Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 04 сарын 26 өдөр

Дугаар 112

 

С.Бат-Өлзийд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

прокурор Ш.Эрдэнэбилэг,

шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат,

нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол,

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалтай, С.Бат-Өлзийд холбогдох эрүүгийн 201618020186 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын гаргасан гомдлыг үндэслэн, 2017 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, эрэгтэй, бага боловсролтой,

Сэлэнгэ аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 107 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 сар хорих ялаар шийтгүүлж,

2005 оны 07 дугаар сарын 08-ны өдөр 7 сар 17 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 177 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 cap хорих ялаар шийтгүүлж,

2015 оны 06 дугаар сарын 04-ний өдөр 9 сар 11 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, хэрэг хариуцах чадвартай, Наяман овогт Садагийн Бат-Өлзий нь Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан “Зэвсгийн чанартай зүйл хэрэглэн танхайрах” гэмт хэрэгт холбогджээ.

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүх шүүгдэгч С.Бат-Өлзийг бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 05 жил 05 хоног хорих ял оногдуулж, уг ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийтгэж, шүүгдэгч С.Бат-Өлзий бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг дурьдаж шийдвэрлэсэн байна.

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч С.Бат-Өлзий, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Илтгэгч шүүгч Б.Цогтын хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “… Эрүүгийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт “Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байвал гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцно” гэж заасан. Шүүх шүүгдэгч С.Бат-Өлзийг хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж үзсэн. Гэтэл С.Бат-Өлзий мөрдөн байцаалтын шатнаас эхэлж би хутга хэрэглээгүй, тэд нар намайг хадаастай модоор зодоход тэд нар өөрсдөө зүсэгдсэн байж болзошгүй гэж хэлдэг. Хэрэг гарсны дараа цагдаагийн байгууллагаас хэргийн газар очиж тухайн хадаастай модыг цагдаагийн газарт авчирсан. Гэтэл хэрэгт тухайн хадаастай мод эд мөрийн баримтаар авагдаагүй. Хамгийн гол нь шүүгдэгч С.Бат-Өлзий хутга хэрэглээгүй гэдэг талаар удаа дараа мэдүүлсэн, мөн тэд нар намайг нийлж зодсон гэж тогтвортой мэдүүлсээр байтал шүүх огт дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан “мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь хэргийг тал бүрээс нь үнэн бодитойгоор тогтоохын тулд хуульд заасан бүхий л арга хэмжээг авах үүрэгтэй” гэснийг мөрдөн байцаагч биелүүлээгүй. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт заасан “мөрдөн байцаагч, прокурор, шүүх нь нотлох баримтыг хууль болон эрх зүйн ухамсраа удирдлага болгон, тал бүрээс нь нягт, нямбай хянаж үзсэний үндсэн дээр өөрсдийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасан. Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тухайн хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлж, дүгнэж чадсангүй. Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1, 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх бүрэн боломжтой байсан. Хохирогч нарын тухайд өөрсдөө буруутай учраас шүүх хуралдаанд огт оролцоогүй бөгөөд мөн гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэдгээ илэрхийлсэн байгаа. Иймд шүүгдэгч С.Бат-Өлзийг Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар ял шийтгэснийг мөн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэг болгон өөрчилж, тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг “... шүүгдэгч С.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хохирогч нарын биед хөнгөн гэмтэл учруулан танхайрах гэмт хэргийг үйлдэхдээ хутгыг зэвсгийн чанартай ашигласан. Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдон тогтоогдсон. Анхан болон давж заалдах шатны шүүх мөрдөн байцаалтын шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн нотлох баримтуудад хууль ёсны дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх саналтай байна” гэв.

Хяналтын журмаар хэргийн бүх ажиллагааг хянавал анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч С.Бат-Өлзий нь 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой 19-20 цагийн орчим согтуурсан үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 241 дүгээр зөрлөгт хүнсний ногоо хураахаар очсон хохирогч Ө.Атарсүрэнтэй “хаанахын цагаачид чанга дуугараад байна” гэж маргалдан зодолдож, “Монголчуудыг ална” гэж хутга гарган хохирогч Ө.Атарсүрэнгийн эрүүнд хутганы ишээр цохиж биед нь хөнгөн гэмтэл, хохирогч Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж биед нь хөнгөн гэмтэл, хохирогч Б.Мөнхбатын нүүрний баруун духнаас хацар хүртэл нь зүсэж биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулж, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж танхайрсан болох нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг шууд заасан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, хохирогч нарын биед үзлэг хийж хурц иртэй зүйлээр гэмтэл учруулсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлж, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтаар тогтоогдсон гэсэн шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.

Мөрдөн байцаалтаар хэргийн талаар нотолбол зохих асуудлууд буюу шүүхийн тогтоол гарахад ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоосон бөгөөд шүүдэгч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасч хязгаарлах замаар шүүхээс хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгч С.Бат-Өлзийгийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт тохирсон Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна.

Урьдчилан төлөвлөөгүй, гэнэт үүссэн шинжтэй буюу гудамж талбайд ямар ч шалтаг, шалтгаангүйгээр танихгүй хүнтэй маргаан үүсгэн зодолдож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн хохирогч Б.Мөнхбат, Н.Зоригтбаатар, Ө.Атарсүрэн нарын бие махбодид нь гэмтэл учруулсан үйлдэл нь танхайрах гэмт хэргийн үндсэн болон хүндрүүлэх бүрэлдэхүүний бүх шинжийг агуулсан нийгэмд аюултай үйлдэл юм.

Харин тодорхой сэдэлттэй буюу хувийн таарамжгүй харьцаанаас үүдэлтэй гэмт хэрэг нь урьдчилан бодож төлөвлөсөн үйлдлээрээ тодорхой зорилгыг гүйцэлдүүлж хүссэн хор уршиг, үр дагаврыг бий болгодог бөгөөд тухайн төрлийн гэмт хэргийг энэ шинжээр нь танхайрах гэмт хэргээс ялгаж зүйлчилдэг болно.

Хохирогч Ө.Атарсүрэн нь шүүгдэгч С.Бат-Өлзийгийн гарт байсан хутгыг салгах зорилгоор сул банз авч гарыг нь цохихдоо хохирогч Б.Мөнхбат, Н.Зоригтбаатар нарын биед банзанд байсан хадаасаар гэмтэл учруулсан үйл баримт тогтоогдоогүй байна.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхээр тогтоогдоогүй байдал, үгүйсгэгдсэн нотлох баримтыг үндэслэн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах эрхгүй.

Иймд “... Бат-Өлзий нь мөрдөн байцаалтаас надад хутга байгаагүй, харин хадаастай модоор намайг цохисон, намайг хадаастай модоор зодож байхдаа нэгнийхээ нүүрийг зүссэн. Гэрч, хохирогч нарын мэдүүлсэн урт хүрэн шаргал иштэй балиусан хутга байхгүй, эд мөрийн баримтаар хураагдаагүй, хутгыг олж тогтоогоогүй. Иймээс хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шинжлэн судлахад хутга хэрэглэсэн гэдэгт эргэлзээтэй байхад шууд хутгыг зэвсгийн чанартай хэрэглэсэн гэж ял халдааж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Иймд шүүгдэгчид ашигтайгаар өөрчлөлт оруулж Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлээр зүйлчилж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн 01 дүгээр шийтгэх тогтоол, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 14 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбатын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

     ДАРГАЛАГЧ,

     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                    Т.УРАНЦЭЦЭГ

 

     ШҮҮГЧ                                                                              Б.ЦОГТ