| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0055/Э |
| Дугаар | 49 |
| Огноо | 2021-03-03 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 03 өдөр
Дугаар 49
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
улсын яллагч Д.Хорлоо,
шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х,
шүүгдэгч Х.Б
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000000032 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл ..., эхнэр, .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар .............../,
Монгол овгийн Хүрэлтогтохын Б
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын.... дугаар баг ................ тоотод оршин суух иргэн Б.Б-н гэрт нь хууль бусаар нэвтрэн орж, дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр хөдөөнөөс ирээд Ч гэдэг найзтайгаа орой уулзахаар болсон. Замаараа аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-аар орж эмнэлгээс дугаарыг нь асуусан. Ч-н утас нь холбогдохгүй байсан. Тухайн үед согтуу байсан. Тухайн айл руу андуурч орсон байсан. Б гэх айлын хаалгыг угз татаж орсон. Тухайн үед хаалгандаа хайч хавчуулсан байсныг мэдээгүй. Тэгээд андуурч орсноо мэдээд гарсан. Маргааш юу болсон талаараа мэдээгүй...гэв.
- Яллагдагч Х.Б-н: Би Ч гэдэг хүнтэй уулзахаар явсан. Замаараа аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-аар орж эмнэлгээс дугаарыг нь асуусан. Надад эмнэлгээс Ч-н ......... гэсэн дугаар өгсөн. “Энэ дугаар нь холбогдохгүй байгаа юм, гэр нь хаана байдаг юм бол “ гэж тухайн үед гарч байсан эмнэлгийн ажилтнаас нь асуухад ажилтныхаа гэр орны хаягийг өгдөггүй гэсэн. Би тэр ажилтанд “хотод хамт ажиллаж байсан найз нь байгаа юм “ гэхэд надад “ хойно ногоон хашааны урдуур байдаг сонссон “ гэхээр нь ногоон хашааны урдуур явж байгаад сигналдсан, нэг хүн гарч ирсэн. Тэр хүнээс Ч гэдэг байдаг уу гэж асуусан тэр хүн байхгүй гэсэн. Уг айлаас нилээн баруун тийшээ явж байгаад дахиад нэг айл руу очсон. Гэр нь гэрэлтэй байхаар нь гэр лүү нь орсон, гэрт 2 хүүхэд байсан. Тэр 2 хүүхдээс “ Ч эгч чинь байна уу “ гэж асуусан, надад тэр хүүхэд эгч эмээгийнд байгаа гэж хэлсэн. Утас нь холбогдохгүй байна утсаар яриулаад өгөөч гэсэн чинь тэр хүүхэд надад өөрийнхөө утсыг залгаад надад өгсөн. Би тэр утсаар нь тэр хүүхэдтэй яриад, байгаа газрыг нь заалгаад явж очсон. Очоод гадаа нь зогссон, гарч ирсэн. Миний арын суудалд суух гэхээр нь урд суучих гээд суулгасан. Би машинд суухаар нь “ за юу байна “гэсэн чинь тэр хүүхэд “та юу гэсэн юм бэ, юу гэж намайг дуудаад байгаа юм бэ “ гэсэн. Би тэр хүүхдийг эхлээд танихгүй, тэгээд хараад “ өө ах нь хүн андуурчихсан байна ш дээ “ гэсэн чинь тэр хүүхэд “ та цагдаа байна ш дээ “ гэж надад хэлсэн. Би тэр хүүхдийг таниад “чи нэрээ Т-тэй холбогддог хүүхэд мөн үү “ гэж хэлсэн чинь тэр хүүхэд “ тийм ээ та надаар яах гээд байгаа юм “ гэхээр нь тэр хүүхдэд “ хүн андуурч ирсэн байна “ гэж хэлсэн. Тэр хүүхэд “ та манайхаар орсон юм уу “ гэхээр нь “ Ч гэдэг хүн асуугаад танайхаар орсон юм аа “ гэсэн. Тэгсэн тэр хүүхэд “ манай 2 дүү 2-лаа байна уу, ээж байхгүй байна уу “ гэж надаас асуухад нь” ээж чинь байхгүй байна лээ, 2 дүү чинь гэртээ 2-лаа байна лээ “ гэсэн чинь тэр хүүхэд “ та намайг гэрт буулгаад өгчих “ гэж надад хэлсэн. Тэгээд гэр лүү нь хүргэхэд тэр хүүхэд шууд буугаад гэр лүүгээ орсон. Би хөдөлж яваад утсаа тэмтэрсэн чинь байхгүй болохоор нь машиндаа үзсэн. Тэр хүүхдийг аваад буучихлаа гэж бодоод ахиж гэр лүү нь очсон. Гэрт нь ороод тэр хүүхдийг “ та миний утсыг авсан юм уу ” гэсэн чинь тэр хүүхэд “ аваагүй, та миний хувцас үз, би шууд таны машинаас буугаад ирсэн “ гэж хэлсэн. Энэ үед ээж нь гэртээ ирчихсэн байсан. Ээж нь “ чи цагдаа юм уу, яах гээд хүүхэд айлгаж ичээгээд байгаа юм бэ, юу гэж чиний утсыг юу гэж авах юм бэ “ гэсэн. Тэгээд өөр юм яриагүй гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-54-56/
- Хохирогч Б.Б-н: Би цагдаагийн байгууллагад 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр анх хандсан. Тэгээд болсон асуудлын талаар гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр нь ярьсан, одоо намайг энэ хэрэгт хохирогчоор оролцуулж байгаа гэдгийг ойлголоо. Урьд нь болсон асуудлыг үнэн зөв зөвөөр нь ярьсан. Тэр шөнө тэр Б гэдэг залуу хоёр ч удаа манай гэрийн хаалгыг угзарсаар байгаад галын хайчийг ингэж мурийлгаад хаалга онгойлгож орж ирсэн. Хаалга хүчтэй угзарснаас гэрийн хаалганы модны будаг халцарч, төмөр бариул нь бага зэрэг хонхойсон. Мөн галын хайч ингээд мурийчихсан байгаа юм. Хаалга балбаад угзраад байсан. Би “ хэн бэ “ гэж асуусан боловч хариулахгүй байсан. Тэгээд хаалга угзарч байгаад гэрт шууд л ороод ирсэн. Манай баруун, зүүн хашаанд Ч гэдэг хүн байхгүй, ардуур урдуур тийм хүн байдаг эсэхийг хэлж мэдэхгүй байна. Тэгж ердөө асуугаагүй ээ, орж ирээд л М хаана байна гэж асуусан, мөн манай бага охин М-с хүртэл эгч чинь хаана байна гэж асуусан. Тэгээд би гар утасныхаа гэрлийг асаачхаад дэрнийхээ хажууд тавьчихсан байсан чинь миний гар утсыг аваад гараад явчихсан. Тийм ээ, эгч чинь хаана байна гэж манай охиноос асуусан, би тэгээд яах гэж асуусан. Тэгээд би эмээтэйгээ байдаг хүүхэд ш дээ гэж хэлсэн. Нэлээн согтуу байсан. Энэ асуудал хуулийнхаа дагуу шийдэгдэх байх, харин надад бол тэр Б гэдэг залуугаас нэхэмжлэх зүйл байхгүй ээ, гомдол санал ч алга аа” гэх мэдүүлэг /хх-9-10/
- Насанд хүрээгүй хохирогч Н.М-н: Шөнө унтаж байтал ээжийн утаснаас дуудлага ирсэн, ээж шөнө залгахаар нь гайхаад утсаа авсан чинь эрэгтэй хүн байсан. Тэгээд тэр хүн утсаар “Би багийн чинь даргатай хамт ирсэн хэсгийн байцаагч байна гэж хэлсэн. Намайг хэрэгт холбогдсон гэх утгатай зүйл яриад байсан. Би эмээдээ утсаа өгч яриулсан. Эмээгээр гэрийнх нь хаягийг заалгаад удалгүй машинтай ирсэн. Эмээ тэр хүнд манай охиныг хүргэж ирээрэй гэхэд тэр ах гэрт нь хоёр дүү нь байна лээ гэрт нь хүргэж өгнө гэж хэлж байсан. Машинд суухад машинаас архи үнэртэж байсан. Б гэдэг ах архи уусан, нэлээн согтуу байсан. Тэгээд ээжийн урд талын гудамжинд ирж зогсоод өөрөө түрүүлээд машинаасаа буусан. Тэгээд намайг буугаад ир гэхээр нь би буусан. Б ах шууд тэнд шээчихээр нь би санаа зодоод арай зайдуу зогссон. Шээж байхдаа надад “тэр цэргийн пяздакууд шиг чинь бэлгэвч углаад шууд дарж аваад байхгүй” гэж хэлсэн. Би айгаад уйлаад зугтаачихсан. Би энэ хооронд ээжийн хашаа руу гүйж ороод хашааных нь том хаалгыг хаагаад гэр лүү орсон. Тэгээд би ээжийн араар ороод хэвтэж байсан чинь хашааны том хаалга нээж байгаа чимээ гарсан. Тэгээд манай хашаанд машин орж ирсэн. Тэр машины дуу нь Б гэдэг ахын унаж явсан машиных нь дуутай адилхан байсан. Тэгээд гэрт тулж зогсоод манай гэрийн хаалгыг хүчтэй угзарч байгаад гэрт орж ирсэн. Орж ирээд намайг гар утас аваад буучихлаа гэж худлаа хэлсэн. Би тэр ахын гар утсыг аваагүй гэдгээ ч хэлсэн. Тэгээд цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /хх-24-26/
- Насанд хүрээгүй гэрч Н.М-н: Өнгөрсөн 2 дахь өдрийн шөнө гэртээ унтаж байтал гэнэт гэрт хүн орж ирээд би сэрсэн. Намайг сэрэхэд ээж гар утасныхаа гэрлийг асаачихсан байсан, гэрт нэг согтуу ах хаалга түгжсэн байсан галын хайчийг мурийлгаад ороод ирчихсэн байсан. Ээж бид хоёроос М хаана байна гээд асуугаад байсан. Би тэр ахад “эмээгийнд байгаа “ гэж хэлсэн.Манай ээж ч гэсэн эмээгийнд байгаа гэж хэлсэн. Тэгсэн тэр ах манай ээжийн гар утсыг нь дэрнийх нь хажуугаас аваад гараад явсан. Тэр ах манай эгчийг өмнө нь хэрэгт орсон, бас өөрийгөө хэсгийн байцаагч гэж хэлж байсан. Тэр ах гарч яваад хэсэг хугацааны дараа манай эгч гэрийн гадаа ирээд хаалга хурдан нээгээрэй гээд балбаад байсан, гэрт орж ирэхдээ аймар айчихсан байсан. Удалгүй хашааны том хаалга дуугараад машин хашаанд орж ирсэн.Тэгээд мөн манай гэрийн хаалгыг ахиж татаад галын хайчийг нь бүр аймар мурийлгаад гэрт ороод ирсэн. Гэрт орж ирээд эгчийг гар утас хулгайлсан гээд байсан. Эгч цагдаа дуудсан чинь тэр ах гараад явсан” гэх мэдүүлэг /хх-29/
- Гэрч М.И-н: Шөнө хүн залгахаар нь ач охиныхоо утсыг аваад ярьтал өөдөөс нэг залуу “ би танай багийн хэсгийн байцаагч байна, охин чинь хэрэгт холбогдсон, өөрөө мэдэж байгаа, хүүхдээ гаргачих “ гэж надад хэлсэн. Тэгээд би тэр залууд чи тэгвэл манай охиныг хүргээд өгөөрэй гэсэн чинь гэрт нь хүргэж өгнө гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-32/
- Гэрч Б.С-н: 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр цагдаагийн газрын мэдээлэл хүлээн авагч цагдаагаар томилогдон 24 цагаар жижүүрийн үүрэг гүйцэтгэсэн. Шөнө буюу 05 цаг 10 минутанд ............ дугаарын утаснаас хүүхэд бололтой эмэгтэй хүн залгаад “ манай хаалгыг танихгүй хүн хаалга нээ гээд хаалга тогшоод, тэгээд манай хаалгыг мулт татчихлаа “ гэсэн дуудлага өгсөн. Тухайн дуудлага өгсөн хүүхдээс нөгөө хүнээ таних эсэхийг нь асуухад “ танихгүй ээ, гэхдээ өмнө нэг харж байсан, өөрийгөө байцаагч “ гээд байсан, манай галын хайчийг ийм болгочихсон гээд галын хайчаа харуулсан. Галын хайч нь мурийчихсан байдалтай байсан. Надад хэлэхдээ галын хайчаараа хаалгаа чагталсан байсан чинь тэрийг мулт татаад орж ирсэн гэж хэлсэн. Тэгээд гудамжаар явж байтал жижүүрийн ............ дугаарын утас руу нэг Жи мобайлын утаснаас дуудлага ирсэн.Аваад ярьтал манайд хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Б байсан. Б надаас “ яасан, чи сая очсон юм уу, би сая хүргэж өгөөд “ гэхээр нь би “жоохон охин байна ш дээ, хүргэж өгсөн охин чинь дуудлага өгөөд байна ш дээ “ гэж хэлээд салгасан...гэх мэдүүлэг /хх-35-36/
- Гэрч Г.Г-н: 2021 оны 01 дүгээр сарын 19-нөөс 2021 оны 01 дүгээр сарын 20-нд шилжих шөнө эмнэлэгт жижүүртэй хоносон. Тухайн шөнийн 01-02 цагийн үед байх гаднаас үл таних залуу орж ирээд манай эмнэлгийн их эмч Ч-н найз нь байна, та Ч эмчийн дугаарыг өгөөч гэхээр нь “та манайд орж ирсэн бол биений халуунаа үзүүлэх ёстой” гэж хэлээд халууныг нь үзээд бүртгэлд бүртгэж авсан.Тэгээд эмнэлгийн эмч ажилчдын утасны жагсаалтаас Ч эмчийн дугаарыг нь хараад хэлэхэд үл таних хүн наад дугаар чинь надад байна, утас нь холбогдохгүй байна гэж хэлэхээр нь үүнээс өөр дугаар байхгүй гэхэд тухайн хүн гараад явсан. Тухайн хүн нь бага зэргийн халамцуу байсан...гэх мэдүүлэг /хх-43/
- Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021 оны 02 сарын 01-ний өдрийн 3/34 дугаартай тодорхойлолт /хх-59/
- Цагдаагийн Ерөнхий газрын хүний нөөцийн хэлтсээс 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ирүүлсэн Мэдэгдэх хуудас/хх-66/
- Хохирогч Б.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-87/
- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 02 сарын 16-ны өдрийн 26 дугаартай санал /хх-89/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 20-ны шөнийн 04 цагийн орчимд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ....дугаар баг .............. тоотод оршин суух иргэн Б.Б-н гэрт нь хууль бусаар нэвтрэн орж, дураараа авирласан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд мэдүүлсэн “ Тухайн үед согтуу байсан. Уг айл руу андуурч орсон байсан. Б гэх айлын хаалгыг угз татаж орсон. Тухайн үед хаалгандаа хайч хавчуулсан байсныг мэдээгүй. Тэгээд андуурч орсноо мэдээд гарсан. Маргааш юу болсон талаараа мэдээгүй ” гэх,
хохирогч Б.Б-н “ тэр шөнө тэр Б гэдэг залуу хоёр ч удаа манай гэрийн хаалгыг угзарсаар байгаад галын хайчийг ингэж мурийлгаад хаалга онгойлгож орж ирсэн. Хаалга хүчтэй угзарснаас гэрийн хаалганы модны будаг халцарч, төмөр бариул нь бага зэрэг хонхойсон. Мөн галын хайч ингээд мурийчихсан байгаа юм. Хаалга балбаад угзраад байсан, би хэн бэ гэж асуусан боловч хариулахгүй байсан. Тэгээд хаалга угзарч байгаад гэрт шууд л ороод ирсэн. Тэгээд би гар утасныхаа гэрлийг асаачхаад дэрнийхээ хажууд тавьчихсан байсан чинь миний гар утсыг аваад гараад явчихсан. Нэлээн согтуу байсан” гэх,
насанд хүрээгүй хохирогч Н.М-н “ Би ээжийн хашаа руу гүйж ороод хашааных нь том хаалгыг хаагаад гэр лүү орсон. Тэгээд би ээжийн араар ороод хэвтэж байсан чинь хашааны том хаалга нээж байгаа чимээ гарсан. Тэгээд манай хашаанд машин орж ирээд гэрт тулж зогсоод манай гэрийн хаалгыг хүчтэй угзарч байгаад гэрт орж ирсэн. Орж ирээд намайг гар утас аваад буучихлаа гэж худлаа хэлсэн ” гэх,
насанд хүрээгүй гэрч Н.М-н “ ... Өнгөрсөн 2 дахь өдрийн шөнө гэртээ унтаж байтал цагийг хэлж мэдэхгүй байна, гэнэт гэрт хүн орж ирээд би сэрсэн. Намайг сэрэхэд ээж гар утасныхаа гэрлийг асаачихсан байсан, гэрт нэг согтуу ах хаалга түгжсэн байсан галын хайчийг мурийлгаад ороод ирчихсэн байсан. Тэгсэн тэр ах манай ээжийн гар утсыг нь дэрнийх нь хажуугаас аваад гараад явсан.” гэх,
гэрч Б.С-н “ 2021 оны 01 дүгээр сарын 20-ний шөнийн 05 цаг 10 минутанд ............ дугаарын утаснаас хүүхэд бололтой эмэгтэй хүн залгаад манай хаалгыг танихгүй хүн хаалга нээ гээд хаалга тогшоод, тэгээд манай хаалгыг мулт татчихлаа гэсэн дуудлага өгсөн. Манай галын хайчийг ийм болгочихсон гээд галын хайчаа харуулан. Галын хайч нь мурийчихсан байдалтай байсан, надад хэлэхдээ галын хайчаараа хаалгаа чагталсан байсан чинь тэрийг мулт татаад орж ирсэн гэж хэлсэн. Жижүүрийн ............ дугаарын утас руу нэг жи мобайлын утаснаас дуудлага ирэхээр нь ярьтал манайд хэсгийн байцаагчаар ажиллаж байсан Б яриад “ надаас яасан чи сая очсон юм уу, би сая хүргэж өгөөд “ гэхээр нь би жоохон охин байна ш дээ, хүргэж өгсөн охин чинь дуудлага өгөөд байна ш дээ гэж хэлээд салгасан” гэх мэдүүлгүүд, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн дээрх баримтыг үндэслэвэл, шүүгдэгч Х.Б нь шөнийн цагаар иргэн Б.Б-н гэрийн хаалгыг балбаж, галын хайчаар чагталсан хаалгыг хүчээр татаж нээж гэрт нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрч дураараа авирласан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хууль бусаар халдаж болохгүй буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж мэдсээр атлаа согтуурсны улмаас айлын гэрийн галын хайчаар чагталсан хаалгыг хүчээр татаж нээж гэрт нь зөвшөөрөлгүйгээр нэвтэрчээ.
Тодруулбал, монгол гэр нь орон байрт хамаарахыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн тайлбарт “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно гэж тодорхойлжээ.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр түүний амьдарч буй байранд нэвтрэн орсноор тухайн гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.Б-н, иргэн Б.Б-н гэрийн галын хайчаар чагталсан хаалгыг хүчээр татаж нээж гэрт нь нэвтэрсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд хууль бусаар халдаж дураараа авирласан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Х.Б-н үйлдлийн улмаас хохирогч Б.Б-н галын хайч мурийж, хаалганы модны будаг халцарч, төмөр бариул хонхойсон хохирол учирсан бөгөөд тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа хэрэгт мэдүүлжээ /хх- 87/.
Иймд шүүгдэгч Х.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Прокуророос Х.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Х.Б-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн, хохирогч “ нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй “ гэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд Х.Б-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана ” гэжээ.
Шүүгдэгч Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.Б-г оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Х.Б нь шүүхээс оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Х.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Б гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН