Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 17 өдөр

Дугаар 80

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Д

Шүүгдэгч Г.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.А-д холбогдох 2130000660089 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

 Монгол Улсын иргэн, 19.. оны ... дүгээр сарын ....-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,  эрхэлсэн ажилгүй,  ам бүл .., эх, охины хамт  Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багт  оршин суух хаягтай,  урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2006 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 20 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, 1 жилийн хугацаагаар тэнссэн, регистрийн дугаар:..............., Г.А.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн нутаг дэвсгэр Ц говь гэх газраас иргэн Г.А-н гэрийн гаднаас Даюунг маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1950000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Г.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

- Шүүгдэгч Г.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Мэдүүлэг гаргахгүй гэв.

 

 Хохирогч А.А-н “...2019 оны 03 дугаар сард 2 000 000 төгрөгөөр авч байсан шинэ улаан өнгийн улсын дугааргүй мотоциклоо алдсан. Манай хулгайд алдсан мотоцикл гэрийнхээ гадаа ил байсан. Манай алддаг мотоциклыг хөдөө байдаг бие муутай ах хүнээр унуулаад аймгийн төв рүү явсан. Аймагт ирээд унаж ирсэн хүн нь эргээд хөдөө явахгүй гэж хэлэхээр нь аймаг дээрээс А гэх хүнээр бариулаад хөдөө гэртээ ирсэн. А гэх хүн хөдөө хэд хононо гэж байсан чинь өглөө сэрэхэд мотоциклыг нь унаад явчихсан байсан. Манай ах А гэх хүнтэй утсаар ярьж манай мотоциклыг авсан уу гэж асуухад би авч явсан юм мотоцикл чинь аймаг дээр байна буцааж өгнө гэж хэлсэн. А мотоциклыг буцааж өгсөн тул гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 07-08/,

 

   Гэрч А.Т-н “...А надаас авах ямар ч авлага байхгүй.
Мотоциклыг унаж яваад эргүүлж өгөлгүй алга болсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,     

 

Гэрч С.У-н  “...2019 оны 08, 09 сард шиг санаж байна А хул өнгийн хятад мотоцикл унаад ирсэн. Тэгээд найзад нь мөнгөний хэрэг байна өөрийнхөө мотоциклыг барьцаанд тавьчихъя 150 000 төгрөг өгчих гээд авсан. Тэгээд мотоциклыг нь авч үлдээд 150 000 төгрөг өгсөн. Гэтэл саяхан ээж нь ирээд 150 000 төгрөг өгөөд мотоциклыг нь аваад явсан ...”  гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ ,

 

Гэрч П.Г-н  “... Ч, А, Н бид  дөрөв 2.5 литрийн пиво 4 ширхгийг аваад  манай гэрт очиж уусан... Өглөө нь Ч миний ХААН банкны виза карт алга байна би өглөө танай гэрийг галлахдаа хамт шатаачихсан юм байхдаа гэж байсан...”  гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/ ,

 

Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны “Даюун маркийн мотоцикл 1 950 000 төгрөг болно” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-27/

 

Шүүгдэгч Г.А-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын Г.Агийн ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 46/

 

 Шүүгдэгч Г.А-н иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 47 х/

 

Шүүгдэгч Г.А-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 60 х /

 

 Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр  сарын 23-ний өдрийн 56 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 61 х /

 

“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 56 дугаартай санал /хх-ийн 62-63/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.А нь 2019 оны 06 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Ц говь гэх газраас иргэн Г.А-н гэрийн гаднаас Даюунг маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1950000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч А.А, гэрч А.Т, С.У нарын мэдүүлэг, Хөрөнгийн үнэлгээний Ашид билгүүн ХХК-ны шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

Шүүгдэгч Г.Агийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогчийн эд хөрөнгө, өмчлөх эрхэд хохирол учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон байна.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Г.Агийн хохирогч Г.А-н гэрийн гаднаас Даюунг маркийн мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 1 950 000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

 

Улсын яллагчаас Г.Агийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч Г.Аг бусдын эд  хөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Г.Агийн үйлдлийн улмаас хохирогч А.А-д 1 950 000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч А.А  “А мотоциклыг буцааж өгсөн тул гомдолгүй” гэж хэрэгт мэдүүлжээ.  

Иймд шүүгдэгч Г.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

 

Шүүгдэгч Г.А-д ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Г.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.А-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүгдэгч Г.Ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн  нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирогчтой эвлэрсэн хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан улсын яллагчийн саналын хүрээнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 8 сарын хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн  7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2,  2.5-д заасан зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах,  оршин суугаа газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авахаар тогтов.

 

Шүүгдэгч Г.А нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болно.

 

 Шүүгдэгч Г.А-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай .

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

  1. Шүүгдэгч Г.А-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.А-г хорих ял оногдуулахгүйгээр 8 /найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

 

  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн  2.2, 2.5-т зааснаар шүүгдэгч Г.А-д зан үйлээ засах хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах, оршин суугаа газар  ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Г.А-д  мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.А-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Г.А энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Г.А энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч А.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР