Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 74

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Улсын яллагчаар хяналтын прокурор С.Сугар/цахимаар/

Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Х /цахимаар/,

Шүүгдэгч У.Х,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У.Хд холбогдох 2130000580077 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ний өдөр төрсөн, ....настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ...., нөхөр, ... дүүгийн хамт Сүхбаатар аймгийн БУ сумын .... дугаар багийн ........... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, регистрийн дугаар ................; У.Х

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч У.Х нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн А сумын ........ багийн нутаг дэвсгэр “ХУ” гэх газарт оршин суух иргэн Л.Э-н гэрээс Б.Б-н “Х” банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлж, данснаас нь 3.331.540 төгрөгийг гүйлгээ хийж, нийт 3.334.540 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

 - Шүүгдэгч У.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б-н картнаас 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3.300.000 төгрөгийг авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. 2.000.000 төгрөгийг төлсөн байгаа. 1.300.000 төгрөгийг төлнө. Манай нөхөр хөдөө ямаа самнахаар явсан. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг. 1-7 насны гурван хүүхэдтэй...гэв.

 

- Яллагдагч У.Х-н хэрэг бүртгэлтэнд өгсөн: 2021 оны 02 дугаар сард байх Б-тэй аймгийн төвд дэлгүүр хамт орсон юм. Тэгээд Б эгч виза картаа уншуулахдаа нууц кодоо хэлж байхыг нь тогтоосон. Үүнээс хойш 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Б эгч нөхрийнхөө хамт ахынх руугаа золгохоор явсан. Намайг аяга, таваг угаагаарай гээд гэрээ түгжилгүй үлдээсэн. Би гэрт ороод гэр орныг цэвэрлэж байтал манай хүүхдүүд Б эгчийн цүнхийг аваад газар тавьчихсан хамаг юмыг тараачихсан байсан. Тэр дунд “Х” банкны виза карт нь байхаар нь би аваад, бусад эд зүйлийг нь цүнхэнд нь хийгээд үлдээсэн. Аймагт ирээд би Б эгчийн “Х” банкны виза картыг ашиглаж данснаас нь 4 удаа нийт 1.900.000 төгрөг бэлнээр авсан, мөн дэлгүүрүүдээр виза картыг нь уншуулж үйлчлүүлсэн. Нийт хэдэн төгрөг картнаас авсан гэдгээ сайн мэдэхгүй байна. 3 сарын эхээр Б эгч над руу утсаар яриад “ виза карт алга болсон байна, харсан уу, данснаас мөнгө гарсан байна “гэж асуусан. Би ч виза картыг нь авсан гэдгээ хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн  49-50/,

 

- Хохирогч Б.Б-н: ........... дугаартай виза картаар 2021 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийн С сумын төв орж дэлгүүрээс цонхны тор авах гэж 8.000 төгрөг уншуулж, өдрөө гэртээ ирж цүнхэн дотор байх түрийвчиндээ хийж сервантандаа хийж орхисон юм.  2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сүлжээтэй газар ирж хүнтэй утсаар ярихад миний дансанд гүйлгээ хийсэн мессеж ирсэн байсан болохоор шалгаж үзэхэд 3.330.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан юм. Виза картны кодыг манай нөхөр бид хоёроос өөр хүн мэдэх ёсгүй, гэхдээ цагаан сарын үеэр малчин Х-тэй цагаан сарын бэлтгэл хийж яваад ӨУ дэлгүүрээс эд зүйл аваад картаа уншуулахдаа нууц үгээ Х-н хажууд хэлж байсан. Тухайн үед Х тогтоож авсан байж магадгүй, өөр хүн бол мэдэх ёсгүй гэж бодож байна.  2021 оны 02 дугаар сарын 13-нд манайд хүмүүс ирээд манай нөхөр хүүхэд бид хэдийг аваад айл хотоороо золгохоор гэрээсээ гарахад манай гэрт манай малчин У, Х нар үлдсэн юм. 2021 оны 02 дугаар сарын 14-ны шөнийн 02 цагийн үед гэртээ ирцгээсэн У, Х хоёр телевизор манайд сууж байсан, өөр хүн амьтан ирээгүй байсан. Энэнээс өөрөөр гэрээ эзэнгүй орхиж явсан удаа байхгүй, 3.330.000 төгрөгийн хохирол учруулсанд гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн  3-9/,

 

- Гэрч Г.У-н: Манайх Сүхбаатар аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “ХУ” гэх газарт нутаглах Э гэх айлтай мал маллахаар амаар гэрээ хийж 2020 онд гэрээрээ нүүж очсон юм. Уг айлдаа мал маллаж байгаад 2021 оны 02 дугаар сарын 19-ний өдөр аймагт жилийнхээ засал номыг хийлгэх гэж ирсэн. 2021 оны 02 дугаар сарын 24-ний өдөр манай гэрийнхэн Э суманд байх манай ээж, аавд золгохоор явсан. Явахдаа манай эхнэр дүүгийнхээ асаргааны мөнгийг зээлж аваад явсан. Э сумаас 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр ирсэн шиг санаж байна, манай эхнэр өдөртөө гараад идэх юм аваад ирээд байхаар нь зээлсэн мөнгөөрөө авч байна гэж бодож байсан юм. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр цагдаа дуудаж мэдүүлэг авахад Э ахын эхнэр Б гэх хүний “Х” банкны картыг гэрээс нь авч ашигласан болохыг мэдсэн...гэх мэдүүлэг ,/хх-ийн  14-17/

 

          - Гэрч У.Т-н: Манай эгч У.Х 2021 оны 02 дугаар сарын сүүлээр /өдрийг нь нарийн санахгүй байна/ миний барьж байсан самсунг s9 маркийн гар утсыг манай хүргэн ах У нь авч оронд Х эгч  Самсунг s9 plus  авч өгсөн юм. Манай дүү Н нь хөгжлийн бэрхшээлтэй, асаргаа нь эгч дээр байдаг тул эгч дүүгийн асаргааны мөнгийг зээл хийж авч мөнгөтэй болсон гэж надад хэлсэн. Х эгч “ цагдаагийн газар байна гэрийн баруун урд байгаа цүнхэнд ногоон карт байгаа аваад ир “ гэхээр нь үзэхэд Б гэсэн бичигтэй Х банкны ногоон өнгийн карт байсныг нь өөрт нь авчирч өгсөн...гэх мэдүүлэг /хх-20-21/

 

          - Хохирогч Б.Б-н “Х” банкны ......... тоот дансны хуулга /хх-ийн  23-25/,

 

          - Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн  дүгнэлт /хх-ийн  30-38/

 

          - Хохирогч Б.Б-н Х банкны ............ дугаартай картыг буцаан өгсөн тэмдэглэл /хх-62/

 

          - У.Хгээс хохирогч Б.Б-н ......... тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн

 

          - Сүхбаатар аймгийн БУ сумын 8 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 сарын 17-ны өдрийн 8/140 дугаартай тодорхойлолт /хх-54/

 

  • У.Х-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-55/

 

          - У.Х, Г.У нарын 110/000237 дугаартай гэрлэлийн бүртгэлийн лавлагаа /хх-56/

 

          - У.Х-н хүү У.Ө төрсний гэрчилгээний хуулбар /хх-57/

 

          - У.Х-н хүү У.Ж-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-58/

 

          - У.Хгийн хүү Х.Н-н төрсний гэрчилгээний хуулбар /хх-59/ баримт зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч У.Х нь 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сүхбаатар аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр “ХУ” гэх газарт оршин суух иргэн Л.Э-н гэрээс хохирогч Б.Б-н “Х” банкны  дугаартай виза картыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч, ......... данснаас нь  3.331.540 төгрөгийг авч, нийт 3.334.540 төгрөгийн хохирол учруулсан болох нь түүний хэрэг бүртгэлт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн “Б-н картнаас 2021 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 3.300.000 төгрөгийг авсан. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна...” гэх,

хохирогч Б.Б-н “ 2021 оны 03 дугаар сарын 02-ны өдөр сүлжээтэй газар ирж хүнтэй утсаар ярихад миний дансанд гүйлгээ хийсэн мессеж ирсэн байсан болохоор нь шалгаж үзэхэд 3.330.000 төгрөгийн гүйлгээ хийгдсэн байсан юм. Цагаан сарын үеэр малчин Х-тэй цагаан сарын бэлтгэл хийж яваад ӨУ дэлгүүрээс эд зүйл аваад картаа уншуулахдаа нууц үгээ Х-н хажууд хэлж байсан тухайн үед Х тогтоож авсан байж магадгүй өөр хүн бол мэдэх ёсгүй гэж бодож байна.  2021 оны 02 дугаар сарын 13-нд бид хэдийг аваад айл хотоороо золгохоор гэрээсээ гарахад манай гэрт манай малчин У, Х нар үлдсэн юм. Өөр хүн амьтан ирээгүй байсан, энэнээс өөрөөр гэрээ эзэнгүй орхиж явсан удаа байхгүй ”   гэх,

гэрч Г.У-н “манайх Сүхбаатар аймгийн А сумын 1 дүгээр багийн нутаг “ХУ” гэх газарт нутаглах Э гэх айлын мал маллахаар болж 2020 онд гэрээрээ нүүж очсон юм 2021 оны 02 дугаар сарын 29-ний өдөр . Э сумаас ирээд  манай эхнэр өдөртөө гараад идэх юм аваад ирээд байхаар нь зээлсэн мөнгөөрөө авч байна гэж бодож байсан юм. Тэгтэл 2021 оны 03 дугаар сарын 11-ны өдөр цагдаа дуудаж мэдүүлэг авахад Э ахын эхнэр Б гэх хүний “Х” банкны картыг гэрээс нь авч ашигласан болохыг мэдсэн ” гэх,

          гэрч У.Т-н “Х эгч цагдаагийн газар байна, гэрийн баруун урд байгаа цүнхэнд ногоон карт байгаа аваад ир гэхээр нь үзэхэд Б гэсэн бичигтэй Х банкны ногоон өнгийн карт байсныг нь өөрт нь авчирч өгсөн” гэх мэдүүлгүүд,

          хохирогч Б.Б-н “Х” банкны ......... тоот дансны хуулга,  Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн  дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч У.Х нь гэмт хэргийг шунахай сэдэлтээр, гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эд хөрөнгийн хууль бусаар авч болохгүйг буюу өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг мэдсээр атлаа амар хялбар аргаар мөнгө олох, өөрийн хэрэгцээ, шаардлагыг хангах зорилгоор иргэн Л.Э-н гэрээс Б.Б-н Х банкны картыг хүч хэрэглэхгүйгээр. нууцаар, хууль бусаар хулгайлан картан дахь мөнгийг авч хохирогчийн өмчлөх эрхэд зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч У.Х-н, хохирогч Б.Б-н Х банкны картыг хулгайлж мөнгийг авсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч Т.Х нарын зүгээс хэргийн зүйлчлэл,гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-т учирсан 3.334.540 төгрөгийн хохирлоос 2.000.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн болох нь шүүх хуралдаанд гаргаж өгсөн “ У.Хгээс, хохирогч Б.Б-н ......... тоот дансанд 2.000.000 төгрөг шилжүүлсэн “ баримтаар, Б.Б-н .................... дугаартай ногоон өнгийн Х банкны виза картыг эзэмшигч Б.Бт буцаан өгсөн болох нь мөрдөгчийн 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн “Эд зүйл/баримт бичиг, бусад баримт/-ийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл/хх-62/-ээр тус тус  тогтоогдох ба уг картыг Хөрөнгийн үнэлгээний “Линзийн өгөөж” ХХК-ийн шинжээчийн  дүгнэлтээр 3000 төгрөгөөр үнэлсэн байна. /хх-ийн  30-38/

У.Х нь үлдэгдэл хохирлыг нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт “ 1.300.000 төгрөгийг төлнө. Манай нөхөр хөдөө ямаа самнахаар явсан байгаа ” гэж илэрхийлжээ.

Иймд У.Х-с 1.331.540 төгрөгийг  гаргуулж Сүхбаатар аймгийн А сумын 1 дүгээр багийн иргэн хохирогч Б.Б-т олгохоор шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч У.Х-н гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос 2.000.000 төгрөгийг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба харин мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж зохицуулсан бөгөөд шүүх шүүгдэгч У.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотойгоор улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж буй “ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах “ тухай санал, дүгнэлтийг хүлээн авах боломжтой буюу шүүгдэгч У.Х-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.

 

Учир нь шүүгдэгч У.Х-н үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэм хэргийн ангилалд хамаарах бөгөөд тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид учирсан эдийн хохирлоос 2.000.000 төгрөгийг төлж барагдуулсан, үлдэгдэл 1.331.540 төгрөгийг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд тухайн хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан үзэж түүнд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, уг тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “ оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх “ үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.

              

Шүүгдэгч У.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч У.Х-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “ хулгайлах ” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Хг хорих ял оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнссүгэй.              

3. Шүүхээс тэнссэн дээрх хугацаанд шүүгдэгч У.Х-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар “ оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх ” үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

4.Шүүхийн шатанд шүүгдэгч У.Х-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Х-с 1.331.540 төгрөг гаргуулж хохирогч Сүхбаатар аймгийн А сумын 1 дүгээр багийн иргэн Б.Б-т олгосугай.

 

6.Шүүгдэгч У.Х энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, хөрөнгөгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй бөгөөд хохирогч Б.Б-т учирсан хохирлоос 2.000.000 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            С.НАСАНБУЯН