| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 174/2021/0104/Э |
| Дугаар | 89 |
| Огноо | 2021-06-02 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Сумъяа |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2021 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 89
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,
Улсын яллагч М.Сумъяа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Лхагвасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Г-д холбогдох 2130000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол улсын иргэн, 19... оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан суманд төрсөн, ... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл .., эхнэр ... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Халзан сумын ... дугаар баг ЭХ гэх газарт оршин суух хаягтай, регистрийн дугаар: /............./, Г.Г.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын .. дугаар баг ЭХ гэх газарт гэртээ эхнэр Б.А-г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Шүүх шүүгдэгч Г.Г-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна. Эхнэртэйгээ эвлэрсэн хамт амьдарч байгаа гэв.
Хохирогч Б.А-н “...2021 оны 03 дугаар сарын 06-ны өдөр гэртээ байхад 17 цагийн орчимд урд айлын Э, Э нар ирж 2 шил Ерөөл архи хувааж уусан. Ирсэн хүмүүстэйгээ юм яриад сууж байхад манай нөхөр Г согтсон шинжтэй сууж байснаа миний зүүн нүд рүү баруун гараараа 1 удаа цохиж хамраас цус гарсан. Хамт ууж байсан 2 хүн намайг 3 настай охин Хонгорзулын хамт гэр рүүгээ авч явсан. Нөхөр гэртээ үлдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/ ,
Гэрч Т.Э-н “...Тэгээд бид 5 хоол идээд авчирсан архиа хувааж уугаад сууж байхад орой 21 цагийн орчимд А өөрийн нагац эгч Ч-тэй маргалдаад байсан. Тэгэхээр нь би миний дүү нар боль гэтэл Г нь өөрийн эхнэр А-н нүүрэн тус газарт 1 удаа атгасан гараараа цохиж байгаа харагдсан. Бид салгаад согтуу хүмүүс хэрэлдээд янз бүр болно гээд Г-г гэрт нь унтуулаад А-г охиных нь хамт аваад харьсан ... гэх мэдүүлэг /хх-ийн13-14 х
Гэрч М.Э-н “...Саахалт айл болох Г-нд эмэгтэйчүүдийн баяр тэмдэглэх гээд саахалт айл болох Г-нд очсон. Гэрт нь ороход Г, түүний эхнэр А, нагац эгч Ч нар нь байсан. Бид 5 хоол идээд архи ууцгаасан. Архи бараг дуусах үед А өөрийн нагац эгч Ч-тэй маргалдаад байх шиг байсан. Тэгээд би бөөлжих гээд гараад буцаад ороод ирэхэд А нүдээ барьчихсан байсан юм. А-г Г цохисон байсан...гэх /хх-ийн 15-16 х/
Шүүх эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаартай “..Б.А-г биед зүүн нүдний эргэн тойронд цус хуралт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогджээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 22 х/,
Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 2-3 х/
Шүүгдэгч Г.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 40 х/
Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар багийн засаг даргын Г.Г-н ам бүл оршин суугаа хаягийн талаарх тодорхойлолт /хх-ийн 37 х/
Шүүгдэгч Г.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38 х/
Хохирогч Б.А-н гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэх хүсэлт /хх-ийн 48 х/
Шүүгдэгч Г.Г-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 49 х/
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 49 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 51-52 х/
“ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 49 дугаартай санал /хх-ийн 53 х / зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Г нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Халзан сумын 2 дугаар баг ЭХ гэх газарт гэртээ эхнэр Б.А-г зодож эрүүл мэндэд нь зүүн нүдний эргэн тойронд цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч Б.А, гэрч Т.Э, М.Э нарын мэдүүлэг, Шүүх эмнэлгийн 2021 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 163 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг гараараа цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ эхнэр Б.А-н нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Г.Г-н үйлдлийн улмаас хохирогч Б.А-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч Б.А нь “миний бие гомдол санал байхгүй нэхэмжлэх зүйлгүй ” гэх хүсэлт прокурорт гаргажээ.
Иймд шүүгдэгч Г.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Шүүгдэгч Г.Г-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Г.Г-д танилцуулсан нь хуульд нийцсэн байна.
Иймд шүүх шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэж, түүний эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.
Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь хэсэгт “ гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ...бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэсэн зохицуулалтад хамаарах юм.
Шүүгдэгч Г.Г нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.
Шүүгдэгч Г.Г-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Г-д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд нэг сард 100.000 төгрөгөөр тус тус хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүхийн шатанд шүүгдэгч Г.Г-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Г.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Г.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Б.А гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР