Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2019 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 16

 

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ

БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор би даргалж хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Б.Т-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаан даргалагч М.К д холбогдуулан гаргасан,

Нэхэмжлэлийн шаардлага: Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдааны 08 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” 09 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Т , хариуцагч М.К , гуравдагч этгээд Ч.Н , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.М , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Д.Х , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Т  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч Б.Т би Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Наранхайрхан багаас сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон.

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар нэхэмжлэгч Б.Т  намайг төлөөлөгчдийн олонхийн саналаар тухайн хурлын даргаар сонгогдон өдийг хүртэл ажиллаж байна.

Гэтэл Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хурлын даргыг чөлөөлөх, сонгох эсэх асуудлыг хэлэлцэж, улмаар Б.Т намайг хурлын даргаас чөлөөлж, Ч.Н-г хурлын даргаас сонгосон 8, 9 дүгээр тогтоолууд гаргасныг дараах үндэслэлээр хууль бус гэж байна. Үүнд:

Нэг. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т зааснаар Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид нь “Хурлын хуралдааныг товлон зарлах, түүний бэлтгэлийг хангах, зохион байгуулалт, үйл ажиллагаатай холбогдсон санал, шийдвэрийн төсөл боловсруулах, хэлэлцэх” асуудлыг шийдвэрлэдэг.

Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 17 дугаар тогтоолоор сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит хуралдааныг 2019 оны 03 дугаар сарын 27-ны өдөр хуралдуулж, сумын Засаг даргаас өргөн мэдүүлсэн газар тариалангийн зориулалтаар газар эзэмшиж, ашиглахад хэрэгжүүлэх журам батлах тухай асуудлыг хэлэлцэхээр товлосон байсан.

Гэтэл Буянт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2019 оны 03 дугаар сарын 27- ны өдрийн ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтад багтаагүй хурлын зохион байгуулалтын асуудлыг хурлын төлөөлөгч О.Б  саналаар хэлэлцсэн нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-т заасныг зөрчсөн.

Хоёр. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Хурлын Тэргүүлэгчид, хороо, түүнчлэн төлөөлөгч, тухайн нэгжийн Засаг дарга асуудал санаачлан Хуралд хэлэлцүүлэхээр оруулах эрхтэй”, 24.3-т “Энэ хуулийн 24.1, 24.2-т заасан саналд холбогдох тооцоо, судалгаа, лавлагаа, гарах шийдвэрийн төслийг хавсаргаж хуралдаан болохоос нэг хоногийн өмнө хурлын төлөөлөгчид тараах бөгөөд энэ шаардлагыг хангаагүй асуудлыг хэлэлцэхгүй гэж заасныг зөрчсөн.

Гурав. Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.6-д Анхдугаар хуралдааныг шинээр сонгогдсон төлөөлөгчдийн насаар хамгийн ахмад нь, бусад хуралдааныг хурлын дарга, түүний эзгүйд хурлын даргын санал болгосноор тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд орсон төлөөлөгчдийн нэг нь нээж удирдана гэж заасныг тус тус зөрчсөн.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаан даргалагч М.К  шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Т-ы нэхэмжлэлтэй Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаан даргалагчид холбогдох захиргааны хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Ч.Нэргүй шүүхэд гаргасан хүсэлтдээ: Б.Т-ы нэхэмжлэлтэй М.К-д холбогдох захиргааны хэрэгт хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх нь миний эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй тул хүлээн зөвшөөрч байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Т  нь Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаан даргалагч М.К-д холбогдуулан Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдааны 08 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 09 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Тус хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдааны 08 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай” тогтоол, мөн өдрийн 09 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тус тус тогтоолыг хүчингүй болгох тухайгаа бичгээр илэрхийлсэн, мөн гуравдагч этгээд Ч.Н  нь хариуцагчийн хүлээн зөвшөөрснийг дэмжиж байгаагаа бичгээр илэрхийлэн маргаанаа дуусгавар болгож байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар Б.Т-ы Ховд аймгийн Буянт сумны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдаан даргалагч М.К-д холбогдуулан гаргасан “Ховд аймгийн Буянт сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2019 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн ээлжит бус хуралдааны 08 дугаар “Хурлын даргыг чөлөөлөх тухай”, 09 дүгээр “Хурлын даргыг сонгох тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Т-ы улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.СОНИНБОЛОР