Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч, хяналтын прокурор Д.Хорлоо

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Ж.Цэцэгээ

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч Л.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Д-д холбогдох 2030000000013  дугаартай хэргийг 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

   Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Уулбаян суманд 19... оны 06 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2 дугаар багийн ............. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Л.Д /..................../

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/

 

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт дэвсгэр “Х” гэх газарт “Porter” маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд  зогсоох  арга  хэмжээ  авна”,  мөн  дүрмийн  3.4-т заасан  “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, мөн дүрмийн 3.9-т заасан “а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Э-н амь нас хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын “Х” гэх газар руу идшинд явж байхад машин гэнэт шарваж гулгахаар нь тоормос гишгэхэд замын шанд цохиулсан. Талийгаач нь манайхаас идэшний бяруу авна гэж ирсэн байсан. Осол болсонд маш их харамсаж байна гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Гомдолтой байна. Шүүгдэгчийн зүгээс оршуулгын зардлын 11,443,431 төгрөгийг 100 хувь барагдуулсан. Сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг, нөхрийн минь ирээдүйд авах байсан цалин 114,448,000 төгрөгийг тус тус нэхэмжилнэ. Талийгаач минь гэрээ авч явдаг байсан.  Мөн талийгаачийн авч байсан цалинг нэхэмжилнэ гэв.

 

Эрүүгийн 2030000000013 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Л.Д-г мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр өөрийн эзэмшлийн ................ улсын дугаартай пронтер маркийн тээврийн  хэрэгсэлтэй  төрсөн ах Л.М, найз Б.Э нарын хамтаар Уулбаян сумын 1 дүгээр багийн нутаг “Х” гэх газар руу идшинд явсан. Тэгээд сумаас баруун хойш 15 километр “Х” гэх газарт явж байтал гэнэт машин шарвалт өгөөд гулгахаар нь тоормос гишгэхэд машины хойд тал хөндөлсөж гулгахаар нь сандраад эсрэг тал руу нь дарахад замын шанд цохиулаад нэг удаа бүтэн эргээд дугуйн дээрээ зогссон. Тэгээд хүмүүсийнхээ биеийн байдлыг асуухад Б.Э ухаангүй байхаар нь шууд сумын эмнэлэгт рүү хүргэсэн. Анхан шатны тусламж аль болох хурдан үзүүлэхийг хичээсэн боловч Б.Э нь эмнэлэгт очиход өнгөрсөн байсан. Ойролцоогоор 50 километр цагийн хурдтай явж байсан. Миний машин 4 улирлын дугуйтай, 2020 оны 08 дугаар сард сольсон. Ер нь бол хээтэй гайгүй дугуй гэж бодож байна. Миний машин 3 хүн суух зориулалттай. Ер нь бол надад эвдрэл гэмтэл гэхээр зүйл ажиглагдаж байгаагүй. Харин осол болсны дараа тус машины буруу талын реогсор мурийсан байдалтай байсан. Унахдаа тэгж мурийсан байх гэж бодож байна. Би Б.Э-н ажил явдалд бэлнээр 3,000,000 төгрөг, талийгаачийн цалингийн зээл 1,000,000 төгрөг, шүдлэн үхэр, портер машинаар хөрзөн, мөн 600,000 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүн, бүтэн хонины мах, 1 тонн нүүрс, портерийн тэвш мод зэргийг өгсөн. Ер нь бол талийгаачийн ар гэрээс ажил явдлын үед хэрэглэсэн хохирлын тооцоо гаргаж өгвөл нэхэмжилсэн мөнгийг гаргаж өгнө. /хх-ийн 88-90 дүгээр хуудас

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Б.Э бол манай нөхөр юм. Бид 2000 оноос хойш одоог хүртэл хамт амьдарч байна. Л.Д-тай садан төрлийн холбоо байхгүй. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөөний 09 цаг 30 минутад орчимд манай нөхөр Д-н идшинд явна гээд гэрээсээ гарсан. Би ажил руугаа явсан. Тэгээд ажил дээрээ байж байтал манай талийгаач нөхөртэй хамт хөдөө идшинд явсан хүн дэлгүүрт ороод гарахаар нь би талийгаач нөхрийнхөө утас руу залгахад холбогдохгүй байсан. Тэгээд нөхөртэйгөө цуг идшинд явсан хүн рүү залгаад та хэд хөдөө яваад ирсэн юм уу гэж асуухад бид хэд яваад ирсэн гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд байж байтал Д-н дүү Ц гэх хүн орж ирээд хоёулаа уулзъя, ярих зүйл байна та машинд суучих гэхээр нь машинд нь суутал сумын их эмч Д байсан. Тэгээд намайг гэрт хүргэж өгсөн. Гэрт ирээд Д нь танай нөхөр хөдөө зам тээврийн осолд орж нас барсан, ямар ч эмнэлгийн анхан шатны тусламж авах боломжгүй байсан гэж хэлээд явсан. Талийгаач нөхөр минь Л.Д-тай ямар тээврийн хэрэгсэлтэй өөр ямар хүмүүстэй явж байсан талаар мэдэхгүй. Би талийгаач нөхрийнхөө осолд орсон гэх газарт очоогүй болохоор болсон асуудлыг мэдэхгүй байна. 2020 он 12 дугаар сарын 10-ны өдөр Л.Д нь манай талийгаач нөхөр Б.Э-тай уулзаад маргааш хөдөө идшинд явна шүү өглөө очиж авъя гэж хэлсэн байсан. Талийгаач Б.Э нь Л.Д-тай идшинд цуг явж байгаад зам тээврийн осолд орж нас барсан. Би болгоомжгүй байдлаас болж ийм асуудал болсон гэж бодож байгаа учраас надад гаргах гомдол санал байхгүй. Б.Э, Л.Д нар нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Эдгээр хүмүүс архи согтууруулах ундааны зүйл огт хэрэглэдэггүй. Манай талийгаач Б.Э байнга даралт нь ихэсдэг байсан. Үүнээс өөр өвчин байгаагүй. Надад гаргах гомдол санал байхгүй. Харин Л.Д-с оршуулгын зардлыг нэхэмжилж байна.

... Л.Д-н ар гэрээс ажил явдлын зардал гэж 3,000,000 төгрөг, талийгаачийн банкны зээл 996,000 төгрөгийг хаасан, ажил явдлын  үеэр бяруу хийж махалж өгсөн, портер машинаар хөрзөн, хонины мах зэргийг авчирч өгсөн. Манай ар зүгээс талийгаачийн ажил явдлын үед хэрэглэсэн 11,443,431 төгрөгийг нэхэмжилж байна. Энэ мөнгөтэй холбоотой бүх баримтыг хүлээлгэн өгсөн. Одоо үлдэгдэл 7,448,000 төгрөгийг нэхэмжилж байна, гомдолтой байна.” гэх /хх-ийн 13-15, 16, 17-18 тал),

 

Гэрч Э.И мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Б.Э нь манай аав юм. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөө аав, ээж бид гурав гэртээ байж байгаад аав хөдөө хүний идшинд явлаа гээд өглөөний 09 цаг өнгөрөөд гараад явсан. Тэгээд би ажлаа хийж байтал өдөр 11 цагийн орчимд Л.Д-н хүргэн ах Э гэх хүн танай аав хөдөө зам тээврийн осолд орсон байна гэж хэлэхээр нь шууд гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд ээж ганцаараа уйлчихсан байхаар нь аавыг асуухад аав чинь хөдөө айлын идшинд явж байгаад зам тээврийн осолд ороод нас барсан байна гэж хэлсэн. 2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөө эрт Л.Дгийн идшинд явна гэж хэлж байсан. Аав минь Л.Д-тай хөдөө идшинд явж байгаад зам тээврийн осолд орсон гэдгийг ээжээс сонссон. Тийм болохоор гаргах гомдол санал байхгүй. Миний аав архи уудаггүй хүн байсан. Миний аав Б.Э нь ямар нэгэн хууч өвчтэй байсан талаар мэдэхгүй. Аав урьд өмнө нь Л.Д-тай маргалдаж муудаж байгаагүй.” гэх /хх-ийн 25-27 дугаар хуудас/

 

Гэрч Б.Х мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөө 10 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Уулбаян сумын Х гэх газарт “Prius-30” маркийн ................ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа явж байхад Х-н худгийн баруун хойд талд 500 метр орчим зайд пронтер маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэл зам тээврийн осол гаргасан байхыг хараад очсон. Зам тээврийн осолд орсон гэх 4 хүнийг сумын эмнэлэгт хүргэж өгөөд явсан. Ослын газарт очиход тээврийн хэрэгслийн жолооны хүрдний ард Л.Д, түүний баруун талд Л.М, тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын хаалганы хажууд Б.Э, нэрийг нь мэдэхгүй 1 эмэгтэй хүн байсан. Тэгэхэд эмэгтэй нь биедээ гэмтэл авчихлаа хөдөлж чадахгүй байна гэхээр нь Л.Д бид хоёр миний машинд өргөж суулгасан. Б.Э нь ухаангүй хөдлөхгүй байсан. Л.Д, Л.М нар нь биедээ ямар нэгэн гэмтэл аваагүй байсан. Б.Э-н хамраас нь цус гарсан, эмэгтэй хүнийх нь биед ил харагдах шарх байгаагүй. Л.Д, Л.М нар нь Б.Э-г машинаас буулгаад миний машины ар талд цуг аваад суусан. Л.Д, Л.М нар нь Б.Э-г эхлээд амьсгалж байна сүүлдээ амьсгалахгүй байна гэж байх шиг байсан. Би тухайн үед сандарсан байсан болохоор нарийн сайн харж чадаагүй. Л.Д-с тухайн үед архи согтууруулах ундааны зүйл үнэртэхгүй байсан.” гэх /хх-ийн 28-30 дугаар хуудас/

  

Гэрч Л.М мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Би Б.Э, Л.Д гэх хүмүүсийг танина. 2020 оны 12 дугаар сарын 10-ны өдөр талийгаач Б.Э над руу залгаад идэшний бяруу байна уу, байвал энэ сарын цалин дээрээс өгч болох уу гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд 2020 оны 12 дугаар сарын 11-ний өглөөний 09 цаг гээд талийгаач Б.Э-г гэрээс нь аваад Хайлаас гэх газар руу төрсөн дүү Л.Д, Д, Б.Э нарын хамт портер маркийн .............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй манай хөдөө гэр рүү явсан. Х-н худгаас баруун хойн ойролцоогоо 200-300 метрийн зайд явж  байгаад гэнэт зам тээврийн осолд орж машин бүтэн эргэж 4 дугуй дээрээ тогтож зогссон. Тээврийн хэрэгслийг манай дүү Л.Д жолоодож явсан. Жолоочийн хажуу талд би миний баруун талд Б.Э түүний дээр нь Д явж байсан. Д биедээ гэмтэл авлаа гэж ярьж байсан. Зам тээврийн осолд ороод удаагүй байхад 2-3 минутын дараа Б.Х юу болсон бэ гэж хэлээд машинтайгаа ирсэн. Б.Х нь бид нарыг сумын эмнэлэгт хүргэж өгөөд явсан. Л.Д бид хоёр талийгаач Б.Э-г өргөөд эмнэлэгт оруулж өгөөд би түрүүлээд эмнэлгээс гарсан. Тэгээд хэсэг хугацааны дараа сумын их эмч Д-с Б.Э-н талаар асуухад нас барсан гэж хэлсэн. Зам тээврийн ослын улмаас тухайн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил хагарсан, жолоочийн урд талын толь хугарсан, жолоочийн эсрэг талын хаалганы шил хагарсан, кабины дээвэр хонхойж хэмхэрсэн, хойд талын тэвшний арав ч мурийсан байсан. Зам тээврийн осолд орсны дараа цуг явж байсан хүмүүсийг зүгээр үү гэж асуухад Б.Э нь ганцаараа хариу үзүүлэхгүй дуугарахгүй байсан. Удалгүй Б.М ирээд дүү бид хоёр талийгаачийг өргөж Б.М-н машины ард талд авч суугаад би Б.Э-н гүрээний судсыг дарж үзэхэд цохилж байх шиг байсан. Би тухайн үед маш их сандарсан. Талийгаач Б.Э-н нүүрнээс их хэмжээний цус гарсан байсан. Өөр ил харагдах шарх байхгүй байсан. Л.Д нь энэ талаар өөрөө мэднэ. Манай дүү Л.Д нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Л.Д нь тээврийн хэрэгсэл жолоодох В, С ангиллын үнэмлэхтэй.” гэх /хх-ийн хэргийн 33-35 дугаар хуудас/

 

Гэрч Б.Д мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2020 оны 12 дугаар сарын 16-ны өглөө Л.Д нь намайг гэдэс арилгаад өг гэхээр нь зөвшөөрсөн. Тэгээд Д-н ах М, Э бид нар Л.Д-н пронтер маркийн тээврийн хэрэгсэлтэй сумаас баруун хойш ойролцоогоор 10 гаруй км явж байгаад аваарт орсон. Юунаас болж осол гарсныг мэдэхгүй хоромхон зуур л машин онхолдсон. Ослын улмаас миний хавирга хугарсан, бөөр доргилттой, нуруу далваралттай болсон. Аймагт 10 хоног эмнэлэгт хэвтсэн. Одоо гэрээр эмчилгээ хийлгэж байна. Л.Д нь эмчилгээний мөнгө гэж 200,000 төгрөг өгсөн. Би өөрөө бараг 1,000,000 төгрөгөөр эмчилгээ хийлгэсэн. Энэ мөнгөн дотор эм тарианы мөнгө, аймаг руу ирж очих унааны зардал, аймагт 10 хоног хэвтсэн зардал гэх мэт зардлууд орж байгаа. Би Л.Д-с  1,000,000 төгрөгийг нэхэмжилж байна. Одоо гаргаж өгөх баримт байхгүй байна.” гэх /хх-ийн 41 дүгээр хуудас/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 3-4 дүгээр хуудас/,

 

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

 

Цогцост гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 43-49 дүгээр хуудас/,

 

Шүүгдэгч Л.Д-с хохирол төлсөн баримтууд /хх-ийн 104-106 дугаар хуудас/

 

Хохирогчоос гаргаж өгсөн хохирлын баримтууд /хх-ийн 123-127 дугаар хуудас/

 

Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадалгаа: "... Пронтер маркийн ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Л.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд  зогсоох  арга  хэмжээ  авна”,  мөн  дүрмийн  3.4-т заасан  “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, мөн дүрмийн 3.9-т заасан “а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн  байна.” гэх /хх-ийн 68-69 дүгээр хуудас/

 

Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: "... 1.Талийгаач Б.Э-н биед гавлын баруун дух, чамархай, дагз, суурь ясны шугаман  хугарал, тархины орой зулай чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл  доорх тархмал цус харвалт, духанд урагдсан шарх, дух, хамар, дээд уруул, зүүн хацарт цус хуралт, баруун шанаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдсон байна. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Талийгаачид шууд үхэлд хүргэсэн өвчин байхгүй байна. 4.Талийгаачид эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн тохиолдолд амь нас аврагдах боломжгүй байна. 5. Талийгаач нь гавлын баруун дух, чамархай, дагз, суурь ясны шугаман хугарал, тархины орой зулай чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалтаар нас барсан байна. 6. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй байна." гэх /хх-ийн 50-52 дугаар хуудас/

 

Шүүх эмнэлгийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 06 дугаар дүгнэлт: “... Л.Д-н биед хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон.” гэх /хх-64-65 дугаар хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Л.Д-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Л.Д-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Л.Д нь 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 10 цагийн үед Сүхбаатар аймгийн Уулбаян сумын нутагт дэвсгэр “Х” гэх газарт “Pronter” маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй  тохиолдолд  зогсоох  арга  хэмжээ  авна”,  мөн  дүрмийн  3.4-т заасан  “б/ хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх үүргийг хүлээнэ”, мөн дүрмийн 3.9-т заасан “а/ тээврийн хэрэгслийн техникийн тодорхойлолтоор тогтоосон тооноос олон зорчигч тээвэрлэхийг хориглоно.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас хохирогч Б.Э-н амь насыг хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Д-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч Э.И, Б.Х, Б.Д, Л.М нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Эрх бүхий албан тушаалтны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн магадалгаа, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01 дүгээр шинжээчийн дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Л.Д нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон үйлдэл нь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний амьд явах эрхэд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдаж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно.” гэж заасан бөгөөд шүүгдэгч Л.Д-н үйлдэл нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Э-н амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Л.Д-г Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас Б.Э-н амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан бөгөөд шүүгдэгч Л.Д гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд шүүгдэгч Л.Д нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д-д оршуулгын зардалд 13,488,600 төгрөг төлсөн, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч З.Д сэтгэл санааны хохиролд 15,000,000 төгрөг, амь хохирогчийн ирээдүйд авах байсан цалингийн нөхөн олговорт 114,448,000 төгрөгийг тус тус нэхэмжилсэн бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Л.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Л.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгчийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан шүүгдэгч Л.Д-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасч, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Л.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Л.Д-г автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Д-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурван/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурван/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Л.Д-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Сүхбаатар аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Л.Д-д мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Л.Д энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Хохирогчийн хууль ёсны  төлөөлөгч З.Д нь цаашид гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10 . Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Х.САНЖИДМАА