Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 16

 

   

 

 

 

 

 

 

 

                               “НИК” ХХК-ний нэхэмжлэлтэй иргэний

                                                     хэргийн тухай

 

Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Эрдэнэбилэг даргалж, шүүгч Н.Насанжаргал, шүүгч П.Долгормаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “НИК” ХХК-ний нэхэмжлэлтэй

Хариуцагч “Уян хүрд” ХХК, Э.Мөнхсансар нарт холбогдох

 “11174060 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг давж заалдах шатны шүүх хариуцагчийн өмгөөлөгч А.Адьяасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбилэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Г.Дорждулам, хариуцагч “Уян хүрд” ХХК-ний өмгөөлөгч А.Адьяасүрэн,  Э.Мөнхсансарын  өмгөөлөгч Р.Шүрхүү,  нэхэмжлэгч “НИК” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

“НИК” ХХК-ний захирал Ч.Даваадаш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“Уян хүрд” ХХК нь уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. 2012  оны 07 дугаар сараас эхлэн “НИК” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутагт орших Туулын гүүр шатахуун түгээх станцаас шатахуун авч төлбөрөө шатахуун авсны дараа төлөхөөр тохирсон. 2012 оны 07  дугаар сараас 09 дүгээр сарыг дуусах хүртэлх хугацаанд “Уян хүрд” ХХК нь авсан шатахууныхаа төлбөрийг цаг хугацаанд нь төлсөөр ирсэн. Гэтэл “Уян хүрд” ХХК манай компанийн итгэлийг олж авч байгаад сүүлийн удаагийн худалдан авсан шатахууны үнэ болох 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр авсан шатахууны тооцоо 9732000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдөр авсан шатахууны тооцоо 130000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 14-ний өдөр авсан шатахууны тооцоо 158000 төгрөг, 2012 оны 10 дугаар сарын 21-ний өдөр авсан шатахууны тооцоо 120000 төгрөг нийт 10140000 төгрөгийн шатахууны төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөхгүй манай компанийг хохироож байна. Захирал М.Баянжаргалтай нь 99037733 дугаарын утсаар холбогдож төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж байсан ба эхлээд төлнө, удахгүй төлнө гэж байгаад сүүлдээ утсаа авахаа больсон. Иймд “Уян хүрд” ХХК-иас шатахууны төлбөр 10140000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тэмүүжин анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Уян хүрд” ХХК нь “НИК” ХХК -ийн Заамар салбараас 2012 оны 07 дугаар сараас 2012 оны 09 дүгээр сарын хугацаанд шатахуун авсан байдаг. Тухайн шатахууныг авч эхлэхдээ Өвөрхангай аймгийн “НИК” ХХК-ийн салбарын дарга руу яриад улмаар Туулын гүүрний төв салбар луу яриад зээлээр шатахуун авах талаар ярилцаад хамтарч ажиллах санал тавьсан байдаг. Тухайн үед зээлээр шатахуун авах тохиролцоог Өвөрхангай аймгийн “НИК” ХХК-ийн салбарын дарга Наранжаргалыг сайн таньдаг учраас зээлээр шатахуун авъя гэсэн байдаг. Тэгээд 2012 оны 07 дугаар  сараас 09 дүгээр сарын хооронд зээлээр худалдан авсан шатахууны мөнгөө төлсөн. 2012 оны 10 дугаар сард авсан шатахууны нийт 10140000 төгрөгийг төлөөгүй байгаа. Тухайн үед “Уян хүрд” ХХК-ийн захирал М.Баянжаргал руу утсаар ярьж шатахууны төлбөрөө төл гэхэд төлнө, удахгүй төлнө, манай хүү төлөх гээд явсан гэсэн тайлбарыг удаа дараа өгсөн байсан. Гэтэл одоо хүртэл уг шатахууны мөнгийг төлөөгүй байгаа. “Уян хүрд” ХХК-ийн зээлээр авсан шатахууны төлбөр 10140000 төгрөгийг нэхэмжилж байгаа. Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг өмнө нь шүүхээс хангаагүй. Манай талаас уг нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагад давж заалдах гомдол гаргаагүй учраас хэрэгсэхгүй болсон.  “Уян хүрд” ХХК болон Э.Мөнхсансар нарын хэн буруутай этгээдээс шатахууны төлбөр 10140000 төгрөгийг гаргуулна. Эдгээр хариуцагч нараас хувааж гаргуулдаг юм уу? ямар нэгэн байдлаар энэ мөнгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “Уян хүрд” ХХК-ийн захирал М.Баянжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: Төв аймгийн харъяат Э.Мөнхсансар нь “Би 2011 онд Өвөрхангай аймгийн харъяат Баадуу гэдэг залуугийн уурхайн дарга хийж, үйл ажиллагааг нь маш сайн удирдаж ажиллаж байсан. Би Төв аймгийн Заамар сумын газар орон, удирдах хүмүүсийг сайн мэднэ, газрын асуудлыг бүрэн даана, очоод элдэв шалгалт болон орон нутгаас шалтгаалах бүх асуудлыг бүрэн хариуцна, танай техник хэрэгслийг авч яваад та нарт ашиг орлоготой сайн ажил хийж өгнө, алдаа гаргана гэж байхгүй” гээд манай хүү Б.Батдэлгэртэй тохиролцон, түүний найз Э.Мөнгөнбагана нарын хамт 2012 оны 06 дугаар сарын 24-ний өдөр техникүүдийг хүмүүстэй нь хамт авч явсан. Би тухайн үед “Та эхний гарах зардлуудыг төлөөд бидэнд санхүүгийн боломж гаргаад өг, 14 хоногийн дотор таны зардлыг төлнө” гэсэн үгэнд нь итгээд залуу хүмүүсийг дэмжээд, техник хэрэгслээ өгч, нүүх суух бүх зардлуудыг дааж явуулсан. Тухайлбал Э.Мөнхсансар нь гайгүй газар луу оруулж өгч байгаа учраас 5000000 төгрөгийг зуучилж байгаа хүнд өгнө, том усан буу хэрэгтэй гээд усан бууг 27000000 төгрөгөөр авахуулсан. Техникүүдэд шаардлагатай тос, тосол, гидро шингэн, товуд, масло гэх мэт материалыг 5500000 төгрөгөөр Өвөрхангай аймгийн “Авто ком” төвөөс авч өгсөн. Үйл ажиллагаа явуулах түлш байхгүй гэхээр нь Төв аймгийн НИК-ийн дарга Батмөнхтэй утсаар ярьж 9075000 төгрөгийн шатахуун зээлж авч өгөөд би өөрөө мөнгийг нь шилжүүлсэн. Тухайн газарт үйл ажиллагаа явуулахад хүчин чадал сайтай экскаватор хэрэгтэй гэж 20000000 төгрөгөөр экскаватор түрээслүүлж, Улаанбаатар хотоос ирэх очих зардал, түлш гаргуулж, үр дүнгүй баахан газар ухуулсан. “Норд” машин 3 ширхэгийг тус бүр сарын 6500000 төгрөгөөр түрээслүүлсэн, Заамар суманд очих түлшийг тус бүрт нь 200 литрийг хийсэн, жолооч тус бүрт урьдчилгаа 3000000 төгрөг өгсөн. Эхний очсон газарт үр дүн муутай байна, дахин 25000000 төгрөг өгвөл боломжтой газар орохоор боллоо гээд манай хүүхдээс мөнгө авсан боловч ажлын үр дүн гараагүй. Тухайн мөнгийг хэнд өгсөн эсэхийг мэдээгүй. Бидний бодлоор Э.Мөнхсансар нь өөр хүмүүстэй хуйвалдаж, заль мэх хэрэглэсэн болов уу гэж бодож байна. Ажлын хариуцлага, хүний итгэсэн итгэлийг даахгүй хүн чанар алдаж, шатахууны зарцуулалтандаа хариуцлагагүй хандаж, хэсэг хүмүүст биднээс мөнгө гаргуулж өгсөн байна. 2012 оны 09 дүгээр сар хүртэл ямар ч ажил үүрэг гүйцэтгээгүй. Та нар хэлсэндээ хүрч ажил үүргээ гүйцэтгэж чадахгүй бол боль, хойшид өөрсдийгөө санхүүжүүлж, биднээс гарсан зардлыг хурдан хугацаанд төлөх асуудлыг Э.Мөнхсансарт утсаар олон удаа хэлсэн. Э.Мөнхсансар нь одоо бүтэх гэж байна, түр хүлээж бай гэсээр өвөл болгосон. Тэр ч бүү хэл сайхан ярьж, мөрөөдөж техник, хүмүүсийг аваачаад цалин мөнгө, хоол хүнс өгөөгүй, сахиулуудыг эргэж байгаагүй. Утсаа авахаа больсон. Манай “Уян хүрд” ХХК-иас төлөөлөл байгаагүй, би тэнд очиж үзээгүй. Манай компанийн нэрийг барьж гарын үсэг зурж, төлбөрөө хийгээгүй үйлдлийг Э.Мөнхсансар хариуцах ёстой. 2012 оны 10 дугаар сард түлш, бензин авсан тухай би мэдэхгүй, манай компанид хамаагүй. Шаардлагатай байсан бол миний бие өөрөө утсаар ярих байсан. Хожим сонсоход Э.Мөнхсансарын ажлын хариуцлага сул байсан байна. Манай “Уян хүрд” ХХК-ийн тухайд 2012 онд Төв аймгийн Заамар сумын Өгөөмөр багийн нутагт орших Туулын гүүр шатахуун түгээх станцаас шатахуун авч хэрэглэх талаар гэрээ хэлцэл хийгээгүй. Залуучуудыг дэмжиж нэг удаа Батмөнхтэй утсаар ярьж 6000 литр түлш авч өгсөн. Сумын шатахуун түгээх станц нь шатахуун өгөхдөө албан ёсны төлөөлөгч болон албан бичиг, тамга тэмдгээр баталгаажуулж өгөөгүй, хэн нэгний үг, хүсэлтээр шатахуун өгчихөөд эцсийн хариуцлагыг манай компанид ногдуулах гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Шатахуун өгөх эсэх асуудлыг надтай зөвшилцөж, тохироогүй би энэ асуудлыг тухайн үед мэдээгүй, өнгөрсөн хойно нь энэ асуудлыг надад хэлсэн боловч Э.Мөнхсансарыг төлбөрөө өгөх болов уу гэж өдий хүрсэн, утсаа авахаа больсон. 2012 оны 07 дугаар сараас 09 дүгээр сар хүртэл хэдэн удаа шатахуун авч төлж байсан талаар би мэдэхгүй. Хэрэв тийм асуудал гарч байсан бол манай компанийн нэрийг барьж тийм үйлдэл гаргасан байх. Гарын үсэг зурж түлш хүлээн авсан хүмүүс өөрсдөө төлбөрийг нь төлж, хохирлыг барагдуулах хэрэгтэй байх. Манайхаас авч явсан техникүүдэд бензинээр ажилладаг нэг ч техник байхгүй. 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс хойш авсан шатахуун манайд ямар ч хамаагүй, харин манай техникийг ашиглан үйл ажиллагаа явуулсан Э.Мөнхсансар, түүний хамсаатан нэр бүхий хүмүүс төлөх байх. Харин ч манай техникийг ашиглан хувьдаа Ланд круйзер 80 маркийн машин, өвлийн идэш, бас бус мөнгөтэй болж буусан. Би ч гэсэн хохирлоо барагдуулах талаар холбогдох газарт нь гомдлоо гаргана гэжээ.

Хариуцагч Э.Мөнхсансар шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2012 оны 08 дугаар сард “Уян хүрд” ХХК-ийн захирал М.Баянжаргалын хүү Б.Батдэлгэрийн ажиллуулж байсан уурхайн олборлолтын газрыг олж өгсөн. Энэ компанид М.Баянжаргалын дүү нар болох нярав Азсангимаа, түлшний нярав Батжаргал, угаагч Энхбат нарын хүмүүс уг компанийн үйл ажиллагааг хянаж явуулдаг байсан.  “НИК” ХХК-иас авсан шатахууныг хэдийд яаж авсныг мэдээгүй байтал баримтанд Мөнхсансар миний өмнөөс гарын үсэг зурж авсанд гомдолтой тул хуулийн дагуу үнэн зөвийг олж өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч “Уян хүрд” ХХК-наас 9645000 төгрөг, хариуцагч Э.Мөнхсансараас 495000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч “НИК” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч “Уян хүрд” ХХК-иас 169270 төгрөг, хариуцагч Э.Мөнхсансараас 15500 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 193735 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, тус шүүхийн шүүгчийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 463  тоот шүүгчийн захирамжаар авсан шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр үлдээн, шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдан шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч А.Адъяасүрэн давж заалдах гомдолдоо:

Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаартай шийдвэрээр нэхэмжлэгч “НИК” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагаас “Уян хүрд” ХХК-иас 9640000 төгрөг гаргуулж шийдвэрлэснийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

            Анх 2017 оны 07 дугаар сард “Уян хүрд” ХХК-ий  захирал М.Баянжаргал Өвөрхангай аймаг дахь “Нефт  хангамж”-ийн салбарын даргаар дамжуулан “НИК” ХХК-ийн Төв аймгийн Заамар сумын “Өгөөмөр” багийн нутагт орших “Туулын гүүр” шатахуун түгээх станцаас шатахуун авч Э.Мөнхсансар, өөрийн төрсөн хүү Б.Батдэлгэр нарын хамтран ажиллаж байсан уул уурхайн үйл ажиллагааг дэмжиж, 2012 оны 07 дугаар сард 1 удаа 9075000 төгрөгийн түлш зээлээр авч өгсөн ба тухайн төлбөрийг төлж барагдуулсан байдаг.

            Хариуцагч М.Баянжаргал нь Э.Мөнхсансар, хүү Б.Батдэлгэр нарыг хамтран ажиллаж байсан тухай, Төв аймгийн Заамар сумын ойролцоо уул уурхайн үйл ажиллагаа явуулахаар болж санхүүгийн боломжгүй үед нь шатахуун зээлээр нэг удаа авч өгсөн байсан талаар тайлбарлаж хүлээн зөвшөөрдөг. “Уян хүрд” ХХК нь уул уурхайн ажиллагаа явуулдаг байсан нь үнэн боловч тухайн үед Э.Мөнхсансар гэх хүнтэй хамтран ажиллах гэрээ, хөдөлмөрийн гэрээ ямар нэгэн хэлцэл хийгээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хэрэгт цугларсан нотлох баримтуудаас харахад Э.Мөнхсансарт хариуцагчаас ямар нэгэн эрх олгож, үүрэг хүлээлгэсэн зүйл огт байдаггүй. Харин Э.Мөнхсансар, Б.Батдэлгэр нар хамтран ажиллахаар тохирч явсан байдаг.

            Нэхэмжлэгч талаас өгсөн баримтууд нь Э.Мөнхсансар гэх хүний гарын үсэгтэй. Хариуцагч М.Баянжаргал болон “Уян хүрд” ХХК-ийн тамга тэмдэг, гарын үсэг огт байхгүй байхад Э.Мөнхсансарыг тухайн компанийг бүрэн төлөөлсөн гэж үзэж Э.Мөнхсансарын зээлээр авсан түлшний 9645000 төгрөгийг “Уян хүрд” ХХК-иас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь:

 “Уян хүрд” ХХК болон “НИК” ХХК-ий хооронд зээлийн гэрээ хийгдээгүй байхад анхан шатны шүүх дээрх 2 талуудын хооронд үүргийн  харилцаа үүссэн гэж үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.2-т зааснаар тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй үнэлэх үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна.

Тухайлбал: Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “.....хариуцагч “Уян хүрд” ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа “НИК” ХХК-иас шатахууныг зээлээр худалдан авч байсан нь хэрэгт авагдсан шатахуун авсан тухай баримтуудаар тогтоогдож байна” гэж үнэлсэн нь Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д зааснаар зээлээр худалдах, худалдан авах гэрээг бичгээр хийнэ гэсэн хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүх хуульд нийцээгүй нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийсэн төдийгүй, зөвхөн нэхэмжлэгчийн гаргасан тайлбар нотлох баримтад үндэслэн хэт нэг талыг барьж, шийдвэр гаргасанд гомдолтой байна.

Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч “НИК” ХХК нь хариуцагч “Уян хүрд” ХХК, иргэн Э.Мөнхсансар нараас 2012 оны 10 дугаар сарын 05-ны өдөр 9732000 төгрөгийн, 10 дугаар сарын 11-нд 130000 төгрөгийн, 10 дугаар сарын 14-нд 158000 төгрөгийн, 10 дугаар сарын 21-нд 120000 төгрөгийн шатахуун зээлээр авсаны нийт үнэ 10140000 төгрөг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Улаанбаатар хотоос Өвөрхангай аймагт ирж очих шатахууны болон бусад зардалд 1034060 төгрөг бүгд 11174060 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасган 10140000 төгрөг болгосон байна.

Хариуцагч “Уян хүрд” ХХК нь Төв аймгийн Заамар суманд уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулаагүй,

Э.Мөнхсансар нь 2012 оны 08 дугаар сард “Уян хүрд” ХХК-ний захирал М.Баянжаргалын хүү Б.Батдэлгэрийн ажиллуулж байсан уул уурхайн олборлолтын газрыг олж өгсөн. “НИК” ХХК-иас авсан шатахууныг хэдийд яаж авсныг мэдээгүй гэж тус тус маргажээ.

 

Хариуцагч “Уян хүрд “ ХХК нь Төв аймгийн Заамар сумын нутаг дэвсгэрт уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байх хугацаандаа НИК” ХХК-иас шатахуун зээлж авч байсан  болох нь  хэрэгт авагдсан  шатахуун авсан тухай баримтууд /1-р хх-43-47х/, НИК ХХК-ийн дансны хуулгууд, гэрч Э.Нарангэрэл, Б.Батмөнх/ 1-р хх-53х/, Л.Наранжаргал/1-р хх-54х/, А.Амгаланбаатар нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдсон.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч “Уян хүрд” ХХК болон, Э.Мөнхсансар нар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой  баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ биелүүлээгүй, өөрөөр хэлбэл

хариуцагч “Уян” хүрд ХХК нь Төв аймгийн Заамар суманд  уул уурхайн чиглэлээр  үйл ажиллагаа явуулж “НИК” ХХК-иас 10140000 төгрөгийн шатахууныг зээлээр худалдаж аваагүйг,

хариуцагч Э.Мөнхсансар нь 2012 оны 08 дугаар сард “Уян хүрд” ХХК-ний захирал М.Баянжаргалын хүү Б.Батдэлгэрийн ажиллуулж байсан уурхайн олборолтын газрыг олж өгсөн, “НИК” ХХК-иас авсан шатахууныг хэдийд яаж авсныг мэдээгүй гэж тус тус тайлбарлаж байгаа боловч энэ талаарх баримтуудыг шүүхэд гаргаж өгөөгүй, шатахуун аваагүйгээ нотлож чадаагүй байна.

Хэрэгт авагдсан гэрч  А.Амгаланбаатарын  “... М.Баянжаргал, Э.Мөнхсансар нарыг танина. М.Баянжаргал нь манай хадам ээжийн төрсөн дүү, Э.Мөнхсансар нь Төв аймгийн Заамар суманд ажиллаж байхад уурхай даргалж байсан хүн ...уурхайд ажиллаж байсан  машин механизмууд нь дизель түлш хэрэглэдэг байсан. Ганцхан Э.Мөнхсансарын унаж явсан автомашин нь бензин хэрэглэдэг байсан ...” /2-р хх-280-282х/ гэсэн мэдүүлгийг үндэслэн хариуцагч “Уян хүрд” ХХК-иас түлшний үнэ болох 9645000 төгрөг, хамтран хариуцагч Э.Мөнхсансараас бензиний үнэ болох 495000 төгрөгийг тус тус гаргуулан “НИК” ХХК-д олгох нь зүйтэй гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн  анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх тул хэвээр үлдээн  “Уян хүрд” ХХК-ий давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.

Уян хүрд ХХК-ий давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул тус компаниас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 169270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээн шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 145/ШШ2017/00167 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээн, Уян хүрд ХХК-ий өмгөөлөгч А.Адьяасүрэнгийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч “Уян хүрд” ХХК давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгийн хураамжинд төлсөн 169270 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

           4. Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх  ажиллагааны журам зөрчсөн,  хуулийг буруу  хэрэглэсэн  гэж  үзвэл зохигчид магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн  дотор Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол  гаргах  эрхтэй болохыг дурдсугай.

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                         ШҮҮГЧИД                                Н.НАСАНЖАРГАЛ

                                                                                          П.ДОЛГОРМАА