Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 61

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч Г.Лхагвасүрэн,­

шүүгдэгч Г.Э,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.Эад яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000400061 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг ............... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ................., 

Г.Э

 

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын 3 дугаар баг ........... байранд иргэн С.А-г зодож эрүүл мэндэд нь духанд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед А-н хамт гэр рүүгээ ороод хамт архи уусан. 21 цагийн үед маргалдаж байхад манай эхнэр орж ирээд болиулсан. А-н толгой руу бөгжтэй гараараа цохисон. Тэгээд би цагдаа дуудсан. Бид хоёр багын найзууд, эвлэрсэн. Надаас нэхэмжилсэн зүйл байхгүй...гэв.

 

- Яллагдагч Г.Э-н: Юунаас болж маргалдаж муудсан гэдгийг мэдэхгүй байна. Миний уурыг хүргээд байхаар нь эхлээд С.А-н цээж рүү гараараа нэг удаа цохиход зөрүүлээд С.А нь миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Тэгэхэд манай эхнэр Ж.А нь бид хоёрыг архи уучхаад хоорондоо маргалдаж болохгүй гэж хэлсэн. Тэгээд хэсэг хугацааны дараа дахин маргалдаж, намайг хэл амаар доромжлоод байхаар нь уур хүрээд баруун гараараа нэг удаа С.А-н толгой руу цохиход толгойноос цус гарахаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-32-33/,

 

- Хохирогч С.А-н: Бид хоёр юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар уур хүрээд Г.Э-н толгой руу гараараа нэг удаа цохиход зөрүүлээд миний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд бид хоёр маргалдахад Г.Э-н эхнэр Ж.А бид хоёрыг “архи уучхаад хоорондоо маргалдаад хэрэггүй “гэхээр нь бид хоёр хоёулаа үгэнд нь ороод маргалдаж муудахаа больсон. Тэгээд үлдэгдэл архиа ууж байгаад дахин хоорондоо маргалдахад Г.Э нь миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Г.Э-д цохиулсны улмаас миний толгой хагарч цус гарсан ...Г.Э-д гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-5-6/

- Гэрч Ж.А-н: Оройны 21 цагийн үед Г.Э, С.А нар нь юунаас болж маргалдаж муудсан гэдгийг мэдэхгүй байна. Би нөгөө өрөөндөө байж байтал гэнэт хоорондоо маргалдаад дуу нь чангараад байх шиг байхаар нь “ та нар чимээгүй бай, архи уучихаад хоорондоо битгий маргалдаад бай “гэхэд хоёулаа за за  гэж хэлээд больсон. Тэгээд удалгүй дахин маргалдаад бие биенийгээ цохих шиг болохоор нь ар талын өрөөнд ороод харахад С.А-н толгойноос цус гарч байсан... гэх мэдүүлэг /хх-8-9/

 

  • Яаралтай тусламжийн хуудас. №760 /хх-14-15/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 143 дугаартай “С.А-н биед духанд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-16-17/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 149 дугаартай “Г.Эын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /хх-21/

 

-Сүхбаатар аймгийн БУ сумын .... дүгээр багийн Засаг даргын 2021.02.25-ны өдрийн 1/80 дугаартай тодорхойлолт /хх-37/

 

-Г.Э-н Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-38/

 

-Г.Э-н Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-34/

 

- Хохирогч С.А-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-44/

 

- Яллагдагч Г.Э-н Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-45/

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 03 сарын 16-ны өдрийн 38 дугаартай санал /хх-48/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь Шүүгдэгч Г.Э нь 2021 оны 02 дугаар сарын 23-ны орой 21 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг .......... байранд иргэн С.А-г толгойн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь “ духанд язарсан шарх бүхий “ хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 17 цагийн үед А-н хамт гэр рүүгээ ороод хамт архи уусан. 21 цагийн үед маргалдаж байхад манай эхнэр орж ирээд болиулсан. А-н толгой руу бөгжтэй гараараа цохисон ” гэх,

хохирогч С.А-н “ бид хоёр юунаас болж маргалдсан гэдгийг мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар уур хүрээд Г.Э-н толгой руу гараараа нэг удаа цохиход зөрүүлээд миний цээж рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд үлдэгдэл архиа ууж байгаад дахин хоорондоо маргалдахад Г.Э нь миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Г.Э-д цохиулсны улмаас миний толгой хагарч цус гарсан...”гэх,

гэрч Ж.А-н “ 21 цагийн үед Г.Э, С.А нар удалгүй дахин маргалдаад бие биенийгээ цохих шиг болохоор нь ар талын өрөөнд ороод харахад С.А-н толгойноос цус гарч байсан ” гэх мэдүүлгүүд,

760 дугаартай Яаралтай тусламжийн хуудас, шинжээчийн 143 дугаартай “С.А-н биед духанд язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна ” гэх дүгнэлт, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар шүүгдэгч Г.Э, хохирогч С.А нар нь хамт согтууруулах ундаа хэрэглэх үедээ маргалдаж, хохирогч С.А нь Г.Э-г цохих, хэл амаар доромжлох үед тэрээр түүний толгой руу гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан  хохирогчийг цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Мөн тухайн хэрэг үйлдэгдэхэд хохирогч С.А-н, Г.Э-н согтуурсан, хэл амаар доромжилж, нүүр рүү цохисон үйлдэл нөлөөлсөн байгааг дурдъя.

  

Шүүгдэгч Г.Э-н, хохирогч С.А-г цохиж зодон биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Г.Э-н үйлдлийн улмаас хохирогч С.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Г.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Г.Э нь хохирогчийн хэл амаар доромжилж, нүүр рүү цохисон зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Г.Э-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Г.Э-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч С.А “ бид хоёр эвлэрч гомдол санал байхгүй тул хэргийг түргэн шуурхай хялбаршуулсан аргаар шийдэж өгнө үү, энэхүү хэрэгт миний буруу маш их байгаа” гэх хүсэлт гаргасан нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Г.Э-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Э нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд түүний хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн зохицуулалтад хамаарах юм.

 

Шүүгдэгч Г.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Э-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Г.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч С.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН