| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0041/Э |
| Дугаар | 37 |
| Огноо | 2021-02-23 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 02 сарын 23 өдөр
Дугаар 37
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,
Шүүгдэгч М.Г,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн М.Г-д холбогдох 2130000000045 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19.... оны .... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, , бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., эхийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын ............... тоотод оршин суух хаягтай, урьд 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолоор эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдсэн, М.Г /рд:............../;
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч М.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 26-аас 27-ны шилжих шөнө Сүхбаатар аймгийн БУ сумын нутаг дэвсгэр Ж хотхоны ............ тоот оршин суух иргэн П.Г-н гэрийн хаалганы үүдэнд гутлын шүүгээндээ хийсэн байсан гутал, шүүгээн дээр тавьсан цүнхтэй хувцсыг хулгайлж бусдад 476.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч М.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн эд зүйлүүдийг аваад гэр рүүгээ явсан. Цүнхэнд нэг гутал, гар чийдэн, цасны өмд, хөнжил байсан. Ноосон цамц байгаагүй. Маргааш нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
- Яллагдагч М.Г-н: Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 19 цагийн үед гэртээ ганцаараа 2.5 литрийн Н нэртэй пивыг уусан. Уусан пивондоо согтоод гэрээсээ гарч гадуур шил сав цуглуулах зорилгоор гараад тус аймгийн төвд байх Ж-т хотхоны ............ тоот хаалганы үүдэнд гутлын шүүгээний хажууд байсан эрэгтэй хүний хос гутал нэг ширхэг, шүүгээн дээр тавьсан цүнхтэй хувцсыг аваад гэр рүүгээ явсан. Би тухайн үед эдгээр зүйлсийг гэрийнхээ үүдэнд тавьсан байсан болохоор хаях гэж байгаа юм байх гэж бодоод эдгээр эд зүйлсийг ямар нэгэн хүнд хэлэхгүйгээр гэр рүү гээ аваад явсан. Гэртээ ирээд цүнхтэй хувцсыг онгойлгож үзэхэд нэг ширхэг ор хөнжлийн давуу хуучин, зузаан цасны өмд хуучин, гар чийдэн хуучин тухайн цүнх нь хуучин гэхдээ уригдаж ханзарсан зүйл байхгүй байсан. Мөн эрэгтэй хүний хос 1 ширхэг гутал нь хуучин байсан. Маргааш нь буюу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны орой 18 цагийн үед тус аймгийн төвд ГТ-ы хогийн цэг дээрээс хог түүж байгаад цагдаагийн албан хаагчдад баригдсан. Тэгээд би тухайн айлын гаднаас эд зүйлсийг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн. Би тухайн үед согтуу байсан учраас тухайн хүмүүст хэлж мэдэгдээгүй. Надад бусдын эд зүйлсийг захиран зарцуулах эрх байхгүй. Би өөрийн хэрэгцээндээ хэрэглэх гээд авсан. Би тухайн үед ганцаараа явж байсан. Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна ” гэх мэдүүлэг /хх-35-36/
-Хохирогч П.Г-н: Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 22 цагийн үед өөрийн гэр болох Сүхбаатар аймгийн БУ сумын 7 дугаар баг Ж хотхоны ........... тоотод хаалганы гадна орцонд өөрийн өмсөж байсан гутлаа тайлаад тавьсан юм. Маргааш өглөө нь 11 цагийн үед гэрээсээ гараад явах гэтэл гутал маань байхгүй, гутлын шүүгээн дээр байсан манай гэрийнхний гадуур өмд хувцас зэргийг хийсэн байсан том хар цүнхтэй хувцаснууд цуг алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Манайх энэ өвчний үед гэртээ гадуур өмссөн гутал хувцсаа гэртээ оруулахгүйгээр гэрийн үүдэнд байдаг хувцасны шүүгээндээ хийж үлдээдэг юм. Миний алдагдсан гэх гутал нь хүрэн бор өнгөтэй арзгар зузаан ултай хамар дээгүүрээ ил оёдолтой богино түрийтэй Германы Lioyd брэндийн 2020 оны 03 дугаар сард Улаанбаатар хотоос 780.000 төгрөгөөр авч байсан. Уг цүнхэн дотор нэг ширхэг ор хөнжлийн давуу, хуучин зузаан цасны өмд хуучин, гар чийдэн хуучин цүнх нь хуучин гэхдээ урагдаж ханзарсан зүйл байхгүй байсан. Миний эд зүйлийг цагдаагийн байгууллага олсон талаар хэлж би алдагдсан эд зүйлээ бүрэн бүтэн хүлээж авсан ” гэх мэдүүлэг /хх-5/
- Гэрч Б.А-н: БУ сумын ......... багт байх Ж хотхоны ............тоот айлын үүднээс гутал, хувцас алга болсон гэж манай байрны хяналтын камерыг шалгуулахаар оршин суугч П.Г нь хандсаны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд би өөрөө хяналтын камерын кодоо хийгээд бичлэгийг шалгахад 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04 цагийн үед тухайн байрны 02 дугаар орцонд нь үл таних хүн орж ирээд дээшээ гарч байгаа харагдсан. Тэгээд бууж ирэхдээ том хар цүнхтэй эд зүйлс бариад бууж ирэхдээ 1 давхрын 10 тоот айлын хаалгыг нь татаж үзэж байгаа харагдсан. Харин нөгөө айл нь хаалгаа түгжсэн байсан бололтой онгойгоогүй юм. Миний харсан зүйл бол энэ л байна. Би тэр хүнийг танихгүй юм байна лээ. Тэр хүн дээгүүрээ өнгө нь үл мэдэгдэх нэлээд муудсан куртиктай, түрийтэй хар өнгийн бололтой гуталтай, хар өнгийн ноосон малгайтай, сахалтай эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх-14-17/
- Ашид билгүүн ХХК-ын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮС-21/023 дугаартай шинжээчийн дүгнэлт буюу үнэлгээ /хх-20-24/
-М.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37/
-Сүхбаатар аймгийн БУ сумын 4 дүгээр багийн Засаг даргын 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 4/73 дугаартай тодорхойлолт /хх-38/
-М.Г-н ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/
-Сүхбатаар аймаг дахь сум дундын шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 52 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-47-49/
-М.Г-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлт /хх-50/
-Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын санал /хх-53/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч М.Г нь 2021 оны 01 дүгээр сарын 27-ны шөнийн 04.00 цагийн орчимд Сүхбаатар аймгийн БУ сумын 7 дугаар багийн Ж хотхоны ............ тоот оршин суух иргэн П.Г-н гэрийн хаалганы үүдэн дэх гутлын шүүгээнээс нэг хос гутал, шүүгээн дээр тавьсан цүнхтэй хувцсыг хулгайлж 476.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч М.Г-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Тухайн эд зүйлүүдийг аваад гэр рүүгээ явсан. Цүнхэнд нэг гутал, гар чийдэн, цасны өмд, хөнжил байсан. Ноосон цамц байгаагүй. Маргааш нь буцааж өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх,
хохирогч П.Г-н “...Би 2021 оны 01 дүгээр сарын 26-ны орой 22 цаг өнгөрөөгөөд өөрийн гэр БУ сумын 7 дугаар баг Ж хотхоны ............ тоотод хаалганы гадна орцонд гутлаа тайлаад тавьсан юм. Өглөө нь явах гэтэл гутал маань байхгүй, гутлын шүүгээн дээр байсан манай гэрийнхний гадуур өмд хувцас зэргийг хийсэн байсан том хар цүнхтэй хувцаснууд цуг алга болсон байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан ” гэх,
гэрч Б.А-н “...БУ сумын 7 дугаар багийн Ж хотхоны .............. тоот айлын үүднээс гутал, хувцас алга болсон гэж манай байрны хяналтын камерыг шалгуулахаар оршин суугч П.Г нь хандсаны дагуу 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 12 цаг өнгөрөөгөөд хяналтын камерын бичлэгийг шалгахад 01 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 04 цагийн үед тухайн байрны 02 дугаар орцонд нь үл таних хүн орж ирээд дээшээ гарч байгаа харагдсан тэгээд бууж ирэхдээ том хар цүнхтэй эд зүйлс бариад бууж ирсэн байсан. Би тэр хүнийг танихгүй юм байна лээ. Тэр хүн дээгүүрээ өнгө нь үл мэдэгдэх нэлээд муудсан куртиктай, түрийтэй хар өнгийн бололтой гуталтай, хар өнгийн ноосон малгайтай, сахалтай эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлгүүд,
Ашид билгүүн ХХК-ын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮС-21/023 дугаартай “...гутал 257000 төгрөг, цасны өмд 66000 төгрөг, ор хөнжлийн даавуу 33000 төгрөг, гар чийдэн 20000 төгрөг, спорт цүнх 100000 төгрөг, нийт 476000 төгрөг” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд шүүгдэгч М.Г нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээг хангах зорилгоор иргэн П.Г-н эд зүйлийг орцноос нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан хийгээд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч М.Г-н, хохирогч П.Г-н эд зүйлийг хулгайлж авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн хохирлын үнэлгээг Ашид билгүүн ХХК-ын 2021 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ТХҮС-21/023 дугаартай “...гутал 257000 төгрөг, цасны өмд 66000 төгрөг, ор хөнжлийн даавуу 33000 төгрөг, гар чийдэн 20000 төгрөг, спорт цүнх 100000 төгрөг, нийт 476000 төгрөг” гэж тогтоосон бөгөөд дээрх үнэлгээний талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй байна.
Хохирогч П.Г-д учирсан нийт 476.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн буюу буцаан олгогдсон тул шүүгдэгч М.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч М.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй болно
Шүүгдэгч М.Г-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба тэдгээрийн холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч М.Г-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэдгээр нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирол буцаан олгогдож, бүрэн нөхөн төлсөн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч М.Г-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах”, 2.5 ” оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.
Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М.Г-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Г-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч М.Г-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах”, 2.5 “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.
4.Шүүхийн шатанд шүүгдэгч М.Г-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч М.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч М.Г бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Э-т учирсан 476.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН