| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0065/Э |
| Дугаар | 55 |
| Огноо | 2021-03-19 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 03 сарын 19 өдөр
Дугаар 55
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.Хорлоо,
Шүүгдэгч Б.М,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.М-т холбогдох 2030002690053 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, галт тэрэгний инженер мэргэжилтэй, ажилгүй, ам бүл ...., эцэг, эх, эгчийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар багийн ........... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б.М /рд: .........../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Б.М нь Сүхбаатар аймгийн БУ сумын 1 дүгээр баг Д хотхоны 2 дугаар байрны гадна авто зогсоол дээрээс Приус 20 маркийн .......... улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж, бусдад 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Д хотхоны гадаа байсан “Приус-20” маркийн машины нүүрсэн янданг авсан. Тухайн нүүрсэн яндан үнэтэй байдаг учраас авсан. Өмнө нь таньдаг хүнээсээ 300.000 төгрөгөөр аваад, Улаанбаатар хотод аваачиж зарж байсан. Хохирогчид хохирлыг төлсөн. Буруу үйлдэл хийсэндээ харамсаж, гэмшиж байна...гэв.
- Яллагдагч Б.М-н: Би сонсгож буй ялыг хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. 2020 оны 09 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө 03 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр баг Д хотхоны үүдэнд найзтайгаа уулзаад гэр рүү гээ явж байхад уг байрны гадаа зогсоол дээр приус 20 маркийн ............. улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машин байсан. Тэгэхээр нь тухайн тээврийн хэрэгслийн нүүрсэн яндан байгаа эсэхийг шалгаж үзэхэд байсан. Би өмнө нь приусийн нүүрсэн янданг авч, худалдан борлуулдаг байсан учраас нүүрсэн янданг тайлахад ямар түлхүүрээр тайлдаг гэдгийг мэддэг байсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг тайлж аваад харанхуй буланд тавьж үлдээгээд гэр рүүгээ явсан. Тэгээд гэрт байсан нүүрсэн янданг аваад машинаа унаад тухайн газарт буцаж очоод машинаасаа илүү байсан нүүрсэн янданг приус 20 маркийн ............. улсын дугаартай тээврийн хэрэгсэлд сольж тавиад харанхуй буланд тавьсан байсан нүүрсэн янданг аваад явсан. Тэгээд уг тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг гэртээ хадгалж байгаад 2020 оны 10 дугаар сарын эхээр Сүхбаатар аймгаас Улаанбаатар хот руу очиж ченж эгчид 1.000.000 төгрөгөөр худалдан борлуулсан бөгөөд уг мөнгийг бэлнээр аваад өөрийнхөө хувийн хэрэглээндээ хэрэглэсэн. Би өөрийн хийсэн хэрэгтээ гэмшээд Т.Ц-с уучлалт гуйгаад хохирлын мөнгөө 2 хоногийн дараа бүтэн төлж барагдуулахаа хэлсэн". гэх мэдүүлэг /хх-107-110/
- Хохирогч Т.Ц-н: " Б.М нь миний өөрийн эзэмшлийн Приус 20 ........... улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж аваад оронд нь өөр нүүрсэн янданг байрлуулж тавьсан байсан. Б.М нь 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай ажил дээр ирээд би таны машины нүүрсэн янданг хулгайлж аваад оронд нь өөр нүүрсэн янданг тавьдаг хүн байна, намайг уучлаарай би таныг ямар нэгэн хохиролгүй болгож өгнө гэж хэлээд явсан учраас надад гаргах гомдол санал байхгүй. Б.М нь ойрын хугацаанд нүүрс нь яндангийн мөнгийг өгнө гэж хэлсэн. Би Б.М-с 1.200.000 төгрөг нэхэмжилж байна" гэх мэдүүлэг /хх- 68-69, 71/
- Гэрч Н.Н-н: Би БЗД-ийн 19 дүгээр хороо ............. тоотод авто засвар ажиллуулдаг. Б.М гэх хүнийг танихгүй. Авто машины нүүрсэн яндан нийт 3 удаа зарсан. 3 удаа өгөхөд нь 2 удаа нь би байгаагүй. 1 удаад нь би уулзсан. Энэ бүх гүйлгээг яндан авсан учраас мөнгийг нь шилжүүлсэн. М нь гүйлгээний утга дээр нь цалин гэж бичээд өгөөч гээд гуйгаад байсан. ............... гэдэг гүйлгээний утгаа би өөр гүйлгээгээ ялгах гэж тэгж бичдэг. 2007 оноос дээш приус 20 маркийн авто машины яндан өгч байсан. Оронд нь надаас хятад нүүрсэн яндан сольж тавина гээд авч байсан " гэх мэдүүлэг /80-82/
- Линзийн өгөөж ХХК-нийн 2020.10.09-ний өдрийн 20/03/357 дугаартай “ Приус-20 машины нүүрсэн яндан 1.200.000 төгрөг “ гэх дүгнэлт /хх-85-95/
- Прокурорын 16 дугаартай “ Эд мөрийн баримтыг хураан авах тухай” тогтоол/хх-66/,
- Эд зүйл/ эд мөрийн баримт/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх- 63-64/
- Голомт банкан дахь Г.О, Б.М, Г.Н, М.Б нарын дансны хуулга /хх-17-26/
- Хас банк БУ салбарын Г.О, М.Б, Г.Н нарын данс хуулга /хх-27-31/
- М.Б, Б.М, Г.О, Г.О, О.А нарын Төрийн банкны дансны хуулга /хх-33-38/
- Н.Н-н ............... дугаартай Хаан банкны дансыг шалгасан тэмдэглэл /хх-39/
- Г.Н-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-55-59/
- Г.Б-н Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-60-62/
- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-63-64/
- Сүхбаатар аймгийн БУ сумын 7-р багийн Засаг даргын 2021.03.01-ний өдрийн 7/109 дугаартай тодорхойлолт /хх-114/
- Б.М-н Хаан банкны депозит дансны хуулга/хохирогч Т.Ц-н данс руу 1.200.000 төгрөг шилжүүлсэн тухай/ баримт /хх-121/
- Т.Ц-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-122/
- Б.М-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-123/
- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай 36 дугаартай Прокурорын санал /хх-126/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.М нь 2020 оны 09 дүгэр сарын 27-ны шөнийн 03 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын 1 дүгээр багийн Д хотхоны 2 дугаар байрны гадна авто зогсоол дээрээс хохирогч Т.Ц-н эзэмшлийн Приус 20 загварын ............ улсын дугаартай машины нүүрсэн янданг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Б.М-н хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “2020 оны 09 дүгэр сарын 27-ны шөнийн 03 цагийн үед Д хотхоны гадаа байсан ............ улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн машины “Приус-20” маркийн машины нүүрсэн янданг авсан. Тухайн нүүрсэн яндан үнэтэй байдаг учраас авсан ” гэх,
хохирогч Т.Ц-н “Б.М нь миний Приус 20 маркийн ............ улсын дугаартай тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хулгайлж аваад оронд нь өөр нүүрсэн янданг байрлуулж тавьсан байсан. Б.М 2021 оны 02 дугаар сарын 28-ны өдөр манай ажил дээр ирээд би таны машины нүүрсэн янданг хулгайлж аваад оронд нь өөр нүүрсэн янданг тавьдаг хүн байна, намайг уучлаарай би таныг ямар нэгэн хохиролгүй болгож өгнө гэж хэлсэн ” гэх,
гэрч Н.Н-н “ Би БЗД-ийн 19 дүгээр хороо ............. тоот дахь граждаа авто засвар ажиллуулдаг. М гэдэг хүнийг танихгүй. Авто машины нүүрсэн яндан нийт 3 удаа зарсан. 3 удаа өгөхөд нь 2 удаа нь би байгаагүй, 1 удаад нь би уулзсан. Энэ бүх гүйлгээг яндан авсан учраас мөнгийг нь шилжүүлсэн. М нь гүйлгээний утга дээр нь цалин гэж бичээд өгөөч гээд гуйгаад байсан. ............ гэдэг гүйлгээний утгаа би өөр гүйлгээгээ ялгах гэж тэгж бичдэг. 2007 оноос дээш приус 20 маркийн авто машины яндан өгч байсан. Оронд нь надаас хятад нүүрсэн яндан сольж тавина гээд авч байсан.” гэх мэдүүлгүүд,
Линзийн өгөөж ХХК-нийн 2020.10.09-ний өдрийн 20/03/357 дугаартай “ Приус-20 машины нүүрсэн яндан 1.200.000 төгрөг “ гэх дүгнэлт, Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, “ Эд мөрийн баримтыг хураан авах тухай” 16 дугаартай Прокурорын тогтоол, Эд зүйл/ эд мөрийн баримт/ хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.М нь бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа өөрийн хэрэгцээг хангах зорилгоор иргэн Т.Ц-н эзэмшлийн Приус 20 загварын тээврийн хэрэгслийн нүүрсэн янданг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулсан хийгээд гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Шүүгдэгч Б.М-н, хохирогч Т.Ц-н машины эд зүйлийг хулгайлж авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул тэдгээрийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Энэ хэргийн хохирлын үнэлгээг Линзийн өгөөж ХХК-нийн 2020.10.09-ний өдрийн 20/03/357 дугаартай дүгнэлтээр “ Приус-20 машины нүүрсэн яндан 1.200.000 төгрөг ” гэж тогтоосон бөгөөд дээрх үнэлгээний талаар шүүгдэгч, хохирогч нар маргаагүй байна.
Хохирогч Т.Ц-д учирсан нийт 1.200.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь Б.М-н Хаан банкны депозит дансны хуулга/хх-121/ -аар тогтоогдох тул түүнийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.М-н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Б.М-т холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх саналтай ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн ангиллын буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт тус тус хамаарах бөгөөд мөн хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.
Тухайлбал, шүүгдэгч Б.М-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээ гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан эдийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн, шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон эрүүгийн хариуцлага, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.М-т холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэж, дээрх тэнссэн хугацаанд тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах тухай санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэхээр тогтоолоо.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “ CHROME VAMADIUM 14 номер дугаартай, урт нь 4 см өргөн нь 1.8 см өргөнтэй торцов”-ыг шүүгдэгч Б.Мт буцаан олгоно.
Шүүгдэгч Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгчид таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.М-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-г хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Шүүгдэгч Б.М-т дээрх тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Шүүхийн шатанд шүүгдэгч Б.М-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
5. Прокурорын 2021 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 16 дугаартай “ Эд мөрийн баримтыг хураан авах тухай ” тогтоолыг хүчингүй болгож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан “CHROME VAMADIUM 14 номер дугаартай, урт нь 4 см өргөн нь 1.8 см өргөнтэй торцев” -ыг шүүгдэгч Б.М-т буцаан олгохыг Сүхбаатар аймаг дахь шүүхийн Тамгын газрын Эд мөрийн баримт болон барьцааны мөнгө, үнэ бүхий зүйлийг шийдвэрлэх комисст даалгасугай.
6. Шүүгдэгч Б.М энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй ба шүүгдэгч Б.М бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Т.Ц-д учирсан 1.200.000 төгрөгийн хохирол бүрэн төлөгдсөн, тэрээр гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН