| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сэрдамбын Насанбуян |
| Хэргийн индекс | 174/2021/0082/Э |
| Дугаар | 70 |
| Огноо | 2021-04-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Хорлоо |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 70
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,
улсын яллагч Д.Хорлоо/цахимаар/,
шүүгдэгч Х.С,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.С-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2130000000076 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн, 19... оны ... сарын ....-ны өдөр, .... настай, эмэгтэй, дээд боловсролтой, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ...., нөхөр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг ............ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар:............/;Х.С
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Х.С нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны өглөөний 04 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын ................ тоот дахь Э.А-н гэрт иргэн Т.Х-г зодож, эрүүл мэндэд нь духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, зүүн шанаанд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
- Шүүгдэгч Х.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2021 оны 03 дугаар сарын 12-ны өдөр найз Х-тай таарч манай руу очоод, бид нар хоол хийж идсэний дараа, бид гурав хоорондоо ярилцаж байгаад пиво уухаар болсон. Пивонуудыг ууж дуусаад дахин 0.75 л Э нэртэй архи задалсан. Х нь манай ширээн дээр байсан зүйлүүдийг авч шидээд байсан. Х мэдүүлэг өгөхдөө намайг архины шилээр цохисон гэж байсан. Шилээр цохисон гэж үзэхгүй байна. Тухайн гэмтлүүд нь муудаж байх үед л үүссэн байх гэж бодож байна. Тэгээд надтай маргалдаад байхаар нь би унтахаар цаад өрөө рүүгээ орсон. Намайг унтсаны дараа ээжийгээ дуудсан байсан. Өглөө нь сэрээд Х-тай очиж уулзаад, уучлалт гуйсан. Бид хоёр сайн дураараа эвлэрсэн. Нэхэмжилж байгаа зүйл байхгүй. Тухайн гоо сайхны эмнэлгээс лазер хийх шаардлагагүй гэсэн дүгнэлт гарсан байсан. Тавныхаа хэсэгт эмчилгээ хийлгэж байгаа гэсэн. Эмчилгээ хийлгэсэн зардалд 170.000 төгрөгийг интернэт банкаар шилжүүлсэн. Хохирогчоос уучлалт гуйсан. Одоо хааяадаа утсаар ярьж байгаа. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ямар нэгэн хэмжээгээр буруутай гэж үзэж байна...гэв.
- Яллагдагч Х.С-н: Тухайн үед манай гэрт нөхөр Э.А, манай охин, найз Т.Х нарын хүмүүс байсан. Бид хоол хийж идсэний дараа ярилцаад пиво уухаар болсон. Нөхөр Э.А дэлгүүрээс 3 том 2.5 л пиво авчирсан. Тухайн пивонуудыг ууж дуусаад дахин 0.75 л Э нэртэй архи ууцгаасан. Найз Т.Х-тай хэдэн цагийн үед юунаас болоод маргалдаж муудсан гэдгээ мэдэхгүй байна, ямар ч байсан жижиг асуудлаас болоод маргалдсан. Т.Х нь нүүр рүү 3 удаа алгадаад үснээс зулгаахаар нь би уурандаа Т.Х-н нүүр рүү нэг удаа юугаар цохисон гэдгээ мэдэхгүй байна. Тухайн үеийн зарим зүйлийг сайн санахгүй байна. Нөхөр Э.А бид хоёрыг салгасан. Тэгээд би унтсан. Маргааш нь нөхөр надад “ чи найз Т.Х-н духыг гэмтээсэн “ гэхээр нь намайг айлгаж байгаа юм байна гээд тоогоогүй. Бид хоёр хоёр биенээсээ уучлалт гуйгаад сайн дурын үндсэн дээр эвлэрсэн. Т.Х-н биед учирсан гэмтлүүдийг бид хоёр хоорондоо ярилцаад Улаанбаатар хотод байх Гоо сайхны Venera vip нэртэй эмнэлэгт эмчилгээ хийлгэхээр тохиролцсон...гэх мэдүүлэг /хх- 56-57/,
- Хохирогч Т.Х-н:“2021 оны 03 дугаар сарын 12-ны 20 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар баг ШШГ байранд байх Э.А гэх найзындаа очсон. Тухайн айлд Э.А түүний эхнэр Б.С нарын хүмүүс байсан. Бид нар хоол идээд суухад Э.А нь хэдүүлээ пиво уух уу гэхээр нь зөвшөөрсөн.Бид нар дэлгүүрээс 3 том 2.5 литрийн пиво авчирч ууж дуусан. Э.А нь Э нэртэй 0.75 литрийн нэг шил архи гаргаж ууж байхад Б.С нь уусан архиндаа согтоод агсан тавиад байхад Э.А нь “ чи найзыгаа дуудчихаад агсан тавиад байх юм ” гээд болиулсан. Миний санаж байгаагаар шөнийн 04 цагийн үед Э.А бие засахаар явахад Б.С нь гэнэт миний нүүр рүү тухайн архины шилээр нэг удаа цохисон.Тэгэхэд миний духнаас цус гарахаар нь Б.С-г “ яаж байгаа юм бэ “ гэхэд намай г” Янхан, гичий нохой “ гэх мэт хэл амаар доромжлоод байсан.. Тэгэхээр нь би Э.А-д “ танай эхнэр чинь намайг архины шилээр цохиод дух хагалчихлаа “ гээд Б.С-тай зууралдахад хоёр нүдний дээд доод хэсэгт, баруун хөмсөг, зүүн хацар, гэх газруудад гараараа маажсан. Э.А нь 00-ын өрөөнөөс гарч ирээд эхнэр Б.С-г загнаад хойд талын өрөө рүү аваад орсон. Удалгүй гарч ирээд намайг дагуулаад гэрээсээ гарсан. Тэгээд болсон асуудлыг ээж С.Э-д хэлсэн. Ээж С.Э нь Э.А-н байрны гадаа ирэхээр нь ээжтэй хамт гэр рүү гээ явсан.Гэрт очоод цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагын дагуу цагдаа нар ирээд намайг эмнэлэг рүү дагуулж яваад эмнэлэгт үзүүлсэн. Эмнэлэгт үзүүлэхэд дух хагарсан байна гэж хэлээд 2 оёдол тавьсан. Тухайн үед би Б.С-тай маргалдаж муудсан зүйл байхгүй. Ямар учраас миний нүүр рүү цохисон гэдгийг мэдэхгүй байна. Би Б.С-н биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй бөгөөд нэг ч удаа цохисон зүйл байхгүй. Бид гурав ижилхэн архи пиво ууцгаасан бөгөөд бүгд биеэ хянах чадвартай байсан.Х.Сд зодуулсны улмаас эдгээр гэмтлүүдийг биедээ авсан. Улаанбаатар хотод байх Гоо сайхны Venera vip нэртэй эмнэлэгт тухайн гэмтлүүдэд эмчилгээ хийлгэн. 1 см сорвийг 150.000 төгрөгийн лазераар лазердуулна. Тэгэхээр би Х.С-с 900.000 төгрөг нэхэмжилж байна. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн учраас надад гаргах гомдол байхгүй, би шүүх хуралд суухгүй...гэх мэдүүлэг (хх- 4-5, 7/
- Гэрч С.Э-н: Тухайн орой 19 цаг 50 минутын орчимд охин Т.Х нь дэлгүүрээс нэгж авна гэж хэлээд ганцаараа гарсан. Намайг унтахад охин Т.Х нь гэртээ ирээгүй байсан. Маргааш өглөө нь үүрийн 05 цагийн үед миний утас руу Т.Х нь залгаад “намайг С зодоод байна, толгойноос цус гараад тогтохгүй байна “ гэж хэлсэн. Тэгээд би Т.Х-н байгаа газрыг заалгаж Шүүхийн шийдвэрийн зүүн талын байранд очиход С-н нөхөр А гэх хүн манай охин Х-г дагуулж гарч ирсэн ба архи уучихсан байсан. Тэр үед Х-н дух хэсэг язарч цус гарч, нүүр толгой чинэрч өвдөөд байна гээд уйлаад гарч ирсэн.Тэгэхээр нь эмнэлэгт үзүүлж цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх 11-12/,
- Гэрч Э.А-н: Гаднаас манай эхнэр Х.С, болон найз Т.Х нарын хүмүүс орж ирсэн. Бид нар хоол унд хийж идчихээд хоорондоо ярилцаж байгаад пиво уухаар болсон. Дэлгүүрээс 3 том 2.5 л пиво авчирч ууж дуусаад дахин 0.75 л Э нэртэй архи ууцгаасан. Эхнэр Х.С нь уусан архиндаа согтоод найз Т.Х руу “ чи найзыгаа тоохгүй “ гээд уурлах гээд байхаар нь эхнэрт хандаж “ чи найзыгаа дуудчихаад ингэж болохгүй “гэж хэлээд болиулсан. Намайг бие засах хооронд эдгээр хүмүүс хоорондоо маргалдаж муудаж эхнэр Х.С нь Т.Х-н нүүр рүү архины шил шидээд духыг нь хагалсан байхаар нь салгасан. Тэгэхдээ би эхнэр Х.С нь Т.Х-г архины шилээр цохиж байхыг хараагүй. Маргааш өдөр нь буюу 2021 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 17 цагийн үед эхнэр Х.С-н хамт Т.Х-н гэрт очоод эхнэр бид хоёр Т.Х-с уучлалт гуйгаад хоорондоо эвлэрсэн...гэх мэдүүлэг /хх- 17-18/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 180 дугаартай “1.Т.Х-гийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна хэсэгт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна, 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй”.гэх дүгнэлт (хх- 23-24/
- Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 03 сарын 15-ны өдрийн 179 дугаартай “1.Х.С-н биед баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй”гэх дүгнэлт /хх- 29/
- Линзийн өгөөж ХХК-ны 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 21/03070 дугаартай 4 хөлтэй модон ширээний үнэ 100.000 төгрөг /хх-35-44/
- Сүхбаатар аймгийн БУ сумын ....дугаар багийн Засаг даргын 2021.03.17-ны өдрийн 7/140 дугаартай тодорхойлолт /хх-61/
- Х.С-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-62/ зэрэг баримтууд болно.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Х.С нь 2021 оны 03 дугаар сарын 13-ны шөний 04 цагийн үед Сүхбаатар аймгийн БУ сумын ................ тоот дахь гэртээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Т.Х-тай маргаан үүсгэж түүнийг архины шилээр цохих, маажих зэргээр эрүүл мэндэд нь “ духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна дээд хэсэгт, зүүн шанаанд зулгаралт бүхий “ хөнгөн гэмтэл санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ Х нь манай ширээн дээр байсан зүйлүүдийг авч шидээд байсан. Тухайн гэмтлүүд нь муудаж байх үед л үүссэн байх гэж бодож байна. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. Ямар нэгэн хэмжээгээр буруутай гэж үзэж байна ” гэх,
хохирогч Т.Х-н “ Б.С нь шөнийн 04 цагийн үед Э.А-г бие засахаар явахад уусан архиндаа гэнэт миний нүүр рүү тухайн архины шилээр нэг удаа цохисон. Миний духнаас цус гарахаар нь Б.С-г яаж байгаа юм бэ гэхэд “ Янхан, гичий нохой “ гэх мэт намайг хэл амаар доромжлоод байсан. Би Э.А-д “ танай эхнэр чинь намайг архины шилээр цохиод дух хагалчихлаа “ гээд Б.С-тай зууралдахад миний хоёр нүдний дээд доод хэсэгт, баруун хөмсөг, зүүн хацар, гэх газруудад гараараа маажсан...” гэх,
гэрч С.Э-н “үүрийн 05 цагийн үед Т.Х нь залгаад “намайг С зодоод байна” толгойноос цус гараад тогтохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би Т.Х-н байгаа газрыг заалгаж Шүүхийн шийдвэрийн зүүн талын байранд очиход С-н нөхөр А гэх хүн манай охин Х-г дагуулж гарч ирсэн ба архи уучихсан байсан. Тэр үед Х-н дух хэсэг язарч цус гарч, нүүр толгой чинэрч өвдөөд байна гээд уйлаад гарч ирсэн” гэх,
гэрч Э.А-н “Эхнэр Х.С нь уусан архиндаа согтоод найз Т.Х руу чи найзыгаа тоохгүй гээд уурлах гээд байхаар нь эхнэрт хандаж чи найзыгаа дуудчихаад ингэж болохгүй гэж хэлээд болиулсан. Намайг бие засах хооронд хоорондоо маргалдаж муудаж эхнэр Х.С нь Т.Х-н нүүр рүү архины шил шидээд духыг нь хагалсан байхаар нь тухайн хүмүүсийг салгасан. Тэгэхдээ эхнэр Х.С нь Т.Х-г архины шилээр цохиж байхыг хараагүй ” гэх мэдүүлгүүд,
Яаралтай тусламжийн хуудас №1114, шинжээчийн 180 дугаартай “1.Т.Х-гийн биед духанд шарх, зөөлөн эдийн няцрал, баруун хөмсөгний гадна хэсэгт, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна ” гэх дүгнэлтүүд зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дараах нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд Х.С нь согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас Т.Х-тай хувийн асуудлаас маргаан үүсгэж түүнийг цохиж, маажих зэргээр зодон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг архины шилээр цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хоорондын харилцааны асуудлаас буюу “ найзыгаа тоосонгүй “ гэх ялимгүй зүйлээр шалтаглан хохирогчийн зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.
Шүүгдэгч Х.С-н, хохирогч Т.Х-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч Х.С-н зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.
Гэм хор, хохирлын талаар:
Х.Сгийн үйлдлийн улмаас хохирогч Т.Х-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Т.Х “ корона өвчин гарсны улмаас тусгаарлагдаж байгаа тул шүүх хуралдаанд суухгүй, эмчилгээ хийлгэх 900.000 төгрөгөө нэхэмжилнэ ” гэж мэдүүлсэн боловч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршигтай холбоотой дээрх нэхэмжлэлийн талаарх тодорхой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд гаргаагүй тул шүүх түүний дээрх нэхэмжлэлийг шууд хангах, шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Х.С-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.С нь хохирогч Т.Х-д эмчилгээний зардал 170.000 төгрөг төлсөн гэдгээ шүүх хуралдаанд мэдүүлсэн байна.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэлийн талаар тодорхой тооцоо гаргах бололцоогүй тохиолдолд шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүх нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалт юм.
Иймд хохирогч Т.Х нь дээрх гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, гэм хорын асуудлыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдъя.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Х.С-н гэмт хэргийн улмаас хохирогчид шууд учирсан эмчилгээний зардлыг тодорхой хэмжээнд нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлүүдэд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Х.С-н үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, тэрээр согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсний улмаас анх удаагаа гэмт хэрэгт холбогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчийн эмчилгээний зардлынтодорхойхувийг нөхөн төлсөн, хохирогчтой найз нөхдийн холбоотой, хохирогчоос уучлал гуйж хоорондоо эвлэрсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Х.С нь хувиараа хөдөлмөр эрхлэх боловч тухайн цаг хугацаанд тус улсад гарсан Ковид цар тахлын улмаас хот, орон нутагт зорчих хөдөлгөөн хааж, тодорхой салбарын үйл ажиллагааг хязгаарласнаас иргэд ажил, хөдөлмөр эрхлэх, бизнес явуулах боломжгүй нөхцөл байдал үүссэн байгааг буюу түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид оногдуулах 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн зохицуулалтад хамаарах юм.
Шүүгдэгч Х.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичигбаримт,хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х.С-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Сд оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.С нь дээрх торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Сд шүүхийн шатанд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Х.С энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, тэрээр хохирогч Т.Хд 170.000 төгрөгийг нөхөн төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч Т.Х гэмтлийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршиг буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.НАСАНБУЯН