Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгч Ө.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ө.Г-т холбогдох 2130000930104 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

          

 Монгол Улсын иргэн, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Сүхбаатар аймгийн  Баруун-Урт суманд төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ам бүл ..., Сүхбаатар аймаг, Баруун-Урт   сумын ... дүгээр багт  оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд  1990 онд Эрүүгийн хуулийн 112 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 1991 онд Өршөөл үзүүлэх тухай хуулиар хорих ялаас суллагдсан ял шийтгэлтэй, регистрийн дугаар: ................, Ө.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ө.Г нь 2021  оны 03 дугаар сарын 23-ны  өдөр 10 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 4 дүгээр баг, Тэмүүллийн .........  тоотод   О.М-г  зодож эрүүл мэндэд нь “духны зүүн хэсэгт урагдсан шарх гэмтэл” бүхий  хөнгөн хохирол  санаатай учруулсан  гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сүхбаатар аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Ө.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг танилцуулж, яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

 

Шүүх шүүгдэгч Ө.Г-т холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ө.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.

 

 Хохирогч  О.М-н: ....“2021 оны 01 дүгээр сард Г гэх хүн манай эхнэр Н-с  1 хайрцаг буюу 12 ширхэг ерөөл архи өр тавьж худалдаж авсан. 02 дугаар сарын 03, 04-ний үед би би Г-с нэг тулам 120,000 төгрөгөнд бодож авсан. Гэтэл  03 дугаар сарын 23-ны өдөр Ө.Г нь над  руу 08 цагт залгаад туламныхаа мөнгийг өг гэж хэлсэн. Тэгэхээр нь би “Та манайд өртэй шүү дээ бараг ингээд цайрчих юм биш үү, харин ч надад 50,000 төгрөгийн  зөрүү өгөх юм байна гээд  утасны цаанаас ойлголцохгүй юм байна гээд би эхнэр Н-н хамт Г-н гэрийнх нь үүдэнд очоод уулзахад би анх тал мөнгийг нь өгсөн, дансны хуулга харъя , би санахгүй байна гэх зэрэг юм яриад зогсож  байсан чинь цаанаас нь Г-н хүүхэд гэх нэг залуу гарч ирээд “чи дээр тулам авахдаа утасны цаанаас том том дуугараад байсан хүн мөн үү” гэхээр нь би бишээ чи манай найзуудтай л ярьсан байх гэсэн чинь Г нь миний баруун шанаа  руу зүүн гараараа цохисон. Г нь хогон дээрээс хугарсан сээрний толгойны яс авч ирээд миний духны зүүн хэсэг рүү цохисон. Би газар унасан чинь дахиад миний дээрээс цохиод байхаар нь би зугтаж эмнэлэгт үзүүлээд духанд 1 оёдол тавьсан,  гомдол, саналгүй “ гэх мэдүүлэг  /хх-ийн  06-07 х/,              

Гэрч Ж.Н-н: ....“2021 оны 03 дугаар сарын 23-ны өдөр би гэртээ нөхөр хүүхдүүдийн хамт байж байтал М  руу Г гэх хүн яриад тулмын мөнгөө авъя гэж ярьж байсан. Тэгэхээр нь би наад хүн чинь ч гэсэн манайд өглөгтэй шүү дээ гэж хэлсэн чинь хүрээд ир гэж Г хэлсэн. Тэгээд гэрийнх нь гадаа очиж уулзаад та надаас архи авсан 180,000 төгрөгийн өглөгтэй гэсэн чинь би өгсөн гэж Г нь хэлсэн. Г нь цонхоор нь зүүн гараараа баруун хацар руу нь цохисон. Г нь хогон дээрээс хугарсан сээрний толгойны яс авч ирээд духны зүүн хэсэг  рүү нь   цохисон”  гэх мэдүүлэг / хх-ийн 10-11 х/,

 

Гэрч Г.О-н  “ ...гэрийн урд талын цонхоор хартал аавыг танихгүй эрэгтэй хүн цамцнаас нь заамдсан байхыг хараад гэрээс гараад очсон. М нь миний хүүр рүү цохихоор нь зөрүүлээд би цохисон. Аав хажуугаас М-н толгой руу малын ясаар цохиж толгойг нь хагалсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 х/,

 

Яллагдагч Ө.Г-н “Бид хоёр хэрэлдэж маргалдаад бие биеэ заамдсан. Мийн нүүр рүү гараараа цохиход М зөрүүлээд намайг цохисон. Хүү О-н хамраас цус гарсан байхаар нь уур хүрээд малын яс аваад М-н толгой руу нэг удаа цохисон. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43 х/,

        

  Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  225 дугаартай:   “1.О.М-н биед духны зүүн хэсэгт урагдсан шарх гэмтэл тогтоогдлоо. 2.Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой 3.Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд, энгийн хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй”  гэх дүгнэлт /хх-ийн 20 х/ 

 

Шүүгдэгч Ө.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47 х/

 

Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр багийн Засаг даргын Ө.Г-н  ам бүл оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 46 х/

 

Шүүгдэгч Ө.Г-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48 х/

Шүүгдэгч Ө.Г-н хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 55 х/

 

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021  оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 63 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 56 х/

 

 “ Ялын төрөл хэмжээний талаарх “ Прокурорын 63 дугаартай санал /хх-ийн 57 х / зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны,  Эрүүгийн  хэрэг  хянан  шийдвэрлэх  тухай  хуульд  заасны  дагуу  цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ө.Г нь 2021  оны 03 дугаар сарын 23-ны  өдөр 10 цагийн орчимд  Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын .... дүгээр баг, Тэмүүллийн .....  тоотод   О.М-г  зодож эрүүл мэндэд нь “духны зүүн хэсэгт урагдсан шарх гэмтэл” бүхий  хөнгөн хохирол  санаатай учруулсан болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болох хохирогч О.М, гэрч Ж.Н, Г.О нарын мэдүүлэг,  Шүүх эмнэлгийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 225 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Ө.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

            Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж гараараа болон малын ясаар цохиход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа О.М-той маргалдсаны улмаас гараараа баруун шанаа руу нь, малын сээрний ясаар түүний толгойн хэсэгт нь цохиж  духны зүүн хэсэгт урагдсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд шүүгдэгч Ө.Г-г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн  гэм  буруутайд  тооцож,  түүнд  Эрүүгийн  хуульд  заасан  эрүүгийн  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Ө.Г-н үйлдлийн улмаас хохирогч О.М-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд  хохирол төлбөр нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байна.

Иймд шүүгдэгч Ө.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх бөгөөд Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.

Шүүгдэгч Ө.Г-т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ө.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч О.М нэхэмжлэх зүйлгүй гэсэн нь хуульд заасан шаардлагыг хангасан байгаагаас гадна шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасан, прокуророос яллагдагчид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх саналыг яллагдагч Ө.Г-т танилцуулсан нь хуульд нийцсэн байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Ө.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480 000 төгрөгийн торгох ял шийтгэл оногдуулж, шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг харгалзан 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч  Ө.Г-т мэдэгдэж, тэрээр энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй.

 

Шүүгдэгч Ө.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ө.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г-т 480 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480.000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ө.Г-т оногдуулсан торгох ялыг 90  хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ө.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Ө.Г-т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Ө.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Ө.Г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч О.М нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР