Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 18

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Сонинболор би даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Гомдол гаргагч: Ж.Э ын гомдолтой,

Хариуцагч: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М , Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Ж  нарт холбогдуулан гаргасан,

Гомдлын шаардлага: “Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07036/02 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах”-ыг хүссэн гомдлын шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөгчөөр шүүгчийн туслах М.Мянганбаяр оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Гомдол гаргагч Ж.Э  шүүхэд гаргасан гомдолдоо: “Бадамлах дөл” ХХК нь төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж, нийтийн орон сууцыг дулаанаар хангах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулжээ. “Бадамлах дөл” ХХК-ныг “орон сууцыг дулаанаар хангах үүргээ биелүүлээгүй” гэж дүгнэхдээ Зөрчлийн тухай хуулийн аль заалтыг зөрчсөн гэдгийг тодорхойлоогүй байна.

Мөн Зөрчлийн тухай хуульд заасан эрхээр хангаагүй, зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх нь тодорхойгүй, ямар ажиллагаа хийсэн нь мэдэгдэхгүй, өөрөөр хэлбэл зөрчилд холбогдогчийн хуульд заасан эрхийг эдлүүлээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.

 Ж.Э миний бие нь Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Бадамлах дөл” ХХК гэсэн хуулийн этгээдийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон.

Мэргэжлийн хяналтын газрын БОДБХХ хэлтсийн Эрчим хүчний хяналтын байцаагчийн 2018 оны  12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаар “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрээр Ж.Э намайг “Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж, нийтийн орон сууцыг дулаанаар хангах үүргээ биелүүлээгүй” гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулжээ. Миний бие нь хууль тогтоомжид зааснаар хэрэглэгчийг дулааны эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн биш юм. Зөрчлийн тухай хуульд “хуулийн этгээдэд” хариуцлага оногдуулахаар заасан. Гэтэл “Бадамлах дөл” ХХК нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй байна гэж дүгнээд, шийтгэлийг хувь хүнд оногдуулж байгаа нь “хууль ёсны зарчим”, “шударга ёсны зарчим”-ыг зөрчиж байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21-07036/02 дугаартай Шийдвэрийн шийдвэрлэх хэсгийн 1-т Улсын байцаагч Ш.М ийн арга хэмжээ тооцсон 0063966 дугаар шийтгэлийн хуудасны /Ж.Энхжаргал ПЮ76052961/ холбогдогчоор тогтоосон хэсгийн хүчингүй болгох гэсэн нь үндэслэлгүй юм. “Бадамлах дөл” ХХК-ныг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцох эрхийг зөрчсөн шийдвэр гэж үзэж байна.

Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын БОДБХХ хэлтсийн Эрчим хүчний хяналтын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулах, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21-07036/02 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Ш.М  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М  би 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 12.8 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хэргээр зөрчлийн хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан.

“Бадамлах дөл” ХХК-нд холбогдох зөрчлийн 18360000416 дугаартай хэрэгт Монгол улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийг тус тус зааснаар Бадамлах дөл ХХК-нийн Ерөнхий захирал Д.Сурмаажавын 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/138 тоот албан бичгээр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр сонгогдсон Ж.Э ыг хууль ёсны төлөөлөгчөөр оролцуулах тогтоол гаргаж, зөрчлийн хэргийн талаар танилцуулж, мэдүүлэг авч хэрэг бүртгэлтийн үйл ажиллагааг явуулсан. Ингээд 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудсаар 5.0 сая /таван сая/ төгрөгийн торгууль тавьсан болно.

Миний бие “Бадамлах дөл” ХХК-д холбогдох 1836000416 дугаартай хэрэгт зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагааг явуулж дуусгаад хэргийн материалыг “Бадамлах дөл” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ж.Энхжаргалд танилцуулах гэсэн боловч завгүй, дараа нь өөрөө очно завгүй гэсэн шалтгаанаар удаа дараа татгалзсан.

“Бадамлах дөл” ХХК-ны хууль ёсны төлөөлөгч Ж.Э ын 994  дугаарын гар утас руу Ш.М ийн эзэмшлийн 88  дугаарын гар утаснаас удаа дараа залгаж хэргийн материалтай танилцахыг мэдэгдсэн.

Зөрчлийн холбогдогчид торгох шийтгэл оногдуулсан ба шийтгэлийн хуудасны хувийг гардуулан өгч торгуулийг 15 /арван тав/ хоногийн дотор сайн дураар төлж барагдуулах эрхтэй болсныг танилцуулж Ж.Э  удаа дараа ажилтай завгүй гэх шалтгаанаар хүрэлцэн ирээгүй тул хууль ёсны төлөөлөгч Ж.Э ын албан ёсны хаягаар хүргүүлсэн.

Зөрчлийн хэрэгт иргэдийн гомдол мэдээллийг хүлээж авсан тэмдэглэл, зөрчлийн хэрэг нээсэн тогтоол, хохирогчдоос авсан мэдүүлэг, хохирол үзүүлсэн байдал мэдүүлэг авах зэргээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад Монгол Улсын Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.8 дугаар зүйл, 3.1 дүгээр зүйлийг үндэслэн Тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчсөн нь нотлох баримтаар нотлогдож байгааг үндэслэн торгох шийтгэл оногдуулсан.

Тухайн торгууль шийтгэврийг хувь хүн дээр тавигдаагүй бөгөөд аж ахуйн нэгж, байгууллага дээр тавигдсан гэж ойлгож болохоор байгаа ба тухайн торгууль, шийтгэврийг “Бадамлах дөл” ХХК-ны захиргаа төлөх юм гэжээ.

Хариуцагч А.Ж  шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Бадамлах дөл” ХХК-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э  2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуунд гаргасан гомдлыг хүлээн авч хянаад доорх шийдвэрийг гаргасан болно.

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М  нь 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаар бүхий “Зөрчилд шийтгэл оногдуулах тухай” шийдвэрээр “Бадамлах дөл” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь “Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж, нийтийн орон сууцыг дулаанаар хангах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох шийтгэл зөв ногдуулсан боловч Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Бадамлах дөл” ХХК гэсэн хуулийн этгээдийг төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон Ж.Э-ыг тухайн байгууллагаас гарах мөнгө, санхүүтэй холбогдолтой арга хэмжээ тооцсон 0063966 дугаар шийтгэлийн хуудсанд холбогдогчоор тогтоосон байсныг буруу гэж үзээд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын даргын 2012 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 207 дугаар тушаалаар батлагдсан “Мэргэжлийн хяналт шалгалтын ерөнхий шаардлага, стандарт”-ын 13.2-т “Улсын байцаагчийн гаргасан захиргааны акт шийдвэр нь хууль эрх зүйд нийцэж байвал албан бичгээр хариу өгөх ба нийцээгүй тохиолдолд захиргааны актыг бүхэлд буюу хэсэгчлэн хүчингүй болгох талаар дээд шатны улсын байцаагчийн шийдвэр гаргана” гэсний дагуу “Төрийн хяналт шалгалтын тухай”  хуулийн 10 дугаар зүйлийн 10.12.6 дахь заалтыг баримтлан улсын ахлах байцаагчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 21-07/036/02 дугаартай шийдвэр гаргасан болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

            Гомдол гаргагч Ж.Э  нь Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М , Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагч А.Ж нарт холбогдуулан “Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07036/02 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгуулахаар гомдол гаргажээ.

Гомдол гаргагч нь “Улсын мэргэжлийн хяналтын албаны нийтлэг дүрэм”-ийн 5.1-д “Шалгуулсан байгууллага, аж ахуйн нэгжийн эрх баригч, албан тушаалтан хяналт шалгалтын явцад хууль тогтоомж зөрчигдсөн, байцаагчийн гаргасан шийдвэр үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо эрх бүхий албан тушаалтан”-д гаргана гэж зааснаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газарт гомдол гарган, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07-036/02 дугаар шийдвэрээр хариу авч урьдчилан шийдвэрлэх ажиллагааг биелүүлсэн, гомдол нь хуульд заасан хэлбэр, бүрдүүлбэр, агуулгыг хангасан гэж үзэн шүүх хүлээн авч хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.

Гомдол гаргагч Ж.Э  нь шүүх хуралдаан оролцох боломжгүй, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх талаар бичгээр хүсэлт гаргасан, хариуцагч нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91.5-д “...хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг гаргаагүй байсан ч шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон бусад нөхцөл байдлыг харгалзан хэргийг шийдвэрлэж болно. Ингэхдээ хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзнэ...” гэж зааснаар тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай нотлох баримт цугларсан гэж үзэж хариуцагч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

 Шүүхээс хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтууд, гомдол гаргагч, хариуцагчийн тайлбар, зэргийг судалж үнэлээд дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

  1. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоолгох гомдлын шаардлагын тухайд:

Гомдол гаргагч Ж.Э гомдлын үндэслэлээ тайлбарлахаа “...Ж.Э  миний бие Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо мөн хуулийн 3.5 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар “Бадамлах дөл” ХХК гэх хуулийн этгээдийн төлөөлж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон. Гэтэл Мэргэжлийн хяналтын улсын байцаагч 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийдвэрээр намайг төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж нийтийн орон сууцыг дулаанаар хангах, дулаан үйлдвэрлэх үндсэн үүргээ биелүүлээгүй гэж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5-д зааснаар 5 сая төгрөгөөр торгосон, ...миний бие Эрчим хүчний тухай хууль, Төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм болон холбогдох бусад хууль тогтоомжид зааснаар хэрэглэгчийг дулаан эрчим хүчээр хангах тусгай зөвшөөрөлтэй хувь хүн биш,... “Бадамлах дөл” ХХК-нийг төлөөлж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцсоны төлөө хуулийн этгээдийн өмнөөс хариуцлага хүлээх үүрэггүй...” гэж маргажээ.

Хариуцагч Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М  “...Бадамлах дөл ХХК-нийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1/138 дугаар албан бичгээр Ж.Э ыг Бадамлах дөл ХХК-нийг бүрэн төлөөлж ажиллах итгэмжлэлийг олгосон байдаг,... аж ахуйн нэгж байгууллага, иргэдээс ирсэн гомдол мэдээлэл, хохирогчдоос авсан мэдүүлэг зэрэгт тулгуурлаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулахад тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлага, хуульд заасан үүрэг, төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчсөн болох нь нотлох баримтаар тогтоогдсон тул торгох шийтгэл оногдуулсан. Уг торгуулийг хувь хүнд холбогдуулж оногдуулаагүй, аж ахуйн нэгж байгууллага буюу “Бадамлах дөл” ХХК-нийн захиргаа төлнө...” гэж тайлбарлан маргажээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М ийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудасны хууль зүйн үндэслэлийн тухайд:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаа зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх тусгай зарчмыг хуульчилсан.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудас нь Захиргааны ерөнхий хуулийн дээрх шаардлагад нийцээгүй, мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д заасан утга агуулгын илэрхий алдаатай захиргааны акт байх тул түүнийг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлэлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1-д “Энэ хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад оршино”, мөн хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж зааснаар харахад эрх бүхий албан тушаалтан зөвхөн зөрчил үйлдсэн этгээдэд /холбогдогчид/ холбогдуулж шийтгэл оногдуулахаар заажээ.

Уг хэрэгт нотлох баримтаар “Бадамлах дөл” ХХК-нийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ авагдсан ба “Бадамлах дөл” ХХК-нийн үндсэн эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “Дулаан үйлдвэрлэх, түгээх” гэж заасан бөгөөд Ховд аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 02/2013 дугаартай тусгай зөвшөөрлөөр Дулаан үйлдвэрлэх, дулаан түгээх, дулаанаар зохицуулалттай хангах тусгай зөвшөөрлийг “Бадамлах дөл” ХХК-нд олгосон байна.

Түүнчлэн аймгийн Засаг даргын орлогч Т.Жаргалсайханаас “Бадамлах дөл” ХХК-нийн үйл ажиллагаатай холбоотой гомдлыг 2018 оны 10 сарын 25-ны өдрийн 1/2388 дугаартай албан бичгээр Цагдаагийн газарт гаргаж, улмаар цагдаагийн газраас харъяаллын дагуу Мэргэжлийн хяналтын газарт шилжүүлэн ирүүлснийг Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М  2018 оны 10 сарын 31-ний өдрийн 07-050/76 дугаартай тогтоолоор зөрчлийн 1836000416 дугаартай хэрэг нээж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан байна.

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Бадамлах дөл ХХК-нийн 2018 оны 11 сарын 15-ны өдрийн 1/138 дугаар албан бичгээр зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд Бадамлах дөл ХХК-нийг төлөөлөн оролцох эрхийг Ж.Э д олгож, Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М ийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай” эрх бүхий албан тушаалтны тогтоолоор Бадамлах дөл ХХК-нийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоожээ.

Гэтэл Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М  нь “....төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж нийтийн орон сууцыг дулаанаар хангах, дулаан үйлдвэрлэх үндсэн үүргээ биелүүлээгүй...” гэж үзэж Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0036966 дугаартай шийтгэлийн хуудсаар холбогдогч “Бадамлах дөл” ХХК-нийн хууль ёсны итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э ыг Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 5 сая төгрөгөөр торгох шийтгэлийг оногдуулсан нь захиргааны актын эрх зүйн үйлчлэл итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э д чиглэгдсэн гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд “Бадамлах дөл” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э ийг төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж нийтийн орон сууцыг дулаанаар хангах, дулаан үйлдвэрлэх үндсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5-д зааснаар 5 сая төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан нь хууль зүйн үндэслэлгүй, илт хууль бус захиргааны акт байна.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М  шийтгэл оногдуулахдаа Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1-д “Зөрчил үйлдсэн гэж буруутгагдаж байгаа хүн, хуулийн этгээдийг холбогдогч гэнэ” гэж заасны дагуу холбогдогчийг зөв тодорхойлж чадаагүй байх тул шийтгэлийн хуудсыг илт хууль бус захиргааны акт гэж үзэх үндэслэлтэй байх ба хариуцагч нь шийтгэлийн хуудсаа хуульд нийцүүлэн гаргаж чадаагүй болох нь тогтоогдож байх тул шүүх түүнийг зөвтгөх боломжгүй юм.

  1. Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07-035/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Гомдол гаргагч Ж.Э  нь маргаан бүхий Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0036966 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар дээд шатны албан тушаалтан болох Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын даргад гомдол гаргажээ.

Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагч А.Ж  гомдлыг хянан шийдвэрлэж “...Ш.М  нь 2018 оны 12 сарын 28-ны өдрийн 0063966 дугаар шийтгэлийн хуудсаар “Бадамлах дөл” ХХК-нийг төвлөрсөн дулаан хангамжийн дүрэм зөрчиж нийтийн орон сууцыг дулаанаар хангах үүргээ биелүүлээгүй гэсэн үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 12.8 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох шийтгэл оногдуулсан боловч Э.Э ыг холбогдогчоор тогтоосон нь уруу байна...” гэж дүгнэж улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07-035/02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0036966 дугаартай шийтгэлийн хуудасны “холбогдогчоор Ж.Э ыг тогтоосон” гэсэн хэсгийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар уг зөрчлийн арга хэмжээнд холбогдогчоор “Бадамлах дөл” ХХК-нийн захирал Д.Сурмаажавыг тогтоож, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг  Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М д даалгаж шийдвэрлэжээ.

Захиргааны Ерөнхий хуулийн 95 дугаар зүйлд гомдлыг хянан шийдвэрлэх журмыг нарийвчлан зохицуулсан бөгөөд  гомдлыг хянан үзсэн захиргааны байгууллага мөн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1.2-д зааснаар гомдол гаргагчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг захиргааны актыг бүхэлд нь, эсхүл холбогдох хэсгийг хүчингүй болгох эрхтэй байна.

Гомдол гаргагч Ж.Э ын гомдлыг хянан шийдвэрлэхдээ шийтгэлийн хуудасны Ж.Э д холбогдох хэсгийг хүчингүй болгож, холбогдогчоор Д.Сурмаажавыг тогтоож, шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллахыг даалгаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-д “хяналт шалгалтыг хуульд заасан үндэслэлийн дагуу явуулах”, 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар төрийн хяналт шалгалтыг төлөвлөгөөт, төлөвлөгөөт бус, гүйцэтгэлийн гэж ангилах ба мөн хуулийн 52 дугаар зүйлийн 1-д “..... иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өргөдөл, хүсэлт, гомдол, мэдээлэл, эрх бүхий байгууллагын шийдвэрээр төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх, 5.2-д Төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг эрх бүхий албан тушаалтны баталсан удирдамжийн дагуу хийхээр заажээ.

Эрчим хүчний хяналтын улсын байцаагч Ш.М  нь “Бадамлах дөл” ХХК-нийн үйл ажиллагаанд удирдамжийн дагуу хяналт шалгалт хийсэн талаар тайлбарлаагүй энэ талаар нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, үүнтэй холбоотой баримтыг Мэргэжлийн хяналтын газраас нотлох баримт гаргуулахаар шаардсан ч ирүүлээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3.Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй. 32.8.Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй. гэж заасан тул хариуцагчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбар, нотлох баримтаар гаргаж өгсөн 1836000416 дугаартай зөрчлийн хэргийн материалыг үндэслэн хариуцагч нь гомдол гаргагч “Бадамлах дөл” ХХК-нийн үйл ажиллагаанд эрх бүхий албан тушаалтын баталсан удирдамжгүйгээр хяналт шалгалт хийсэн болох нь нотлогдож байна гэж үзлээ.

            Нэгэнт хуульд заасан үндэслэл журмын дагуу хяналт шалгалт хийх журмыг зөрчсөн Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0036966 дугаартай шийтгэлийн хуудсыг Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07-035/02 дугаар шийдвэрээр өөрчлөн зөвтгөсөн нь Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагаа, шийдвэр нь хуульд үндэслэх зарчимд нийцэхгүй байна гэж үзлээ.

            Иймд Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07-035/02 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсэг, 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч Ж.Э ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Ховд аймгийн мэргэжлийн хяналтын газрын Эрчим хүчний хяналтын улсын байцаагчийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 0063966 дугаартай шийтгэлийн хуудсыг илт хууль бус болохыг тогтоож, Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын ахлах байцаагчийн 2019 оны 2 дугаар сарын 25-ны өдрийн 21-07036/02 дугаартай шийдвэрийг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /Ховд аймгийн Мэргэжлийн хяналтын газар/-аас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан  авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн  давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Г.СОНИНБОЛОР