Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2023/0305

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдаанаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0125 дугаар шийдвэрийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор хянан хэлэлцэв.

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн

Илтгэгч шүүгч С.Мөнхжаргал

 

Хэргийн оролцогчид: 

Нэхэмжлэгч “Г” ХХК

Хариуцагч Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.н Д.О нар

 

Шүүх хуралдааны оролцогчид:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б

Хариуцагч Л.н Д.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.М

 

Хэргийн индекс: 128/2022/0947/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0125 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: “Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, Зөрчлийн тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 2.1 дүгээр зүйлийн 1, 11.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.н Д.О нарт холбогдох Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Л.н Д.О нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-ХХХ тоот нөхөн ногдуулалтын актыг дахин шинэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлэн” шийдвэрлэжээ.

2. Нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Г дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: “Тус шүүхээс “Г” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Татварын газрын Татварын хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Л.н Д.О нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд татварын улсын байцаагч нарын 2022 оны 04 сарын 21-ний өдрийн НА-ХХХ тоот нөхөн ногдуулалтын актыг дахин шингэ акт гарах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн хувьд анхан шатны шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг буруу үнэлсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.

Нэгдүгээрт. 0125 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Шүүх хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хэргийн оролцогчдын тайлбар зэргийг үндэслэн дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ” гэжээ. Гэтэл анхан шатны шүүх хэргийг хэлэлцээд шийдвэр танилцуулахдаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дүгээр зүйлд зааснаар дахин шинэ акт гаргах хүртэл хугацаагаар түдгэлзүүллээ гэсэн боловч бичгээр гаргасан шийдвэртээ 106.3.14 дүгээр зүйлийг үндэслэсэн нь шийдвэр танилцуулах болон бичгээр гарсантайгаа зөрүүтэй байна.

Хоёрдугаарт. 0125 тоот шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсэгт “...Өөрөөр хэлбэл дээрх хуулийн этгээдүүдтэй барилгын ажил туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан, “АЦ” ХХК 636 363 636 төгрөгийн, “Х” ХХК-аас 454 545 454 төгрөгийн “Н” ХХК-аас 454 545 455 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварын баримтуудыг /худалдан авалтыг/ хий бичилт, эсхүл хий бичсэн байж болзошгүй талаар эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас шалгаж тогтоогоогүй, хяналт шалгалт явуулаагүй, танилцуулга зөвлөмж хүргүүлээгүй байхад дээрх хуулийн этгээдүүлийг өмнө нь хий бичилт хийж байсан гэх үндэслэлээр нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй байна” гэж дүгнэжээ. Гэтэл анхан шатны шүүх “АЦ” ХХК, “Х” ХХК-аас , “Н” ХХК-ийг шалгаж тогтоогоогүй, хяналт шалгалт явуулаагүй дээрх хуулийн этгээдүүдэд хариуцлага хүлээлгээгүй, эдгээр компаниудын өмнөөс нэхэмжлэгчид хариуцлага хүлээлгэж байгаа нь үндэслэлгүй хуульд нийцэхгүй байгаа талаар зөв дүгнэсэн боловч харин дахин шалга, нотлоод ир гэж хугацаа олгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна. Тодруулбал татварын улсын байцаагч нар 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр НА- ХХХ тоот нөхөн ногдуулалтын акт үйлдэх үед шалгаж тогтоогоогүй зүйлийг анхан шатны шүүх үүрэг өгч шалгуулах нь хуульд нийцэхгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянахад хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй байх тул гомдол гаргагчийн байдлыг дордуулахгүй байх зарчмыг баримталж шийдвэрийг хэвээр үлдээн, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

1. Маргаан бүхий Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын 2022 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн НА-ХХХ дугаар актаар “Г” ХХК-ийн 2017-2020 оныг дуусталх татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, бусдаас бараа материал худалдан авсан мэтээр баримт бүрдүүлж, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын дүнг бууруулсан нийт 1,545,454,545.00 төгрөгийн зөрчил илрүүлж, 154545454.6 төгрөгийн нөхөн татвар, 46,363,636.38 төгрөгийн торгууль, 30,909,090.92 төгрөгийн алданги, нийт 231,828,181.9 төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

2. Тус байцаагч нар анх 2021 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл тус компанийн татвар төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, дээрх зөрчлийг илрүүлж, “гэмт хэргийн шинжтэй” байж болзошгүй гэж үзэж, Танилцуулга бичиж цагдаагийн байгууллагад хүргүүлсэн боловч Хан-Уул дүүргийн Прокурорын газраас хэрэг нээхээс татгалзах тухай 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 334 дүгээр тогтоол ирүүлснээр дахин томилолт олгосны дагуу тухайн хяналт шалгалтыг үргэлжлүүлэн хийж, дээрх нөхөн ногдуулалтын актыг гаргажээ.

3. Гэтэл анхан шатны шүүхээс нэхэмжлэгч компанийн “АЦ” ХХК-аас 636,363,636.36 төгрөгийн, “Х” ХХК-аас 454,545,454.55 төгрөгийн, “Н” ХХК-аас 454,545,455.00 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдсэнийг хий бичилт, эсхүл хий бичсэн байж болзошгүй талаар шалгаж тогтоогоогүй, хяналт шалгалт явуулаагүй, танилцуулга, зөвлөмж хүргүүлээгүй байхад “өмнө нь хий бичилт хийж байсан” гэх үндэслэлээр хариуцлага ногдуулсан, хий бичилт мөн эсэхийг нотлох баримтад тулгуурлан шалгаж, хууль зүйн дүгнэлт өгөх шаардлагатай, уг нөхцөл байдлыг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзэж, дахин шинэ акт гаргах хүртэл 4 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн байна.

4. Уг шүүхийн шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргаагүйгээс үзвэл тухайн нөхцөл байдлыг цаашид дахин тодруулж, дахин шинэ акт гаргахыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

5. Харин уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргасан, уг гомдолд “... шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо гэж бичсэн атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д зааснаар маргаан бүхий актыг шинэ акт гаргах түдгэлзүүлж шийдвэрлэсэн талаар танилцуулсан атлаа 106.3.14-д заасныг үндэслэж шийдвэрлэсэн нь бичгээр гарсантайгаа зөрүүтэй байна” гэжээ.

6. Уг давж заалдах гомдолд дурдсан шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн эхний өгүүлбэрт “нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болголоо” гэж, удирдлага болгосон хуулийн зүйл хэсгийг “106.3.14” гэж зөрүүтэй тусгасан боловч анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд “Тогтоох хэсгийг танилцуулахдаа 106.3.11-д зааснаар маргаан бүхий актыг дахин шинэ акт гартал 4 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн гэж танилцуулсан, бичгээр гаргасан шийдвэрийн Тогтоох хэсэгт мөн энэ шийдвэрээ тусгасан байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэл болохооргүй байх тул энэхүү  гомдлын шаардлагыг хангах боломжгүй байна.

7. Мөн давж заалдах гомдолд “... үндэслэх хэсэгт “... уг хуулийн этгээдүүд өмнө нь хий бичилт хийж байсан” гэх үндэслэлээр нэхэмжлэгчид шийтгэл ногдуулсан нь хуульд нийцэхгүй” гэж зөв дүгнэсэн атлаа дахин шалга, нотлоод ир гэж хугацаа олгож байгаа нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж байна” гэжээ.

8. Хэрэгт авагдсан хариуцагчийн ирүүлсэн ярилцлагын тэмдэглэлүүдэд “... анхан шатны баримтуудыг цагдаад өгсөн гэх боловч өгөөгүй”, “хуучин нягтлан бодогчтойгоо холбогдох чадахгүй байгаа” талаар тэмдэглэгдсэнээс үзвэл нэхэмжлэгчийн ирүүлсэн бэлэн мөнгөний кассын орлогын ордер, нэхэмжлэх зэрэг анхан шатны баримтууд, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан зэргийг татварын хяналт шалгалтын үед тухайн падаанд тусгагдсан барилгын ажилд хамаарах ажил гүйлгээний баримтууд мөн эсэх, тухай бүр холбогдох бүртгэл, журналыг хөтөлж байсан эсэх зэргийг тогтоогоогүй байх тул тус шүүхээс тухайн падаанд бичигдсэн худалдан авалтуудыг тухайн нэр бүхий 3 компаниудаас бодитой авсан гэж үзэж, нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2023/0125 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Г” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Гын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БААТАРХҮҮ

                    ШҮҮГЧ                                                    Г.БИЛГҮҮН

                              ШҮҮГЧ                                                     С.МӨНХЖАРГАЛ