Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 66

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

улсын яллагч С.Сугар/цахим/ ­

шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг/цахим/

шүүгдэгч Д.Г,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Г-д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2130000000063 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.

 

         Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ...., эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн У сумын ..... дугаар багт оршин суух хаягтай, урьд 1990 онд Эрүүгийн хуулийн 153 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, 1995 онд Эрүүгийн хуулийн 240 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, РД:................,

Д.Г 

 

 

               Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний оройн  20  цагийн үед Сүхбаатар аймгийн У  сумын  2 дугаар багийн задгай тоотод согтууруулах ундааны зүйл уусан үедээ Э.А-г зодож эрүүл мэндэд нь   “ тархи доргилт, зүүн нүдний салстын болон дээд доод зовхинд цус хуралт, баруун мөр, тохойн гадна хэсэгт цус хуралт бүхий ” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Яллах дүгнэлт тохирч байна, ойлгосон, тайлбарлуулах зүйлгүй. Миний хувьд ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, миний буруу.  Хэргийн зүйлчлэлд маргаан байхгүй хүлээн зөвшөөрч байна...гэв.

 

- Яллагдагч Д.Г-н: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 15:00 цаг би гэртээ эхнэрийн хамтаар цагаан сарынхаа буузыг хийж байсан. Манай эхнэрийн дүү Э нэг ширхэг 2 литрийн Б пиво бариж орж ирээд тэр пивийг нь би хувааж уусан. Э “ өнөөдөр миний төрсөн өдөр “ гэхээр нь манай эхнэр Э нэг пиво авч өгсөн. Тэр пивийг уугаад сууж байхад А гаднаас орж ирсэн. А нь 2 литрийн хэмжээтэй хоёр ширхэг Б пиво авч ирсэн. А манай эхнэртэй хэрэлдээд “ та нар талоны бараагаар амьдардаг “ гэх зэргээр хэлж байсан. Тухайн үед ЭА хөлөөрөө жийгээд пийшингийн тоосго цааш нь цөмлөөд байсан. А, ЭА хоёр гарч  явах гэж байхдаа үүдний тотгонд тогтоосон 3 ширхэг унь унагаасан. Тэр хоёр үүдний босгонд бүдэрсэн бололтой газар унасан. Манай хоёр настай хүүхэд өвөр дээр сууж байгаад уйлаад байхаар нь би босоод нэг унь аваад гадаа хэвтэж байсан ЭА, А хоёрыг гурван удаа униар цохьсон. Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 32-36/

 

- Хохирогч Э.А-н: 2021 оны 02 дугаар сарын 04-ний орой 17.00 цаг өнгөрч манай нөхрийн эгч Г над  руу залгаад “ нэг Б ууя,  манай руу хүрээд ир “ гэсэн.Би Г ахын гэрээр очиход эхнэр нь Г, манай нөхөр ЭА байсан юм. Бид нар хоёр литрийн савтай 5 ширхэг Б  пиво уусан. Пиво ууж дуусаад 20.00 цагийн үед Г эгч намайг “хар хүүхэн чи, пиво  авч ирж чадахгүй юу” гэхээр нь би  “хар ч гэсэн түмэнд нүүрээ бараагүй, амьдраад болоод байгаа ” гэсэн. Г эгчтэй түлхэлцээд байж муудалцаж байгаад гадаа гараад унаад өгсөн.Тэгсэн Г ах гэрээсээ унь барьж гарч ирээд зүүн нүд рүү, баруун гарын тохой, мөн баруун гарын мөр хэсэгт, толгойны ар дагз хэсэгт цохисон. Миний санаж байгаагаар 4 удаа цохьсон юм. Мөн намайг униар цохиулж байхад манай нөхөр Э голоор нь орж цохиулаад толгойгоо цохиулсан байсан.  Зүүн нүд хавдаж хөхөрсөн, баруун мөр тохой хавдаж хөхөрсөн, толгойны  ар дагз хавдаж өвдөж байсан. Гомдол, нэхэмжлэх зүйлгүй  ” гэх мэдүүлэг, /хх-ийн 3-5/ 

 

- Гэрч С.ЭА-н: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр би Н гэх эгчийн гэрээр ороод танилууд болох У, И нартай 2 литрийн хэмжээтэй Б пиво 4 ширхэгийг уусан. 16.00 цаг болж байхад би дэлгүүр ороод 2 литрийн Б пиво худалдаж аваад Г ахын гэрээр очсон. Бид хоёр тухайн пиво хувааж ууж байхад манай эхнэр А гаднаас орж ирсэн. Г-н ахын гэрт манай эгч түүний эхнэр Г, мөн манай эхнэр бид дөрөв байж байхад гаднаас Д эхнэртэйгээ, И гэх залуу орж ирээд бид нар хэдэн пиво уусан. Орой цаг 20.00 цагийн алдад манай төрсөн эгч Г манай эхнэр А хоёр хоорондоо хэрэлдэж байсан. Г ах манай эхнэрийг гэрийнхээ униар хэд хэдэн удаа цохьсон. Би голоор нь ороод мөн толгой руугаа униар нэг удаа цохиулсан. Бид нар тэгээд салаад явцгаасан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/

 

- Гэрч С.Э-н: 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдөр манай төрсөн дүү ЭА хоёр литрийн Б пиво бариад манай гэрээр орж ирсэн. ЭА-н эхнэр А араас нь орж ирсэн. Манай дүүгийн эхнэр А “ намайг амьдарч чадахгүй, талоны  бараагаар амьдардаг “ гэж хэл амаар доромжилж байсан. Тэгээд хэрэлдэж байхдаа манай хаалгаар ЭА, А хоёр чихэж гараад давхаралдаж унасан. Мөн тэр үед нь манай гэрийн гурван унь унасан. Тэгсэн манай бага хүүхэд айгаад уйлсан. Г уур нь хөдлөөд газар унасан унийг бариад Аг нэг юмуу, эсвэл хоёр удаа цохиж байсан. Тэгээд би хориод байж байхад ЭА, эхнэртэйгээ цуг яваад өгсөн... гэх мэдүүлэг, /хх-ийн  8-9/

 

  • У сумын хүний их эмч Ц.Д-н үзлэгийн тэмдэглэл /хх-13/

 

  • Амбулаторын эмч У.П-н үзлэгийн тэмдэглэл /хх-19/

 

  • Эмнэлгийн тодорхойлолт /хх-20/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай: 1.Э.А-н биед тархи доргилт, зүүн нүдний салстын болон дээд доод зовхинд цус хуралт, баруун мөр, тохойн гадна хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирчээ.  2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 14-15/

 

- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 114 дугаартай: 1.С.ЭА-н биед толгойн үстэй хэсэгт сорви бүхий гэмтэл учирчээ. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул  гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 21-22/

 

- Сүхбаатар аймгийн У сумын 3 дугаар багийн Засаг даргын 2021.03.02-ны өдрийн 049 дугаартай тодорхойлолт /хх-39/

 

-Д.Г-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-40/

 

  • Д.Г-н Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-36/

 

- Д.Г-н өмгөөлөгч Ж.Д-н  Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасан “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай “ гэх хүсэлт /хх-47/

 

- Сүхбаатар аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын 2021.03.24-ний өдрийн 1/103 дугаартай тодорхойлолт /хх-48/

 

- Яллагдагчид оногдуулах ялын төрөл, хэмжээ, ялаас чөлөөлөх, ял оногдуулахгүй тэнсэж, албадлагын арга хэмжээ хэрэглэх тухай Прокурорын 2021 оны 03 сарын 25-ны өдрийн 43 дугаартай санал /хх-48/ зэрэг баримтууд болно.

 

Гэм буруугийн талаар:   

 

Шүүгдэгч Д.Г нь 2021 оны 02 дугаар сарын 04-ний оройн  20  цагийн орчимд согтууруулах ундааны зүйл уусан үедээ Сүхбаатар аймгийн У  сумын  2 дугаар багийн задгай тоот дахь гэрийн гадна Э.А-г гэрийн униар цохиж эрүүл мэндэд нь   “тархи доргилт, зүүн нүдний салстын болон дээд доод зовхинд цус хуралт, баруун мөр, тохойн гадна хэсэгт цус хуралт бүхий”  хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Би ЭА, А хоёрыг гурван удаа униар цохьсон. Миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна “ гэх,

хохирогч   Э.А-н  “Пиво ууж дуусаад 20.00 цагийн үед Г эгч намайг “хар хүүхэн чи, пиво  авч ирж чадахгүй юу” гэхээр нь би  “хар ч гэсэн түмэнд нүүрээ бараагүй, амьдраад болоод байгаа ” гэсэн. Г эгчтэй түлхэлцээд байж муудалцаж байгаад гадаа гараад унаад өгсөн.Тэгсэн Г ах гэрээсээ унь барьж гарч ирээд зүүн нүд рүү, баруун гарын тохой, мөн баруун гарын мөр хэсэгт, толгойны ар дагз хэсэгт цохисон ” гэх,

гэрч С.ЭА-н “Орой 20.00 цагийн алдад манай төрсөн эгч Г манай эхнэр А хоёр хоорондоо хэрэлдэж байсан.Г ах манай эхнэрийг гэрийнхээ униар хэд хэдэн удаа цохисон ” гэх,

гэрч С.Э-н   “Манай дүүгийн эхнэр А намайг амьдарч чадахгүй талоны  бараагаар амьдардаг гэж хэл амаар доромжилж байсан.Тэгээд хэрэлдэж байхдаа манай хаалгаар ЭА, А хоёр чихэж гараад давхралдаж унасан. Тэр үед нь манай гэрийн гурван унь унасан. Тэгсэн манай бага хүүхэд айгаад уйлсан.Г уур нь хөдлөөд газар унасан унийг  бариад Аг нэг юм уу эсвэл хоёр удаа цохиж байсан ” гэх мэдүүлгүүд,

У сумын хүний их эмч Ц.Д, Амбулаторын эмч У.П нарын үзлэгийн тэмдэглэл, Эмнэлгийн тодорхойлолт,  

шинжээчийн 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 115 дугаартай: “1.Э.А-гийн биед тархи доргилт, зүүн нүдний салстын болон дээд доод зовхинд цус хуралт, баруун мөр, тохойн гадна хэсэгт цус хуралт бүхий гэмтэл учирчээ.  2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын  2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаас үзэхэд, Д.Г-н согтууруулах ундааны зүйл уусан үедээ эхнэр С.Э, хохирогч Э.А нарын хоорондын маргаан, Э.А-н гэрийн унь унагасан, үүнээс хүүхэд айж уйлсан асуудлаас шалтаглан хохирогч Э.А-г униар цохиж  эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг униар цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй зүйлээр шалтаглан  хохирогч Э.А-г цохиж эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч Д.Г-н, хохирогч Э.А-г гэрийн униар цохиж биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Д.Г-н үйлдлийн улмаас хохирогч Э.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй талаараа хэрэгт мэдүүлсэн тул шүүгдэгч Д.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Прокуророос Д.Г-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтайгаар ирүүлсэн ба түүний холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэгт хамаарах, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3, 17.4 дүгээр зүйлүүдэд заасан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдлууд бүрэн хангагдсан гэж шүүх үзлээ.

 

Тухайлбал, шүүгдэгч Д.Г-н үйлдсэн хэрэг нотлох баримтаар нотлогдсон, тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй, тэрээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу прокурорын сонгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хохирогч Э.А “ би гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэж мэдүүлсэн нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. 

 

Иймд Д.Г-д холбогдох хэрэгт прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “ Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана ” гэж заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д-н “ Д.Г нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. бусдад төлөх хохирол байхгүй. Прокурорын шатанд тухайн хэргийг хялбаршуулсан журмаар ялаа тохирсон байгаа. Иймд Д.Г-н эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тохирсон ялыг оногдуулж, торгуулийн ялыг Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 10 сарын хугацаанд хэсэгчилж төлүүлж өгнө үү. Д.Г нь төлбөрийн чадваргүй нь Хөдөлмөр халамж үйлчилгээний газрын албан бичгээр тогтоогдож байгаа болно” хүсэлтийг хангах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Д.Г нь эрхэлсэн тодорхой ажилгүй, өрхийн амьжиргааны түвшин тодорхойлох судалгаагаар 266.92 оноотой доод түвшний ниймгмйн халамжийн дэмжлэг туслалцаа зайлшгүй шаардлагатай өрх, иргэн болохыг  Сүхбаатар аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын 2021оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 1/103 дугаартай албан бичгээр тодорхойлсон хийгээд түүний энэ нөхцөл байдал, хөрөнгө, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн зохицуулалтад хамаарах юм.

 

Шүүгдэгч Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-г 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Г-д оногдуулсан 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550.000 төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Г-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Шүүгдэгч Д.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Э.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН