| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 101/2015/11359/и |
| Дугаар | 826 |
| Огноо | 2017-04-11 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 826
2017 оны 04 сарын 11 өдөр Дугаар 183/ШШ2017/00826 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Оюунбилэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 1 дүгээр хороо 13 дугаар хороолол 40 дүгээр байр 1 тоотод оршин суух, Лха овогт Лхасүрэнгийн Байгалмаа /РД:ХП68102968/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг 11 дүгээр хороо Жардейн 104 дүгээр байр 201 тоотод оршин суух, Хөхдан овогт Гэлэгбатын Болдбаатар /РД:УС73032513/-д холбогдох
2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 24 423 527 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хохиролд 68 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа, хариуцагч Г.Болдбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Отгончимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.Байгалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Золзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Л.Байгалмаа би Г.Болдбаатарын эзэмшилтэй 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр Чингэлтэй дүүрэг 1 дүгээр хороо 1 дүгээр дөчин мянгат 3 дугаар байр 14 тоот 80,5 м.кв талбай бүхий үл хөдлөх хөрөнгийг 2015 оны 8 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай түрээслэхээр гэрээ хийсэн юм. Гэрээ хийх үед 2 сарын түрээсийн урьдчилгаа 7,000,000 төгрөг, барьцаа 9,000,000 төгрөг нийт 16,000,000 төгрөг бэлнээр өгсөн. Гэрээнд үүнийг бичсэн тул бэлэн мөнгө хүлээлцсэн баримт үйлдээгүй болно. Түрээсийн гэрээг Болдбаатарын байнга үйлчлүүлдэг гэх Баянгол дүүргийн нотариат дээр очиж хийсэн. Гэтэл энэхүү гэрээн дээр барьцаа мөнгийг хэрхэн буцаах, түрээслэгч гэрээг цуцлах нөхцөлийг дурдаагүй түрээслэн авах хүний эрхийг хангасан зүйл заалтууд байхгүй хэт түрээслэгчийн эрхийг хангаж нэг талыг барьсан гэрээ байна. Үүнийг би тухайн үед нь уншаад Иргэний хуулийн зүйл заалтыг оруулсан байсан учир сайн мэдэхгүйн улмаас итгээд гэрээ хийсэн болно. Би анх гэрээ хийхдээ аль болох удаан байж зардлаа нөхөж авна гэж бодож 3 жилээр хийсэн нь үнэн. Анхнаасаа энэхүү гэрээг ийм богино хугацаанд цуцална гэж ч бодоогүй болно. Гэтэл цаашид энэхүү гэрээг үргэлжлүүлэх боломжгүй, цуцлахаас аргагүй нөхцөл байдал үүсээд байна. Анх утсаар түрээсийн тухай мэдээллийг урьд нь түрээсэлж байсан хүмүүсээс авсан. Тэгээд дээрх хүмүүсээс эзэн Болдбаатарын утсыг авч анх биечлэн уулзаж зорилгоо танилцуулсан. Уг байр нь урьд нь хоолны газрын зориулалттай байсан бөгөөд би гоо сайхны зориулалтаар түрээслэх зорилготойгоо хэлэхэд өөрөө зөвшөөрч эд хогшлыг суллаж өгөн би өөрийн хөрөнгөөр засан тохижуулсан болно. Засварын зардлыг яаж тооцох тухай асуухад та нар өөрсдөө үйл ажиллагаа явуулах тул өөрсдөө зас, харин хугацаа өгөх хэрэгтэй байна гэхэд 1 сарын л хугацаа өгнө гэсэн болно. Засварыг хийхдээ би аль болох их биш хөрөнгөөр өнгө, зүс засч хийнэ гэдгээ өөрт нь хэлж байсан. Уг байр нь хана, шал, гал тогооны хэсэг нь маш бохир заваан цахилгаан нь маш аюултай олон салаалсан байсныг нь өөрийн хөрөнгөөр хүн хөлсөлж засуулж тохижуулан ажил үйлчилгээ явуулахад тохируулсан болно. Гэтэл засвар хийх үед бидний ажлыг үгүйсгэх барилгынхантай маргах зэргээр эвгүй аашлаж байсан болно. Миний хувьд дотор заслаа үйлчилгээний шаардлагад нийцүүлэн хана шавардан тэгшилж, таазыг гипсээр тэгшлүүлж, орос, солонгос эмульс, үнэргүй будаг, обой ашиглан чанартай сайн хийлгүүлэн, цахилгааны замбараагүй утаснуудыг бүгдийг нь далдалж үүрэнд хийлгэн аюулгүй болгуулсан. Засварын зардалд материалын зардалд 2,000,000 төгрөг, засварын ажлын хөлсөнд 5,000,000 төгрөг гарсан. Нийт 7,000,000 төгрөг. Гадна засалд зөвхөн нүүр хэсгийг цагаан өнгийн эмульсээр дутуу будуулсан. Гадна засалтыг би хийх үүрэггүй гэж үзсэн. Болдбаатарын хувьд биднээр аль болох их засал хийлгэх сонирхолтой байсан боловч өөртөө ямар нэг үүрэг хүлээх хүсэлгүй байнга бүх хариуцлагыг надад үүрүүлэх зорилготой харьцаж байсан. Ер нь Болдбаатар нь аливаа нэг асуудал тавихад ярилцахгүй хэтэрхий өөрийнхөөрөө түрэмгийлж харьцдаг учраас дээрх асуудлууд урган гарсан. Засвар 7 дугаар сарын 27-ны өдөр түлхүүр авсаны дараа 7 дугаар сарын 30-наас 8 дугаар сарын 28-нд хийж дуусгасан болно. Ингээд засвар хийж орсноос хойш уг байр үйлчилгээ явуулахад маш тохиромжгүй байсан. Намар 8 дугаар сарын сүүл 9 дүгээр сарын дулаан өдрүүдэд маш халуун бөгчим байсан бөгөөд энэ өдрүүдэд аэр кондишиныг ажиллуулж байсан боловч хангалттай сэрүүцэхгүй байсан. Үүнийг тэвчин ажилчидаа гуйж ажиллуулж байсан. Үйлчлүүлэгч нараас байнга гомдол гаргаж байсан болно. Харин 10 сарын эхэн үеэс эхлэн орой 5 цагаас хойш цонхоор нар тусахгүй болонгуут цонхноосоо маш их сийгэн, хэтэрхий хүйтэн болж эхэлсэн. Манай ажилтан гомдлыг өөрт нь хэлсэн боловч ямар нэг хариу хэлээгүй. Паар нь муу халж цонхноос маш их сийгэж байгаа учраас үйлчлүүлэгч нар гомдол гарган үйлчилгээ муудсан болно. Мөн үйл ажиллагаатай холбоотой төлбөрүүд нь ойлгомжгүй, цахилгаан доод байгууллагуудтай хамт төлөгддөг байж болзошгүй, ус, дулаан нь бас тусдаа эсэх нь ойлгомжгүй, асуухаар тодорхой хариу хэлэхгүй бүрхэгдүүлээд эсвэл уцаарлаад орхидог г.м үл ойлголцлууд их гарч байсан. Хэдийгээр бид энэ хүний эд хөрөнгийг түрээсэлж авсан нь үнэн боловч ажиллах боломжгүй нөхцөлд заавал ажилла гэж ажилчдаа хүчилж болохгүй, эрхгүй байдал үүссэн болно. Манай 3 ажилтан тэр байранд ажилласан бөгөөд бүгд ханиад хүрэх зэргээр өвчилсөн. 11 дүгээр сарын түрээсийн төлбөрийг тушаах хугацаа 10 сарын 20-нд байсан боловч иймэрхүү байдал нь түрээслэгчид өөрт нь хүсэлт тавиад ч засагдахгүй нь ойлгомжтой байсан тул 11 сарын 2-ны өдөр түрээс цуцлах мэдэгдлээ утсаар хэлсэн. Үйлчилгээний эд зүйлсээ 11 сарын 8-нд нүүлгэсэн. Мөн хүсэлтээ бичгээр үйлдэж өөртэй нь уулзах боломжгүй болсон тул түрээсэлж байсан байранд орхиод, түлхүүрийг нь өөрийнх нь зөвшөөрсний дагуу уг байрны доор түрээслэгчид өгсөн болно. Би өөрт нь аль болох буруу өгсөн өнгө аясгүй, эвгүй сэтгэгдэлтэй салахгүйн тулд эвтэйхэн ойлгуулан хэлсэн боловч өөдөөс шууд уурлаж намайг элдвээр загнаж доромжлох өнгө аястай зүйл хэлсэн. Би 11 дүгээр сарын түрээсийн төлбөрөө барьцааны мөнгө болон 9,000,000 төгрөгөөс суутгуулан үлдсэн мөнгийг эгүүлэн авах талаар санал тавьсан боловч хүлээн аваагүй. Өөрөө ямар саналтай байгааг нь асуусан боловч ямар нэг санал хэлээгүй, харилцан зөвшилцөх боломж өгөөгүй, зөвхөн уурлахаа урдаа барьж байсан тул энэхүү асуудлыг шүүхээр шийдүүлэхийг хүсч байна. Түрээслэгч би хэдийгээр хүний эд хөрөнгийг сайн дураараа түрээслэн авсан боловч барьцаа гэж авсан мөнгийг бүгдийг нь энэ хүн авах ёсгүй, эрхгүй гэж бодож байна. Мөн уг байрны эд хөрөнгийг муутгаж дордуулаагүй харин ч цэвэр нямбай ашиглаж засч сайжруулсан. Иймд Л.Байгалмаа нь Г.Болдбаатартай 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах, дээрх түрээсийн гэрээний барьцаа болох 9 000 000 төгрөг гаргуулах, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.6-д зааснаар “Хүчин төгөлдөр бус хэлцэл хийсэн буруутай этгээд нь бусдад учруулсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасны дагуу түрээсийн 2 сарын төлбөр 7 000 000 төгрөг, уг байранд засвар хийлгэсэн ажлын хөлс 5 000 000 төгрөг, барилгын материалын үнэ 3 010 540 төгрөг, 2015 оны 8,9,10 дугаар саруудын ус, дулааны 130,635 төгрөг, 2015 оны 8,9,10 дугаар саруудын хогны мөнгө 108,000 төгрөг, 2015 оны 9,10 дугаар саруудын тогны мөнгө 174,352 төгрөг нийт 24,423,527 төгрөг гаргуулж, 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Л.Байгалмаа нь Г.Болдбаатартай зарын дагуу 2015 оны 7 дугаар сарын эхээр утсаар холбогдож уг байрыг очиж үзсэн. Очиж үзэхэд рестораны зориулалтаар түрээслэдэг гэсэн. Надад гоо сайхны эмнэлэг явуулах учраас хоосон байр хэрэгтэй гэхэд Л.Болдбаатар болохгүй юм байхгүй, би гадаад руу эмнэлэгт явах гэж байгаа учраас мөнгө хэрэгтэй. Ийм учраас байраа чөлөөлж өгье гээд бид тохиролцож би урьдчилгаа болгож 1,000,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Мөн уг байрны дулаан, ус цахилгааны мөнгийг цаг тухайд нь төлж байсан баримт нь хүртэл байгаа. Л.Байгалмаа нь уг байрны доголдлын /паар болон таазнаас ус гоожих, цонхоор салхи сийгэх гэх мэт/ талаар удаа дараа хэлсэн боловч ямар ч арга хэмжээ авч өгөөгүй. Ийм учраас 2015 оны 10 дугаар сарын 02-ны өдөр албан ёсоор утсаар Л.Болдбаатартай ярьж хэлсэн. Л.Болдбаатарын тоног төхөөрөмжийн алдагдал 17,5 сая төгрөг, түрээсийн төлбөр 10,5 сая төгрөг нийт 68 000 000 төгрөг нэхэмжилснийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэв.
Хариуцагч Г.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдөр байгуулагдсан гэрээнээс татгалзах, хүндэтгэн үзэх ноцтой шалтгаан нэхэмжлэгчид байхгүй байхад гэрээг дураараа үгүйсгэж, цуцлахыг шаардаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Нэхэмжлэгч нь тусгай зөвшөөрөл бүхий рестораны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байсан байрны зориулалтыг тэр чигт нь өөрчилж дотор нь байсан эд хөрөнгө, тоног төхөөрөмж түүнд зориулж хийгдсэн интерьер заслыг үнэгүйдүүлж 3 жилийн гэрээ байгуулсан боловч гэнэт өөрийн санаачлагаар цуцалж байгаа нь нэхэмжлэлийг үндэслэлгүй болохыг харуулж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Г.Болдбаатар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Г.Болдбаатар би 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр өөрийн эзэмшлийн Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо 3-14 тоотод байрлах, “Хот Пот” рестораныг Байгалмаад 3 жилийн хугацаатайгаар үйлчилгээний зориулалтыг өөрчлөн түрээслэхээр гэрээ байгуулсан. Уг гэрээнд заасны дагуу эхний 1 сард үйлчилгээний зориулалтыг өөрчлөх засварын ажил хийгдэх учраас түрээсийн төлбөр тооцолгүйгээр уг байрыг хүлээлгэн өгсөн. Уг байрыг сарын 3 500 000 төгрөгөөр тооцож гэрээг 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн түрээс авч эхлэхээр тохиролцож барьцаа болгон эд хөрөнгийн түрээсийн гэрээний барьцаа болгож 9 000 000 төгрөгийг авсан. Түрээсийн гэрээний дагуу 8,9 сарын төлбөрийг урьдчилан төлсөн. 2015 оны 10 дугаар сарын 20-нд түрээс болох 3 500 000 төгрөгийг төлөх байсан боловч төлөлгүй, түрээсээ авахаар утас руу нь залгахад утсаа авахгүй байсан. Түрээслүүлж буй байрандаа очиход ажилчид нь “...Бид нар мэдэхгүй, утас руу нь залга гэдэг” байсан. Үүнээс хойш холбоо барьж чадалгүй явсаар 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Байгалмаа нь над руу залгаж, “...Бид нар үйл ажиллагаагаа зогсоолоо, чи барьцаа болох 9 000 000 төгрөгөөс 10 сарын түрээсийн төлбөр 3 500 000 төгрөгөө суутгаад ав, үлдэгдэлийг нь авмаар байна” гэсэн. Байгалмаа нь 3 жилийн гэрээ хийх замаар үйл ажиллагаа хэвийн явуулж байсан рестораныг минь татан буулгаж үйл ажиллагааны зориулалтыг өөрчлөн доторхи төхөөрөмжүүд болон дагалдах хэрэгслүүд болох халуун тогооны плитка суурилуулсан ширээ, сандал, буйдан, тек, ундаа, пивоны зориулалттай хөргөгч, мах, банш, ногоо хадгалах хөргөгч, нержин ширээ, тавиур рестораны зориулалттай аяга, таваг хоол хийх зориулалттай олон төрлийн сав суулга, пиво архи ундааны шилэн эдлэлүүд үнэгүйдэж дахин ашиглах боломжгүй болгож нийт 20 000 000 төгрөгийн тоног төхөөрөмж дагалдах хэрэгслэлүүдийг хадгалах боломжгүйн улмаас 2,5 сая төгрөгөөр зарсан. Мөн гадна дотно талын заслыг өөрчлөхдөө хамгийн хямд материал ашиглан өөрчилсөн байсан.
Байгалмаа нь 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна гэж намайг төөрөгдөлд оруулан зориулалтыг өөрчилсний улмаас цаашид дахин үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болгосон үүний улмаас зөвхөн тоног төхөөрөмж болон бусад дагалдах хэрэгслүүдээс 17,5 сая төгрөгийн хохирол хүлээсэн. 2015 оны 7 дугаар сарын 20-ноос 8 дугаар сарын 20-ныг хүртэл 1 сарын түрээсийг аваагүй, 10 сарын 20-ноос 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх түрээсийн төлбөр 10,5 сая төгрөгийг төлөөгүйн улмаас хохирол хүлээсэн. Мөн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр уг түрээсэлж байсан байраа надад ямар нэгэн байдлаар хүлээлгэн өгөөгүй, түрээсэлж байх хугацаандаа ус, цахилгаан, байрны мөнгийг төлөөгүй бөгөөд байрны түлхүүрийг ямар ч хамаагүй хүнд орхиод явчихсан байсан. Л.Байгалмаа нь зориулалтыг өөрчилж шинээр сангийн холболт хийх, нэмэлт хана босгох гэх мэтээр өөрчилсөн байсан нь эргээд ямар ч хэрэг болохгүйгээр барахгүй дахин засварлаж уг объектийг зориулалтын дагуу ашиглахын тулд их хэмжээний мөнгө гаргаж зураг төсөл шинээр гаргуулж, мөн засвар хийсэн. Үүнээс гадна уг үйлчилгээний зориулалтыг өмнөх байдалд сэргээхийн тулд 3 сарын хугацааг зарцуулсан. Хэдийгээр хэрвээ зориулалтыг өөрчлөөгүй байсан бол үргэлжлүүлэн түрээслэн 10 500 000 төгрөгийн ашиг олох байсан боловч үүнийг нэмж нэхэмжлээгүй. Мөн Л.Байгалмааг 1 сарын түрээс болох 3 500 000 төгрөгийг засвар хийх боломж олгон чөлөөлж байсан. Эдгээр зардлыг нэхэмжлэх эрхтэй боловч Л.Байгалмаагийн нөхцөл байдлыг харгалзан үзэж нэхэмжлээгүй. Би уг объектыг түрээслэхээс өмнөх байдалд буцаан шилжүүлэхийн тулд өөрөөсөө 120 000 000 төгрөг гарган засвар хийсэн. Одоогийн байдлаар энэ засвар хийхэд орсон зардлын нэгээхэн хэсэг болох 40 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах хүсэлтэй байна. Иймд нийт 68 000 000 төгрөгийг хариуцагч Л.Байгалмаагаас гаргуулж өгнө үү гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь хариуцагч Г.Болдбаатарт холбогдуулан 2015 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, 24 423 527 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, түрээсийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалсны хохиролд 68 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Талууд нэг талаас Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 3 дугаар байрны 14 тоот 80.5 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг гоо сайхан ажиллуулах зориулалтаар 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 3 жилийн хугацаатай ашиглуулах, нөгөө талаас нэг сарын 3 500 000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцож, 2015 оны 07 дугаар сарын 27-ний өдөр хэлцэл хийж, гарын үсэг зурсан байна. /хх -5/
Талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээний зүйл болох Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороо, 1 дүгээр дөчин мянгат, 3 дугаар байрны 14 тоот 80.5 м.кв талбай бүхий ажлын байр нь бие даасан тусдаа өмчлөх эрхийн гэрчилгээтэй үл хөдлөх эд хөрөнгө байна./хх- 2 хавтас 67/
2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн Түрээсийн гэрээг талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагын дагуу үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлээгүйгээс хуулиар заавал баримтлах хэлцлийн хэлбэр тогтоох журам зөрчигдсөн байх тул мөн хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бус гэж үзнэ.
Бусдын эд хөрөнгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар үндэслэлгүйгээр олж авсан этгээд нь уг эд зүйлийг буцаан өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6 дах хэсэгт зааснаар “үндэслэлгүй шилжүүлсэн хөрөнгөөс зайлшгүй олох ёстой байсан орлого үр шим буюу талбайн ашиглалт” хамаарах тул хариуцагчийн олох байсан түрээсийн төлбөрийн хэмжээгээр нэхэмжлэгчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх үндэслэлтэй. Иймд нэхэмжлэгч нь хариуцагчийн гэрээнд заасан эд хөрөнгийг 2015 оны 07 дугаар сарын 27-ны өдрөөс 2015 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл үндэслэлгүй ашигласны төлөө төлөх ёстой төлбөрөөс чөлөөлөгдөх үндэслэлгүй тул 10 500 000 төгрөг хариуцагчид үлдэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Түүнчлэн нэхэмжлэгч Л.Байгалмаа нь түрээсийн гэрээний зүйлийг ашиглаж үйл ажиллагаагаа явуулж байх үеийн буюу 2015 оны 8,9,10 дугаар саруудын ус дулааны зардалд 130 935 төгрөг, хогны төлбөр 108 000 төгрөг, цахилгааны төлбөр 174 352 төгрөг ашиглалтын зардлын нийт 413 287 төгрөгийг нэхэмжлэх эрхгүй байна.
Хариуцагч түрээсийн байранд засвар хийхийг хүлээн зөвшөөрсөн энэ талаар талууд маргаагүй тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 289 дүгээр зүйлийн 289.2.5 дах хэсэгт зааснаар хариуцагчаас түрээсийн байрыг засаж сайжруулахад гарсан зардлыг шаардах эрхтэй боловч нэхэмжлэгчийн уг шаардлага нотлох баримтаар нотлогдоогүй тул засварын зардалд холбогдуулан нэхэмжилсэн 8 010 540 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлсэн болно.
Учир нь хэрэгт авагдсан “Морьт Цэгээн” ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан боловч уг гэрээний ажлын хөлсийг нэхэмжлэгч Л.Байгалмаа төлсөн гэх баримт хэрэгт авагдаагүй, мөн зарлагын баримтууд нь хэн худалдан авсан нь тодорхойгүй байх тул шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дах хэсэгт заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй байна. /хх-36, 45-135/
Нэхэмжлэгч нь хариуцагчид түрээсийн төлбөрт 7 000 000 төгрөг, барьцаа 9 000 000 төгрөг нийт 16 000 000 төгрөг өгснөөс хариуцагчид түрээсийн төлбөрт 10 500 000 төгрөг, ашиглалтын зардалд 413 287 төгрөгийг төлж үлдэх 5 086 713 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 19 336 814 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй байна.
Хариуцагч Г.Болдбаатар нь .... Л.Байгалмаа нь 3 жилийн хугацаатай үйл ажиллагаа явуулна гэж түрээсийн байрны зориулалтыг өөрчилсний улмаас халуун тогоо ажиллуулдаг байсан тоног төхөөрөмжийг хадгалах газар байхгүй тул худалдсан, тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 28 000 000 төгрөг, буцаан хэвэнд нь оруулахад гарсан засварын зардлын нэгээхэн хэсэг болох 40 000 000 төгрөг нийт 68 000 000 төгрөгийг нэхэмжлэгчээс нэхэмжилж байна гэж сөрөг нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч Л.Байгалмаа түрээсийн байр хүйтэн байх тул түрээсийн гэрээнээс татгалзах саналаа 2015 оны 11 дүгээр сарын 3-нд мэдэгдсэн, хариуцагч Г.Болдбаатар түрээсийн гэрээнээс татгалзах саналыг 2015 оны 11 дүгээр сарын 10-нд мэдэгдсэн гэж тус тус шүүх хуралдааны үеэр тайлбарлаж байх ба нэхэмжлэгч нь 11 дүгээр сарын 3-нд хариуцагчид мэдэгдсэн гэдгээ нотлоогүй тул хариуцагчийн тайлбараар гэрээнээс татгалзах саналыг 2015 оны 11 дүгээр сарын 10-нд хариуцагчид мэдэгдсэн гэж шүүх үзлээ.
Нэхэмжлэгч Л.Байгалмаа нь түрээсийн байр хүйтний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй, засаж сайжруулах талаар түрээслүүлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүйн улмаас гэрээнээс татгалзсан гэж байгаа боловч энэ нь баримтаар нотлогдоогүй байна. Хариуцагч нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар учирсан хохирлоо шаардах эрхтэй боловч талуудын хооронд байгуулсан 2015 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн түрээсийн гэрээ хүчин төгөлдөр бус байх тул хариуцагч шаардах эрхээ алдсан байна.
Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар талууд өөрсдийн тайлбар, татгалзал, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хэрэгт авагдсан баримтаар тоног төхөөрөмжийн зах зээлийн үнэ 28 000 000 төгрөг болох нь баримтаар нотлогдоогүй, 40 000 000 төгрөгөөр түрээсийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгөнд засвар хийсэн баримт нь “Алтайн Жаргалант” ХХК-ийн баримт байх тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй тул хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4, 493 дугаар зүйлйин 493.6-д заасныг баримтлан 2015 оны 07 дугаар сарын 27-ний өдрийн түрээсийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, хариуцагч Г.Болдбаатараас 5 086 713 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.Байгалмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 19 336 814 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 318 дүгээр зүйлийн 318.4-т заасныг баримтлан 68 000 000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 465 150 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 655 900 төгрөгийг улсын төсөвт хэвээр тус тус үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 96 337 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.ОЮУНБИЛЭГ