| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2016/03712/и |
| Дугаар | 881 |
| Огноо | 2017-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 881
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, шүүгч Д.Энхцэцэг, Д.Ренченхорол нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид хотхон 19 дүгээр байр 141 тоотод оршин суух, Боржигин овогт Алтанхүүгийн Уранцэцэг /РД:ТЖ74102001/
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 1 дугаар хороо Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Чоймболынхон овогт Батболдын Болормаа /РД:УШ99060142/
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 1 дугаар хороо Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Чоймболынхон овогт Батболдын Болоржин /РДУО04292700/
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 1 дугаар хороо Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Чоймболынхон овогт Батболдын Танхил /РД:УЖ10312222/
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг 1 дугаар хороо Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Чоймболынхон овогт Батболдын Цэцэн /РД:УЖ12230806/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг 25 дугаар хороо 13 дугаар хороолол 56/2 дугаар байрны 15 тоотод бүртгэлтэй боловч Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод түр оршин суух, Садо овогт Дашын Наранчимэг /РД:ТВ39012222/
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 14 дүгээр хороо Шинэ тосгон 1 дүгээр гудамж 3 тоотод бүртгэлтэй боловч одоо Хан-Уул дүүрэг 15 дугаар хороо Рапид хотхон 19 дүгээр байр 11 тоотод оршин суух, Ном аривжих овогт Чоймболын Отгонцэцэг /РД:ТВ74041626/ нарт холбогдох,
Орон сууцыг хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлж, хохиролд 23 413 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Уранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Нямсүрэн, Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг, иргэдийн төлөөлөгч Ё.Баатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Уранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 4-16 насны 4 охин нөхрийн хамт 2009 онд орон сууцанд захиалга өгөн төлбөрийг бүрэн хийснээр 2010 оны 2 дугаар сарын 24-ний өдөр 000095460 дугаарын орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ гэр бүлийн гишүүдийн нэр дээр гарч бид байрандаа 2010 оны 2 дугаар сараас эхлэн амьдрах болсон. Гэтэл 2015 оны 1 дүгээр сард нөхөр маань зуурдаар нас барсан. Энэ үед хариуцагч этгээдүүд намайг онц хүнд гэмт хэрэгт гүтгэн доромжилж, нялх бага насны охин үрсийн минь зүрхийг нэмж шархлуулан намайг гэр орноос минь хүчирхийлэн хүүхдүүдтэй минь хөөж гарган, орон гэрийг минь булаан авч, өөрсдөө хууль бусаар орж амьдарсан. Энэ хугацаанд би нялх хүүхдүүдтэйгээ сэтгэл санааны ноцтой хүнд байдалд эдгээр хүмүүсийн элдэв гутаан доромжлол басамжлал дор биеийн эрүүл мэнд муудаж бэрх зовлон зүдгүүрийг туулж өнгөрүүллээ. Эе эвийг бодож мөн настай хадам ээжийгээ бодож хүлээцтэй, тэсвэрлэсэн боловч ямар ч хүний сэтгэл гаргахгүй үр хүүхдүүдийн минь эрх ашгийг ноцтой хохироосоор сэтгэл нь өвдөхгүй байгаа тул нэхэмжлэл гаргасан. Бидний гэр бүлийн гишүүдийн өмч болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо стадион оргил Махатма ганди гудамж Хурд Рапид хороолол 19 дүгээр байр 11 тоот орон сууц болох гэр орныг минь тавилга хэрэгсэлийг минь Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж олгож өгнө үү. Эдгээр хариуцагч нарын хууль бусаар амьдарсан 2015 оны 1 дүгээр сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэл хугацааны орон сууцны ашиглалтын зардлыг төлөөгүй тул 2,509,232 төгрөг гаргуулах мөн манай гэр бүлийн гишүүдийн өмч болох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Хурд Рапид хороолол 19-11 тоот 5 өрөө орон сууцыг Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нар нь хууль бусаар булаан авч, миний бие өөрийн 4 хүүхдийн хамт 2015 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл түрээсийн байр хөлсөлж амьдарч байна. Бидний одоо түрээсээр амьдарч байгаа байрны түрээсийн хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 01-нд дуусч байгаа бөгөөд миний бие ганцаараа ажил хөдөлмөр эрхэлдэг учир цаашид түрээсийн мөнгийг үргэлжлүүлэн төлөх боломжгүй, насанд хүрээгүй 4 хүүхдийн хамт гудамжинд гарах болоод байна. Миний зүгээс байраа булаалгасан хууль бус үйлдлийг Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өргөдөл өгч, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 149 дүгээр зүйлийн 149.1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг авахаар далайлган сүрдүүлэх гэмт хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон боловч хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Мөн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын тогтоолд орон сууцыг надад буцаан олгохоор тусгасан боловч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нар нь одоог хүртэл орон сууцыг чөлөөлж өгөөгүй болно. Иймд бидний байрыг хууль бусаар булаан авч амьдарч байгаа хүмүүсийн үйлдлээс өөрт учирсан хохиролыг гаргуулах үүднээс 2015 оны 1 дүгээр сараас өнөөдрийг хүртэл иргэн Б.Энхбат, В.Одонтунгалаг, Х.Одонхүү нартай Орон сууц хөлслөх гэрээ байгуулж, төлсөн нийт 23 413 200 төгрөгийн түрээсийн төлбөрийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ч.Отгонцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Ч.Отгонцэцэг миний төрсөн ах Ч.Батболд нь 2015 оны 1 дүгээр сарын 3-нд Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороонд байрладаг өөрийн үүсгэн байгуулсан “Май каар” компани дээрээ эхнэр байсан А.Уранцэцэгийн талын ах дүү нартай хамт байж байх үедээ хоолойгоо 3 удаа хэрчүүлж, хэвлийдээ 2 удаа хутгалуулж онц сэжигтэй байдлаар амь насаа алдсан. Ах минь амьд сэрүүн байх үедээ Хурд хороолол 19-11 тоотод байдаг гэртээ төрсөн ээж Наранчимэг болон намайг хүүхдүүдтэй минь хамт өөртөө хань бараа болгон амьдруулсан болохоос биш ээж Наранчимэг болон би Уранцэцэгийг хөөж байрнаас гаргаагүй болно. А.Уранцэцэг нь одоо л гэр нь гэж явж байгаа болохоос амь үрэгдсэн нөхрөө ч оршуулаагүй. Хаана оршуулсаныг нь ч мэдэхгүй. Хүний хань нөхөр, айлын ачлалтай бэр нь юм бол 80 гарсан, элэгний хавдартай хадамж ээжийгээ ингэж зовоож гүтгэж доромжилж явах уу. Ээж Наранчимэг албан ёсны өвлөгчийн хувьд хуулиар тогтоосон өвөө авна, тэр цагт би ээжтэйгээ явна гэжээ.
Хариуцагч Д.Наранчимэг шүүхэд гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч Ч.Нямсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Наранчимэг миний төрсөн хүү Ч.Батболд нь 2015 оны 1 дүгээр сарын 3-нд Чингэлтэй дүүрэгт байрлах өөрийн үүсгэн байгуулсан “Май каар” ХХК дээрээ эв эрүүл саруул сайхан байж ажиллаж байгаад хоолойгоо 3 хэрчүүлж, хэвлийгээ 2 хутгалуулж онц сэжигтэй байдлаар эхнэрийнхээ талын олон гэрчийн дунд амь насаа алдсан. Эхнэр Уранцэцэг нь 2014 оны 11 дүгээр сард миний том охин өөрсөдтэй нь уулзаж орон гэрээсээ битгий яв гэж гуйсаар байтал өөрөө эгч Болормаатайгаа өөрийн гэсэн юмаа аваад сална гээд явсан. А.Уранцэцэгийг явсан өдөр миний хүү Батболд төрсөн эх нь болох намайг төрсөн дүү Отгонцэцэгийг гэртээ авч ирсэн. Би хүүтэйгээ хамт амьдарч байх үед энэ гэмт хэрэг болсон. Хүүг минь өнгөрсөнөөс хойш А.Уранцэцэг намайг байнга хүүхдүүдтэй минь доромжилж миний хүүгийн орон гэрээс хөөж, мөнгө төгрөг нэхэж, хүүгийн минь байгуулсан компанийг ах дүүсийнхээ хамт булаан авч үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Миний бэр гэгдээд байгаа энэ А.Уранцэцэг нас барсан хүүгийн минь оршуулганд ч ирээгүй булш бунханг нь ч мэдэхгүй, үлдсэн ач нартай минь уулзуулахгүй намайг нэг ч эргэж тойрч ирээгүй. Ямар сайхан буянтай хүүг минь олуулаа нийлчихээд бузар болгон харагдуулчихаад хэнээс үүссэн өмч хөрөнгийг хэн яаж хэрхэн дээрэмдэж байгааг би харж тэвчихгүй. Энд бичигдсэн бүх зүйлд А.Уранцэцэгт гомдолтой байна. Бидний нэхэмжлэл гаргасан 1 тэрбум төгрөгийг өгчих, тэгвэл би энэ байрнаас гарна. Энэ маргалдаад нэхээд байгаа хөрөнгө чинь Батболдын төрсөн эцэг Чоймбол бид хоёрын тасалж өгсөн хөрөнгө. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Уранцэцэг нар нь хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарт холбогдуулан Орон сууцыг хууль бус эзэмшигчээс албадан чөлөөлүүлж, хохиролд 23 413 200 төгрөг гаргуулах шаардлага гаргасныг хариуцагч нар бүхэлд нь эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин нар нь Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж 19 дүгээр байрны 11 тоот 147,5 м.кв талбай бүхий таван өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгч мөн болох нь хавтаст хэргийн 128 дугаар талд нотлох баримтаар авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206012894 дугаарт бүртгэлтэй, 000095460 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээр тогтоогдож байна.
Маргаан бүхий орон сууцны үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээнд Б.Танхил, Б.Цэцэн нарын нэр бүртгэлгүй боловч Б.Танхил 2010 оны 11 дүгээр сарын 22-нд Ч.Батболд А.Уранцэцэг нарын дундаас төрсөн 6 настай, Б.Цэцэн 2012 оны 3 дугаар сарын 08-нд Б.Батболд А.Уранцэцэг нарын дундаас төрсөн 4 настай болох нь хэрэгт авагдсан төрсний гэрчилгээ болон тайлбараар нотлогдож байна./хх-21, 22/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2-т “Насанд хүрээгүй .... иргэн өөрийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлоо шүүхэд хамгаалах эрхтэй.”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дах хэсэгт “Шүүх энэ хуулийн 24.2-т заасан иргэнд хамаарагдах хэрэгт түүний эцэг, эх, харгалзан дэмжигчийг татан оролцуулах үүрэгтэй.” гэж заасны дагуу дээрхи өмчлөлийн байрыг хариуцагч нар эзэмшиж, ашиглаж байгаа нь насанд хүрээгүй Б.Танхил, Б.Цэцэн нарын хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөж байна гэж түүний эх А.Уранцэцэг нь шүүхэд нэхэмжлэл гаргасан нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч нар нь 2015 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн өөрийн орон сууцандаа орж амьдрах боломжгүйгээс Б.Энхбаттай 2015.01.17-2015.11.04 хүртэл, В.Одонтунгалагтай 2015.11.04-2016.10.27 хүртэл, Х.Отгонхүүтэй 2016.10.27-2017.04.01 хүртэл тус тус “Орон сууц хөлслөх гэрээ” байгуулж, орон сууц хөлсөлсний нийт төлбөрт 23 413 200 төгрөг төлсөн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. /хх-67-76, 130-138/
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2 дах хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.Наранчимэг, Ч.Отгонцэцэг нарыг Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Стадион Оргил, Махатма Гандигийн гудамж 19 дүгээр байрны 11 тоот 147,5 м.кв талбай бүхий /үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206012894 дугаарт бүртгэлтэй, 000095460 дугаар гэрчилгээтэй/ таван өрөө орон сууцнаас албадан гаргасугай.
2. Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт заасныг баримтлан гэм хорын хохиролд Д.Наранчимэгээс 11 706 600 төгрөг, Ч.Отгонцэцэгээс 11 706 600 төгрөгийг тус тус гаргуулж А.Уранцэцэг, Б.Болормаа, Б.Болоржин, Б.Танхил, Б.Цэцэн нарт олгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 386 016 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Наранчимэгээс 172 608 төгрөг, хариуцагч Ч.Отгонцэцэгээс 172 608 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч нарт олгосугай.
4 . Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ
ШҮҮГЧ Д.ЭНХЦЭЦЭГ
Д.РЕНЧЕНХОРОЛ