Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2021 оны 05 сарын 20 өдөр

Дугаар 83

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч С.Сугар /цахимаар/

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Хорлоогоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б-д холбогдох 2130000000097 дугаартай эрүүгийн хэргийг 2021 оны 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 19... оны ... дүгээр сарын ....-ны өдөр Сүхбаатар аймгийн Сүхбаатар суманд төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл ..., эцэг, эх, дүү нарын хамт, Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын ... дугаар багийн БӨ гэх газарт оршин суух, Сүхбаатар аймгийн сум дундын шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 419 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгэгдэж байсан,  регистрийн дугаар:ЛЗ88090775, Д.Б

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 24-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ...... дугаар багийн .............. тоотод хамтран амьдрагч Ц.Н-г зодож эрүүл мэндэд нь хоёр хацарт няцралт, хамар хүзүүнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

- Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би мэдүүлэг өгөхгүй гэв.

 

  • Хохирогч Ц.Н-н “... 2021 оны 03 дугаар сарын 24-ний шөнө 22 цагийн үед манай нөхөр Д.Б найз Ч, Э нарын хамт гэртээ 0.75 граммын “Е”, “Х” нэртэй хоёр шил архийг хувааж уусан. Хоёр найз нь гараад явсны дараа манай нөхөр надаас ХААН банкны картаа өг гэж нэхсэн. Тухайн үед би картаа ээждээ өгсөн байсан тул “ээжид байгаа” гэсэн чинь Б уурлаж намайг ална гэж дайраад орон дээр дарж байгаад гараараа хоолой боож, хамрын нүх рүү хуруугаа хийх зэргээр зодсон...” гэх /хх-ийн 10-11 дүгээр хуудас/

 

  • Шүүгдэгч Д.Б-н яллагдагчаар өгсөн “... 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын ...... дугаар багийн ............ тоотод байх хамтран амьдрагч Ц.Н-н гэрт 0.75 граммын “Х” архи 3 шилийг манай хоёр найзын хамт дөрвүүлээ хувааж уусан. Тэгээд  манай хоёр найз явсан. Манай эхнэр Н  2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр гэртээ хоноогүй, айлд хоноод ирэхдээ архи уусан байдалтай үс нь сэгсийчихсэн ирсэн. Мөн утсаа авахгүй байсан. Тиймээс уг асуудлыг нь хэлж маргалдаад Н-г алгадсан чинь бархирсан...” гэх /хх-ийн 28-29 дүгээр хуудас/ мэдүүлгүүд

 

  • Хохирогч Ц.Н-н эмнэлэгт үзүүлсэн эмчийн тэмдэглэл /хх-ийн 16-17 дугаар хуудас/

 

  • Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр “... Ц.Н-н биед хоёр хацарт няцрал, хамар хүзүүнд зулгаралт, цус хуралт бүхий гэмтэл учирчээ.

Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.

Учирсан гэмтэл нь ШЭГЗТЖ-ын 2.4.1-т зааснаар зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтэлд хамаарна.

Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр хуудас/

 

  • Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл /хх-ийн 4-6 дугаар хуудас/

 

  • Шүүгдэгч Д.Б-н урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Д.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2021 оны 03 дугаар сарын 24-ний орой Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын .... дугаар багийн ................ тоотод хамтран амьдрагч Ц.Н-г зодож эрүүл мэндэд нь хоёр хацарт няцралт, хамар хүзүүнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хохирогч Ц.Н-н мэдүүлэг, эмнэлэгт үзүүлсэн эмчийн тэмдэглэл, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 204 дүгээр шинжээчийн дүгнэлт, аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдож тогтоогдох бөгөөд тэрээр гэм буруугийн талаар маргаагүй болно.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг түлхэж унагах, өшиглөхөд гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтуугаар хохирогч Ц.Н-н хоолойг боох, хамар руу нь гараа хийх зэргээр зодож түүний эрүүл мэндэд нь хоёр хацарт няцралт, хамар хүзүүнд зулгаралт цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулжээ.

 

Сүхбаатар аймгийн прокурорын газраас шүүгдэгч Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна. Иймд шүүгдэгч Д.Б-г “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Д.Б-н үйлдлийн улмаас хохирогч Ц.Н-н эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь эмчилгээний зардал, хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг дурдах нь зүйтэй байна. 

 

Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Шүүгдэгч Д.Б-д ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүх шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, түүнд оногдуулсан торгох ялын хэмжээ зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар торгох ялыг шүүгдэгч Д.Б нь шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.Б нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч Д.Б-д шүүхийн шатанд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3,36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүхийн шатанд шүүгдэгч Д.Б-д таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Д.Б энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй буюу хохирогч Ц.Н гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР