Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 06 сарын 07 өдөр

Дугаар 442

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

        Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч  П.Болор  би,

     Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт байрлах, РД:2578697, Хас банкны Увс салбарын нэхэмжлэлтэй,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 007 тоотод оршин суух, 1960 онд төрсөн, эмэгтэй, РД:ОЮ60030806, Тайжууд овогт Ширнэнгийн Оюун,

      Хариуцагч: Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 007 тоотод оршин суух, 1983 онд төрсөн, эрэгтэй, РД:ОЮ83090218, Омбоо овогт Алтайн Мөнх-Итгэл нарт холбогдох,

      Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 57.367.167,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдөр иргэний хэрэг үүсгэн ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ НЬ:

      Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Зээлдэгч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нар нь 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Хас банктай 1660005790 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 65.000.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэй, ачааны авто машин худалдан авах зориулалтаар 36 сарын хугацаатай буюу 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр авсан. Мөн 2016 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1660005790 тоот зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулж 1660007643 тоот зээлийн гэрээг байгуулан 63.040.000 төгрөгийн зээлийг 365 хоногт 21.6 хувийн хүүтэйгээр 36 сарын хугацаатай буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр гэрээ дуусгавар болох нөхцөлтэйгээр зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан. Зээлийн барьцаанд дараахь хөрөнгийг барьцаалсан. Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгон Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар баг, 10-05 тоотод байрлах, 1002 м.кв талбайтай өмчлөх эрхтэй газар, 20 тонны зоорийн хамт, ГД:000181033, ГД:000050786, УБД:1520001941, УБД:1520000501, Дархан-Уул аймаг, Дархан сумын 14 дүгээр баг, 1 дүгээр хороолол, 1б байрны 40 тоотод байрлалтай, 2 өрөө орон сууц, ГД:000166934, УБД:2003003047, Газар тариалангийн зориулалттай, 800 м.кв талбайтай, эзэмших эрхтэй газар, ГД:012913, Исузу форвард маркын, 2003 онд үйлдвэрлэгдэж 2013 онд Монголд орж ирсэн, арлын FTR34S47000147, 8 тонны даацтай бүхээгтэй ачааны автомашин тус тус барьцаалсан. Зээлдэгч нар нь эргэн төлөлтийн хуваариа 2017 оны 2 дугаар сараас эхлэн хугацаа хожимдуулан төлж эхэлсэн бөгөөд 2017 оны 3 дугаар сараас хойш төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч болон түүний гэр бүлийн гишүүнтэй зээл төлүүлэх талаар удаа дараа шаардан уулзсан боловч зээлдэгч “Тээврийн орлого зогссон, автомашин зарах гээд зарагдахгүй байна” гэсэн шалтгаанууд хэлж зээл төлөхөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл ямар нэгэн зээл төлөх санаачлага гаргахгүй байна. Зээлдэгч зээлийн төлбөрөө хугацаанд нь төлөхгүй байгаа нь энэхүү гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчсөн байх тул Банкны зүгээс гэрээний 5 дугаар зүйлийн 5.1, Иргэний хуулийн 451.1, 221.3, 225.2-д заасны дагуу зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээг нэг талын санаачлагаар цуцалж, дараахь нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна. 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлдэгч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нарын төлбөл зохих 1660007643 тоот жижиг бизнесийн үндсэн үлдэгдэл нь 54.034.189,05 төгрөг, зээлийн хүү 3.266.179,43 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 45.299,02 төгрөг, нийт 57.345.667,50 төгрөг, нотариатын төлбөр 21.500 төгрөг, нийт төлбөр 57.367.167,50 төгрөгийг зээлдэгч нараас гаргуулж өгнө үү” гэжээ.

    Хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хас банкны нэхэмжлэлийг уншиж танилцлаа. Хас банкнаас зээл авсан нь үнэн. Одоо нэхэмжилж байгаа 57.367.167,50 төгрөгийг 2018 оныг дуустал төлж дуусгах болно. Сард 1 сая төгрөгөөр төлнө” гэжээ.

     Нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын захирал Ю.Нэргүй шүүхэд гаргасан тайлбартаа: “Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нарын шүүхэд гаргасан тайлбартай танилцлаа. Нэхэмжилсэн мөнгийг төлөхөөр хүлээн зөвшөөрсөн байна. Банкны зүгээс сар бүр 1.000.000 төгрөг төлүүлэх, төлөлтөө нэг сар зөрчвөл бүх төлбөрөө нэг дор албадан гаргуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

        Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нараас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 57.367.167,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

        Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нар нь нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 57.367.167,50 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн болох нь хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нарын шүүхэд гаргасан тайлбараар нотлогдож байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна.

     Хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нар нь Хас банкны Увс салбарын нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 57.367.167,50 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн ба үүргээ биелүүлэхгүй тохиолдолд уг шүүгчийн захирамжийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-т зааснаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдах нь зүйтэй. 

    Нэхэмжлэгч Хас банкны Увс салбар нь Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 444.785 төгрөг төлсөн ба тал хувь болох 222.393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 15000941 тоот данснаас 222.393 төгрөг, хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нараас 222.393 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгож шийдвэрлэлээ.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг тус тус  удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

    1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбарын зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг болон нотариатын зардалд нийт 57.367.167,50 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нар төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

      2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгч Хас банкны Увс салбараас тэмдэгтийн хураамжид төлсөн 444.785 төгрөгөөс 222.393 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Увс аймгийн Төрийн сангийн 150000941 тоот данснаас 222.393 төгрөг, хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нараас 222.393 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Хас банкны Увс салбарт олгосугай.

    3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар хариуцагч Ш.Оюун, А.Мөнх-Итгэл нар шүүгчийн захирамжийг сайн дураар эс биелүүлвэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар шүүгчийн захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй.

 

 

ШҮҮГЧ                                 П.БОЛОР