Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 53

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,­

өмгөөлөгч Ж.Д,

шүүгдэгч Т.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Б-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000000038 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол улсын иргэн, 19.. оны ... сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, яс үндэс Халх, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..., аав, ээжийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Т.Б /............/;

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 07 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг ................. тоотод иргэн Б.Э-н нүүрэн тус газарт болон гуяанд гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний дотор булан, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүгдэгч Т.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнө нь Э-тай маргалдаж байсан тэр маргалдаж байснаа бодоод Э-н гэрт очсон байсан. Эмчилгээний зардал гэж өгөөгүй. Хохирогч бид хоёр найз нөхдийн харилцаатай. Би хохирогчоос уучлалт гуйсан...гэв.

 

- Яллагдагч Т.Б-н: Нэг мэдсэн өглөө нь 07 цагийн үед сэрээд харсан чинь БУ сумын .... дүгээр баг Х-д байх “А” хүнсний дэлгүүрийн зүүн хойд талын хашааны буланд Э-н урд талын эгнээнд хажуудаа 2.5 литрийн нийслэл нэртэй тал пивотой сэрсэн. Өмнө нь жижиг асуудлаас болж Э-тай маргалдаж байсан. Тэр маргалдаж байснаа бодоод Э-н гэрт очоод агсам тавьчхаагүй байгаа гэж тухайн үед дотроо бодсон. Би их согтсон байсан болохоор болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Э-н гэрт нь очиж гар хүрсэн байх, гэрийнх нь ойролцоо пивотой сэрсэн. Тэр пивоо ганцаараа уугаад согтсон. Тэгээд О гэдэг найз руугаа яриад гэрт нь очсон, орой хэдэн цаг болж байсныг санахгүй байна...гэх мэдүүлэг /хх-28/

  

- Хохирогч Б.Э-н: 2021 оны 01 сарын 24-ний өглөө 07 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг ............... тоотод байх гэртээ унтаж байхад гаднаас Т.Б нь манай гэрийн хаалгыг мулт татаж орж ирээд “босоод ир, хоёулаа пиво ууя “ гэхээр нь “үгүй, өнөөдөр манай нөхөр хөдөөнөөс ирнэ, тийм болохоор уухгүй “ гэхэд гуя руу удаа дараалан гараа атгаж байгаад цохихоор нь “ чи намайг яагаад цохиод байгаа юм бэ, цохисон газар чинь өвдөөд байна “ гэж хэлээд хувцсаа өмсөөд Т.Б-н авчирсан том пивыг гэрийнхээ үүд рүү шидээд “ би чамтай уухгүй, нялх хүүхэд байхад чинь хүүхэд айлгаад байх юм “ гэхэд миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь гэрээсээ хөөгөөд явуулсан. Тухайн үед Т.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан бөгөөд биеэ хянах чадвартай байсан байх гэж бодож байна. Тухайн үед би нэг ой 7 сартай хүүхэдтэйгээ хоёулаа байсан ...Т.Б-д зодуулсан талаар 2 хоногийн дараа буюу 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр гомдол гаргаж өгсөн ...нэхэмжлэх зүйл байхгүй ” гэх мэдүүлэг /хх-10-12/

 

-Гэрч А.А-н: Манай эхнэр Б.Э хувцсаа тайлсан чинь хөл нь тэр чигтээ хөхөрчихсөн байсан. Тэгээд яасан талаар нь асуусан чинь “ ойчоод хөхрөөчихсөн “ гэж хэлээд өөр юм хэлэхгүй байсан. Маргааш өдөр нь аргадаж байгаад хэлүүлсэн чинь 2” 021 оны 01 сарын 24-ний өдөр өглөө 07 цагийн үед Б гэдэг хүн нэг пиво бариад гэрийн хаалганы түгжээг мулт татаад орж ирээд намайг зодсон “ гэж хэлсэн. Тэгэхээр нь “ чи хүнээр ийм болтлоо зодуулчхаад нуулаа “ гэсэн чинь цагдаад мэдэгдэнэ гэж гарч гүйгээд Б-г зодсон талаар цагдаад мэдүүлэг өгсөн байсан. Миний бие Б-тэй уулзаж болсон асуудлын талаар асуусан чинь “согтчихсон байсан өөрийн мэдэлгүй зодчихсон байх, сайн санахгүй байна “ гэж хэлсэн. Дараа нь над руу утсаар залгаад “ хоёулаа эр хүний хувиар эндээ тохиролцъё, эхнэртээ хэлээд өргөдлийг нь буцаалгачих 250.000 төгрөг өгье “ гэж ярьсан болохоор Б нь манай эхнэр Б.Э-г зодсон нь үнэн байх...гэх мэдүүлэг /хх-14 /,

 

  • Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-3-5/

 

  • Хохирогч Б.Э-н гэмтлийн гэрэл зураг /хх-7/

 

  • Хүний их эмч У.Б-н Эмчийн үзлэгийн тэмдэглэл/хх-17/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 77 дугаартай “...Б.Э-н биед зүүн нүдний дотор булан, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-18-19/

 

-Сүхбаатар аймгийн БУ сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021.01.29-ний өдрийн 8/68 дугаартай тодорхойлолт /хх-32/

 

-Т.Б-н Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-33/

 

-Т.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-34/

 

-Т.Б-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-40/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 02 сарын 22-ны өдрийн 30 дугаартай санал /хх-43/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Т.Б нь 2021 оны 01 дүгээр сарын 24-ний өглөө 07 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын ... дүгээр баг .............. тоотод иргэн Б.Э-н нүүрэн тус газарт болон гуяанд гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь “ зүүн нүдний дотор булан, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт бүхий “ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт  болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн “Өмнө нь Э-тай маргалдаж байсан,тэр маргалдаж байснаа бодоод Э-н гэрт очсон байсан. Хохирогч бид хоёр найз нөхдийн харилцаатай. Би хохирогчоос уучлалт гуйсан ” гэх,

хохирогч Б.Э-н “...2021 оны 01 сарын 24-ний өглөө 07 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг .............. тоотод байх гэртээ унтаж байхад гаднаас Т.Б нь манай гэрийн хаалгыг мулт татаж орж ирээд “босоод ир хоёулаа пиво ууя “ гэхээр нь “ үгүй өнөөдөр манай нөхөр хөдөөнөөс ирнэ тийм болохоор уухгүй “ гэхэд гуя руу удаа дараалан гараа атгаж байгаад цохихоор нь чи намайг яагаад цохиод байгаа юм бэ, цохисон газар чинь өвдөөд байна гэж хэлээд хувцсаа өмсөөд Т.Б-н авчирсан том пивыг гэрийнхээ үүд рүү шидээд би чамтай уухгүй, нялх хүүхэд байхад чинь хүүхэд айлгаад байх юм гэхэд миний зүүн нүд рүү баруун гараараа нэг удаа цохисон...”  гэх,

гэрч А.А-н “...манай эхнэр Б.Э хувцсаа тайлсан чинь хөл нь тэр чигтээ хөхөрчихсөн байсан. Яасан талаар нь асуусан чинь ойчоод хөхрөөчихсөн гэж хэлээд өөр юм хэлэхгүй байсан. Маргааш өдөр нь аргадаж байгаад хэлүүлсэн чинь “2021 оны 01 сарын 24-ний өдөр өглөө 07 цагийн үед Б гэдэг хүн нэг пиво бариад гэрийн хаалганы түгжээг мулт татаад орж ирээд намайг зодсон “ гэж хэлсэн ” гэх мэдүүлгүүд, 

хохирогч Б.Э-н гэмтлийн гэрэл зураг,  хүний их эмч У.Б-н гэмтлийн эмчийн үзлэгийн тэмдэглэл, шинжээчийн 2021 оны 01 сарын 27-ны өдрийн 77 дугаартай “...Б.Э-н биед зүүн нүдний дотор булан, баруун, зүүн гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Т.Б нь согтуурсан үедээ иргэн А.А-нд ирж түүний эхнэр Б.Э-г хамт пиво уусангүй гэх үл ялих зүйлээр шалтаглан цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан  хохирогчийн гуяанд цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

  

Шүүгдэгч Т.Б-н, хохирогч Б.Э-г цохиж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Т.Б-н үйлдлийн улмаас хохирогч Б.Э-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолтой, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн /хх-11/ тул шүүгдэгч Т.Б-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Харин хохирогч Б.Э нь дээрх гэмтлийн улмаас өөрт учирсан  хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Т.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

Тухайлбал, шүүгдэгч Т.Б-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдолгүй гэсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

Иймд Т.Б-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-н “ Миний үйлчлүүлэгч нь хийсэн хэргээ чин шударгаар хүлээн зөвшөөрч байгаа учраас гэм буруугийн хувьд маргаан байхгүй. Бусдад төлөх төлбөргүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зохицуулалтыг хангасан учраас эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр прокуророос тохирсон ялыг оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөх боломжоор хангаж өгнө үү ” гэх дүгнэлтийг хангах боломжтой гэж үзлээ.

 

Т.Б нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний хөрөнгө, орлого олох боломжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн зохицуулалтад хамаарах юм.

 

Шүүгдэгч Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Т.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Т.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Т.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Э гомдолгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН