Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 10 өдөр

Дугаар 646

 

 

 

 

 

 

                                                                                                

                                                                                                                                                                                                                                                                                                                                                      

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                             

М.Н-ид холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, шүүгч Д.Очмандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор А.Нямсүрэн,

шүүгдэгч М.Н-, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж,

нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулж,

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Н-ийн гаргасан давж заалдах гомдлоор М.Н-ид холбогдох 1711009470342 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Очмандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

М.Н, 19хх оны хх дүгээр сарын хх-нд төрсөн, хх настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ххх тоотод түр оршин суух бүртгэлтэй,

Архангай аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 45 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.3, 148 дугаар зүйлийн 148.2, 261 дүгээр зүйлийн 261.2 дахь хэсэгт зааснаар 50,000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

 

М.Н- нь хх тоотод С.У-ын нүүрсийг харж оршин суудаг байхдаа буюу 2017 оны 9 дүгээр сарын дундуур нүүрс авчруулахаар итгэмжлэн өгсөн 1,575,000 төгрөгийг болон 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хашаанд байсан нүүрснээс 500,000 төгрөгийн нүүрсийг бусдад зарж тус тус завшсан,

2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хх гэх газарт оршин суух иргэн С.Д-ийн гэрээс хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, мөнгөн тоногтой хуучны хэт хутга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан,

2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Н.Ш-ийн эзэмшлийн цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл, “самсунг нөүт 2” загварын гар утас зэргийг хуурч залилан авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: М.Н-ид холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдыг хуурч эд хөрөнгийг залилан авсан,

мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, М.Н-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н-ийн үйлдсэн гэмт хэрэг тус бүрт оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, М.Н-ид оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Н-ийн энэ хэрэгт цагдан хоригдсон 118 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Н-оос нийт 3,350,000 төгрөг гаргуулан хохирогч С.Д-д 2,900,000 төгрөгийг, хохирогч Н.Ш-т 100,000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Б-т 350,000 төгрөгийг тус тус олгож, М.Н- нь хохирогч Т.У-д төлөх төлбөргүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч М.Н- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шийтгэх тогтоолд мөрдөн шалгах ажиллагаа хангалтгүй явагдсан. Энэ гэмт хэргийг үйлдэж байх хугацаанд 2017 оны 10 дугаар сарын 24-нд Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтэст дээр тус дүүргийн 20 дугаар хороонд хулгай хийсэн үйлдлээр шалгагдаж байгаа. Энэ хулгайн хэрэг нь миний хурууны хээгээр нотлогдож байгаа болохоор 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд дээр хийсэн гэмт хэргээ нэгтгэж шийдвэрлүүлэх хүсэлттэй байна гэж хэлсэн. Одоо дахин шүүх хуралдаанаар орж яллагдах гэж байгаа учраас миний эрх зүйн байдал дордож байна. Дээрх шалгагдаж байгаа хэргээ тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөн байцаагчид хэлэхэд чи энэ хэргээ эхлээд шийдүүл, дараа нь наад хэргээ шийдүүл гээд авч хэлэлцээгүй. Дээрх хэрэг дээр Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэс дээрх шалгагдаж байгаа гэсэн албан бичиг анхан шатны шүүх дээр очсон. Иймд хэргийг нэмж нэгтгэж өгнө үү. Хохирогч Н.Ш-т 100,000 төгрөгийн хохиролтой байна гэсэн. Намайг цагдан хоригдож байх хугацаанд Төв аймгийн Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч, хохирогч Н.Шинэчимэг хоёр иргэний нэхэмжлэгч Б.Б-т өгөх гэж байгаа гээд манай эхнэрийн эгч А-ээс 250,000 төгрөгийг бэлнээр аваад иргэний нэхэмжлэгч Б.Батбаярт өгөөгүй байсан. Тухайн үед хохирогчид өгсөн гэж ойлгосон. Энэ хэрэг дээр мөрдөн байцаах ажиллагаа дутуу явагдсан байна. Баянхангай сумын хэсгийн төлөөлөгч 250,000 төгрөгийг авсан эсхүл хохирогч Н.Ш-т утасны оронд энэ мөнгийг авсан мөртлөө 100,000 төгрөг нэхэмжилж байна. Үүнийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Миний бие хэргээ хүлээж, бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж байгаа. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үлдэгдэл хохирлоо төлж барагдуулах болно. Хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллага болгож өгнө үү...” гэв.

 

Шүүгдэгч М.Н-ийн өмгөөлөгч Д.Пүрэвдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүгдэгч М.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирлын ихэнх хэсгийг төлсөн зэрэг байдлыг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн, хорих ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллага болгож өгнө үү...” гэв.

 

Прокурор А.Нямсүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүх шүүгдэгчийн учруулсан хохирол, үйлдсэн хэрэгт тохирсон ял оногдуулсан гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх М.Н-ид холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Анхан шатны шүүх хэргийг эцэслэн хянан шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасанд нийцжээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

М.Н- нь:

1. хх тоотод С.У-ын нүүрсийг харж оршин суудаг байхдаа буюу 2017 оны 9 дүгээр сарын дундуур нүүрс авчруулахаар итгэмжлэн өгсөн 1,575,000 төгрөгийг болон 2017 оны 10 дугаар сарын 8-ны өдөр хашаанд байсан нүүрснээс 500,000 төгрөгийн нүүрсийг бусдад зарж тус тус завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Т.У /1-р хх-ийн 15-18 тал/, гэрч Г.Т /1-р хх-ийн 21-22 тал/, гэрч М.З /1-р хх-ийн 26-28 тал/, Б.А /1-р хх-ийн 23-24 тал/ нарын мэдүүлэг, дансны хуулга /1-р хх-ийн 79-80 тал/ зэргээр,

 

2. 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр ххх газарт оршин суух иргэн С.Д-ийн гэрээс хурган дотортой дээл 2 ширхэг, мөнгөн цөгц 2 ширхэг, мөнгөн тоногтой хуучны хэт хутга зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 2,900,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч С.Д /1-р хх-ийн 102-103 тал/, гэрч Д.Б /1-р хх-ийн 104-106 тал/, гэрч Б.А /1-р хх-ийн 110-111 тал/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 125 тал/ зэргээр,

 

3. 2017 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хх Н.Ш-ийн эзэмшлийн цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл, “самсунг нөүт 2” загварын гар утас зэргийг хуурч залилан авч 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Н.Ш /1-р хх-ийн 142-143 тал/, гэрч Б.Б /1-р хх-ийн 149 тал/, иргэний нэхэмжлэгч Б.Б /1-р хх-ийн 155-156 тал/ нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /1-р хх-ийн 158 тал/ зэрэг анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Шүүгдэгч М.Н-ийн:

- иргэн Г.Т хашаан дахь эд зүйлийг нь манаж, хашаанд нь амьдарч байхдаа хашаандаа буулгасан байсан нүүрснээс 500,000 төгрөгийн нүүрсийг бусдад зарсан, нүүрс ав гэж шилжүүлсэн 1,575,000 төгрөгийг нь тус тус завшсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэсэн гэмт хэргийн шинжийг,

- иргэн С.Д-ийн гэрээс 2,900,000 төгрөгийн үнэлгээ бүхий эд зүйлийг нь эзэнгүй байхад нь нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэсэн гэмт хэргийн шинжийг,

 - иргэн Н.Ш-ийн хүүд “...Атрын гуанз орчихоод ирье, фэйсбүүк ороодохьё...” гэж хуурч Н.Ш-ийн эзэмшлийн цагаан өнгийн Даюун маркийн мотоцикл, “самсунг нөүт 2” загварын гар утас зэргийг авч, 1,300,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хуурч, ...эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, ...өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан...” гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан гэж дүгнэн М.Н-ийг тус гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зүйлчлэл зөв байна. 

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.Н-ид оногдуулсан хорих ял, дэглэм зэрэг нь түүний үйлдсэн гэмт хэргийн хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруу, хувийн байдалд тохирсон байх тул М.Н-ийн давж заалдах гомдлын “...хохирлоо төлж барагдуулж байгаа, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа...” гэсэн үндэслэлээр дэглэмийг хөнгөрүүлэх боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

            Анхан шатны шүүхийн М.Н-оос гаргуулахаар заасан хохирлын хэмжээ зөв байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н-ийн гаргасан давж заалдах шатны гомдлыг хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 340 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Н-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                               

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    Д.ОЧМАНДАХ