Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 05 өдөр

Дугаар 50

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч Д.Х,­

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,

шүүгдэгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хгоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000000042 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол улсын иргэн, 19... оны ... сарын ....-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ам бүл ...., эхнэр ..... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын ...... дүгээр баг ............. тоотод оршин суух хаягтай, урьд 2019 оны 10 сарын 18-ны өдөр 178 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, регистрийн дугаар ..........,Б.Б 

 

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг ......... байранд байх Б.Б гэх айлд иргэн Т.Э-н нүүрэн тус газарт гараараа зодож эрүүл мэндэд нь доод уруулын дотор салстад язарсан шарх, доод уруулд урагдсан шарх, дээд уруулын үүдэн шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн С сумаас ирээд Э-нд очиж, хажуу айлд  хүмүүс тоглож байхаар нь ороод гарсан. Тэгтэл Б, Э пиво уугаад сууж байхаар хамт уусан. Б-г  эрүүл болохоор машинаа бариулж Хайд байдаг Б гэдэг найзындаа очиж “Н” нэртэй пиво уусан.Тэгээд Э гэдэг найзтайгаа маргалдсан. Тэр үед Э голоор орж өшиглүүлсэн байсан. Би тухайн үед пиво их уусан болохоор зарим болсон зүйлээ санахгүй байгаа...гэв.

 

- Яллагдагч Б.Б-н: Миний бие 2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө 00 цагийн үед Сүхбаатар аймгийн С сумаас ирээд БУ сумын 1 дүгээр баг А байх найз Э-нд очсон чинь хажуу талынх нь айлд хүмүүс тоглож байхаар нь орчхоод гараад ирсэн чинь Б, Э, Х нар пиво уугаад сууж байхаар нь хамт уугаад 02 цагийн үед Б-г эрүүл болохоор нь машинаа бариулаад БУ сумын 9 дүгээр баг Хад байх Б гэдэг найзындаа очоод 2.5 литрийн Н нэртэй пиво гуравыг уусан. Тэгээд Э гэдэг найзтайгаа маргалдсан халтирч унаад босох үед Э голоор ороод өшиглүүлсэн гэж манай найз Ё хэлсэн. Миний хувьд их согтсон байсан болохоор болсон асуудлыг санахгүй байна. Урьд өмнө нь Э-тай маргалдаж байгаагүй, танилцаад 1 сар гаран болж байгаа. Э, Б, Э, Ё, би байсан. Би асгасан пивон дээр халтирч унахдаа гараа эвгүй болгоод тэр уураа Эд гаргасан. Би уурандаа Э-н урууланд нь өшиглөсөн. Миний бие пиво их их хэмжээгээр уугаад согтсон байсан зарим болсон асуудлаа сайн санахгүй байгаа....гэх мэдүүлэг /хх-32/

 

- Хохирогч Т.Э-н: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн БУ сумын 1 дүгээр баг А найз Х, Б, Э нартай муушиг тоглож байгаад БУ сумын ... дүгээр баг Х-руу Б-н дүүгийнд очоод 4-5 ширхэг 2.5 литрийн Н нэртэй пиво хувааж уусан. Тэр үед бид нарын байсан айлын цахилгаан нь тасарсан тэгээд цахилгаанаа холбох хооронд Б, Э хоёр хоорондоо маргалдах үед нь дундуур нь ороод Б-д цохиулсан. Тухайн үед би их согтсон байсан өөр юу болсныг санахгүй байна. Өглөө нь боссон чинь уруул дотроо язарсан, хавдсан, хоёр шүд хөдөлчихсөн байсан. Б-н дүүгийн эхнэр Б-г намайг цохисон гэж хэлсэн. Тэгээд Х-н задгай тоотод байх найз залуу С-н гэрт нь очсон чинь ээж ирээд “ хувцас чинь цус болчихсон байна, хэнд зодуулсан юм “ гээд цагдаатай уулзуулж гомдол гаргасан. Б урьд өмнө намайг зодож цохиж байгаагүй, манай найз Х-н найз юм. Манай найз Э, Б-н хоёр найз нь байсан. Б, Э нар муудаад аягатай цай асгачихлаар нь тонгойгоод арчиж байсан чинь Б миний уруул руу баруун хөлөөрөө өшиглөсөн. Одоо миний биед ил харагдах шарх сорви ямар нэг зовуурь байхгүй. Б надаас уучлалт гуйсан. Гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-7-9/,

 

- Гэрч Г.Б-н: Манай хүү С-н найз охин болох Э нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны үдийн хойно 16 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт очоод ирье гэж гараад шөнө ирээгүй. 2021 оны 01 дүгээр сарын 29-ний 17 цагийн үед гэртээ ирэхдээ уруул нь хавдсан цус нь гараад хатсан, цамц нь энгэр хэсгээрээ, ноосон юбка нь куртикных нь энгэр дотор талаараа цус болсон байдалтай ирсэн. Тэгээд би юу болсныг асуухаар хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад сууж байтал манай найзууд хөзөр тоглож байгаад муудалцаад зодолдохоор нь дундуур нь орж цохиулсан гэсэн. Эмнэлэгт үзүүлье гэхэд өөрөө үзүүлэхгүй гээд байсан. Ямар нэг зовуурь мэдэгдээгүй. Э ирэхдээ эрүүл байсан. Уйлаад суугаад байсан. Миний хувьд айлын хүүхэд гэр орондоо ирэхгүй алга болоод зодуулсан байхаар нь цагдаагийн байгууллагад мэдэгдье гэж бодож гомдол гаргасан.” гэх мэдүүлэг/хх-10-11/

 

- Гэрч Ж.Ё-н: 2021 оны 01 дүгээр сарын 28-ны орой би Б, Б хоёртой хөдөөнөөс аймагт шөнийн 12 цаг өнгөрөөгөөд орж ирсэн. Э нь Б рүү залгаад хажуу айлдаа хөзөр тоглож байна гээд бид хэдийг дуудахаар нь очоод тоглож байгаад нэлээн орой тарсан. Тэгээд тоглож дуусаад гараад ирэхэд Э, Х, Б, Э нар бид гурвын хөдөөнөөс ирсэн Портер маркийн ......... улсын дугаартай машинд пиво уугаад сууж байсан. Э нь “ ганц нэг юм ууя л даа, та нар юундаа яараад байгаа юм “ гээд бид хамтдаа Б руу явсан. Тэнд очоод Н нэртэй 2.5 литрийн 6 пиво ууж байх үед Б, Э хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Юунаас болсныг нь мэдээгүй. Б асгасан пивондоо халтирч унаад босож ирээд уурлаад Э-н нүүр лүү нь гараараа цохисон. Б бид хоёр Б-г авч гараад О гээд найзындаа Дөрвөлжийн ард байдаг ирж унтсан. Э нь Б-г “ууж чадахгүй согтоод байгаа юм уу, аятайхан уучихгүй асгаад байх юм “ гээд үгээр идээд хоорондоо хэрэлдээд байсан. Тэрнээс болоод л Б нь Э-г цохиод авсан. Э, Б, Б, Б нар байсан. Бид Б-н нэлээд орой очсон болохоор Б түүнийг гэр бүл хоёр эрүүл байсан, бусад нь пиво ууж байгаад очсон болохоор согтуу байсан...гэх мэдүүлэг/хх-13-15/

 

  • Яаралтай тусламжийн хуудас 2021.01.29-ний өдөр/хх-19-20/

 

-Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 80 дугаартай “Т.Э-н биед доод уруулын дотор салстад язарсан шарх, доод уруулд урагдсан шарх, дээд уруулын үүдэн шүдний сулрал гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-21-22/

 

- Б.Б-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-35/

 

  • Б.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-36/

 

-Сүхбаатар аймгийн БУ сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021.02.16-ны өдрийн 8/87 дугаартай тодорхойлолт/хх-37/

 

-Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 18-ны өдрийн 2019/ШЦТ/178 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-39-44/

 

- Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-45-51/

 

- Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2021.02.19-ний өдрийн 01/187 дугаартай албан бичиг /хх-53/

 

  • Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хх-54/

 

  • Э.Б-н хүсэлт /хх-55/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 2021.03.01-ний өдрийн 32 дугаартай санал /хх-64/зэрэг баримтууд болно.

 

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар багийн малтай байранд байх Б.Б гэх айлд иргэн Т.Э-н нүүрэн тус газарт өшиглөж эрүүл мэндэд нь “ доод уруулын дотор салстад язарсан шарх, доод уруулд урагдсан шарх, дээд уруулын үүдэн шүдний сулрал “ бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би асгасан пивон дээр халтирч унахдаа гараа эвгүй болгоод тэр уураа Эд гаргасан. Би уурандаа Эийн урууланд нь өшиглөсөн. Миний бие пиво их их хэмжээгээр уугаад согтсон байсан зарим болсон асуудлаа сайн санахгүй байгаа ” гэх,

хохирогч Т.Э-н “2021 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн БУ сумын 1 дүгээр баг А найз Х, Б, Э нартай муушиг тоглож байгаад БУ сумын 9 дүгээр баг Х руу Б-н дүүгийнд очоод 4-5 ширхэг 2.5 литрийн Н нэртэй пиво хувааж уусан. Б, Э хоёр хоорондоо маргалдах үед нь дундуур нь ороод Б-д цохиулсан. тухайн үед би их согтсон байсан өөр юу болсныг санахгүй байна. Өглөө нь боссон чинь уруул дотроо язарсан, хавдсан, хоёр шүд хөдөлчихсөн байсан тэгсэн чинь Б-н дүүгийн эхнэр Б-г намайг цохисон гэж хэлсэн ” гэх,

гэрч Г.Б-н “...Манай хүү С-н найз охин болох Э нь 2021 оны 01 дүгээр сарын 28-ны үдийн хойно 16 цагийн үед найзынхаа төрсөн өдөрт очоод ирье гэж гараад шөнө ирээгүй 2021 оны 01 дүгээр сарын 29-ний 17 цагийн үед гэртээ ирэхдээ уруул нь хавдсан цус нь гараад хатсан, цамц нь энгэр хэсгээрээ, ноосон юбка нь куртикных нь энгэр дотор талаараа цус болсон байдалтай ирсэн. Тэгээд би юу болсныг асуухаар хэлэхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудаад сууж байтал манай найзууд хөзөр тоглож байгаад муудалцаад зодолдохоор нь дундуур нь орж  цохиулсан гэсэн” гэх,

гэрч Ж.Ё-н “ Э, Х, Б, Э нар бид гурвын хөдөөнөөс ирсэн Портер маркийн ......... улсын дугаартай машинд пиво уугаад сууж байсан. Э нь ганц нэг юм ууя л даа та нар юундаа яараад байгаа юм гээд бид хамтдаа Б руу явсан. Тэнд очоод Н нэртэй 2.5 литрийн 6 пиво ууж байх үед Б, Э хоёр хоорондоо хэрэлдээд байсан. Юунаас болсныг нь мэдээгүй, Б асгасан пивондоо халтирч унаад босож ирээд уурлаад Э-н нүүр лүү нь гараараа цохисон” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 2021 оны 02 сарын 03-ны өдрийн 80 дугаартай “Т.Э-н биед доод уруулын дотор салстад язарсан шарх, доод уруулд урагдсан шарх, дээд уруулын үүдэн шүдний сулрал гэмтэл учирчээ. 2. Учирсан гэмтэл нь мохоо үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд Б.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ асгасан пивон дээрээ хальтарч унасан гэж үл ялих зүйлээр хохирогч Т.Э-н нүүр рүү өшиглөж түүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан  хохирогчийн нүүрэнд өшиглөж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Б.Б-н, хохирогч Т.Э-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Б.Б-н зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Б.Б-н үйлдлийн улмаас хохирогч Т.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Э “Одоо миний биед ил харагдах шарх сорви ямар нэг зовуурь байхгүй. Б надаас уучлалт гуйсан, надад Б-д гаргах гомдол байхгүй ”/хх-7-9/ гэж хэрэгт мэдүүлсэн бөгөөд өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой тодорхой тооцоотой нэхэмжлэл, нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаагүй байна. Иймд шүүгдэгч Б.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Харин хохирогч Т.Э нь дээрх гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Б.Б-н үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч гомдолгүй гэсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.

Б.Б-н зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй ” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ТО овогт Б-н Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Б.Б нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч Б.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Э гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг буюу цаашид гарах эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        С.НАСАНБУЯН