Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 36

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Хүдэр,

Шүүгдэгч С.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Б-д холбогдох 2030003200010 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, ... настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын .... дүгээр багт оршин суух, ял шийтгэлтэй, хэрэг хариуцах чадвартай, С.Б /РД:........../

 

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч  С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Э сумын .... дугаар багийн нутаг дэвсгэр “ТС” гэх газраас иргэн Б.Э-н хадлангаас 60 тооны өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Б.Э-н 60 боодол өвсийг малдаа өгөх гээд авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай аавын төрсөн дүү Б-н машин. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Маргаан байхгүй...гэв.

- Хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Э-н: Би 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Сүхбаатар аймгийн Э сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ТС” гэх газарт хадланд гараад 11 дүгээр сарын 16-нд буюу анхны цас ордог өдөр хадлангаас буусан юм. Хадлангаас буухдаа 2300 боодол өвс татаж амжаагүй, хөдөө хээр үлдээгээд буусан бөгөөд маргааш нь өвсөө татах гэж яваад цасанд боогдоод чадаагүй юм. Тэгээд 2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвсөө татаж авахаар очиход 2300 боодол өвснөөс 2000 боодол өвс нь хулгайд алдагдсан байна. Манай хадлангийн өвс нь 1 ширхэг нь 20 кг жинтэй, 2 мяндсаар боосон өвс байгаа. Би хадлан дээр үлдээсэн байсан өвсөө Сүхбаатар сумын өвсний нөөцөнд 1 ширхгийг нь 7000 төгрөгөөр зарахаар тохироод байсан юм. Тийм учраас учраас би өвсөө 7000 төгрөгөөр үнэлнэ. С.Б нь  намайг хохиролгүй болгож, миний хохирлыг барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй" гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 5-12 дугаар тал),

 

- Яллагдагч С.Б-н: 2020 оны 10 дугаар сарын 20-аар манай гэрээс зүүн урагшаа 3 км-т байх хадлангаас би хадаад боогоод хөдөө хураагаагүй задгай тавьсан байсан өвснөөс нь өөрийн эзэмшлийн фронтер маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй ганцаараа очоод 60 боодол өвс ачаад аймаг руу оруулаад хүргэн А-д 1 ширхгийг нь 3000 төгрөгөөр бодоод зарчихсан юм. Би Э гэдэг хүний хадлан гэдгийг мэдэж байсан, өмнө түүнээс 50 боодол өвс худалдан авч байсан юм. Би өвс авах талаараа Э гэдэг хүнээс зөвшөөрөл аваагүй. Ашиг олох зорилгоор би хулгай хийсэн. Би авсан өвсөө зараад мөнгө болгосон. Би өвсөнд явахдаа ганцаараа явсан” гэх мэдүүлэг /хх-47-50/,

 

- Гэрч Ш.Д-н: 2020 оны 11 сарын 20-ны үед анхны цас орсны дараахан дүү С.Б нь ахынхаа машинтай өвсөнд яваад ирье. Та мөнгө байвал надад өгчих гэхээр нь өөрт байсан 200.000 төгрөгийг С.Б-д өгч өвч худалдан авхуулахаар явуулсан юм. С.Б нь ТС гэх газраас өвч аваад аймгийн төвд малдаа өгчихөөд ирнэ гээд явсан юм...” гэх мэдүүлэг /хх-17/

 

- Гэрч Ч.А-ы: 2020 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хадам ах С.Б-с 50 боодол өвсийг нэг боодлыг нь 3000 төгрөгөөр бодож худалдаж авсан...гэх мэдүүлэг /хх-13/

 

- Гэрч Я.Б-н: Би Киа пронтер маркийн ........ тэврийн хэрэгслийг 2016 онд Ч.Б гэх хүнд худалдан борлуулсан, одоог хүртэл нэрийг нь шилжүүлж өгч чадаагүй... гэх мэдүүлэг /хх-16/

 

-Гэрч Ч.Б-н: Фронтер маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Л.Б гэх хүний нэр дээр байдаг юм. Уг машиныг 2017 онд тухайн хүнээс худалдаж авсан юм. Одоог болтол өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-18/

 

- 01104368 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрэл зураг /хх-57-58/

 

- “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020.12.18-ны өдрийн 20/03/349 дугаартай “ 60 боодол өвс 520000 төгрөг “ гэх шинжээчийн дүгнэлт /1хх-21-30/

 

- “Ашид билгүүн” ХХК-ийн 2021.01.08-ны өдрийн 21/007 дугаартай “ Киа Фронтер автомашин 6.000.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /1хх-34-37/

  • С.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-55/

 

- Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 1-р багийн Засаг даргын 2021 оны 01 сарын 07-ны өдрийн 08 дугаартай тодорхойлолт /хх-54/

 

- С.Б-н Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-51/

 

  • С.Б-н жолоочийн үнэмлэхийн хуулбар /хх-56/

 

  • Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ /хх-60/

 

- Яллагдагчийн өмгөөлөгч Т.Х-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-68/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын санал /хх-70/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч С.Б нь 2020 оны 10 дугаар сарын 20-ны орчимд Сүхбаатар аймгийн Э сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр “ ТС” гэх газар дахь иргэн Б.Э-н хадлангийн талбайгаас 60 ширхэг боодол өвсийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч бусдад 520.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн шүүгдэгч С.Б-н “ Би Б.Э-н 60 боодол өвсийг малдаа өгөх гээд авсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь манай аавын төрсөн дүү Б-н машин” гэх,

хохирогч Б.Э-н ”  2020 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвсөө татаж авахаар очиход 2300 боодол өвснөөс 2000 боодол өвс нь хулгайд алдагдсан байна. Манай хадлангийн өвс нь 1 ширхэг нь 20 кг жинтэй, 2 мяндсаар боосон өвс байгаа. С.Б нь намайг хохиролгүй болгож, миний хохирлыг барагдуулсан" гэх,

гэрч Ч.А-ы “ 2020  оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хадам ах С.Б-с 50 боодол өвсийг нэг боодлыг нь 3000 төгрөгөөр бодож худалдаж авсан” гэх ,

гэрч Ш.Д-н “... 2020 оны 11 сарын 20-ны үед анхны цас орсны дараахан дүү С.Б нь ахынхаа машинтай өвсөнд яваад ирье. Та мөнгө байвал надад өгчих гэхээр нь өөрт байсан 200.000 төгрөгийг С.Б-д өгч өвч худалдан авхуулахаар явуулсан юм. С.Б нь ТС гэх газраас өвч аваад аймгийн төвд малдаа өгчихөөд ирнэ гээд явсан юм...” гэх,

гэрч Ч.Б-н “... Фронтер маркийн ........ улсын дугаартай тээврийн хэрэгсэл Л.Б гэх хүний нэр дээр байдаг юм. Уг машиныг 2017 онд тухайн хүнээс худалдаж авсан юм. Одоог болтол өөрийн нэр дээр шилжүүлж авч чадаагүй...” гэх мэдүүлгүүд,

“Линзийн өгөөж” ХХК-ийн 2020.12.18-ны өдрийн 20/03/349 дугаартай “ 60 боодол өвс 520.000 төгрөг “ гэх шинжээчийн дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд шүүгдэгч С.Б нь зарж борлуулан ашиг олох зорилгоор гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээг хангах, зарж борлуулах зорилгоор иргэн Б.Э-н эзэмшлийн 60 боодол өвсийг хадлангийн талбайгаас хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан байна.

 

Шүүгдэгч С.Б-н, хохирогч Б.Э-н 60 ширхэг боодол өвсийг хулгайлж авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Энэ хэргийн хохирлын үнэлгээг “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020.12.18-ны өдрийн 20/03/349 дугаартай дүгнэлтээр “ 60 боодол өвсний нэг ширхгийн үнэ 8666 төгрөг, нийт 520.000 төгрөг” гэж тогтоосон бөгөөд дээрх үнэлгээ нь тухайн хөрөнгийн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлогт үндэслэсэн байх, үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий, тодорхой байх зэрэг хуулийн шаардлагад нийцсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрийн үндэслэл болголоо.

 

Дээрх үнэлгээний талаар шүүгдэгч С.Б, хохирогч Б.Э нар маргаагүй бөгөөд хохирогч Б.Э-т учирсан 520.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч С.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч С.Б-н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Шүүгдэгч С.Б-д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч С.Б-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учруулсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч С.Б-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 “ зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах”, 2.5 ” оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тээврийн хэрэгсэл ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх, цаашид гэмт хэрэг үйлдэгдэх бодитой нөхцөл байдлыг бий болгодог тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх, энэ аргаар гэмт хэрэг үйлдэхээс татгалзуулах зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгох, хохирол төлүүлэхэд зарцуулах, мөн тээврийн хэрэгсэл тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгох, хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд шилжсэн, эсхүл гэмт хэрэг үйлдэхэд ашиглагдсан боловч бусдын өмчлөлд байсан тээврийн хэрэгслийн үнийг гэмт хэрэг үйлдсэн хүний хувь ногдох эд хөрөнгөнөөс албадан гаргуулахыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд тус тус хуульчилсан ба энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зорилгод нийцэх бөгөөд нийтийн ашиг сонирхол, аюулгүй байдлыг цаашид гэмт халдлагаас хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Иймд шүүгдэгч С.Б нь хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ бусдын буюу иргэн Я.Б-н эзэмшлийн Киа Фронтер загварын ........ улсын дугаартай машиныг ашигласан байх тул түүнээс уг тээврийн хэрэгслийн үнэд 6.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахаар тогтоолоо.

 

“Ашид билгүүн” ХХК-ийн 2021.01.08-ны өдрийн 21/007 дугаартай дүгнэлтээр  Я.Б-н эзэмшлийн Киа Фронтер загварын ........ улсын дугаартай машиныг 6.000.000 төгрөгөөр үнэлжээ.

              

Шүүгдэгч С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч С.Б-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах “ гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.                   

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д зааснаар дээрх тэнссэн хугацаанд шүүгдэгч С.Б-д “зан үйлээ засах, хөдөлмөрлөх сургалтад хамрагдах”, “оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тус тус авсугай.

 

4.Шүүхийн шатанд шүүгдэгч С.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Боос гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Я.Б-н эзэмшлийн Киа Фронтер загварын ........ улсын дугаартай тээврийн хэрэгслийн үнэд 6.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч С.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч С.Б бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Э-т учирсан 520.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН