| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0105/Э |
| Дугаар | 90 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа,
Шүүгдэгч Ш.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Сумъяагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ш.Э холбогдох 2130000900106 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 19... оны ... дугаар сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, ... настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, барилгын мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ..., эхнэр,... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг, дэнж гудамжны .... тоотод оршин суудаг, урьд Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 09 дугаар сарын 22-ны өдрийн ... дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар 8,100,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн, ........... регистрийн дугаартай, Ш.Э,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ... дугаар баг Дэнжийн .... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас эхнэр Б.Н-н биед халдан зодож, эрүүл мэндэд нь толгойн зүүн хэсгийн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Ш.Э-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Ш.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хохирогч Б.Н-н: “...2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Баруун-Урт сумын 5 дугаар баг ... ..... тоот гэртээ 21-н цагийн үед манай нөхөр Э согтуу орж ирээд манай хАтанд ноолуур авна гэж мөнгө өгсөн юм билээ тэгсэн чинь тэр хүнийх нь утас нь холбогдохгүй эхнэртэй нь ярьсан чинь хөдөөнөөс ирж байгаа гэж хэлсэн гэсэн тэр асуудлаас болж танай хамаатнаас авах ноолуур үлдчихлээ маргааш ноолуураа ачих гээд байна гэхээр нь би манай хамаатныг мууллаа гээд маргалдсан чинь ширээн дээр байсан аяга аваад над руу шидсэн мөн таваг усны хуванцар сав аваад шидсэн чинь тэр сав нь толгойн зүүн хэсэгт оноод язарсан тэгэхээр нь Аймгийн нэгдсэн эмнэлгийн 103-т очиж үзүүлээд 2 оёдол толгойдоо тавиулсан. Урьд нь намайг зодож цохиж байгаагүй. Манай нөхрийн дүү Э, 8 дугаар ангид сурдаг төрсөн охин бид 4 байсан. Толгой өвдөж байна 2 оёдол тавиулсан. Надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, нэмж ярих зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 09-12 х/,
Гэрч Ш.Э-н “...би ах Ш.Э-нд хөдөөнөөс хэд хоногийн өмнө ирээд байж байсан юм. Тухайн өдөр бид гурав гэртээ байцгааж байгаад би орой 20 цагийн үед гарч бие засаад орж ирэхэд ах Ш.Э, эхнэр Б.Н-тайгаа хоорондоо маргалдаж байсан. Б.Н эгч хоолоо хийгээд гэрийнхээ зүүн талд сууж байхад ах Ш.Э ширээн дээр байсан модон аяга аваад чулуудахад гал тогооны тавилгын дээд талыг оносон Н эгч наад талд нь зогсож байсан учраас ойж буугаад толгойг нь цохисон байх би бураа хараад утсаа оролдоод сууж байсан учраас нарийн сайн хараагүй. Тэгээд би больцгоо гээд болиулаад нэг цаг орчмын дараа гараад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 х/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч А.Болор-Эрдэнийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай дүгнэлтээс “...Б.Н-н биед толгойн зүүн зулай хэсгийн хуйханд язарсан шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хАрна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэх дүгнэлт /хх-ийн 16-17 х /,
Яллагдагч Ш.Э-н “...Миний бие 2021 оны 03 дугаар сарын 21-ний өдөр “З” буудлын ард ноолуур худалдаж аваад Улаанбаатар хот руу ачааны машинд ачуулаад дуусах үед 0.5 литр экс нэртэй архины талыг нь ганцаараа уучхаад А гэдэг ахаараа Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дугаар баг Дэнжийн ........ тоот гэртээ хүргүүлсэн байсан болсон асуудлыг сайн мэдэхгүй байна. Маргааш нь манай эхнэр Н чи өчигдөр аяга шидээд миний толгойг хагалчихсан гэж хэлсэн...Архи ууж ийм хэрэг хийсэндээ гэмшиж байна. Би эхнэр Б.Н-тай сайн дурын үндсэн дээр эвлэрсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 х /
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 04-05 х/
Шүүгдэгч Ш.Э-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 31 х/
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .. дугаар багийн Засаг даргын Ш.Э-н ам бүл оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 30 х/
Шүүгдэгч Ш.Э-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 х/
Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2003 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 42-44/
Шүүгдэгч Ш.Э-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 45 х/
Хохирогч Б.Н-н нөхөртэйгөө эвлэрсэн тул гомдол саналгүй гэх Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 46 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 62 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 47 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 62 дугаартай санал /хх-ийн 49 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хАралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ш.Э нь 2021 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 5 дугаар баг Дэнжийн ...... тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргааны улмаас эхнэр Б.Н-н биед халдан зодож, эрүүл мэндэд нь толгойн зүүн хэсгийн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.Н, гэрч Ш.Э нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 210 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ш.Э нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Ш.Э нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж аяга, таваг, усны хуванцар сав зэргийг шийдэхэд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа эхнэр Б.Н-тай маргалдсаны улмаас аяга, таваг, усны хуванцар сав зэргийг шийдэж түүний толгойн хэсэгт нь толгойн зүүн хэсгийн хуйханд язарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ш.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Ш.Э-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Ш.Э-н үйлдлийн улмаас хохирогч Б.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.Н нь “ Манай нөхөр Э бид хоёрын дунд үл ойлголцол үүсэж тухайн үед маргаан болсон. Гэвч одоо бид эвлэрч хамт байгаа тул гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй ” гэж прокурорт хүсэлт гаргажээ.
Иймд шүүгдэгч Ш.Э-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Ш.Э-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Ш.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ш.Э-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Ш.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Э-т мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Шүүгдэгч Ш.Э-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э-т 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга /төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ш.Э-т оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ш.Э-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Ш.Э энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ш.Э энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР