| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хөхөөгийн Санжидмаа |
| Хэргийн индекс | 174/2021/0067/Э |
| Дугаар | 56 |
| Огноо | 2021-03-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Лхагвасүрэн |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 22 өдөр
Дугаар 56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Ж.Н нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Ж.Н-т холбогдох 2130000350058 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан хотод төрсөн, .... настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар багийн “Б” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ж.Н /.................../
Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ж.Н нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.О-г төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун гарын 4, 5 дугаар хурууны салаа хэсэгт язарч урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Н шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Би мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн.
Шүүгдэгч Ж.Н мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ны орой 18 цагийн үед Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвд байх Н-нд ороход 10 гаруй хүн бөөнөөрөө архи ууж байсан. Би тэр хүмүүстэй нийлж архи уусан. Хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Миний санаж байгаагаар жижиг аягаар 5 удаа уугаад Н-с гарсан. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Болсон асуудлын талаар хэсгийн төлөөлөгчөөс мэдсэн. О, А нартай уулзахад болсон асуудлыг надад хэлсэн. Би уучлалт гуйж, бид сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж хохирогч Оад 500,000 төгрөг өгсөн.” гэх /хх-ийн 45-46 дугаар хуудас/
Эрүүгийн 2130000350058 дугаартай хэргээс:
Хохирогч Ц.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2021 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын .... дугаар багт Б.А гэх айлынд унтах гэж байхад Ж.Н гаднаас гүйж орж ирээд урт хар өнгийн төмрөөр миний баруун гар руу нэг удаа цохисон. Төмрөөр гар руугаа цохиулсны улмаас баруун гарын дунд хуруу, долоовор хурууны голын салаа урагдаж язарч зүсэгдэн цус гарсан. Ж.Н тухайн төмрөөр намайг дахин цохих гэж байхад Б.А үйлдлийг нь зогсоосон.” гэх /хх-ийн хэргийн 8-9 дүгээр хуудас/
Гэрч Б.А мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Ж.Н ах нэлээн согтуу байсан. Д.О-г хэл амаар доромжлоод байхаар нь Ж.Н-г согтсон байна гэж бодоод гэр рүү нь хүргээд өгье гэж хэлээд гэрээсээ дагуулаад гарсан. Тэгээд гэрийнх нь хашааны гадаа очоод та одоо гэр рүүгээ орж амар согтсон байна гэж хэлэхэд би гэртээ орж амрахаа чамаар заалгахгүй ороод амарчихна гэхээр нь ахаа би таныг гэрт чинь оруулаад өгье гэж хэлээд цамцнаас татахад цамц нь урагдсан. Гэтэл гэнэт миний нүүр рүү гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь та яагаад намайг цохиж байгаа юм, би таныг гэр рүү чинь оруулах гэж байхад гээд уурлахад эхнэр гэрээс гарч бид хоёр Ж.Н ахыг гэрт нь оруулж өгсөн. Тэгтэл гэрийнхээ үүдний амбаарт байсан урт хар өнгийн нарийхан төмрийг аваад гараад явахаар нь бид хоёр ардаас нь гарсан. Гэртээ ирэхэд Д.О-н баруун талын гарнаас их хэмжээний цус гарсан байдалтай зогсож байсан. Ж.Н О-г дахин цохих гэж байхаар нь төмрийг нь булааж аваад гэрийнхээ зүүн талд тавих хооронд Д.О руу дахин дайрсан. Тэгэхээр нь гэнэт уур хүрээд Ж.Н-н нүүр рүү гараараа хоёр удаа цохисон. Тэгсэн Ж.Н-н эхнэр нь гаднаас орж ирээд дагуулаад явсан” гэх /хх-ийн 14-15 дугаар хуудас/
Гэрч Б.Б мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Манай нөхөр А нь Ж.Н ахыг та согтуу байна, гэртээ орж амар би таныг гэрт чинь хүргэж өгье гэж хэлээд гэрээс дагуулаад гарсан. Хэсэг хугацааны дараа гэртээ орж ирэхгүй байхаар нь араас нь гарахад Ж.Н-тай хамт хашааны үүдэнд байсан. Тэгээд Ж.Н ахыг гэрт нь оруулж өгөхөд гэрээсээ урт хар өнгийн төмөр аваад гүйгээд гарсан. Тэгэхээр нь нөхрийнхөө хамт гэр рүүгээ ороход манай ахын баруун гар руу төмрөөр цохисон байсан. Д.О ахын баруун гарын долоовор, чигчий хурууны голд нь сэтэрч маш их хэмжээний цус гарсан байсан. Ж.Н нь Д.О-тай дахиад зодолдох гэж дайрахад нь манай нөхөр болиулсан.” гэх /хх-ийн 11-12 дугаар хуудас/
Гэрч Х.Ш мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Тухайн айлынд манай нөхөр Ж.Н, А эхнэртэйгээ, бүтэн нэрийг мэдэхгүй Ж гэх хүмүүс байсан. Ж гэх хүний гарын алганаас их цус гарч байсан болохоор даавуу аваад тухайн хүний гарыг нь боож өгөөд эмнэлэгт дуудлага өгсөн. Тухайн айлын хүн нь Н Ж-н гарыг урт нарийн хар өнгийн төмрөөр цохисон гээд төмрийг надад харуулсан. Тэгээд би нөхрөө дагуулаад гэр рүүгээ орсон”. гэх /хх-ийн 17-18 дугаар хуудас/
Шүүх шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “... Ц.О-н биед баруун гарын 4, 5 дугаар хурууны салаа хэсэгт язарч урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх /хх-ийн 21-22 дугаар хуудас/
Шүүгдэгч Ж.Н-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47 дугаар хуудас/
Хохирогч Ц.О-н гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 59 дүгээр хуудас/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 42 дугаар Прокурорын тогтоол, санал /хх-ийн 62-64 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ж.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.О нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Н-т холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ж.Н нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт хохирогч Ц.О-г төмрөөр цохиж эрүүл мэндэд нь баруун гарын 4, 5 дугаар хурууны салаа хэсэгт язарч урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Ж.Н-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ц.О, гэрч Б.А, Б.Б, Х.Ш нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 129 дүгээр дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Н-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.
Шүүгдэгч Ж.Н-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Ж.Н-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ж.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Ц.О нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Улсын яллагчаас Ж.Н-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Ж.Н-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно.
Шүүгдэгч Ж.Н нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ц.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, эд мөрийн баримаар хураагдсан 1 метрийн урттай хар өнгийн төмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ж.Н-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н-т 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж.Н-т оногдуулсан торгох ялыг 5 /таван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Н-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 метрийн урттай хар өнгийн төмрийг устгахыг Сүхбаатар аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
7. Шүүгдэгч Ж.Н нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ц.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.САНЖИДМАА