “....Би 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Дарьганга сумын 4 дүгээр багийн нутаг, сумын төвөөс зүүн урагшаа 5 км-т “ӨГ”-ын эхээр хяналт шалгалт хийж байх үед тус газарт “Маяти” маркийн ачааны машинд М гэх хүн ойр орчмын бургас, хайлаас зэрэг моднуудыг тасдаж хугалж бэлтгээд машинд ачиж байсан...” гэх, иргэний нэхэмжлэгч Э.Ө-н “...байгаль хамгаалагч С.У над руу утсаар хэлэхдээ Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр багийн иргэн М гэх хүн “Маяти” маркийн машинд бургас ачсан орж ирж байна гэж хэлсэн. Түүний дагуу би Дарьганга сумын 4 дүгээр баг, Овоотын задгай тоотод гэрт нь очиход М нь машинаасаа буулгаад хураагаад тавьчихсан байсан....” гэх мэдүүлгүүд “Ашид билгүүн” ХХК-ийн 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэргээр тогтоогдож байна.

Шүүх Г.М-н гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхээ ашигласан Hyundai mighty маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг хэрэглэх үндэслэл тогтоогдсон болно.

 

Гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тоног, төхөөрөмж, тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн этгээдээс гаргуулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой тул шүүгдэгч Н.М-с .......... улсын дугаартай Hyundai mighty маркийн тээврийн хэрэгслийн үнэ болох 15 000 000 төгрөгийг гаргуулж, үүнээс 1 011 930 төгрөгийг хохирол нөхөн төлбөрт зарцуулж, үлдэгдэл 13 988 070 төгрөгийг шүүгдэгч Н.М-с гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Н.М-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлөхөө илэрхийлсэн нь  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Н.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Н.М-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Н.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2  жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-д заасан оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

Шүүгдэгч Н.М нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч Н.М-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч    Н.М-г  улсын  тусгай хамгаалалттай  газар нутгийн ойд хууль бусаар мод бэлтгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч Н.М-г хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.5-т зааснаар шүүгдэгч Н.М-д оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Н.М-д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Н.М-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Н.М-с 1 011 930 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Дарьгангын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд  олгосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгчээс гэмт  хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 15 000 000 төгрөгийг гаргуулж, үүнээс 1 011 930 төгрөгийг хохирол нөхөн төлбөрт зарцуулж, үлдэгдэл 13 988 070 төгрөгийг шүүгдэгч Н.М-с гаргуулж улсын орлогод оруулахыг Сүхбаатар аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

8. Шүүгдэгч Н.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР