Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 05 сарын 04 өдөр

Дугаар 221/МА2023/0298

 

 

 

 

О НҮТББ-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал

Илтгэсэн шүүгч О.Оюунгэрэл

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Хариуцагч Д.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ц

Нэхэмжлэлийн шаардлага: “...Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн Сайхан овоо сумын нутаг Х  нэртэй газарт 1129.20 гектар талбайд Ц ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах ... тухай

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Д

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Л.Ц

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0709/З

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч О  НҮТББ нь Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 36 дугаар шийдвэрээр Дундговь аймгийн С сумын нутаг Х нэртэй газарт 1129.20 гектар талбайд Ц ХХК-д ашигт малтмалын хайгуулын XV-021746 тоот тусгай зөвшөөрөл олгосон шийдвэрийг хүчингүй болгуулах ”-аар маргасан байна.   

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 37 дугаар зүйлийн 37.6, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О  төрийн бус байгууллагын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай 36 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байна.

3. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

3.1 “...Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3-т “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг энэ хуулийн 17.2-т заасны дагуу ирүүлсэн зөвшөөрсөн санал болон геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн Засгийн газар батална” гэж заасныг үндэслэн мөн хуулийн 9.1.11-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол Улсын Засгийн газар 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдөр “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолыг гаргасан. Монгол улсын Засгийн газар “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоолыг батлахдаа бүх яамдаас санал авсан бөгөөд байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болох Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас татгалзах ямар нэг шалтгаан яригдаагүй тул уг тогтоолд хамрагдсан Дундговь аймгийн С сумын “Х” нэртэй газрын 1129.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицол батлагджээ.

3.2. Усны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.2-т “Монгол Улсын гол, мөрөн, түүний сав газрын хэмжээ байгалийн нөхцөл, урсац бүрэлдэх зүй тогтол, нөөцийн хуваарилалт байгалийн болон засаг захиргааны хил хязгаарыг үндэслэн сав газрыг байгуулж, сав газрын захиргааны бүтэц, зохион байгуулалтыг батлах” гэж хуульчилсан. Шүүх төрийн захиргааны байгууллагыг 2021 оны 36 дугаар шийдвэрийг гаргахдаа Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан журмын дагуу тус сав газрын захиргааны саналыг аваагүй гэж буруутгасан нь хууль зүйн үндэслэлгүй болсон гэж үзэж байна.

3.3. Төрийн захиргааны байгууллагаас хуулийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зарласан Дундговь аймгийн Сайхан-Овоо сумын нутагт “Х ” нэртэй газарт 1129.20 гектар талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5.2-т “тусгай хэрэгцээний газар, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглосон газар, нөөцөд авсан талбайтай ямар нэг байдлаар давхцалгүй байх” гэсэн болон мөн хуульд заасан бусад шаардлагыг бүрэн хангаж байсан. Иймд Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү... гэжээ.

4. Гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүухийн 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 967 дугаартай тогтоолд: “...Ц ” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулж буй үйл ажиллагаа нь О  голын урсацад нөлөөлнө гэж нэхэмжлэгч тайлбарлаж байхад түүнийг нэхэмжлэл гаргах эрхгуй гэж шууд дүгнэх боломжгүй, мөн гуравдагч этгээд О  голоос 35 км-ын зайд үйл ажиллагаа явуулдаг гэж тайлбарлаж байгаа ч голын урсац, голдиролд нөлөөлөхгүй гэж үзэх үндэслэлгүй гээд анхан шатны шүүхийг энэ талаар нотлох баримт хангалтгүй цуглуулсан буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1-т “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасантай нийцээгүй гэж, мөн анхан шатны шүүх нэхэмжлэгч нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд мөн эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хамт нэг мөр шийдвэрлэх нь зүйтэй гэсэн тодорхой агуулгаар шийдвэрлэсэн байдаг.

4.2. Гэтэл анхан шатны шүүх давж заалдах шатны шүүхийн тогтоолын дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзлээ гэж давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гуйвуулан тайлбарлаж, энэ талаар бүхий л нотлох баримтыг цуглуулсан боловч гуравдагч этгээдийн үйл ажиллагаа О  голын урсац, голдиролд нөлөөлнө гэх нэхэмжлэгчийн аман тайлбар нь нотлох баримтаар нотлогдоогүй. Энэ нь “... тухайн бүс нутагт хайгуулын үйл ажиллагаа явуулах нь ... байгаль орчны тэнцвэртэй байдалд хэрхэн нөлөөлөх талаар судалгаа шинжилгээ явуулсан баримт байхгүй, мөн хөрс эвдэгдэх, говийн шимт хөрс 10 см гэсэн судалгаа байгаа эсэхийг нэхэмжлэгчээс асуухад “...нотлох үүрэг нь шүүхэд байгаа, бидэнд ийм зүйл байхгүй, байсан бол маш тодорхой байх байсан ... энэ байдлыг нотлох шаардлагагүй, Монгол орны говь, хөрс ус ямар хэмжээнд байдгийг жирийн малчин, төрийн захиргааны байгууллага бүгд мэдэж байгаа” гэх аман тайлбараас тодорхой харж болно. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.10 дахь хэсгийг үндэслэн шийдвэр гаргасан бөгөөд захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нийтийн ашиг сонирхол зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон гэж үндэслэлгүй дүгнэлт хийж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн. Мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэгдсэн байна" гэж заасныг зөрчлөө.

4.3. Нэхэмжлэгч нь хариуцагчийн хууль бус акт гараад хэрэгжвэл тухайн нутагт амьдарч буй 11 айлын 30 иргэнийн субъектив эрх зөрчигдөх мэтээр, нэг бол хүрээлэн буй орчинд хохирол учрах мэтээр хольж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарлаж буй нь маргаж буй асуудлынхаа талаар өнөөдрийг хүртэл хангалттай сонирхол илэрхийлж чадахгүй байгааг харуулж байгаа ба Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18.3, 52.5.5-д заасан шаардлагыг хангахгүй байна.

О  гол хөдөлгөөн ТББ-ын дүрмийн 2.1, 2.4, 2.5, 2.6-д заасан үндсэн зорилго нь О  голын урсацыг Улаан нуурт хүргэх, үүний тулд ... О  голын эрэг дагуу, түүний урсац, голдирлыг нь эвдэЖ, урсацыг нь багасгаж байгаа хүний буруутай үйл ажиллагаанаас хамгаалах гэж заасан. Гэтэл маргаан бүхий талбай нь О -Таац голын сав газарт хамаарагдахгүй Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газарт хамаарагддаг болох нь нотлох баримтаар тогтоогдсон ... О  голын сав газарт хамаарахгүй, гуравдагч этгээд “Ц ” ХХК өнөөдөр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байхад О  голын эрэг дагуу, түүний урсац, голдирлыг нь эвдэж, урсацыг нь багасгаж байна, эсхүл тухайн талбайд үйл ажиллагаа явуулах нь О  голыг улаан нуурт хүргэх үндсэн зорилгод нь харш, байгаль орчинд хохирол учирч болзошгүй гэж ямар нэгэн судалгаа, шинжилгээ, дүгнэлтгүйгээр хийсвэрээр дүгнэх нь хуулийн болон бодит үндэслэлгүй, энэ талаар маргаж буй нь дүрмийн зорилгодоо нийцээгүй буюу Захиргааны ерөнхий хуулийн 18.3.1-т заасан шаардлагыг хангаагүй.

4.4. Мөн хуулийн 18.3.2-т дүрмийн зорилгын дагуу сүүлийн 3-аас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байхыг шаардаж байна. Төрийн бус байгууллага нь сүүлийн 3 жил буюу 2019-2021 оны үйл ажиллагааны тайлан гэж шүүхэд ирүүлсэн байх ба Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23.2.6-д заасан ямар ч үйл ажиллагааны зардал байхгүй “хоосон” тайлан бүртгүүлсэн нь хуульд заасан тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх хуулийн шаардлагад нийцэхгүй буюу нэхэмжлэгч нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд биш юм. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийг мөн тодорхойлохдоо Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 4.2, 4.5-т заасныг үндэслэсэн байх ба ийм заалт хуульд байхгүй ... аж ахуйн нэгжийг шинээр байгуулах зөвшөөрөл олгох асуудал нь хэрэгт хамааралгүй, шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.

4.5. Анхан шатны шүүх нь захиргааны байгууллагын шийдвэр гаргах үйл ажиллагаа хуульд зөвхөн нийцсэн эсэхэд гол анхаарлаа хандуулаад нийтийн эрх ашиг хэрхэн зөрчигдсөн буюу зөрчигдөж болзошгүй нь хэрхэн нотлох баримтаар тогтоогдож байна, нэхэмжлэлийн шаардлагыг хангаснаар нийтийн эрх ашиг хэрхэн сэргэж, хамгаалагдах талаар шүүх бүрэн дүүрэн дүгнэлт хийж чадаагүй.  Хариуцагчийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэр нь зохих хуульд үндэслэсэн, өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа олон шийдвэрийг хэрэгжүүлж гарсан шийдвэр бөгөөд шүүх Усны тухай хуулийн 17.2-т заасныг хэрэглэх үндэслэлгүй. Учир нь 36 тоот шийдвэр нэрнээс нь ч харсан, үндэслэсэн хууль тогтоомжоос нь ч харсан зөвхөн сонгон шалгаруулалтын үр дүнг баталгаажуулж гарсан шийдвэр гэдэг нь тодорхой байгаа. Сонгон шалгаруулах үйл ажиллагаа нь Ашигт малтмалын тухай хуулийн 20.1-д заасан журам болон Уул уурхай хөнгөн үйлдвэрийн сайдын 2018, 2020 онд батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам”-д заасны дагуу явуулах тусгайлан зохицуулалттай харилцаа юм. Энэхүү шийдвэрт маргаж буй бол сонгон шалгаруулалт хууль бус явагдсан, сонгон шалгаруулалтын хууль, журам зөрчсөн асуудлаар л маргах ёстой. Гэтэл энэ талаар нэхэмжлэгч маргаагүй.

4.6. Засгийн газрын 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн “Талбайн солбицол тогтоох тухай” 243 дугаар тогтоол ба уг тогтоолын 1 дэх хэсэгт Сонгон шалгаруулах журмаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг хавсралтаар баталсанд маргаан бүхий Х нэртэй 1129 га талбайн солбицол хамаарч байгаа. Энэ тогтоолтой нэхэмжлэгч маргаагүй бөгөөд өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байна. Мөн дээрх Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлж гарсан Сонгон шалгаруулалт зарлах тухай болон сонгон шалгаруулалтын үнэлгээний комиссын шийдвэр зэрэг захиргааны байгууллагын шийдвэрүүд мөн хүчин төгөлдөр, үүнтэй нэхэмжлэгч маргадаггүй. Өнөөдөр дээрх тогтоолууд хүчин төгөлдөр байгаа тохиолдолд маргаан бүхий талбай гуравдагч этгээд “Ц ” ХХК-д биш юм гэхэд өөр хэн нэг этгээдэд олгогдох ёстой тул нэхэмжлэгчийн эрх сэргэхгүй болохыг анхаарч үзнэ үү. Дээрх хүчин төгөлдөр шийдвэрүүдийг биелүүлэхгүй байх эрх хариуцагчид байхгүй хариуцагчийн үйл ажиллагаа Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.1, 82.2.1, 83 дугаар зүйлийн 83.1.1, 84 дүгээр зүйлийн 84.1.2-т тус тус заасантай нийцсэн. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.5-д “Захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа бол сонсох ажиллагаа хийхгүй байж болно” гэж зааснаас гадна Усны тухай хуулийн 17.2-т заасан сав газрын захиргааны саналыг авах Захиргааны ерөнхий хуулийн 26.2-т заасан ажиллагаа нь маргаан бүхий 1129 га талбайн солбицлыг баталсан Засгийн газрын 2018 оны 243 дугаар тогтоолыг гарахаас өмнө хийгдэх ажиллагаа болохыг болохыг Умард говийн гүвээт-Халхын дундад талын сав газрын захиргааны 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 194 тоот албан бичигт  тодорхой дурдсан байгааг шүүх мөн анхаарч үзнэ үү.

4.7. Тухайн сав газрын захиргааны саналыг аваагүйгээс өнөөдөр нийтийн эрх ашигт ямар хохирол учруулж болзошгүй байгаа тухай ямар ч баримт байхгүй, харин Засгийн газрын 243 дугаар тогтоол гарахдаа бүх яамд, тэр дундаа төрийн захиргааны төв байгууллага Байгаль орчин аялал жуулчлалын яамнаас санал авсан, ингэхдээ нэгдсэн системээсээ шүүлт хийж усны сан бүхий газар, газар доорхи гүний усны нөөц, газрын доорхи усны орд газар, ус хангамжийн эх үүсвэрийн хориглолт, хязгаарлалт, тэжээгдлийн мужуудын хил зааг, экологийн хувьд чухал ач холбогдолтой газар нутаг, улсын тусгай хамгаалалттай газар нутагтай тус тус давхцалтай нийт 478,067 га талбайг ялган хасч сонгон шалгаруулалтаар олгох талбайн хэмжээг тогтоож Засгийн газар баталсан болох нь нотлогдож байгаа. Мөн Усны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.2, 22.3, 22.7, 22.10.1, 22.10.2-т заасан усны нөөцийг хамгаалах хамгаалалтын бүсийг зөрчөөгүй, Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийн 4.1, 4.5-д заасныг тус тус зөрчөөгүй болох нь Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2022 оны 06/4406 тоот хариу албан бичгээр тус тус нотлогдсон, анхан шатны шүүх эдгээр хуулийг хэрэглэсэнгүй.

4.8. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.3 дахь хэсгийг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү... гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

2.1. Шүүх дараах үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв. Үүнд:

2.2. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд  “ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2020 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/114 дүгээр тушаалаар СШ-47 дугаартай хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зарлаж, сонгон шалгаруулалт коронавируст цар тахлын улмаас тодорхой хугацаагаар хойшилж уг сонгон шалгаруулалтын СШ-47-6-д маргаан бүхий талбай болох Дундговь аймаг, Сайхан-овоо сум, “Х ” нэртэй 1129.20 га талбайд сонгон шалгаруулалт явуулахаар тогтоожээ.

2.3. Дээрх талбайд явуулсан сонгон шалгаруулалтаар гуравдагч этгээд “Ц ” ХХК шалгарч, Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн даргын 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн “Сонгон шалгаруулалтаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох тухай” 36 дугаар шийдвэрээр “Ц ” ХХК-д Дундговь аймгийн Сайхан-овоо сумын нутаг Х нэртэй газарт 1129.20 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын ХҮ-021746 дугаар тусгай зөвшөөрлийг олгосон болох нь тогтоогдож байна.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-т “Хуулиар тусгайлан эрх олгогдсоноос бусад нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд нь хүрээлэн байгаа орчин, хүүхдийн эрх, нийтийн эрүүл мэнд, нийтийн өмчийг хамгаалах асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй бөгөөд уг этгээд дараахь шаардлагыг хангасан байна”, 18.3.1-д “нэхэмжлэлийн шаардлага дүрмийн зорилгод нийцсэн байна”, 18.3.2-т “дүрмийн зорилгын дагуу сүүлийн гурваас доошгүй жил тогтвортой үйл ажиллагаа явуулсан байх” гэж тус тус заажээ.

2.5. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч О НҮТББ / нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллага/ нь анх 2008 оны 08 дугаар сарын 09-ний өдөр байгуулагдсан байх бөгөөд тус төрийн бус байгууллагын дүрмийн 2.1-д “О  голынхон” хөдөлгөөний үндсэн зорилго нь О  голын урсацыг Улаан нуурт, хүргэхэд оршино”, 2.4-д “О  голын урсцын талаар судалгааны материал цуглуулах, дүгнэлт гаргах, 2.5-д “Бүс нутгийн иргэдийн дунд болон голын эргийн дагуу байгаль хамгаалах үйл ажиллагаа зохион байгуулах”, 2.6-д “голын гольдорлыг нь эвдэн, урсацыг багасгаж, экологийн тэнцвэрт бус байдал бий болгож буй хүний буруу үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээг үе шаттай зохион байгуулах зорилготойгоор” Дундговь аймгийн Сайхан-Овоо суманд байгуулагдсан байна.

2.6. Дээрхээс үзвэл “О  голынхон” ТББ-ын зорилго нь О  голын урсацыг улаан нуурт хүргэж, түүний урсац, голирол, экологийн тэнцвэрт байдлыг бусдын буруутай үйл ажиллагаанаас хамгаалахад орших ба 2018-2021 оны үйл ажиллагааны тайлангаа улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад өгч байсан, 2020-2022 оны санхүүгийн тайлан Татварын ерөнхий газарт гаргаж байсан зэргээс үзвэл нэхэмжлэгчийг сүүлийн гурван жил төрийн бус байгууллагын дүрмийн зорилгод нийцсэн үйл ажиллагаа явуулаагүй нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гэж үзэх үндэслэлгүй байна.

2.7. Хэдийгээр “О  голынхон” ТББ нь татварын ерөнхий газарт тайлагнасан санхүүгийн тайлангаар орлого, зарлага нь тэг байгаа ч ашгийн төлөө бус сайн дурын үндсэн дээр О  голын урсцыг хамгаалах үүднээс байгуулагдсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлтэй байх бөгөөд шүүх тус төрийн бус байгууллагыг татварын тайлангаар тэг дүнтэйгээр санхүүгийн тайлангаа тайлагнасан гэж буруутгах үндэслэлгүй бөгөөд дүрэмд заасан зорилгын дагуу сүүлийн гурван жил үйл ажиллагаа явуулсан эсэхэд дүгнэлт хийсэн болно.

2.8. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана”, 4.2.1-д “хуульд үндэслэх”, 24 дүгээр зүйлийн 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д “Хууль бус захиргааны акт гэж эрх зүйн зөрчилтэй захиргааны актыг ойлгоно” гэж, Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, Газрын тухай хууль, Газрын хэвлийн тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Үндэсний аюулгүй байдлын тухай хууль, Хөрөнгө оруулалтын тухай хууль эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ” гэж, Усны тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-т “Усны тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, энэ хууль болон эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ”, мөн хуулийн 17 дугаар зүйлд Сав газрын захиргааны бүрэн эрхийг зааж өгсөн бөгөөд 17.1-д “сав газрын захиргаа нь усны харилцааны талаар дараах бүрэн эрхийг тухайн сав газартаа хэрэгжүүлнэ”, 17.2-д “Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэнэ” гэж тус тус хуульчилжээ.

2.9. Дээрх хуулийн зохицуулалтаас үзвэл хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Геологи уул уурхайн кадастрын хэлтсийн дарга  нь гуравдагч этгээд “Ц ” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохдоо Захиргааны ерөнхий хуульд заасан “хуульд үндэслэх” зарчимд нийцүүлэлгүй, эрх зүйн зөрчилтэй, нийтийн эрх ашгийг хөндсөн захиргааны акт гаргаж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй байна гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

2.10. Өөрөөр хэлбэл Монгол Улсын Засгийн газраас 2018 оны “Талбайн солбилцол тогтоох тухай” 243 дугаар тогтоолоор ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоохдоо Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т зааснаар сав газрын захиргааны саналыг аваагүй байна гэж үзэхээсээ илүүтэй Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи уул уурхай кадастрын хэлтсээс аж ахуй нэгжид сонгон шалгаруулалтаар тусгай зөвшөөрөл олгож байгаагийн хувьд дээрх Усны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т  зааснаар Тухайн сав газарт ашигт малтмалын хайгуул хийх, олборлолт явуулах тусгай зөвшөөрөл олгоход тус сав газрын захиргааны саналыг үндэслэн дээрх тусгай зөвшөөрлийг гуравдагч этгээдэд олгох байжээ.

2.11. Гэвч хариуцагч дээрх хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна. Үүнээс үзвэл хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Геологи, уул уурхайн кадастрын хэлтсийн дарга болон гуравдагч этгээд “Ц” ХХК-ийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

2.12. Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 118 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч болон гуравдагч этгээдийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д тус тус зааснаар хариуцагч төсвийн байгууллагаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

  

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                             Д.БААТАРХҮҮ

 

ШҮҮГЧ                                                                С.МӨНХЖАРГАЛ

 

ШҮҮГЧ                                                                       О.ОЮУНГЭРЭЛ