Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 14

 

 

 

 

.

2017 оны 05 сарын 29-ний өдөр         Дугаар 204/МА2016/00014                  Өвөрхангай аймаг

 

Д.Баатарын нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Т.Даваасүрэн, Л.Нямдорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2017/00160 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Д.Баатарын нэхэмжлэлтэй

Хариуцагч Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох

 

“Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл  мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх”-ийг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Нямдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Баатар, хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдорж, түүний өмгөөлөгч П.Адъяасүрэн, нарийн бичгийн дарга Г.Дорждулам нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

                  Нэхэмжлэгч Д.Баатар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:

Би 1986 оноос одоог хүртэл Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд жижүүрээр тасралтгүй 31 жил ажилласан. Энэ хугацаанд би 6 захирлын нүүр үзсэн. Ямар ч сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Би 2011 онд Монгол улсын үйлчилгээний тэргүүний ажилтан болсон. Сургуулийн 90 жилийн ой тэмдэглэх комисс байгуулагдсан. Би 140 ажилтнаас сургуулийн ой тэмдэглэх комиссын гишүүнээр 50 гаруй хувийн саналаар сонгогдсон. Энэ хооронд захирал бид хоёр Улаанбаатар хот болон Хужирт суманд төгсөгчидтэй очиж уулзсан. 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр захирал өрөөндөө дуудаж надад cd бичлэг үзүүлсэн. Би хулгай хийгээгүй. Түрүүнд нь уртасгагч алга болсон гээд байсан учраас би хямагдаж байгаад өгсөн гэж хэлсэн. Гэтэл захирал таны энэ үйлдэл хулгай. Та Г.Оюун-Эрдэнэ багшийн нөөтбүүкийг хулгайлж байсан гэсэн гэж хэлсэн. Энэ явдал нь 2014 оны 03 дугаар сард болсон. Тэр өдөр 5 дахь өдөр байсан, тухайн өдрийн орой багш нарын конторт нөөтбүүкээ задгай тавиад явсан байсан. Амралтын өдрүүдээр зааланд гадны янз бүрийн хүмүүс тоглодог байсан учраас нөөтбүүкийг авч эхнэр Цэцэгмаагийн ангид оруулж тавьсан. Би хагас сайн өдрийн өглөө ажлаасаа буугаад 1 өдрийн өглөө нөөтбүүкийг нь гаргаж өгсөн. Тухайн үед тэр багш миний алдаа баярлалаа гэж хэлж байсан. Тэр үйлдлийг мөн хулгай хийсэн гэж үзсэн. Үүний цаана янз бүрийн шалтгаан байгаа. Тухайлбал энэ хүн 90 жилийн ойн комисст орчихлоо гэдэг ч юм уу? тийм зүйл байгаа. 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр сургуулийн захирлын өрөөнд 90 жилийн ой тэмдэглэх комисс хуралдсан. Уг хуралд нилээн олон нөлөө бүхий хүмүүс ирсэн. Тэр өдөр надад захирал юу ч хэлээгүй. Орой нь захирал 6 цаг өнгөрч байхад юм хэлэлгүй гараад явсан. Тэгээд орой 9 цаг өнгөрч байхад над руу утсаар залгаад таныг 04 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажлаасаа гар гэж хэлээд байхад яагаад ажлаа хийгээд байгаа юм бэ? гэж хэлсэн. Маргааш нь хагас сайн өдөр байсан. Сургууль дээр олимпиад болж байсан. Захирал багш нарт шагналыг нь гардуулчихаад 2 цаг өнгөрч байхад намайг та өргөдлөө авчирсан уу? гэсэн. Тэгэхээр нь би өргөдөл өгөх шаардлага байхгүй гэдгээ хэлсэн. Гэтэл захирал таны тушаалыг чинь гаргачихаад таны оронд 3 дугаар багийн Засаг дарга Оюунчимэгийн нөхөр Гомбыг ажилд авна гэж хэлээд гарсан. Тэгээд 04 дүгээр сарын 04-ний өдөр б/13 тоот тушаал гаргаж үндэслэлгүйгээр ажлаас халсан. Захирал тушаалаа надад өгөөгүй. Тушаалаа гаргачихаад Улаанбаатар хот явсан байсан. Би тушаалаа бичиг хэргээс авсан. 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр би эхнэртэйгээ захиралтай уулзахад тантай уулзах ажил байхгүй, шүүхээрээ яв гэж хэлсэн. Тэгээд би шүүхэд 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдол гаргасан. Шүүх хурал хоёр удаа хойшилсон. Эхний удаа хойшлоход захирал энд байсан боловч Улаанбаатар хотод ажилтай явж байна гэсэн шалтгаанаар хойшлуулсан. Тэр өдөр захирал талбай дээр явж байсан. Дараагийн удаа хуулийн мэдлэг хүрэхгүй байгаа тул өмгөөлөгч авна гэсэн шалтгаанаар хойшлуулсан.  Шүүх хурал 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр болсон. Надад 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдөр шүүхийн шийдвэрийг гардуулсан. Г.Пүрэвдорж шүүхийн шийдвэрийг авахгүй байсаар 08 дугаар сарын 14-ний өдөр шүүхийн шийдвэрийг авсан байсан. Түүнээс хойш хуулийн дагуу 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй байдаг юм билээ. 2016 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хөдөө хоолонд явах болоод шүүгчийн туслахтай ирж уулзаж, шүүхийн шийдвэрт гомдол гаргасан уу? гэж асуухад ирээгүй гэж хэлсэн. Орой нь цагаан хаалга өнгөрөөд хөдөө явж байхад утас дуугараад Г.Пүрэвдорж захирал давж заалдах гомдол гаргасан ирж танилц гэж хэлэхэд нь маргааш танилцъя гэж хэлсэн. Г.Пүрэвдорж захирал ингэж хугацаа хожоод яваад байсан. Улсын дээд шүүхэд 11 дүгээр сард гомдол гаргасан. Тэр үеэр буюу 10 дугаар сарын 28-ны өдөр сургуулийн удирдлагууд хуралдсан байсан. Манай сургалтын менежер надад хэлэхдээ таныг 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилд авна, оронд чинь ажилд авсан хүнийг гаргана гэсэн гэж хэлсэн. Би 11 дүгээр сарын 01-ний өдрөөс ажилдаа орох юм байна гэж бодсон. Тэгээд би ажилдаа орох гэж байгаа юм чинь гээд захаас хүнээс хувцас хунар зээлээр авсан. Ажилчдын хурал дээр хүртэл намайг ажилд авна гэж хэлсэн байсныг манай нярав, хамт ажиллаж байсан хүмүүс бүгд надад хэлсэн. 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдрөөс хойш одоо бүтэн 1 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд би сэтгэл санаа бүх л зүйлээр хохирсон. Эхнэр бид хоёр хоёулаа цалингийн зээлтэй, сард 1000000 орчим төгрөг зээлэнд төлдөг. Гэрийнхээ хамаг зүйлийг ломбарданд тавиад явж байна. Хамгийн наад зах нь бие өвдөөд үзүүлье гэхэд эрүүл мэндийн дэвтрээ бөглүүлээгүй. Би ноднин найзаасаа мөнгө зээлж эрүүл мэндийн дэвтрээ бөглүүлсэн. Энэ жил он гараад бөглүүлээгүй байгаа. Би өөрөө элэгний “БЦ” вирустэй. Эхнэрийнхээ ээмэг бөгж бүгдийг нь ломбарданд тавиад явж байна. Шүүх үнэн зөв шийдвэр гаргаж өгөөсэй гэж хүсэж байна. Иймд намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн дэвтэр, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж өгнө үү гэжээ.

  Хариуцагч Г.Пүрэвдорж шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд захирлын албан тушаал хашдаг бөгөөд тус сургуулийн жижүүр ажилтай Д.Баатарыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Учир нь жижүүр Д.Баатар нь хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа бусдын эд зүйлсийг санаатайгаар хулгайлж, гаргасан алдаа дутагдлаа ухамсарлаагүй тул 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ажлаас халсан. Манай сургуулийн эд хөрөнгө болон бусдын эд зүйлс удаа дараа хулгайд алдагдаж байсан учир сургуулийн захиргаа ажиллахгүй байсан камерыг ажиллуулж бичлэг хийтэл тухайн жижүүр нь дээрх зөрчлийг 2016  оны 01 дүгээр сарын 31-ний өдөр үйлдсэн, тэр үеэс хойш сар гаруй хугацаатай бусад жижүүрүүд дээр ажигласан боловч дээрх жижүүр шиг алдаа гаргаагүй. Иймд миний бие тухайн жижүүрийг дуудаад сургалтын менежерын хамт бичлэгийг үзүүлсэн. Жижүүр Д.Баатарт сургуулийн захиргаа маш их итгэл хүлээлгэж хамтарч ажиллаж байсан бөгөө үнэхээр итгэж байсан хүн маань итгэл алдсан учир хамтарч ажиллахгүй ажлаас чинь халлаа гэдгээ хэлсэн, энэ тухай сайн бодоод эргээд надад хариу хэл гэсэн боловч ирээгүй. Дахин 03 дугаар сарын сүүлээр сургалтын менежерын хамт дуудан оруулж ирээд өргөдлөө өг, гаргасан алдаа дутагдлаа ухамсарлан бичээд ир гэхэд дуугараагүй, жаахан шаардлага тавихад би өөрөө 04 дүгээр сарын 01-ний өдрөөс ажлаа өгье цалингийн зээлтэй гэж хэлээд удалгүй өрөөнөөс гарсан. Хэсэг хугацааны дараа 04 дүгээр сарын 01-ний өдөр Д.Баатарыг ажлаасаа буунгуут өрөөндөө дуудан дахин хэлсэн боловч дуугараагүй. Би өөрт нь хандаж цагаан цаасан дээр алдаагаа ухамсарлаад таван өгүүлбэр бичээд сургуулийн захиргаанаас уучлалт гуйж чадахгүй байгаа бол тушаалыг нь гаргалаа гэж хэлээд гаргасан. Түүнээс хойш Д.Баатар орж ирээгүй. Тэгээд 04 дүгээр сарын 04-ний өдөр тушаалыг нь гаргасан. Тушаалыг 1  хувь үйлдээд бичиг хэргийн дэвтэр дээр бичилт хийлгүүлээгүй, нийгмийн даатгалын дэвтэр дээр нь ажлаас чөлөөлөгдсөн тэмдэглэл хийгээгүй. Энэ хүнийг алдаагаа ойлгоод ороод ирэх байх гэж бодсон боловч ирээгүй. Харин өөрөө нийгмийн даатгалын дэвтрээ бариад ажлаас чөлөөлөгдөх гарын үсэг зуруулаад авч явсан. Сургуулийн захиргаа итгэл хүлээлгэх алхам удаа дараа хийсэн гэжээ.

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Боржигон овгийн Дуламын Баатарыг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн жижүүрийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний олговорт 19749180 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Баатарт олгохоор, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Баатарын нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож дэвтэрт бичилт хийхийг Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалган, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч байгууллагаас 256695 төгрөгийг гаргуулан орон нутгийн орлогод оруулахаар, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

 Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдорж давж заалдах гомдолдоо: Миний бие нь Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 160 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

1.Нэхэмжлэгч Д.Баатар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ ажилд эгүүлэн томилуулах талаар: Д.Баатар нь удаа дараа буюу бусдын эд зүйлс болох нөөтбүүк хулгайлсан, уртасгагч утас хулгайлсан, гитар хэмхэлж, дахин ашиглах боломжгүй болгосон зэрэг үйлдлийг гаргасан болохоор хөдөлмөрийн хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж ажлаас халсан. Сахилгын ноцтой зөрчил гэдэг нь хууль болон хөдөлмөрийн гэрээнд заасан үйлдлийг хууль зөрчиж үйлдсэнийг ойлгодог болохоор хөдөлмөрийн хуулинд заасны дагуу ажлаас халах үндэслэлтэй гэж үзэн тушаал гаргасан маань хууль ёсны байна гэж үзэж байна. Анхан шатны шүүхээс хариуцагч байгууллага цагдаагийн байгууллагад шалгуулаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй. Учир нь 2016 оны 06 дугаар сард цагдаагийн байгууллагад шалгуулж, хууль бус үйлдлийг нь тогтоож, хэн хэний эд хөрөнгийг нь хулгайлсныг нь тогтоож, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж прокурорын тогтоол гаргасан болохоор хууль бус үйлдэл гаргасан нь тогтоогдсон гэж үзэж байна.

           2.Ажилгүй байсан хугацааны цалингийн талаар: Нэхэмжлэгч ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх төгрөгийг хөдөлмөрийн хуулийн дагуу гаргуулах шийдвэрийн “үндэслэх” хэсэгт нь 197479180 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахыг даалгасан, шийдвэрийн “тогтоох” хэсэгт 19749180 төгрөг гаргуулах шийдвэр гарсан нь ямар ч үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Д.Баатар нь 2016 оны 4 дүгээр сараас 2017 оны 03 дугаар сар хүртэл 12 сар ажилгүй байгаа. Манай байгууллагад жижүүрийн үүрэгт ажил гүйцэтгэж байхдаа сард үндсэн цалин 415496 төгрөгийн цалинтай  байсан. Тэгэхээр жилд хэдэн төгрөгний цалин авах нь тодорхой байгаа.

           3.Шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй талаар: Шүүх хуралдаан болох заасан хугацаанаас 10 минутын өмнө очоод үүдний цагдаад хэлээд орох гэтэл хурал ороогүй байна, байж бай, Самбуудоньд сая гараад явчихлаа гээд оруулахгүй байсан. Цаг нь болчихлоо ш дээ гээд байхад оруулахгүй байсаар байгаад цагийг нь өнгөрүүлсэн. Үүнийг тухайн үед Самбуудоньд мэдэж байгаа, тэр үед оруулахгүй байсан цагдаа Батжаргал, үүнийг өөр бусад хүмүүс харж, мэдэж байсан. Энэ байдлаас болоод шүүх хуралд орж тайлбар хэлж, оролцох боломжгүй болгосноос гадна, шүүхэд өмгөөлөгчтэй оролцох хүсэлт гаргасан боловч хүсэлтийг яаж шийдвэрлэсэн талаар хариу өгөөгүй, тухайн үед буюу 2017 оны 04 дүгээр сарын 05-ны шүүх хуралд өөрийн биеэр оролцсон бол өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг дахин тавих  байсан. Энэ  байдлаас харахад миний эрхийг хязгаарлан хуульд заасан эрх олгоогүй. Иймд дээрх шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин  хэлэлцүүлж  өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

         Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчын эрхийг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

        Шүүх нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх 19749180 төгрөгийн хэмжээний олговорыг хариуцагч Өвөрхангай аймгийн Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулж шийдвэрлэхдээ хэдий хугацаанд ажилгүй байсан гэж үзэн 19749180 төгрөгийг нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн нь тодорхойгүй, шийдвэрийн үндэслэх хэсэгт 197479180 /нэг зуун ерэн долоон сая дөрвөн зуун далан есөн мянга нэг зуун наян/ төгрөг гэж илэрхий алдаатай дүгнэжээ.

        Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдорж нь 2017 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүүх хуралдаан эхлэхээс өмнө ирсэн боловч шүүхийн хамгаалалтын цагдаа болон шүүгчийн туслахын үйл ажиллагааны улмаас шүүх хуралдаанд оролцож чадаагүй байхад зохигч шүүх хуралдаанд ирээгүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан эсэхийг тодруулаагүй, шүүх хуралдааныг хойшлуулах эсэх асуудлыг авч хэлэлцээгүй байна.

        Зохигчийг шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь давж заалдах гомдол гаргах үндэслэлүүдийн нэг болсон тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-т зааснаар хэргийн оролцогчийн эрхийг ноцтой зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй.

        Иймд хариуцагчийн төлөөлөгчийн “...шийдвэрийн “үндэслэх” хэсэгт нь 197479180 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулахыг даалгасан, шийдвэрийн “тогтоох” хэсэгт 19749180 төгрөг гаргуулах шийдвэр гарсан нь ямар ч үндэслэлгүй юм... шүүх хуралд тайлбар хэлж, оролцох боломжгүй болгосон...” гэсэн гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Г.Пүрэвдорж 2017 оны 02 сарын 23-нд шүүх хуралд өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг шүүхэд гаргасан байх ба давж заалдах шатны шүүх хуралдаанд “Өмгөөлөгч П.Адьяасүрэнг сонгож авсан, өмгөөлөгч өөр газар шүүх хуралтай учир би өөрөө шүүх хуралд оролцож өмгөөлөгчтэй шүүх хуралд орох талаар тайлбар гаргана гэж 2017 оны 04 сарын 05-ны өглөө 08 цаг 10 минутын орчим шүүгчийн туслах Самбуудоньдид утсаар хэлж, өөрөө 09 цаг 50 минутанд шүүх дээр очсон” гэсэн тайлбар гаргаж байгаагаас дүгнэхэд шүүх хариуцагчийг өмгөөлүүлэх эрхийг нь эдлүүлээгүй гэж үзэхээр байна.

         Хариуцагчийн гомдлыг үндэслэлтэй гэж үзэн шийдвэрийг хүчингүй болгосон тул хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдоржоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохоор шийдвэрлэв.    

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 145/ШШ2017/00160 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

        2. Хариуцагч байгууллагын төлөөлөгч Г.Пүрэвдоржоос давж заалдах журмаар гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамж 257000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

        3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

        4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт  шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.

 

                 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                                       ШҮҮГЧИД                         Т.ДАВААСҮРЭН

                                                                                                 Л.НЯМДОРЖ