Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 82

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч С.Сугар /цахимаар/,

Шүүгдэгч О.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Г-д холбогдох 2130000000096 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19.... оны ... дугаар сарын ...-ны өдөр төрсөн, .... настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэх, ам бүл ..., эхнэр .... хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын .... дугаар багийн .......... оршин суух, Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2000 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 104 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж байсан,  РД:................., О.Г

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч О.Г нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын .... дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах мал махны бойны газрын хашааны гадна У.Б-г зодож зүүн нүдний дээд зовхинд цус хуралт доод зовхинд урагдсан шарх, доод уруулын дотор салстын урагдсан шарх, доод эрүүний үүдэн хоёр шүдний сулрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч О.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Баяндэлгэр сумын мал нядалгааны газарт 150 хонь нядлахаар авчирсан.  Тэр өдөр Х,  Э,  Б, О.Г нар мал нядлаад орой болоод амжихгүй 40 хонь үлдсэн. Маргааш нь У.Б-г мал нядлаад өг гэж утсаар дуудсан. Бид У.Б-г ирэхээс өмнө 2 шил архи уусан.  Дараа нь хонио нядалж байхдаа нэг шил архи уугаад хонь нядлах үнэ хөлсөө ярьсан. Би  нэг хонийг нядлахад 5,000 төгрөг гэж хэлсэн. Бой 1,000 төгрөг авдаг та нарт 4,000 төгрөгөө зохицоод ав гэхэд У.Б үнэ хөлсөө дахин дахин асуугаад байсан. Бид үүнээс болж маргалдсан...гэв.

 

  • Хохирогч У.Б-н: 2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг 30 минутын орчимд сумын мал махны бойны газарт ирэхэд Г 40 гаруй тооны хонины амийг тастаад унагачихсан байсан. Намайг дотор ороход Г, Э, Э нар мал бойлж байсан. Мөн архины хоёр шил харагдаж байсан. Тухайн хүмүүс уусан гэмээр халамцуу байдалтай байсан. Тэгээд намайг хонь бойлж байхад Г 0.75 граммын “С” архи задалж тойруулсныг бид хувааж уусан. Би хонь бойлж байхдаа Г-с “бойны чинь үнэ  хэдээр хийж байгаа юм, унагасан хонио хүн тус бүрдээ хувааж бодох юм уу” гэхэд Г “хийж байгаа дөрвөн хүндээ 1 хонийг 4,000 төгрөгөөр үнэлж дөрөвт хувааж бодно” гэсэн. Намайг үнэ хөлс бодож тооцлоо гэсэн юм уу, яасан юм бүү мэд над руу уурлаж агсраад “чи муу яахаараа үнэ хөлс бодоод байдаг юм” гэх зэргээр том дуугарч агсарч уурлаад байсан. Тэгэхээр нь би уурлаад “явлаа, миний хэрэг байхгүй байсан юм байна” гээд гараад хашааны гадаа явж байхад Г араас гарч ирээд “чи пизда яах гээд байгаа юм” гээд гараараа миний нүд рүү цохисон. Мөн газар унагаж дээрээс гараараа миний уруул руу цохисон...гэх /хх-ийн 5-6 дугаар хуудас/, 

 

  • Гэрч Ш.Э-н: Б мал бойлж байхдаа Гас үнэ хөлсний талаар дахин дахин асуугаад байсан. Би тэгэхээр нь “чи үнэ хөлсөн дээрээ тохирохгүй бол явахгүй юу даа” гэсэн. Тэгээд нэг харахад харагдахгүй байсан. Тэгэхээр нь явсан байна гэж бодсон...гэх /хх-ийн 14-15 дугаар хуудас/

 

  • Гэрч С.Э-ы: Би цохиж байхыг нь хараагүй. Бойны дотор мал бойлж байхдаа үнэ хөлс нь дээрээсээ болж маргалдаж байхыг нь харсан... гэх /хх-ийн 18-19 дүгээр хуудас

 

  • Шүүгдэгч О.Г-н яллагдагчаар өгсөн:2021 оны 03 дугаар сарын 14-ний өдөр сумын төвийн мал махны бойнд 150 бог мал бойлохоор оруулсан. Тэгээд тухайн өдөр 100 гаруйг нь бойлоод үлдсэнийг нь маргааш нь буюу 2021 оны 03 дугаар сарын 15-ны өглөөний 10 цагийн орчимд бойлж эхэлсэн. Тэгээд амжихгүй удахаар шинжтэй болохоор нь Б руу утсаар залгаж “хэдэн хонь унагасан байна, чи ирээд хамжаад өгөх үү” гэхэд “би жаахан ажил ихтэй байна” гээд утсаа тастсан. Би эргэж залгаад “хөгшөө чи хүрээд ирэх үү” гэхэд “за тэгье” гэсэн. Удалгүй Б мотоциклтой ирсэн. Тэгээд мал бойлж байх зуур 0.75 граммын “С” архи 2 шилийг авчирч, нэгийг нь хувааж уусан. Бой хийж байхад Б “бойгоо хэдээ яаж хийж байгаа билээ” гээд байн байн асуугаад байхаар нь 1 хонийг 4,000 төгрөгөөр бодож хийж байгаа гэхэд чимээгүй болсон. Нэлээн байж байгаад Б дахиад уурлаад үнэ хөлсний талаар яриад байхаар нь би уурласан. Тэгээд бид хоёр хэрэлдэж маргалдсан. Б гаръя гэхээр нь бид хоёр бойны хашаанаас гарсан. Хашаанаас гараад Б миний нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа цохисон. Хаана нь цохисноо сайн мэдэхгүй байна...” гэх /хх-ийн 36-37 дугаар хуудас/ мэдүүлгүүд

 

  • Сумын их эмч Д.А-н  үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 22 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 186 дугаартай “У.Б-н биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд урагдсан шарх, доод уруулын дотор салстын урагдсан шарх, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч О.Г-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 46 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч О.Г-н Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 39 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч О.Г-н мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн 2020 оны тооллого /хх-ийн 47-54 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Г нь 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах мал махны бойны газрын хашааны гадна У.Б-г зодож “зүүн нүдний дээд зовхинд цус хуралт доод зовхинд урагдсан шарх, доод уруулын дотор салстын урагдсан шарх, доод эрүүний үүдэн хоёр шүдний сулрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “...Б гаръя гэхээр нь бид хоёр бойны хашаанаас гарсан. Хашаанаас гараад Б миний нүүр рүү гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд гараараа цохисон. Хаана нь цохисноо сайн мэдэхгүй байна...” гэх,

хохирогч У.Б-н “...би уурлаад “явлаа, миний хэрэг байхгүй байсан юм байна” гээд гараад хашааны гадаа явж байхад Г араас гарч ирээд “чи пизда яах гээд байгаа юм” гээд гараараа миний нүд рүү цохисон. Мөн газар унагаж дээрээс гараараа миний уруул руу цохисон...” гэх,

гэрч Ш.Э-н “...Б мал бойлж байхдаа Гас үнэ хөлсний талаар дахин дахин асуугаад байсан. Би тэгэхээр нь “чи үнэ хөлсөн дээрээ тохирохгүй бол явахгүй юу даа” гэсэн... ” гэх,

гэрч С.Э- “...мал бойлж байхдаа үнэ хөлс нь дээрээсээ болж маргалдаж байхыг нь харсан...” гэх мэдүүлгүүд,

шинжээчийн 186 дугаартай “У.Б-н биед зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, доод зовхинд урагдсан шарх, доод уруулын дотор салстын урагдсан шарх, доод эрүүний үүдэн 2 шүдний сулрал бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэлд хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт,

сумын эмчийн үзлэгийн тэмдэглэл зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Хэргийн баримтаар тогтоогдож буй дээрх үйл явдлыг дүгнэхэд О.Г нь хохирогч У.Баар хонь бойлуулахдаа “үнэ хөлс” ярилаа гэх асуудлаас маргаан үүсгэн, улмаар түүнийг цохиж зодон эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан үйл баримт хөдөлбөргүй нотлогдсон хийгээд шүүгдэгч нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ.

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг цохисноор эрүүл мэндэд нь гэмтэл, хохирол учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа ялимгүй асуудлаас  шалтаглан хохирогчийн нүүрэнд цохиж зодож эрүүл мэндэд нь зориуд хохирол учруулжээ.

 

Шүүгдэгч О.Г-н, хохирогч У.Б-г зодож биед нь хөнгөн гэмтэл учруулсан дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв, шүүгдэгч О.Г-н зүгээс хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

О.Г-н үйлдлийн улмаас хохирогч У.Б-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч У.Б “надад ямар нэгэн гомдол байхгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэдгээ хэрэгт мэдүүлжээ. Иймд шүүгдэгч О.Г-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Х.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч О.Г-н үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчтой эвлэрсэн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

О.Г-н зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Шүүгдэгч О.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  О.Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Г-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч О.Г нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч О.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

5. Шүүгдэгч О.Г энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН