Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 22 өдөр

Дугаар 58

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Санжидмаа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч хяналтын прокурор Г.Лхагвасүрэн,

Шүүгдэгч Б.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч Б.Э-д холбогдох 2130000390060 дугаартай хэргийг 2021 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол улсын иргэн, Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд 1986 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ...., эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн “Х” гэх газарт оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б.Э /.............../

 

Холбогдсон хэргийн талаар/ яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн ...................тоотод хохирогч Ө.О-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан Шх, дээд доод зовхи болон нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Э шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад үнэн зөв мэдүүлэг өгсөн.

 

Шүүгдэгч Б.Э мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэхдээ: “... Миний санаж байгаагаар машиндаа суугаад гэр рүүгээ явах гэж байхад машины арын шилийг чулуугаар хагалсан. Тэгээд машинаа зогсоож эхнэр бид хоёр машинаасаа буугаад ямар учраас машины арын багажийн шилийг хагалж байгаа юм гэж уурлаад бид хоёр хоорондоо зууралдаж, Ө.О-г унагаж хөл рүү өшиглөсөн. Би Ө.О-н нүүр рүү цохисон гэдгээ санахгүй байна.” гэх /хх-ийн 53-55 дугаар хуудас/

 

Эрүүгийн 2130000390060 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ө.О мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... 2021 оны 02 дугаар сарын 19-ний орой 18 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн Ш гэх газар Ш гэх айлд Ш, Т гэх хүмүүстэй архи уусан. Архи ууж дуусгаад Тгөөр гэр рүүгээ хүргүүлсэн. Гэрийн гадаа ирээд юунаас болж маргалдаж муудсан талаар мэдэхгүй байна. Гэнэт миний нүүр рүү дараалан цохиод байхаар нь Б.Т-н машиных нь ар талын цонхыг чулуугаар хагалсан. Гэтэл дахиад миний нүүр болон зүүн талын чих рүү цохиж байхад манай эхнэр, хүүхэд гэрээс гарч ирээд салгасан. Тухайн үед 3 уулаа 3 шил 0.5 литрийн архи уусан учраас биеэ хянах чадвартай байсан. Б.Э гэх хүнд зодуулсны улмаас баруун талын нүд хөхөрсөн, зүүн чих хавдаж, урагдаж зулгарсан.” гэх /хх-ийн хэргийн 5-6 дугаар хуудас/

 

Гэрч Б.Ц-н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Машины багажийн ар талын шил хагарахаар нь би сэрсэн. Тэгэхэд Б.Э эхнэртэйгээ машинаас буугаад Ө.О-тай уулзаад байх шиг байсан. Би тухайн үед машинаас нь буугаагүй. Ө.О ах Б.Э-г цохиж байхыг би хараагүй. Маргааш өглөө нь Ө.О ах манай гэрт ирэхэд баруун нүд нь хөхөрч хавдсан, баруун хөмсөг нь зулгарсан, зүүн чих урагдаж зулгарч хавдсан байсан.” гэх /хх-ийн 13-14 дүгээр хуудас/

 

Гэрч О.Д-н мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Миний мотоциклыг Энхтөр унаад ирж байгаа гээд гэрээс гараад явсан. Хэсэг хугацааны дараа манай аав Ө.О авраарай гэж хашгирахаар нь ээж гэрээс гарсан. Тэгээд баруун гэрийн хажууд Б.Э аавыг унагаад зодож байхаар нь ээж салгасан гэж надад хэлсэн. Би ээжийн араас удалгүй гарахад аавын баруун талын нүд нь хөхөрч хавдсан, баруун хөмсөг нь урагдаж зулгарсан, зүүн талын чих урагдаж зулгарч, чихнээс нь цус гарч байхаар нь та нар одоо болиоч гэж хэлэхэд аав Б.Эийн машиных нь цонхыг чулуугаар хагалсан. Та нар миний биеийг ийм болгосон юм чинь хохь чинь гэж хэлсэн. Тэгээд аавыг дагуулаад ээж бид гурав гэртээ орсон. Тухайн үед аав болон Б.Э нараас архи үнэртэж байсан.” гэх /хх-ийн 19-20 дугаар хуудас/

 

Гэрч М.Т мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ: “... Ө.О ах гэрээсээ гарч ирээд Б.Э-г “миний мотоциклыг барьж чадахгүй олон удаа унагаалаа” гээд маргалдаж байгаад бие биеэнээ заамдаад байх шиг байхаар нь машинаасаа буугаад Ө.О ахын охин О.Д-г дуудаж аавыгаа ав, Б.Э-тэй маргалдаад байна гэж хэлэхэд гарч ирэхгүй байсан. Тэгэхэд Б.Э Ө.О ахыг унагаад өшиглөөд байх шиг харагдсан. Харин биеийнх нь хаашаа өшиглөсөн гэдгийг харж чадаагүй. Тэгээд Б.Э, Ө.О хоёрыг салгаад Б.Э-г машиндаа суулгаад дөнгөж хөдлөхөд Ө.О нь чулуугаар машины шилийг хагалсан. Тэгэхээр нь нөхөр бид хоёр та яагаад машины шил хагалж байгаа юм гэхэд танай нөхөр Б.Э намайг зодсон, хохь чинь гэхээр нь согтуу хүнтэй маргалдаж муудаад хэрэггүй гэж бодоод нөхрийг дагуулаад гэр рүү гээ явсан.” гэх /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Шүүх шинжилгээний албаны 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дүгээр шинжээчийн дүгнэлтэд “... Ө.О-н биед тархи доргилт, зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн шанаа, зүүн чихний дэлбэн, дэлбэнгийн ар хэсэгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх /хх-ийн 22-23 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Э-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56 дугаар хуудас/

 

Хохирогч Ө.О-н гомдолгүй гэх хүсэлт /хх-ийн 83 дугаар хуудас/

 

Шүүгдэгч Б.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 84 дүгээр хуудас/

 

Шүүгдэгч Б.Э-н хохирол барагдуулсан тухай баримт /хх-ийн 85 дугаар хуудас/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 37 дугаар Прокурорын тогтоол, санал /хх-ийн 86-89 дүгээр хуудас/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.О нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй гэх хүсэлтээ бичгээр илэрхийлсэн бөгөөд хавтаст хэрэгт хохирол төлбөрийн талаар баримтыг ирүүлээгүй зэргээр хуульд заасан шаардлагыг хангасан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э-д холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Э нь согтуугаар 2021 оны 02 дугаар сарын 16-ны шөнийн 23 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар багийн Шинэ дөрвөлжийн 2-201 тоотод хохирогч Ө.О-г зодож эрүүл мэндэд нь тархи доргилт, зүүн нүдний дээд зовхинд язарсан Шх, дээд доод зовхи болон нүдний салстад цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Б.Э-н мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Ө.О, гэрч Б.Ц, О.Д, М.Т нарын мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 дүгээр дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар хэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Э-н гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн биед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

Шүүгдэгч Б.Э-н энэхүү үйлдэл нь Монгол улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж буй гэмт үйлдэл болох юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Э-н хөнгөн гэмтэл бүхий хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан бөгөөд хохирогч Ө.О нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Улсын яллагчаас Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь хөнгөрүүлэх нөхцөл байдал болно. 

 

Шүүгдэгч Б.Э нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч Ө.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв. 

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган/ төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Э-д оногдуулсан торгох ялыг 7 /долоо/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч Б.Э нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримт, бичгийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Ө.О гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Х.САНЖИДМАА