Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 43

 

СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН

 ЭРҮҮГИЙН ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХ

ШИЙТГЭХ ТОГТООЛ

 

2016 оны 06 сарын 21 өдөр                Дугаар 43                                          Баруун-Урт

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч С.Насанбуян даргалж, шүүгч Д.Сугар, Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Цолмон

Улсын яллагч Ц.Роза

Иргэдийн төлөөлөгч Д.Адъяа

Шүүгдэгч нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Д.Зулаа

Шүүгдэгч Ж.Гантулга, Б.Мөнхтулга нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

          Сүхбаатар аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатгин овогт Жаргалсайханы Гантулга, мөн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Балдандоржийн Мөнхтулга нарт холбогдох 201617000175 дугаартай хэргийг 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол улсын иргэн 1983 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 33 настай, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8-р баг Чулуут хорооны 2-2 тоотод оршин суух эрхэлсэн тодорхой ажилгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, регистрийн дугаар ЛЮ83092870, Хатгин овгийн Жаргалсайханы Гантулга,

 

2. Монгол улсын иргэн 1980 оны 01 дүгээр сарын 17-нд Сүхбаатар аймаг Баруун-Урт суманд төрсөн, эрэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ам бүл 2 ээжийн хамт, Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 13-р хороо 6-224В тоот, түр Баруун-Урт сумын 8-р баг Таван-Эрдэнэ малчдын хороолол хаяггүй эрхэлсэн тодорхой ажилгүй ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл үгүй, регистрийн дугаар ЛЮ80011712, Боржигон овгийн Балдандоржийн Мөнхтулга,

 

Холбогдсон хэргийн талаар

 

Шүүгдэгч Ж.Гантулга нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Мөнх-Эрдэнэтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас зодолдож түүний бие махбодид зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн эгэм дээр зулгаралт, нарийн гэдэсний цооролт няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнхтулга нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутаг дэвсгэрт иргэн Ц.Мөнх-Эрдэнийг манай найзыг цохилоо гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, түүнийг зодож бие махбодид нь баруун мөрөнд бус хуралт, зүүн далны дор цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

1.Шүүгдэгч Ж.Гантулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:  Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Харин Эрүүгийн хуулийн 107 дугаар зүйлийг хүлээн зөвшөөрөхгүй байна.  Бага ял оногдуулж өгнө үү гэх мэдүүлэг, 

 

2. Шүүгдэгч Б.Мөнхтулгын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Ц.Мөнх-Эрдэнэ гэдэг залууг танихгүй. Ж.Гантулгатай муудалцахаар нь салгах гээд дал руу нь 2 удаа цохисон. Энэ үйлдэлдээ маш их гэмшиж байна гэх мэдүүлэг, 

 

3. Хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн : Би Ж.Гантулгатай таараад хөдөөнөөс идэх ямаа авчраад өгөхгүй юу гэж гуйсан юм. Гантулга өөрөө хувьдаа Истана маркийн машинтай юм. Тэгээд хөдөө очоод машины касчир болохгүй болчихлоо тос хаяад байна гэсэн. Тэгээд намайг хөдөө байхад чиний юманд явж байгаад машинаа эвдчихлээ чи нэг ямаа надад өг гэхээр нь түүнд ишигтэй эм ямаа өгсөн. Тэгээд би өөрийнхөө гэртээ идэх соёолон эр ямааг аваад явсан. Замд явж байхдаа Гантулга хоёулаа энэ ямаагаа хуваагаад идчихье гэж хэлсэн. Тэгээд би ямаагаа Гантулгад өгөөд явуулсан. Би Гантулгыг сайхан янзалчхаад тал махыг нь аваад ирэх байх гэж бодоод байсан чинь Гантулга алга болсон. Тэгээд би 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Дорждэрэмийн хашаанд таараад нөгөө мах яасан бэ гэж хэлсэн. Мөн би түүнд өгсөн ямаагаа өөрийнхөө бүсээр уяад өгсөн байсан болохоор бүсээ авъя гэж хэлсэн чинь миний бүсийг машинаасаа гаргаж өгсөн. Тэгээд бүсээ хартал дан тос болгоод хаячихсан байсан. Тэгээд би түүнд чи миний бүсийг яагаад тос болгоод хаячихсан юм бэ гэж хэлсэн чинь Гантулга намайг ганц бүсний төлөө үхлээ юу гэж хэлсэн. Тэгэхээр нь мах хаана байна уу гэж хэлсэн чинь ганц турсага болсон ямаанд үхлээ юу гэж уурлаад намайг заамдаад авсан. Тэгээд намайг нүүр рүү зүүн нүд рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би нүдээ дараад тонгойтол миний гэдэс рүү өшиглөсөн. Энэ үед би Дорждэрэмийн хашаа руу ойчсон. Тэгээд би босох гэтэл Гантулга ирээд дахин гэдэс рүү өшиглөсөн. Тэгтэл Гантулгатай хамт явж байсан залуу намайг араас өшиглөсөн. Тухайн үед би босож чадахгүй хөдлөж чадахгүй болоод хэвтэж байсан. Энэ үед Насанбат гэдэг хүн хараад байж байсан. Эхлээд Гантулгыг салгаад, дараа нь нөгөө залууг аваад машинд нь суулгаад аваад явчихсан. Би тэр хашаанд босож чадахгүй ганцаараа үлдсэн. Тэгээд байж байтал ээж хүрч ирээд намайг эмнэлэг рүү аваад явсан. Түүнийг яагаад гэмтсэнийг мэдэхгүй байна. Би лав түүнийг нэг ч удаа цохиогүй Надад хүн цохих зав ч гараагүй. Надаас салаад хүн амьтантай маргалдаж муудаж байгаад л зодуулж цохиулсан байх гэж бодож байна. Эсвэл Насанбат салгах гэж байгаад хамар луу нь цохисон байж магадгүй. Яагаад гэмтсэнийг би мэдэхгүй. Миний нарийн гэдэс тасарсан байсан. Үүнийг хагалгаанд орж залгуулсан. Мөн хоёр нүд хөхөрч хавдсан, зүүн эгэм зулгарсан, баруун мөр хөхөрсөн, зүүн далны доор хөхөрсөн байсан. Би гэдэс тасарсныг Гантулга учруулсан гэж бодож байна. Намайг тонгойж байхад гэдэс рүү айхтар өшиглөсөн. Энэ үед би эвхрэлдээд ойчсон. Мөн Гантулга нүдэнд учирсан гэмтлийг гараараа цохиж учруулсан. Нөгөө залуу бол миний нуруу болон мөрлүү өшиглөсөн. Миний хувьд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Харин Гантулга, тэр танихгүй залуу нар архи уусан согтуу байсан. Энэ үед Гантулга, нөгөө танихгүй залуу, манай сумын харъяат Насанбат гэдэг залуу нар байсан. Би Гантулгатай өмнө нь муудаж маргалдаж байсан асуудал байхгүй.Би 2 удаа хагалгаанд орсон байгаа. Хориод хоног эмнэлэгт хэвтсэн. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа. Одоо хүртэл бие тэнхрэхгүй байгаа гарсан зардлаа дараа дахин тооцож байгаад гаргаж өгье. Энэ гарсан зардлыг нэхэмжилнэ, гомдолтой байна гэх мэдүүлэг,

 

Хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн 2016 оны 06 сарын 20-ны өдөр шүүхэд ирүүлсэн хүсэлтэндээ: Миний хувьд Ж.Гантулгаас өмгөөлөгчийн болон эмчилгээний зардалд нийт 2.300.000 төгрөг авсан. Миний хохирол барагдсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэжээ.

 

4.Гэрч Д.Цэцэгсайханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би Ж.Гантулга гэдэг залууг зүс мэднэ. Харин Б.Мөнхтулга гэдэг хүнийг танихгүй. Садан төрлийн холбоо байхгүй. Би 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр ажил дээрээ байж байтал 13 цаг өнгөрч байхад манай охин Нандин-Эрдэнэ над руу утсаар яриад ах Мөнх-Эрдэнийг хүн зодоод айлын хашаанд хэвтэж байна гэж хэлсэн. Тэгээд би хаана юм бэ гэсэн чинь Чулуунхүү ахын хашааны үүдэнд хүмүүс зодоод хаячихаад яваад өглөө гэж Болортуул ярьж байна гэж хэлсэн. Тэгээд би Чулуунхүүгийн хашааны урд талаар явсан чинь байгаагүй. Энэ үед Чулуунхүүгийн байшин цоожтой харагдсан. Тэгэхээр нь гэр рүүгээ яваад ээжээсээ хүү Мөнх-Эрдэнийг ирсэн үү гэж асуусан чинь ирээгүй гэж байсан. Тэгээд би босоод нэг тийшээ явчихсан байна даа гэж бодсон. Тэгээд гэртээ байж байгаад ажил руугаа явах гээд гараад явж байтал Болортуул над руу ирээд Мөнх-Эрдэнэ ахыг хүмүүс зодоод орхиод явчихсан би аль түрүү Нандин-Эрдэнэ рүү залгаж хэлсэн шүү дээ яагаад ирж авахгүй байгаа юм бэ гэсэн. Тэгээд би Болортуулыг дагаад очсон чинь Мөнх-Эрдэнэ Чулуунхүүгийн хашааны зүүн урд талын буланд байх жорлонгийн хажууд 2 нүд нь битүү хаван болсон гэдсээ дараад хэвтэж байсан. Тухайн үед хөдлөхгүй болохоор нь би үхчихсэн юм болов уу гэж бодож байсан. Гэтэл Мөнх-Эрдэнэ ээжээ ус гэж нэхсэн. Энэ үөд ч цагдаа ирсэн. Би Болортуулаас сонсоод замдаа цагдаа дуудчихсан байсан юм. Би эхлэж харахад 2 нүд нь битүү хавдаад юм харахгүй болсон, хажуу тийшээ хараад атиралдаад хэвтсэн байсан. Энэ үед хамаг хувцас нь шороо тоос болоод танигдахын аргагүй болсон байсан. Би эхлээд хөдлөхгүй болохоор нь болохгүй болсон байна л гэж бодож байсан. Мөнх-Эрдэнэ тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан Мөнх-Эрдэнэ надад хэлэхдээ Гантулга намайг зодсон гэж хэлж байсан гэх мэдүүлэг,  / хх-н 13 х /

 

5. Гэрч Б.Оюунбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би тухайн өдөр Эрдэнэцагаан сумьн төвд Засаг даргын тамгын газрын байрны баруун талд баруун зүгт явж байтал Тарзаан хочтой Гантулга, Мөнхтулга Дорждэрэм нартай таарсан. Тэд нар архи уучихсан байдалтай байсан. Тэгэхдээ өөрсдийгөө аваад явах чадвартай байсан. Гантулга нь ерөөл нэртэй архийг машин дотроосоо гаргахаар нь Эрдэнэцагаан сумын баруун захад очиж зогсоод Гантулга, Мөнхтулга, Дорждэрэм бид 4 архийг хувааж уучихаад ЗДТГ-н байрнаас хойд зүгт байдаг гагнуур хийдэг айл дээр ирж Гантулга нь машиндаа гагнуур хийлгэсэн. Энэ Мөнх-Эрдэнэ нь ирж машины кабенд архи ууцгаасан. Гагнуур хийлгэчихээд Гантулга, Мөнхтулга, Дорждэрэм, бид нар Эрдэнэцагаан сумын баруун захад байх Чука гэж дууддаг хашаа байшинтай айл руу очсон чинь байшин цоожтой байхаар нь хашааных нь үүдэнд машин дотор архи ууж байхад Мөнх-Эрдэнэ нь ирсэн. Удалгүй хүмүүс хашаан дотор зодолдоод байгаа чимээ гарахаар нь машинаас би буугаад хашааруу ороход Мөнх-Эрдэнэ нь газар хэвтчихсэн нүүр нь цус болчихсон хажууд нь Мөнхтулга, Гантулга 2 зогсож байсан. Хэн нь яаж цохиж зодсонг хараагүй. Тухайн үед Истана маркын авто машины кабин дотор сууж архи ууж байсан. Дорждэрэм архи уугаад согтоод унтлаа гээд машин дотор унтаад өгсөн. Мөнхтулга, Гантулга 2 машинд бууж суугаад л байж байсан. Мөнх-Эрдэнэ нь ганцаараа ирсэн. Хэзээ нь хашаа руу ороод  зодолдсныг мэдэхгүй. Хоорондоо хэрэлдэж муудах зүйл болоогүй байсан.  Мөнх-Эрдэнэ бид нар дээр ирэх үед нүүр нь ямар нэгэн гэмтэлгүй байсан. Б.Мөнхтулга, Ж.Гантулга нар архи уугаад нэлээн согтсон байсан. Гэхдээ өөрсдийгөө аваад явах чадвартай байсан. Хүмүүс бахиралдах үед Дорждэрэм машин  дотор унтаж байсан гэх мэдүүлэг, / хх-н 14-15 х /

 

6.Гэрч Б.Болортуулын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр 13 цагийн үед Чулуунхүү гэдэг айлын хашааны баруун талын гэрт Баярболд гэдэг айл руу орсон юм. Намайг орох үед хашааны урд тал цагаан өнгийн Истана маркын машин зогсож байсан тэгээд намайг Баярболд ахынд ороод удаагүй байтал гадаа хүмүүс муудалцаад эхэлсэн. Тэгэхээр нь би гэрийнх нь хаалгаар шагайгаад харсан чинь нэг хүнийг Чулуунхүү ахын хашаан дотор Тарзан Тулгаа буюу Гантулга гэдэг хүн нэг өндөр хар залуутай нийлээд зодож байсан. Тэгээд намайг гараад очтол зодолдож байсан хүмүүсийг Насанбат гэдэг хүн салгаад явуулсан юм. Тэгэхээр нь би тэр зодуулсан хүн рүү очоод хартал Ц.Мөнх-Эрдэнэ ах хэвтэж байсан. Тэгээд надад хандаад ээжийг дуудаад өг гэхээр нь би Мөнх-Эрдэнэ ахын дүү болох Нандин-Эрдэнэд утсаар танай ахыг хүмүүс зодоод орхиод явлаа та нар ирж ахыгаа аваарай гэж хэлсэн юм. Намайг харахад Мөнх-Эрдэнийг Гантулга болон үл таних залуу хоёр дээрээс нь хөлөөрөө өшиглөж байсан. Хэн нь хэдэн удаа яаж зодсоныг нь тоогоор сайн хэлж мэдэхгүй байна. Ер нь л тэр 2 хоёулаа Мөнх-Эрдэнийг зодож байхыг би харсан. Харин Мөнх-Эрдэнэ гэдэг хүн доор нь хэвтэж байсан гэх мэдүүлэг, / хх-н 6,  х /

 

7.Гэрч О.Дорждэрэмийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: Би энэ өдөр гэртээ машинаа засах гээд хамаатан Мөнхтулгынх руу очсон. Тэгээд Мөнхтулга машинаа засахад туслаад өг гээд хамт гарч манай гэр рүү алхсан. Манай гэрийн ойролцоо Гантулгатай таарсан. Гантулга нь тухайн үед үл таних залуутай хамт явж байсан.  Гантулга нь машинтайгаа явж байсан бөгөөд Гантулга нь Мөнхтулгад хэлэхдээ “чамд архи авч өгьө” гэхэд нь Мөнхтулга бид хоёр зөвшөөрч машинд нь суусан. Тэгээд Гантулга ч 2 шил 0,75 литрийн Улаанбаатар архи авсан. Тэгээд уг архийг нь бид 4 хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусах үед нь би дэлгүүр орж 0,75 литрийн 1 шил Ерөөл архи авсан. Тэгээд нөгөө шил архиа ууна гээд Чулуунбаатарынх руу очсон. Тэгтэл Оюунбат нь бид нартай таарсан. Тэгээд Оюунбат бид хоёр машинд үлдсэн Гантулга, Мөнхтулга нар нь Чулуунбаатарынх руу орсон. Тэгээд нөгөө хоёр нэг хэсэг алга болсон. Бид хоёр ч машиндаа үлдээд хүлээгээд байсан. Тэгээд би хүлээж байгаад машинд нь унтаад өгсөн байсан. Тэгээд унтаж байгаад сэртэл машинд ямар нэгэн хүн байхгүй мөн гадуурч байхгүй байсан. Тэгэхээр нь би сэрээд гэр рүүгээ явсан. Тэгээд энэ өдрийн орой нь Гантулга болон Мөнхтулга нар нь Мөнх-Эрдэнийг зодсон гэж мэдсэн. Тэгээд тухайн үедээ үнэмшээгүй бөгөөд маргааш өглөө нь цагдаа дээр ирэхэд Гантулга, Мөнхтулга нар Мөнх-Эрдэнийг зодсон гэж байсан. Ийм л асуудал болсон. Би зодоон болсон гэдгийг ч мэдээгүй машинд байж байгаад унтаад өгсөн байсан. Тэгээд намайг сэрэхэд хэн ч байгаагүй. Би бол ямар шалтгаанаар хэн нь хэнийгээ зодсон талаар бол сайн мэдэхгүй байна гэх  мэдүүлэг, / хх-н 17 х /

 

8.Гэрч Х.Насанбатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2015 оны 05-р сарын 25 ны үд дунд болж байхад манайд хөдөөний хүн ирэх ёстой байсан боловч ирэхгүй болохоор нь архи уучихна гэж бодоод Эрдэнэцагаан сумын төвийн баруун талаар хайгаад явж байтал тарзаан хочтой Гантулгын цагаан өнгөтэй Истана маркын авто машин Чука гэх айлын хашааны урд талд машиныг баруун зүгт харуулаад зогсоочихсон байхаар нь хөдөөний хүнээ асуүх гэж Истана маркын машины заалных нь хаалган дээр очиход Тарзан хочтой Гантулга, Дорждэрэм, Мөнхтулга /сүүлд сонсоход Баруун-Урт сумаас ирсэн гэсэн / туранхай намхан залуу нар сууж байсан. Хуучилж байхад Чукагийн хашаанаас Мөнх-Эрдэнэ нь ганцаараа гарч ирээд тарзаан хочтой Гантулгад хандаж чи ямааны мөнгө яасан бэ гээд маргаад байсан. Энэ үед Гантулга машины жолоон дээр сууж байгаад уурлаад заал руу дамжаад орж иртэл Мөнх-Эрдэнэ нь машины заалны нээлттэй хаалганы гаднаас Гантулгын нүүр рүү нь 1 удаа гараараа цохитол Гантулгын хамраас нь цус гарчихсан. Гантулга нь уурлаад Мөнх-Эрдэнийг цохих гэхээр нь Гантулгыг хорьж машинаас буулгаад жолоочийн суудал дээр Гантулгыг суулгаад буцаад машины заалны хаалга дээр иртэл Чукагийн хашаанд хүмуүс бахиралдсан араас нь орж харахад Мөнх-Эрдэнэ нь газар хэвтчихсэн Мөнхтулга нь цээж рүү нь өшиглөж байсан. Би Мөнхтулгыг салгаж авах гээд Мөнхтулгатай зууралдсан. Мөнхтулгыг машинд суулгаад явуулсан. Мөнх-Эрдэнийн нүүр нь цус болчихсон байсан. Мөнх-Эрдэнийг яаж анх цохисонг мэдэхгүй, би Гантулгыг машины урд суулгах хугацаанд Мөнх-Эрдэнийг хашаанд оруулаад Мөнхтулга зодсон.Миний хувьд Мөнх-Эрдэнийг бие муутай гэдгийг мэддэг учраас Гантулга Мөнх-Эрдэнийг машин дотор зодох гэхэд нь хорьсон. Гантулга, Мөнх-Эрдэнэ рүү  дайрах шалтгаан бол Мөнх-Эрдэнэ нь цохиод хамрыг нь цусалчихсан гэх  мэдүүлэг, / хх-н 16 х /

 

9.Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 230 тоот дүгнэлт

1.Ц.Мөнх-Эрдэнийн биед баруун зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн эгэм дээр зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, зүүн далны доор цус хуралт,

нарийн гэдэсний цооролт, няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Ц.Мөнх-Эрдэнийн биед учирсан баруун, зүүн нүдний зовхинд цус хуралт зүүн эгэм дээр зулгаралт, баруун мөрөнд цус хуралт, зүүн далны доор цус хуралт гэмтлүүд нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах ба нарийн гэдэсний цооролт, няцрал гэмтэл нь 3-1-12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна. / хх-н 33-34 х /

10.Шүүх шинжилгээний албаны шинжээч эмчийн 231 тоот дүгнэлт

1.Ж.Гантулгын биед хамарт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо

2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2-4-1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй  /хх-н 38 х /зэрэг хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлахад: 

 

Шүүгдэгч Ж.Гантулга нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд иргэн Чулуунхүүгийн хашааны үүдэнд  хувийн таарамжгүй харьцааны улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнийн нүүрэн тус газар нь гараараа цохих, гэдэс орчим нь хөлөөрөө өшиглөх зэргээр зодож, түүний бие махбодид зүүн нүдний зовхинд цус хуралт, зүүн эгэм дээр зулгаралт, нарийн гэдэсний цооролт няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Мөнхтулга нь 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвд иргэн Чулуунхүүгийн хашааны үүдэнд хохирогч Ц.Мөнх-Эрдэнийг манай найзыг цохилоо гэх үл ялих зүйлээр шалтаглан, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, бусдыг илтэд үл хүндэтгэн, түүнийг зодож бие махбодид нь баруун мөрөнд цус хуралт, зүүн далны дор цус хуралт бүхий хөнгөн гэмтэл учруулан догшин авирлаж танхайрсан болох нь шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

             

Иймд шүүгдэгч Ж.Гантулгыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Б.Мөнхтулгыг  бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцож ял шийтгэл оногдуулах үндэстэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Гантулга, Б.Мөнхтулга  нарт ял шийтгэл оногдуулахад тэдгээрийн хохирогчийн эмчилгээний зардлыг сайн дураараа  нөхөн төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55.1.3, 55.1.9-т заасан ял хөнгөрүүлэх, харин  шүүгдэгч нарын согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.10-т заасан  ял хүндрүүлэх нөхцөл байдлууд тус тус болно. 

 

Шүүгдэгч Ж.Гантулга, Б.Мөнхтулга нар нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ял оногдуулж болох гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ж.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, шүүгдэгч Б.Мөнхтулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах, шүүгдэгч Ж.Гантулгын эрүүл мэндийн байдал, тухайн гэмт хэрэг гарахад хохирогчийн буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн зэргийг үндэслэн түүнд оногдуулах хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

          Шүүгдэгч Ж.Гантулгын яллагдагчаар цагдан хоригдсон 1 хоногийг эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Мөнхтулга нь сэжигтнээр болон яллагдагчаар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар болон иргэний бичиг баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ нэхэмжлэх зүйлгүй, гомдол, саналгүй болохыг тус тус дурдав.

 

Шүүгдэгч Ж.Гантулга, Б.Мөнхтулга нарын гэмт үйлдэл нь 2015 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө үйлдэгдсэн бөгөөд энэ нь  2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25  жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдаж байх тул өршөөл үзүүлэх тухай  хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасныг баримтлан оногдуулсан ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хасах үндэслэлтэй байна.             

      

  Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290, 294, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Хатгин овгийн Жаргалсайханы Гантулгыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг, Боржигон овгийн Балдандоржийн Мөнхтулгыг бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлж, догшин авирлаж танхайрсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэмт буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан шүүгдэгч Ж.Гантулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан шүүгдэгч Б.Мөнхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-т зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5, 52.10 дахь хэсэгт заасныг журамлан ялтан Ж.Гантулгад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг, мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт заасныг журамлан Б.Мөнхтулгад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

4. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т зааснаар ялтан Ж.Гантулгад оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж, биечлэн эдлэх ялыг 1 жил 5 сарын хугацаагаар,  ялтан Б.Мөнхтулгад оногдуулсан 2 жил 1 сарын хорих ялаас 2 жилийн хорих ялыг өршөөн хасаж биечлэн эдлэх ялыг 1 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

5.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т заасныг журамлан ялтан Ж.Гантулгын цагдан хоригдсон 1 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулж тооцсугай.

 

6. Гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Мөнх-Эрдэнэд учирсан эмчилгээний зардалд ялтан Ж.Гантулга 1.382.500 төгрөг, ялтан Б.Мөнхтулга 1.000.000   төгрөгийг тус тус нөхөн төлсөн бөгөөд шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Мөнх-Эрдэнэ гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдэн эд зүйл, баримт бичиггүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 301 дүгээр зүйлийн 301.1.1-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Б.Мөнхтулгад урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялтан Ж.Гантулгад өмнө авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

          8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1.т зааснаар ялтан, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч нь зөвхөн нэхэмжлэлтэй холбогдсон хэсэгт, улсын яллагч дээд шатны прокурор нь шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН

 

                                             ШҮҮГЧИД                            Ц.МӨНХТУЛГА

  

  Д.СУГАР