Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 87

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Насанбуян даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч С.Сугар

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг

Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-д холбогдох 2130000450100 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19....  оны ....  дүгээр сарын ....-ны өдөр Дорноговь  аймгийн ............. суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн бус дунд  боловсролтой, мэргэжилгүй, ам бүл ....., Сүхбаатар аймгийн Баяндэлгэр  сумын  ....... дугаар багт   оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, РД:.............., Ц.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын эхэн үе хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын .... дугаар багийн ............... тоотод байх гэрээсээ “BBG” гэх facebook хаягаас live хийж “ТП” нэртэй тоглоомыг мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр, бусад эд зүйл ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Ц.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв...гэв

  • Яллагдагч Ц.Б-ий: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар баг, ..................тоотод хадмынхаа хажуу гэрт байх хугацаандаа 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд өөрийн “BBG” гэх “Facebook”  цахим хаягаас “ТП” тоглоом тоглуулсан. Дэвтрийн цаас нийлүүлж байгаад хооронд нь скочоор скочдож цаасан дээрээ 1-6 гэсэн тоо бичээд дунд нь эргэдэг таван модны тэмдэглэгээ, данс зэргийг зурж будан “техас “ гэж бичиж тоглоомын ширээг бэлдэж тоглоомын үйл явцыг “Sumsung S6”  маркийн гар утсаар шууд live хийж тоглуулсан. Мөн гар утас тогтоогч гар ашигласан...” гэх /хх-ийн 124-125 дугаар хуудас/

 

  • Гэрч Л.Э-н: 2020 оны 12 дугаар сарын дундуур шиг санаж байна хэдний өдөр гэдгийн мэдэхгүй байна. “Facebook live”-иар ямар бичлэг явж байгааг харахад нэг хаягаар “ТП” тоглож байсан. Ямар хаяг байсныг нь одоо санахгүй байна. Тэгээд уг тоглоомыг тоглуулж байгаа хүн руу live-ийх нь доор сэтгэгдэл бичиж холбогдоод дансанд нь 10,000 төгрөг хийж тоглосон.  ................. дугаартай дансны эзэмшигчийг танихгүй,  уг дансаар мөрийтэй тоглоом цахим хэрэгслээр тоглохдоо 10,000 төгрөг хийсэн байх өөрөөр бол мөнгө хийгээгүй...гэх /хх-ийн 80-81 дүгээр хуудас/

 

- Гэрч А.С-н: ................ гэсэн данс миний байнга ашигладаг данс мөн. Энэ дансыг би өөрөө ашигладаг, өөр хүн ашигладаггүй. Манай нөхөр Б.М цахим тоглоом тоглох гээд миний энэ данснаас нийт 30,000 төгрөг шилжүүлсэн байсан... гэх /хх-ийн 82-83 дугаар хуудас/

 

  • Гэрч Б.М-н: “BBG” гэх “Facebook live”-иар 2020 оны 12 дугаар сарын 21, 22-ны үед “ТП” тоглоом тоглуулж байгааг үзсэн. Тэгээд би сонирхож азаа үзэх гээд ................... гэсэн дугаарын данс руу нийт 30,000 төгрөг шилжүүлж дөрвөн удаа тоглосон...гэх /85 дугаар хуудас/

 

  • Гэрч Л.Ц-н: Би 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар аймаг Баяндэлгэр сумын 6 дугаар багийн нутаг ................... тоотод гэртээ байсан. Манай хуучин хашааны хаяг .................. гэж явдаг байсан. Одоо ................... тоот гэж явдаг. Манай хашаанд дүүгийн хүүхдүүд байдаг. Манай хүргэн Б орж гараад явдаг байсан. Тухайн үед хүргэн ганцаараа гэрт байсан...гэх /хх-ийн 88-89 дүгээр хуудас/

 

  • Гэрч А.У-н: Би Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын .... дугаар багийн нутаг ................ тоотод оршин суудаг. Ц.Б бол манай хүргэн ах юм. 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад манай хүргэн ах Б гэрийн хойд талын мөлхөө тавилга дээр “Техас” гэсэн бичигтэй хөзөр тараасан, утсаа бариад юм яриад тоглоом тоглуулж байгаа харагдсан...гэх /хх-ийн 92-93 дугаар хуудас/

 

  • Гэрч Ч.У-н:“BBG” гэх “Facebook live”-иар 2021 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна “ТП” тоглоом тоглуулж байхаар нь үзэж байгаад 2-3 удаа тоглосон. Нэг удаа тоглохдоо 5,000 төгрөгөөр орж, нийт 3 удаа 15,000 төгрөгөөр тоглосон. Би ХААН банкны ............... данс,  Төрийн банкинд ................... данс эзэмшдэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 95 дугаар хуудас/,

 

  • Гэрч Ж.Б-н: Би “BBG” гэх “Facebook live”-иар 2021 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна “ТП” тоглоом тоглуулж манай найз Ч.У шэйрлэхээр нь 2 удаа орж тоглосон. Би 1 удаа орж тоглохдоо 5,000 төгрөгөөр орж, нийт 2 удаа 10,000 төгрөгөөр тоглосон. Би ХААН  банкны ............... данс эзэмшдэг. Өөр банканд данс эзэмшдэггүй...гэх /хх-ийн 96 дугаар хуудас/,

 

  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-10-12 хуудас/

 

  • Эд зүйл хураан авсан тэмдэглэл,/хх- 13 /

 

  • Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх- 13- 26 /,

 

  • Ц.Б-ий ХААН банкны ............... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 29-48 дугаар хуудас/

 

  • А.С-н ХААН банкны ............... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 49-50 дугаар хуудас/

 

  • Ч.У-н ХААН банкны .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 51 дүгээр хуудас/

 

  • Л.Ц-н ХААН банкны .............. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 52-53 дугаар хуудас/

 

  • Ж.Б-н ХААН банкны ................. дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 54-56 дугаар хуудас/

 

  • Т.М-н ХААН банкны .................... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 57-61 дүгээр хуудас/

 

  • Б.А-н ХААН банкны ................... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 62  дугаар хуудас/

 

  • Л.Э-н ХААН банкны ................ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 63 дугаар хуудас/

 

  • Т.О-н ХААН банкны ................ дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 64 дүгээр хуудас/

 

  • Т.А-н ХААН банкны ............... дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 65-66 дугаар хуудас/

 

  • Ц.Б-ий ХААН банкны ............... дугаартай дансныг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 69хуудас/

 

  • Facebook.com сайтад үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 70-72 дугаар хуудас/

 

  • “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай “Samsung S6 маркийн гар утас 170.000 төгрөг, гар утас  тогтоогч 12.000 төгрөг, нийт 182.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 103-112 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Ц.Б-ий иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 131 дүгээр хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 5 дугаар багийн Засаг даргын 2021 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 378 дугаар тодорхойлолт /хх-ийн 130 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Ц.Б-ий Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 128 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Ц.Б-ий хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр Прокурорын газарт гаргасан хүсэлт /хх-ийн 136 дугаар хуудас/

 

  • Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2021 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 60 дугаартай прокурорын тогтоол, Прокурорын санал /хх-ийн 137-139 дүгээр хуудас/ зэрэг болно.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Б нь 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын эхэн үе хүртэл Сүхбаатар аймгийн Баяндэлгэр сумын 6 дугаар багийн Өгөөмөрийн 525 тоот дахь гэрээсээ “Sumsung S6”  маркийн гар утсаар өөрийн “BBG” гэх фейсбүүк хаягаас ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “ТП” мөрийтэй тоглоом зохион байгуулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “ 2020 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс 12 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд өөрийн “BBG” гэх фейсбүүк цахим хаягаас “ТП” тоглоом тоглуулсан. Дэвтрийн цаас нийлүүлж байгаад хооронд нь скочоор скочдож цаасан дээрээ 1-6 гэсэн тоо бичээд дунд нь эргэдэг таван модны тэмдэглэгээ, данс зэргийг зурж будан “техас “ гэж бичиж тоглоомын ширээг бэлдэж тоглоомын үйл явцыг “Sumsung S6”  маркийн гар утсаар шууд live хийж тоглуулсан...” гэх,

гэрч Л.Э-н  “... уг тоглоомыг тоглуулж байгаа хүн руу live-ийх нь доор сэтгэгдэл бичиж холбогдоод дансанд нь 10,000 төгрөг хийж тоглосон... гэх 

гэрч А.С-н  “... Манай нөхөр Б.М цахим тоглоом тоглох гээд миний энэ данснаас нийт 30,000 төгрөг шилжүүлсэн байсан...” гэх

гэрч Б.Мын  “... “BBG” гэх “Facebook live”-иар 2020 оны 12 дугаар сарын 21, 22-ны үед “ТП” тоглоом тоглуулж байгааг үзсэн. Тэгээд би сонирхож азаа үзэх гээд ............... гэсэн дугаарын данс руу нийт 30,000 төгрөг шилжүүлж дөрвөн удаа тоглосон...” гэх

гэрч Ч.У-н “...“BBG” гэх “Facebook live”-иар 2021 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна “ТП” тоглоом тоглуулж байхаар нь үзэж байгаад 2-3 удаа тоглосон. Нэг удаа тоглохдоо 5,000 төгрөгөөр орж, нийт 3 удаа 15,000 төгрөгөөр тоглосон...” гэх

гэрч Ж.Б-н “...“ Би “BBG” гэх “Facebook live”-иар 2021 оны 01 дүгээр сарын эхээр яг хэдний өдөр гэдгийг мэдэхгүй байна “ТП” тоглоом тоглуулж манай найз Ч.У шэйрлэхээр нь 2 удаа орж тоглосон. Би 1 удаа орж тоглохдоо 5,000 төгрөгөөр орж, нийт 2 удаа 10,000 төгрөгөөр тоглосон...” гэх мэдүүлгүүд,

гэрч А.У-н  “... 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр намайг гэртээ байхад манай хүргэн ах Б гэрийн хойд талын мөлхөө тавилга дээр “Техас” гэсэн бичигтэй хөзөр тараасан, утсаа бариад юм яриад тоглоом тоглуулж байгаа харагдсан” гэх

ХААН банкны дансны хуулгууд, Facebook.com сайтад үзлэг хийсэн тэмдэглэл, “Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Б-ий мэдээллийн технологи буюу интернэт орчин дахь Фэйсбүүк олон нийтийн сүлжээний шууд дамжуулах хэрэгслээр ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог “ТП” тоглоомыг бусад этгээдүүд мөрий бооцоо тавин тоглох боломжийг бий болгосон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “мөрийтэй тоглоом зохин байгуулах ” гэмт хэргийн “... мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор хөзөр ашиглан үр дүнг нь урьдчилан төсөөлөх боломжгүй, аз туршиж тоглодог мөрийтэй тоглоом зохион байгуулсан...” шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэм хор, хохирлын талаар:

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг “ гэмт хэргийн хохирол “ гэж,  2 дахь хэсэгт мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг “ гэмт хэргийн хор уршиг “ гэж тус тус хуульчилжээ.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг нь мөрийтэй тоглоом зохион байгуулсан үеэс төгсдөг, хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг бөгөөд ашиг орлого олсон эсэх, олсон ашгийн хэмжээ нь гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй юм.

Иймд хэлбэрийн бүрэлдэхүүнтэй гэмт хэрэгт бодит хохирол үл шаардах тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Ц.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч Ц.Б-ий үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар түүнд 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад “гэмт хэрэг үйлдсэн этгээдэд торгох ял оногдуулах, ... бол ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийх”-ийг шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгана” гэжээ.

Ц.Б-ий зүгээс торгох ялыг хэсэгчлэн төлөх талаар хүсэлт, нотлох баримт гаргаагүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “ Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж зааснаар төлүүлэхээр тогтоолоо.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна” гэж, 2 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого” гэж Монгол Улсад бол энэ хуулийн тусгай ангид заасан, гадаад улсад бол тухайн улсын хуулиар нэг жилээс дээш хугацаагаар хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эдийн, эдийн бус хөрөнгө, түүний үнэ, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ашиглахаар завдсан техник, хэрэгслийг ойлгоно ” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүгдэгч Ц.Б дээрх гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн өмчлөлийн “Samsung S6” маркийн гар утас, гар утас тогтоогчийг ашигласан, түүнчлэн гэмт хэрэг үйлдэж хууль бусаар 3,214,900 төгрөгийн ашиг орлого олсон нь  “ Линзийн өгөөж” ХХК-ийн Г/А/20/01/05 дугаартай шинжээчийн дүгнэлт болон гэрч Л.Э, гэрч А.С, Б.М, Ч.У, Ж.Б нарын мэдүүлгүүд, тэдгээрийн ХААН банкны дансны хуулганууд зэргээр хангалттай нотлогдсон тул дээрх “Samsung S6 ” маркийн гар утас, гар утас тогтоогч болон түүний хууль бусаар олсон  3,214,900 төгрөгийг тус тус хурааж улсын орлогод оруулах нь зүйтэй гэж гэж үзлээ.

 

“Линзийн өгөөж” ХХК-ийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн Г/А/20/01/05 дугаартай шинжээчийн дүгнэлт шүүгдэгч Ц.Б-ий Samsung S6 маркийн гар утасыг 170.000 төгрөг, гар утас тогтоогчыг 12.000 төгрөгөөр тус тус үнэлсэн ба шүүгдэгчийн зүгээс шинжээчийн дүгнэлтийн талаар маргаагүй байна.

 

Дээрх эд зүйлсийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай “Эд зүйлийг хэрэгт тусгах тухай “ прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлнэ.

 

Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй, түүнд шүүхийн шатанд түүнд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ц.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.17 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шүүгдэгч Ц.Б нь дээрх торгох ялыг энэ шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй.

 

4. Шүүхийн шатанд шүүгдэгч Ц.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол үргэлжлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-с гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 170,000 төгрөгийн үнэ бүхий “Samsung S6” маркийн гар утас, 12,000 төгрөгийн үнэлгээтэй гар утас тогтоогч, гэмт хэрэг үйлдэж хууль бусаар олсон ашиг орлого болох 3,214,900 төгрөгийг тус тус гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Шүүгдэгч Ц.Б-ий өмчлөлийн “Samsung S6 ” маркийн гар утас, гар утас тогтоогч зэргийг улсын орлогод оруулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдтал 2021 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 07 дугаартай “Эд зүйлийг хэрэгт тусгах тухай “ прокурорын тогтоолыг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Шүүгдэгч Ц.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан болон хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      С.НАСАНБУЯН